Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 632

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч/хохирогч Л.Д, түүний өмгөөлөгч Д.Очирваань,

шүүгдэгч/хохирогч Ө.М, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ________ нарт холбогдох __________дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д, Ө.М нар нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-379 тоотод маргааны улмаас харилцан зодолдож Л.Д нь Ө.Мгийн биед тархины доргилт, зүүн чамархай, нүүр, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, Ө.М нь Л.Дын биед бугалга, шуу, хүзүү, хөх, дух, чихэнд зулгаралтууд, тохойд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Д мэдүүлэхдээ:

“...2018 оны 4 дүгээр сарын 10-нд хадамынхаа гэрт орсон. Тэгээд М- миний эд зүйлийг хийдэг шкафанд эд зүйлээ хийсэн байхаар нь маргалдсан. Би түүнийг алгадсан. М- намайг үсдээд урж маажсан. Гомдол саналгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.М мэдүүлэхдээ:

“...Д өглөө ирснээсээ эхлээд надтай 2-3 удаа маргалдсан. Өдөр нь шүүгээнээс хувцасаа ав гэдэг шалтгаанаар маргалдаж нэг нэгийнхээ үснээсээ зулгаалцсан. Гомдол саналгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Дын өгсөн:

“...2018 оны 4-р сарын 10-нд би гэртээ байж байгаад Хадмын гэрт орсон тэгэхэд манай хувцасны шүүгээнд байсан манай хувцас эд зүйлийг М- гаргаж өөрийнхөө хувцас эд зүйл хийсэн байхаар нь чи ядаж манай хувцас эд зүйлийг надад хэлчихээд гаргаж болдоггүй юм уу гэхэд М- энэ сэг шүүгээг чинь угаасаа гаргаж хаях гэж байсан юм гичий минь гэж намайг доромжилохоор нь би М-д чи тэгвэл сэг гэчихээд яах гэж манай шүүгээнд дур мэдэж хувцасаа хийсэн юм бэ энэ хувцаснуудаа ав гээд хэлэхэд М- хуц муу янхан пизда минь чадахгүй завгүй байна гэсэн. Тэгэхээр нь би чи энэ хувцсаа ав гээд хувцасны шүүгээнээс гаргаж байхад М- надруу юмаар цохих гэж байгаа юм шиг тулж ирээд тэгээд чи яахын гэхэд би сандарсандаа баруун гараараа М-гийн нүүр хэсэгт түлхсэн. Тэгээд М- миний үснээс зулгааж доошоо угзарч татсан. Тэгэхэд би М-г өөрөөсөө салгах гээд хойш нь түлхэхэд М- намайг муу гичий минь чамайг алаад хаячихъя гээд намайг унагаагаад хумсаараа урж маажиж нүд толгой хөл гар сав хэсэгт өшиглөсөн. Тэгээд хадам аав ээж 2 том өрөөнөөс ирээд болиочээ гээд бид 2-г салгасан.

Бид хоёр нэг айлын бэр хүмүүс мөн надаас уучлалт гуйсан тул би сайн дурын үндсэн дээр М-тай эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-н 39-40, 59-62/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Мгийн өгсөн:

“...2018 оны 4-р сарын 10-нд би гэртээ байж байхад Д орж ирээд манай гэрт байсан өөрийнхөө хувцасны шүүгээнээс энэ хувцаснуудаа ав гээд шүүгээн дотор байсан хувцаснуудыг гаргаж шидээд байсан. Тэгэхээр нь би эмнэлэг явах гэж байна ирээд хувцасны шүүгээг чинь суллаад өгье гэхэд Д үгүй яг одоо сулал гээд орилоод байсан. Тэгэхээр нь би энэ хувцаснуудыг би угаадаг юм, чи яагаад газар шидэж байгаа юм гээд хэрэлдэж байхад Д намайг алгадахаар нь би чи намайг ягаад алгадаж байгаа юм гээд Дыг түлхсэн. Тэгээд Д намайг бас түлхсэн. Бид 2 зууралдаад ор мөргөөд унасан. Тэгэхэд Д миний нүүрийг маажсан. Би Дыг чи яагаад миний нүүрийг маашиж байгаа гичий вэ гэхэд Д чамайг маажсан ч яадаг юм гичий минь гээд бид 2 үснээсээ зулгаалцаад байж байхад хадам аав ээж 2 ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 41, 54-55/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Мгийн өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Дын хүүхдийн унадаг дугуйг манай хүүхэд эвдсэн байсан. Дын том хүү нь манай хүүхдийг цохиод маргасан байсан. 2018 оны 04 дүгээр сарын 10-нд өглөөнөөс хойш хэд хэдэн удаа хэрэлдэх гэж орж ирсэн. Тэгээд би хэрэлдмээргүй байсан болохоор гэрлүүгээ ороо хөгшөөн гээд хэлсэн. Тэгсэн тэдний хүүхэд манайд ороод ирчихсэн байсан. Манай хүүхэд унтах гэж байсан тэгээд би тэдний хүүхдүүдийг эгчийн 2 дүү том өрөөнд орж бай гэхэд хүүхдүүд нь ээждээ очоод Туяа эгч гэрээсээ хөөсөн гэж хэлсэн гээд Д манайд орж ирээд, чи яахаараа хүүхэд хөөдөг юм бэ гээд усны таг аваад гарсан. Тэгэхээр нь би Дынд ороод хүүхдийг нь аниа нь чамайг хөөгөөгүй биздээ гэхэд хүүхэд нь “тийм” гэсэн. Тэгэхэд Д түрүүхэн хөөсөн гээд байсан гэхээр нь би гараад гэртээ ороод байж байсан чинь Д манайд орж ирээд тэдний хувцасны шүүгээнд байсан манай хувцаснуудыг энэ хувцсаа ав гээд шүүгээнээс гаргаж шидээд байсан. Тэгэхээр нь наад хувцсыг чинь би угаадаг юм би эмнэлэг явж ирчихээд суллаад өгье гэхэд “үгүй” одоо сулал гэсэн. Тэгээд маргалдаад байж байхад Д намайг алгадахаар нь би, чи яаж байгаа юм бэ гэхэд Д чамайг алгадахаар яадаг юм гэсэн тэгээд бид 2 барилцаж аваад зууралдаад ор мөргөөд газар унасан байж байхад Д миний нүүрийг маажсан, тэгэхээр нь би чи яагаад миний нүүрийг маажиж байгаа гичий вэ гэхэд Д маажсан ч яадаг юм гичий минь гээд маргалдаад байж байхад хадам аав, ээж 2 бид 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 32, 114-115/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Дын өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 09 ны өдөр 15 цагийн орчим Би Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 19-397 тоотод байрлах гэртээ бэр М-гийн хамт байж байсан бөгөөд манай хувцас хунар хийдэг шүүгээ хадмын гэрт байдаг байсан. Тэгсэн чинь М- хадмын гэрт байсан шүүгээнээс манай хувцаснуудыг гаргаад өөрийнхөө юмыг хийчихсэн байхаар нь би тэр өдөр М-г манай шүүгээг суллаж өг гэсэн чинь өөдөөс би энийг чинь угаасаа гаргаж хаяна гэж бодож байсан юм чи яахын гичий минь гээд намайг мөрлөөд хойш нь түлхээд хэл амаар доромжлоод, нүүрэнд нүүрээ наагаад байхаар нь би М-г нэг удаа гараараа нүүрлүү нь алгадсан чинь намайг М- үсдэж аваад нүүр, ам, гар, хөл самардаад толгойруу хөлөөрөө 10 удаа өшиглөөд намайг зодсон. Тэр үед манай хадам аав Гантулга, хадам ээж Атарчимэг болон манай нөхрийн дүү Алтанцоож нар салгасан. Тэгээд би зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн.

Одоо надад М-д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 35, 75-76, 112-113/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Атарчимэгийн өгсөн:

“...Тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. ... хажуу өрөөнд хүмүүс түжигнэж орилох чимээ сонсогдсон тэгээд хажуу өрөө рүү ороход манай 2 бэр дээр доороо орсон ноцолдож байсан. Тэгээд нөхөр бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 77/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн ____ тоот:

  1. М-гийн биед тархины доргилт, зүүн чамархай, нүүр, хүзүүний зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-н 25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн ___ тоот:

  1. Л.Дын биед бугалга, шуу, хүзүү, хөх, дух, чихний зулгаралтууд, зовхи, тохойд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна... гэх дүгнэлт /хх-н 26/,

 

- Хохирогч Ө.М, хохирогч Л.Д нарын хүсэлт /хх-н 78-91, 108-111/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 42, 47/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43, 48-49/,      

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 66, 71/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Л.Д нь Ө.Мгийн биед тархины доргилт, зүүн чамархай, нүүр, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ө.Мгийн “...2018 оны 4 дүгээр сарын 10-нд ... Д манайд орж ирээд тэдний хувцасны шүүгээнд байсан манай хувцаснуудыг энэ хувцсаа ав гээд шүүгээнээс гаргаж шидээд байсан. Тэгэхээр нь би наад хувцсыг чинь би угаадаг юм би эмнэлэг явж ирчихээд суллаад өгье гэхэд “үгүй” одоо сулал гэсэн. Тэгээд маргалдаад байж байхад Д намайг алгадахаар нь би, чи яаж байгаа юм бэ гэхэд Д чамайг алгадахаар яадаг юм гэсэн тэгээд бид 2 барилцаж аваад зууралдаад ор мөргөөд газар унасан байж байхад Д миний нүүрийг маажсан, тэгэхээр нь би чи яагаад миний нүүрийг маажиж байгаа гичий вэ гэхэд Д маажсан ч яадаг юм гичий минь гээд маргалдаад байж байхад хадам аав, ээж 2 бид 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ш.Атарчимэгийн “...Тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. ... хажуу өрөөнд хүмүүс түжигнэж орилох чимээ сонсогдсон тэгээд хажуу өрөө рүү ороход манай 2 бэр дээр доороо орсон ноцолдож байсан. Тэгээд нөхөр бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 4856 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Ө.М нь Л.Дын биед бугалга, шуу, хүзүү, хөх, дух, чихэнд зулгаралтууд, тохойд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Дын “...2018 оны 4 дүгээр сарын 09 ны өдөр ... М- хадмын гэрт байсан шүүгээнээс манай хувцаснуудыг гаргаад өөрийнхөө юмыг хийчихсэн байхаар нь би тэр өдөр М-г манай шүүгээг суллаж өг гэсэн чинь өөдөөс би энийг чинь угаасаа гаргаж хаяна гэж бодож байсан юм чи яахын гичий минь гээд намайг мөрлөөд хойш нь түлхээд хэл амаар доромжлоод, нүүрэнд нүүрээ наагаад байхаар нь би М-г нэг удаа гараараа нүүрлүү нь алгадсан чинь намайг М- үсдэж аваад нүүр, ам, гар, хөл самардаад толгойруу хөлөөрөө 10 удаа өшиглөөд намайг зодсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ш.Атарчимэгийн “...Тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. ... хажуу өрөөнд хүмүүс түжигнэж орилох чимээ сонсогдсон тэгээд хажуу өрөө рүү ороход манай 2 бэр дээр доороо орсон ноцолдож байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 4785 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Д, Ө.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Д, Ө.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

              Хохирогч Ө.М, хохирогч Л.Д нар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” нарын хүсэлт, мэдүүлэг /хх-н 78-91, 108-111, 112-113, 114-115/ зэргийг харгалзан шүүгдэгч Ө.М, шүүгдэгч Л.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нар тусгайлсан санал гаргаагүй, шүүх улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжтой гэж үзэн шүүгдэгч Л.Д, шүүгдэгч Ө.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Д, Ө.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___________ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, шүүгдэгч Ө.М нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Д, шүүгдэгч Ө.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д, шүүгдэгч Ө.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ