Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 661

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Я.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Элжигэн овогт Ямаахүүгийн М-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805035270709 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Элжигэн овогт Ямаахүүгийн М-,  1973 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо .......тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Я.М- нь 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны .............тоотод иргэн С.Энхжинг зодож эрүүл мэндэд нь цээжний зүүн ар доод хэсэгт цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, хацар, эрүү, зүүн бугуй, сарвуу, нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Я.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Я.М- нь хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Энхжинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч С.Энхжингийн “Би 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зурагтын хуучин эцэст байрлах түрээслэдэг нийтийн байрандаа амарч байхад нийтийн байрны эзний ах М- гаднаас согтуу орж ирээд “би гадаа хог ачууллаа чиний хийх ёстой ажил биз дээ, чи надаар хог цэвэрлүүлдэг хэн бэ” гээд агсам тавьж эхэлсэн. Тэгээд намайг эхлээд нэг удаа алгадаад дараа нь гартаа барьсан олон түлхүүрээр миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Мөн нуруу руу бас цохиод хөл рүү 2, 3 удаа өшиглөөд намайг “ядуу гуйлгачин” энэ тэр гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг дагуулаад “ахыгаа суулгаад өгчих” гээд хамт гараад доод давхар луу ажлын өрөөндөө оруулж байгаад барьж яваа түлхүүрээрээ толгой руу цохиод байсан. Тэгээд дээд давхараас хүн гарч ирээд Мягаа ахыг салгаад явуулсан. Би маргааш нь очиж өргөдөл гаргаж өгсөн. Тухайн үед Мягаа ах намайг “хог ачуулсангүй, миний хий гэснийг хийсэнгүй” гэх шалтгаанаар зодсон байх. Би тэр нийтийн байранд жижүүр хийж үнэгүй суудаг байсан. Мөн тэр байрны цэвэрлэгээг хийдэг байсан. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мягаа ах надтай уулзаж уучлалт гуйгаад эмчилгээний зардал болох 300.000 төгрөг өгсөн. Миний зүгээс гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7841 дугаартай:

“1. С.Энхжингийн биед цээжний зүүн ар доод хэсэгт цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, хацар, эрүү, зүүн бугуй, сарвуу, нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Я.М-гийн сэжигтэн яллагдагчаар өгсөн “...Тэгээд Энхжин урьд нь надтай хамт ажилладаг байсан Ууганбаярт элдэв хов зөөгөөд байсан болохоор тэр талаар сануулах гэж уулзсан. Тэгээд би Энхжинд хандаж элдэв хов битгий зөөгөөд байгаарай гэж хэлээд барьж явсан гэрийн хэлхээтэй 5,6 ширхэг түлхүүрээрээ нуруу, хүзүү рүү нь 4,5 удаа цохиж, хөл рүү нь 2,3 удаа өшиглөсөн. Тухайн үед би бага зэрэг согтуу байсан. Зарим юмаа сайн санахгүй байгаа. Тэгээд гэртээ харьсан. ... Би тухайн үед согтуудаа буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Энхжингийн хохирлыг барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

“... Би хохирогч С.Энхжинтэй сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний 300.000 төгрөг төлж барагдуулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Я.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Я.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч С.Энхжингээс мөрдөн байцаалтын явцад “...Миний бие М- ахтай сайн дурын үндсэн дээр эвлэрч, эмчилгээний зардал болох 300.000 төгрөг гаргуулж авсан тул ямар нэгэн гомдол, санал байхгүй. Миний бие М-гээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

 Хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэх нөхцөл байдлыг бүрэн хангасан, нотлох баримтуудаар тогтоох бүхий л нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Элжигэн овогт Ямаахүүгийн М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.М-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.М- нь торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Я.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Я.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ