| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00060/И |
| Дугаар | 141/ШШ2026/00096 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 141/ШШ2026/00096
| 2026 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 141/ШШ2026/00096 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нэхэмжлэгч Б.Э....,
Нарийн бичгийн дарга Б.Б.... нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З..... аймгийн ..... сумын Х..... багт оршин суух хаягтай М... овогт Б-ийн Э-ий нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ..... аймгийн И..... сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд Т...... сумын 10 жилийн дунд сургуульд сурахаар болсон боловч би сургуульдаа яваагүй. Хөдөө мал маллаж байгаад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс З..... аймгийн И..... сумын Ж..... нэгдэлд малчнаар ажилд орж Х...... бригадад 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мал малласан. Миний ажиллаж байсан үеийн тушаал байхгүй мөн архиваас лавлагаа авахад дутуу гарсан тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг З.... аймгийн И......сумын Ж....... нэгдэлд малчнаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э..... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
2. Нэхэмжлэгч Б.Э нь З..... аймгийн И..... сумын Ж..... нэгдэлд малчнаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:
.......... аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/1327 дугаартай “...1987-1989 онд ...... сумын Ж....... нэгдлийн Х..... бригадад мал маллаж байсан гэх Б.Э......гийн цалингийн тодорхойлолтыг олгов. 1988 онд 745,40 төгрөг, 3, 5, 7, 9 сар...” гэсэн архивын лавлагаа, 1988 цалингийн цэсний хуулбар,
...... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Б-ийн Э эрэгтэй, РД:........., ..... оны .... дугаар сарын .....-ний өдөр төрсөн, И...... сумын Ж..... нэгдлийн Х.... бригадад хоньчин ажилтай, ажилд орсон 1988 он, 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
З..... аймгаас 1989 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын “...Б-ийн Э, ____ оны ..... дүгээр сарын ....-нд төрсөн, цэрэгт татагдахаас өмнө 1987 оноос туслах бригадад ачигч, 1988 оноос Х.... бригадад малчин...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,
Гэрч Д.Б....ийн “....Э.... нь З... аймгийн .......... сумын Ж....... нэгдлийн Х.... багт мал маллаж байсан хүн. Тухайн үед Х...... бригадын Ц....... даваанд Э-х манай У.... х... гэх газар нутагладаг байсан. Бид хоёр харалдаа, нэг жалгын баруун, зүүн хэсэгт нутагладаг байсан. Э нь 1987-1989 оны хугацаанд Г гэдэг улсын аварга малчны туслах малчнаар ажиллаж хурга малладаг байсан. Тэгээд 1989 онд цэрэгт татагдаж явсан. Түүнээс хойш тасралтгүй одоог хүртэл нэгдлийн мал маллаж байсан хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Г-ын “...Б.Э нь миний туслах малчнаар 3 жил ажилласан хүүхэд байгаа юм. Би 1986 онд Улсын аварга малчин болж байсан юм. Э бид хоёр нэг настай хурга мал маллаж байсан хүмүүс. Э нь 8 дугаар анги төгсөөд над дээр ирсэн. Бид хоёр З........ аймгийн И........ сумын Х......... бригадын .......н даваа гэх нутаглаж нэгдлийн мал маллаж байсан юм. 1987 оноос хойш 3 жил дээр надтай хамт мал малласан. Тэгээд надтай байж байгаад 1989 онд цэрэгт татагдаад цэрэгт явсан юм...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
3. Иймд нэхэмжлэгч Б.Э-ий шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М овогт Б-ийн Э*-г З....... аймгийн И........ сумын Ж........ нэгдэлд малчнаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-*гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ