Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/00949

 

 

 

 

 

 

 

 

2022 05 18 210/МА2022/00949

 

 

Ш.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд, бүрэлдэхүүнд шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/00604 дугаар шийдвэртэй, Ш.Д нэхэмжлэлтэй Ц.У холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч болон гуравдагч этгээд С.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ц.Уранцэцэгийн хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүү төлөхөөр 2 сарын хугацаатай зээлдүүлэн зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. С.Т 3 жилийн хугацаатай зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аман дахь 26-7 тоот аялал жуучлалын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсөн бөгөөд тухайн өдөр зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн. Зээлдэгч Ц.У нь зээлийн гэрээний дагуу зээл түүний хүүг одоо болтол төлөөгүй. Иймээс хариуцагч Ц.У ээс зээлийн төлбөр 60,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу алданги 30,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Ц.У иргэн Ш.Д с 60,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2 сарын хүүний төлбөр 12,000,000 төгрөгийг төлж, гэрээнд заасан 2 сарын хугацааг хэтрүүлэлгүйгээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэрээний 3.7-д заасан алдангийн хэмжээ хэт өндөр байгаа бөгөөд уг гэрээний 4 дүгээр зүйлийн 2-т зээлдэгчийн эд хөрөнгийн болон санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй гэж заасан, уг эрхийнхээ дагуу гэрээний хугацаа дуусахаас өмнө эд хөрөнгөө буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтын дагуу анзын хэмжээг багасгах боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Т гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: С.Т нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ц.У Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 17090/26/7 тоот 145,28 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл хийж өгсөн нь үнэн, энэ талаар маргахгүй. Гэхдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Ц.У ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 80,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагчийн барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/7 тоот хаягт байршилтай 145,28 м.кв талбайтай, Ү-2206021841 дугаарт бүртгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Д улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 602,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.У ээс 557,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д олгож шийдвэрлэжээ.

 

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Цар тахал буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үндсэн төлбөрөө төлж чадахгүйд хүрч алданги төлөх нөхцөл байдал үүссэн байдаг. Үүнийг үндэслэн алдангиас 5,000,000 төгрөгийг хасч шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Алданги багасгах үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ нь:

 

1. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул давж заалдах шатны шүүх эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.  Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Ц.У холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, алдангийг багасгах боломжтой гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Т үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн ч үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган хариуцагч Ц.У ээс 80,000,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/7 тоот хаягт байршилтай 145,28 м.кв талбайтай, Ү-2206021841 дугаарт бүртгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэх явцад буюу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

4. Уг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-г нэхэмжлэгч Ш.Д , түүний өмгөөлөгч Э.Батбаяр болон хариуцагч Ц.Уранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар байгуулсан байна. Талууд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас төлөх алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж, 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нийт алдангийн хэмжээ 15,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож эвлэрсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэх хуудас бичүүлэхгүй байх талаар нэхэмжлэгч дурьдсан байна. Хариуцагчийн нийт төлөх төлбөр 75,000,000 төгрөг болно гэсэн агуулгаар Эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр 74.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч өөрөө болон хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд эвлэрсэн, уг эвлэрэл гуравдагч этгээдийн болон бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/00604 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Д , хариуцагч Ц.У нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас төлөх алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж, 15,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч нийт алдангийн хэмжээ 15,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож эвлэрсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэх хуудас бичүүлэхгүй байх талаар нэхэмжлэгч дурьдсан болно. Хариуцагчийн нийт төлөх төлбөр 75,000,000 төгрөг болно гэж эвлэрснийг баталж, нэхэмжлэгч Ш.Д нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.У холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.У давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ЦОГТСАЙХАН