Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00795

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00795

 

 

 

 

 

 

 

П.Анхзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/00756 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Анхзаяагийн хариуцагч М.Жаргалсайханд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Анхзаяа, хариуцагч М.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: М.Жаргалсайхан, П.Анхазяа нарын гэрлэлтийг цуцлуулж, охин Ж.Уранзаяа, хүү Ж.Батмандах нарыг эхийн асрамжид үлдээх, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан, гэр бүлийн хэрэгцээний 50-70 СЭҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашинаас ногдох хэсгийг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Талууд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Ж.Уранзаяа, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж.Батмандах нар төрсөн. М.Жаргалсайхан 2014 оны сүүлчээр гэр бүлээс гадуур харилцаатай болсны улмаас нэхэмжлэгч сэтгэл санааны дарамтад орсон. М.Жаргалсайхан, П.Анхзаяаг зодож Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. М.Жаргалсайхан нь хүүхдүүдтэй муухай харьцаж, сэтгэл санааны гутралд оруулсан. Талууд цаашид хамтран амьдрах боломжгүй гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: П.Анхзаяатай 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсон. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Ж.Уранзаяа, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж.Батмандах нар төрсөн. П.Анхзаяатай цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлах болон хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрнө. Хүүхдүүдэд хуульд заасны дагуу тэтгэлэг төлнө. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Тоёота приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж өгнө гэжээ.

3. Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Мөнхжаргал овогт Пүрэвдоржийн Анхзаяа /РД: АГ91060406/, Баян эрхт овогт Майбаатарын Жаргалсайхан /РД: МН87102270/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ж.Уранзаяа, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.Батмандах нарыг эх П.Анхзаяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ж.Уранзаяа, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.Батмандах нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг М.Жаргалсайханаас гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч М.Жаргалсайхан 50-70 СЭҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгч П.Анхзаяагийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 205 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч П.Анхзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тогтоосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хуульд заасан тэтгэлгийн хэмжээ нь хүүхдээ асран хамгаалахад хүрэлцэхгүй гэж үзэж байна. М.Жаргалсайхан ажил хөдөлмөр эрхлэх эрх зүйн бүрэн чадамжтай, улирлын чанартай ажил хийж их хэмжээний орлого олдог. Мөн тэрээр аав, ээжээс өвлөж авсан өөрийн хувийн хөрөнгөтэй. Хариуцагч нь шүүх хуралдаанд 2 хүүхэддээ сар бүр 500,000 төгрөг /тус бүр 250,000 төгрөг/ өгнө гэдгээ бичгээр илэрхийлж зөвшөөрсөн. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад хүүхдүүд болох Ж.Уранзаяа, Ж.Батмандах нарт сар бүр тус тус 250,000 төгрөгийн тэтгэлгийг 11 нас хүртэл тогтоолгон, 11 наснаас хойш хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгчийн гомдлыг зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч П.Анхзаяагийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч М.Жаргалсайхан зөвшөөрсөн байна.

3. Гэрлэгчид 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Ж.Уранзаяа, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж.Батмандах нарыг төрүүлсэн, хоорондын таарамжгүй харилцаа, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. /хх1-2, 10-13/

 

4. Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ж.Уранзаяа, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.Батмандах нарыг эх П.Анхзаяагийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Түүнчлэн, шүүх 50-70 СЭҮ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримталсныг буруутгахгүй.

 

5. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтыг эс зөвшөөрч хариуцагч 2 хүүхэддээ сар тутамд 500,000 төгрөгийн тэтгэлэг өгөх боломжтой гэдгээ бичгээр хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр 11 нас хүртэл нь сар тутамд хүүхэд тус бүрт 250,000 төгрөгийн тэтгэлэг тогтоолгох давж заалдах гомдол гаргасан.

5.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2 хүүхдийн тэтгэлэгт сар тутамд 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан нь хэргийн 26 дугаар талд авагдсан байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нь сар тутамд хүүхэд тус бүрт 250,000 төгрөгийн тэтгэлгийг 11 нас хүртэл нь тогтоолгох тухай нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан, харин 11-18 насанд хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоолгохыг зохигчид харилцан зөвшөөрсөн болно.

Иймээс зохигчдын тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Талуудын тайлбар нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно, Тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр олгож болно гэж заасанд тус тус нийцэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/00756 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ж.Уранзаяа, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.Батмандах нарыг тэжээн тэтгүүлэхээр 11 нас хүртэл нь сар тутамд хүүхэд тус бүрт 250,000 төгрөгийн, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг М.Жаргалсайханаас гаргуулж, П.Анхзаяад олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

А.МӨНХЗУЛ