Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 563

 

 

 

   

                                  

   

 

 

 

 

 

                              

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч  Д.Б-,  

хохирогч Д.Содбаяр түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Булгад овогт Даваагийн Б-ид яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1805011960402 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 18 настай,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сий бааранд зөөгч ажилтай, Орхон аймаг Баян-Өндөр сум  .... дугаар баг............ . дугаар гудамж  ... тоотод оршин суух хягтай, Баянгол дүүрэг 14 дүгээр хороо ... дүгээр байр ... тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан ял шийтгэл, гавьяа шагналгүй Булгуд овгийн Даваагийн Б- /

 

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си” баарны орчим иргэн Д.Содбаяртай баарны тооцоо хийхгүй байна гэж маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Б- мэдүүлэхдээ: “Тэр өдөр гадаа байж байгаад 01 цаг өнгөрөөж захиалга авсан 3 дугаар ширээний захиалгыг 02 цаг өнгөрөөж авсан. Надаас өмнө тэр ширээнд 2 шил архи авсан байсан. Намайг дуудаад кола авъя гэхээр нь захиалгыг аваачиж өгсөн. Дараа нь Хар чингис, 3 колатай авсан. Тэр захиалгыг аваачиж өгөхөд манай бармен “наад ширээнээсээ хурдан аваарай, өмнө нь 2 шил архи авсан, мөнгөө өгөхгүй байж магадгүй” гэж хэлсэн. Би захиалгыг хүргэж өгөхдөө “тооцоогоо хийх үү” гэхэд “манай тооцоо хийх хүн гараад явсан байна, ороод ирэхээр нь хийе” гэж хэлсэн. Би бусад хүмүүсийн захиалгыг авч байгаад 20 минутын дараа очоод “тооцоогоо хийх үү” гэхэд “тооцоо хийх хүн ирээгүй байна” гэж хэлсэн. Би бусад ширээнээс захиалга аваад явж байтал 3 дугаар ширээний залуучууд бүжиглэж байгаа залуустай муудалцсан. Тэгээд хамгаалагч салгаж ширээнд нь суулгасан. Тэгэхээр нь би “тооцоогоо хийчих үү” гэхэд ширээний буланд сууж байсан залуу “тооцоон дээр чинь мурьчихгүй шүү дээ” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэнд 5 залуу байсан болохоор нь би 2 хамгаалагчаа дуудсан. Хамгаалагч ирээд “уучлаарай залуусаа тооцоогоо хийх үү” гэж хэлэхэд “тооцоо хийх хүн ирээгүй байна, та нар байж бай” гээд нилээн асуудал үүссэн. Тэр залуусын нэг нь архины шил, нөгөө  нь архины хундага барьсан байсан. Би хамгаалагчид архины шил барьсан байна гэж хэлсэн. Хамгаалагч ширээний буланд зууралдаад, би шил барьсан байсан залуутай зууралдаж шилийг булааж авсан. Манай 3 зөөгч, 2 хамгаалагч бид нар нийлээд дотор болсон асуудлыг зохицуулаад тэдгээр залуучуудыг гаргасан. Би Содбаярыг биш өөр залууг гаргасан. Би тэр залууд цээжиндээ ганц хоёр удаа цохиулсан. Тэгтэл таксины буудал дээр Содбаяр таксины хаалга онгойлгоод жолооч руу “утсаа өгөөдөх” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод Содбаярыг татахад “наад хүнээ цаашаа ав л даа” гээд түлхсэн. Намайг Содбаярыг татаж байхад цээж рүү цохисон учраас би түүнийг 3 удаа цохисон. Тэгэхэд манай хамгаалагч Оргилсайхан ирээд “дотогшоо ор” гэхээр нь би дотогш орсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Содбаяр мэдүүлэхдээ: “02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 3 найзын хамт Си бааранд ороод юм аа захиалаад карт уншуулахад 20 минутын дараа карт авчирч өгсөн. Тэгэхээр нь яагаад удаад байгаа юм бэ гэхэд “манай терминал гацаад байгаа юм” гэж хэлсэн. Дахиад захиалгө өгөөд тооцоогоо хийх гээд картаа өгтөл удаад байхаар нь манай хамт явж байсан ах “би гарч АТМ-ээс мөнгө аваад ирье” гээд гарсан. Бид нар юмаа захиалаад сууж байтал “тооцоогоо хийх үү” гэхээр нь “танай терминал гацаад байна, мөнгө авчрах гээд АТМ явчихсан байна” гэж хэлсэн. Төд удалгүй “тооцоогоо хийх” гэхээр нь хэдэн төгрөг гарсныг асуухад “51.000 төгрөгийн тооцоо гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “ах АТМ явсан байгаа, 1000 төгрөгийг нь өгье, санаа зоволтгүй 50.000 төгрөгийг нь ахыг ирэхээр өгье” гэхэд “за” гээд явсан. Тэгээд удалгүй ирээд тооцоогоо нэхэхээр нь “ах орж ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл “пизданууд минь мурина гэж бодоо юу” гээд бид нарыг зодсон. Тэр үед хажуу талын ширээний хүмүүс болиоч ээ гэхэд “наад пиздануудаа чирээд гарга” гээд биднийг аваад гадаа гарсан. Тэгээд гадаа гараад таксины зогсоолын тэнд зодоод байсан. Би “манай эгч хорооллын эцэс дээр байдаг, эгчийгээ дуудаад 50.000.төгрөг өгчихье” гэхэд “чиний эгч хэнд хамаатай юм бэ” гээд намайг зодоод байсан. Б- цаана байсан залууг зодох гээд явах хооронд нь би таксины хаалга онгойлгоод “ахаа явчих, би танд мөнгийг нь өгнө” гэж хэлэхэд яваагүй. Тэгтэл Б- өөр нэг хүнтэй хамт ирээд “чи пизда минь хаачих гэж байгаа юм бэ” гээд таксинаас чирч буулгаад намайг зодоод байсан. Би “намайг уучлаарай, манай эгчийг дуудаад өгөөч” гэхэд сонсохгүй байсан. Тэгээд намайг зодож байхад нь цаанаас нэг хүн “Б-аа боль наадах чинь үхлээ” гэхэд миний мөрнөөс татаж босгоод “одоо зайл амьд үлдээсэнд баярлаарай” гэж хэлээд явсан. Тухайн үед би “цагдаа дуудна шүү” гэхэд “цагдаагаа дууд, та нарын талд орох нь уу харъя” гэсэн. Би эгч, ах руугаа утсаар ярьж Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Хамт явж байсан ах бид нарыг зодуулаад явсны дараа ирээд бааранд очоод “манай дүү нар хаана байна” гэхэд “танай дүү нар мурьцан, одоо чи ч гэсэн яв” гээд явуулсан байсан. Тэгээд ах маань бид нарыг явсан гэж бодоод гэр рүүгээ явсан. Биднийг бааранд захиалсан юмаа аваад задлаад байж байтал хамгаалагч нар бид нартай муудаад байсан. Хамгаалагч нар нь бид нарыг 00-д бие засаж байхад “пизданууд минь дуугүй бай” гэж хэлж байсан. Миний зүүн талын эрүү зажлуур хэсгээрээ хугарсан. Хоол зажилж идэхэд зовиуртай байна. Би 5.000.000 төгрөг нэхэмжилсэн ба Б- надад 1.800.000 төгрөг өгсөн. Б- 45 хоногийн хугацаанд төлбөрийг барагдуулна гэж нотариатаар орсон боловч өгөөгүй. Би гомдолтой байна. Намайг эмнэлэгт байхад нэг ч удаа эргээгүй. Над руу нэг ч удаа яриагүй. Энэ мөнгөнд цалин болон байрны түрээс багтсан” гэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Д.Б- нь иргэн Д.Содбаяртай баарны тооцоо хийхгүй байна гэж маргалдан зодож түүний биед эрүү ясны зүүн хэсгийн зөрөөтэй далд хугарал, уруулд язрал, зүүн шанаа, чихний дэлбээ, чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, сарвуу, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.Содбаярын “... Сий баарны зөөгч  Б- учруулсан. ...Би баарнаас гүйж гараад автобусны буудлын ойролцоо зам дээр байсан хөлсний машинд суугаад жолооч ахын хурдан хөдлөөд өгөөч мөнгийг чинь өгнө гэсэн боловч хөдлөөгүй байсан чинь гэнэт намайг машинаас чирч буулгаад чи хаачих гэж байгаа пизда бэ гэж хэлэн миний зүүн талын эрүү шанаа хэсэг рүү  2-3 удаа цохисон чинь би өвдгөн дээрээ сөхрөн газар суугаад толгойгоороо газар тулаад хоёр гараа толгойн дээрээ авсан чинь дээрээс дэвсээд байсан.Би баарны тооцоогоо хийе манай эгчийг утсаар дуудаад өгөөч ойрхон байдаг гэж хэлсэн чинь танай эгч хэнд хамаатай юм бэ пиздаа минь гэж хэлэн зодоод байсан. Тэгтэл нэг эрэгтэй хүн Б-аа одоо болио наадах чинь үхлээ гэж хэлсэн.Тэгтэл хоёр баарны ажилтан бололтой хоёр хүн миний өмсөж байсан хувцасны мөрөн дээрээс татаж босгоод одоо зайл амьд үлдээсэнд баярлаарай гэж хэлсэн. Тийм болохоор намайг ганцхан Б- зодсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 68 дугаар хуудас/

 

Гэрч Д.Оргилсайханы “... Тухайн өдөр би Сий бааранд хамгаалагчийн үүргийг Сүрэнжавын хамт гүйцэтгэж байсан  02 цаг өнгөрч байхад зөөгч Б- хүмүүс тооцоогоо хийхгүй ална гэж заналхийлээд байна гэхээр нь хамгаалагч Сүрнээгийн хамт 3 дугаар ширээн дээр очсон чинь нэг залуу нь ширээн дээр байсан архины шил барьсан нөгөөх нь шилэн аяга хагалаад барьчихсан таван залуу байсан. Би очоод хамгийн наад талын захад сууж байсан саравчтай малгайтай залуутай уулзсан чинь ахаа удахгүй найзуудыгаа тайвшруулаад тооцоог нь хийлгэе гэж хэлсэн чинь цаана сууж байсан намхан залуу өмднийхөө халааснаас хутга гаргана шүү гээд дайраад байхаар нь би хоёр гарнаас нь татаж байгаад доош суулгасан.

Тэгтэл нөгөө хүмүүс бүгд босоод ирсэн чинь үйлчлүүлж байсан хүмүүс наад согтуу хүмүүсээ гарга гэж хэлсний дагуу таван хүнийг зөөгч нартайгаа нийлж байгаад гадагш гаргахаар болсон. Тэгтэл баарны гадна гаргасан чинь нөгөө хүмүүс тооцоо хийгээгүй нэг нэгээрээ газраас чулуу авч шидээд байсан. Нэг гараад харсан автобусны буудлын орчим Б- нэг залууг хагас тонгойлгочихсон нүүр хэсэгт цохиж байхаар нь би Б-аа одоо боль гэж хэлэн татаж авсан. Харин нөгөө согтуу хүүхдийг яв гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 73 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3046 дугаартай:

“1. Д.Содбаярын биед эрүү ясны зүүн хэсгийн зөрөөтэй далд хугарал, уруулд язрал, зүүн шанаа, чихний дэлбээ, чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, сарвуу, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 32 дугаар хуудас/

 

Яллагдагч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... хохирогч Содбаяр тавуулаа ширээн дээр үйлчлүүлж байснаа тооцоогоо хийхийг шаардсан чинь урдаас тооцоон дээр чинь муриад явахгүйш дээ лалараа гэж доромжилохоор нь би хамгаалагч Оргилсайхан,Сүрэнжамц нарыг дуудсан. Хоёр хамгаалагч ирээд залуусаа тооцоогоо өгчих гэж хэлсэн чинь урдаас нь тооцоог чинь өгөхгүй гэж хэлээгүй өгнө гэж хэлээд бүгдээрээ  сууж байсан сандлаасаа босоод ирсэн. Тэгээд  хамгаалагч Оргилсайхан, Содбаярын хамт явж байсан залуутай муудалцаад байснаа ширээн дээр байсан ууж байсан архиныхаа шилийг барьчихсан. Харин түүний хажуу зогсож байсан хувцсыг нь санахгүй байна нэг залуу нь архины хундагаа барьчихсан байсан шил барьсан залуугийн талаар хамгаалагч Сүрэнжамцад хэлсэн чинь Сүрэнжамц нөгөө залуугаас шилийг нь авах гэж оролдсон боловч авч чадаагүй. Тэгтэл хамгаалагч Оргилсайхан нэг залуутай нь барилцан авч буйдан дээр унасан. Энэ үед Хохирогч Содбаяр архины хундага барьчихаад зогсоод байхаар нь би авах гэж оролдсон боловч өгөхгүй болохоор нь би ноцолдсон. Би Содбаярын нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Тэгтэл хамгаалагч Оргилсайхан салгаад дээш Содбаяр болох найзуудыг нь аваад гарсан. Би хойноос нь гарсан чинь автобусны буудал дээр Содбаяр очоод хөлсний машины хаалгыг онгойлгоод зогсож байсан бөгөөд машины жолооч руу Содбаяр утсаа өгөөч гээд хашхираад байхаар нь би очоод тооцоогоо орж хий гээд татсан чинь Содбаяр миний цээж хэсэг рүү нэг удаа цохихоор нь би Содбаярыг эрүү хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж байгаад татаж машинаас холдуулаад газар унагаагаад цохих гэж байсан чинь хойноос хамгаалагч Оргилсайхан ирээд Б-аа одоо болио гэж хэлээд намайг татаж аван баар луу оруулсан. Харин Содбаяр гадаа үлдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63 дугаар хуудас/

 

Гэрч Э.Сүрэнжавын “... Түвшин дотор асуудал гаргаад байна гэхээр нь очсон чинь манай нөгөө хамгаалагч руу намхан нэг залуу өгөөд байсан. Тэгээд би очоод больцгоо эндээс гарч байгаад асуудлаа шийд гэсэн чинь жижигхэн биетэй залуу Оргилсайханыг цохиод авсан чинь зөрүүлээд зууралдаад би салгасан. Тухайн бас нэг залуу гартаа архины шил бариад авахлаар нь би очиж нөгөө залуугийн гарнаас шилийг нь аваад шар царайтай залууг нь татаад баарнаас гаргаад буцаж орсон чинь дахиад дотор зодоон болоод тэрийг нь салгасан. Тэгээд би гадаа гарсан чинь нөгөө маргалдаан байсан залуучууд байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн  63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Б-  Д.Содбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хохирогч,  гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг  үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Содбаярт нийт 1.597.860 төгрөгний хохирол учирсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс хохирогчид нийт 1.800.000 төгрөг төлсөн байна.

Харин хохирогчийн цалин авч байсан талаар нийгмийн даатгалын дэвтэр байхгүй, гэмтлийн улмаас ажлаа хийж чадаагүй талаарх эмнэлгийн магадлагаа байхгүй, байрны түрээсийн төлбөр, авсан зээл зэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ямар хамааралтай нь ойлгомжгүй тул эдгээр нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй юм.

Хохирогч Д.Содбаяр нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Д.Б-ийн ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 90 дугаар хуудас/ урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул түүнийг  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд, анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос сайн дураараа төлж барагдуулсан зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Булгад овогт Даваагийн Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б- торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б-ид  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д.Содбаяр нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

                      

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ