| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2519000740305 |
| Дугаар | 2026/ДШМ/13 |
| Огноо | 2026-01-26 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/13
2026 01 26 2026/ДШМ/13
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас
Ө.С.т холбогдох эрүүгийн хэргийг
сэргээх тухай прокурорын дүгнэлт
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор: Д.Зуунай,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул шийдвэрлэсэн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас хэргийг сэргээх тухай прокурор Д.Зуунайн дүгнэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Ялтан, Монгол Улсын иргэн, ө.с.
2.Шийтгэх тогтоолын агуулга:
Шүүгдэгч Ө.Со.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С.г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С.т оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С.т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/1193 дугаар шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн тоолж,
шүүгдэгчид оногдуулсан торгох, эрх хасах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж, шийдвэрлэсэн ба энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч оролцогч нараас гомдол гаргаагүй, прокурор эсэргүүцэл бичээгүй.
5.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтад “...шүүгдэгч Ө.С.т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасах ялын хугацааг Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/1193 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж эрх хасах нэмэгдэл ялыг зөрчлийн шийтгэврээр хүлээлгэсэн эрх хасах шийтгэлийг биелүүлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэсэн үндэслэлд хамаарч байгаагаас гадна тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд Улсын Дээд шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ХШТ/118 дугаартай тогтоолоор хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж жишиг тогтоосон шийдвэр гарсан ба анхан шатны шүүхийн шийдвэр нь тогтоолоос өөрөөр тайлбарлан, хуулийн үзэл баримтлал агуулгаас илт зөрүүтэй шийдвэрлэсэн байх тул хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/234 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс прокурор Д.Зуунайн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
1.Прокурорын дүгнэлт түүнд хавсаргаж ирүүлсэн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 234 дугаар Ө.С.г гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол болон 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч И.Я.д холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 118 дугаар тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг харьцуулан үзвэл:
Дээр дурдсан 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолтой холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас ялтан Ө.С.т холбогдох хэргийг сэргээх тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх онцгой журамд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай гомдол, хүсэлтийг прокурор хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэг нь байвал прокуророос шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж, хэрэг үүсгэх тогтоол гаргана, энэ тухай хэргийн оролцогчид мэдэгдэж, уг байдлыг хянан шалгах, эсхүл энэ талаар мөрдөгчид даалгавар өгөх учиртай.
Гэхдээ үүнтэй холбоотой баримтыг дүгнэлтийн хамт ирүүлээгүй тухайлбал шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах тухай, эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн эрх бүхий этгээдийн шийдвэр, хэрэг үүсгэх тухай тогтоол, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулсантай холбоотой баримт, эрүүгийн хэрэг зэрэг болно.
Хэрвээ прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах ба түүнийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргана гэжээ.
Эндээс дүгнэвэл прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх онцгой журмыг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай гомдол, хүсэлтийг хүлээн авч шалгаж, шийдвэрлүүлсэн эсэх эсхүл хэрэг үүсгэж, шалгах шаардлагагүй гэж үзсэн баримтгүйгээр зөвхөн хэргийг сэргээх тухай дүгнэлт бичиж, ирүүлсэн нь үндэслэлгүй юм.
2.Мөн прокурор дүгнэлтийн хамт тухайн шүүгдэгч Ө.С.т холбогдох шийтгэвэр, шийтгэх тогтоол биелэгдсэнтэй холбоотой баримтыг тус шүүхэд ирүүлээгүй учир хуулийг илт буруу хэрэглэсэн эсэх, ялтны эрх ноцтой зөрчигдсөн эсэхэд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
Анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй, прокурор эсэргүүцэл бичээгүй нөхцөлд шүүгдэгч Ө.С.т холбогдох шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолоор оногдуулсан жолоодох эрхийг 1 жил хассан шийтгэлийн хугацаа тоологдож эхэлнэ, хэрвээ шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд эсхүл прокурорт буцаасан тохиолдолд ялтан Ө.С.н эрх зүйн байдал дордохоор байгааг анхаарах нь зүйтэй юм. Учир нь анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж дахин шийтгэх тогтоол гарсан тохиолдолд шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолно.
Түүнчлэн прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлтээ Улсын Дээд шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 118 дугаар тогтоолд заасан “...2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар шүүгдэгч И.Я.д холбогдох хэргийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Я.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай” гэсэнд үндэслэснээс үзвэл ялтан Ө.С.т холбогдох хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн буюу түүнд холбогдох шийтгэх тогтоолын улмаас түүний эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2, 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолтой, Ө.С.т холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас сэргээх тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, буцаасугай.
2.Дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг прокурорт хүргүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
Н.БОЛОРМАА
Д.МӨНХБҮРЭН
Н
Н.