Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 914

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,   

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706031941106 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

    Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 6-47 тоотод оршин суух иргэн Д.Батчулууны гэрт хамт архи ууж байхдаа хохирогчийн эзэмшлийн айфонь-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 560.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

                    /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706031941106 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.Батчулууны эзэмшлийн гар утсыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би БЗД-ийн 2-р хороо 12-р хэсэг Сэлбийн 6-р гудамж 47 тоотод байрлах өөрийн хашаандаа өвлийн сууц бариулж байгаа. Өрлөг хийлгэж байгаа ба бүс бетон цутгуулах гээд өмнө нь ажиллаж байсан Жтай гэх залуутай уулзах гээд урд талын гудамжинд гэрт нь очсон. 2017 оны 10 сарын 29-ний өдөр 18:00 цагийн үед гэрт очиход Жтай согтуу нэг залуутай архи ууж байсан. Жтайд асуудлаа хэлэхэд Жтай цуг сууж байсан залуугаа надтай танилцуулсан. Тэр залуу өөрийгөө Бек гэж танилцуулсан ба барилгын ажил хийдэг гэсэн учир байшингаа харуулах гээд цуг явсан. Явах замдаа баталгаатай болгохоор Бекийн гэр нь болох БЗД-ийн 2-р хороо 4-р хэсэг Их Дарь-Эхийн 64 тоотод очсон. Гэрт нь аав, ээж 2 нь байсан. Гэрийг нь мэдээд Бектэй цуг манай гэрт ирсэн. Ойр зуурын зүйл ярьж байгаад би 1 шил архи худалдаж авсан. Манай гэрт ороод авсан архиа хувааж уусан. Архи ууж байхдаа би ариун цэврийн өрөө ороод буцаад ирэхэд Бек миний гар утсыг барьж байсан. Бид 2 юм ярьж зурагт үзэж байхад Бек миний утсыг аваад гарсан. Би гарч утсаар ярих гэж байгаа юм байна гэж ойлгоод юм хэлээгүй. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь гарахад Бек байхгүй байсан. Би хүний утсаар өөрийн дугаар руу залгахад холбогдохгүй болсон байсан. Жтайтай уулзаад цугтаа Бекийн гэрт очиход аав, ээж 2 нь байсан ба "чи цуг явсан, дахиж гэртээ ирээгүй, чи өөрөө утсаа хямгадах яадаг юм бэ" гэж хэлсэн. Би хүмүүстэй уулзахад тэр залууг Б.Е гэж хэлсэн. Холбогдох утас байхгүй гэсэн. Ер нь дэл сул зүйл хулгай хийдэг талаар сонссон. Занхгар хочтой гэж байсан.

Үнэлгээний тайлантай танилцсан. Уг үнэлгээний мөнгөн дүн болох 560.000 төгрөгийг Б.Эаас авсан. Надад ямар нэгэн гомдол санал алга гэх мэдүүлэг/хх-ийн 12, 45-46/

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн №БЗ2-337 дугаартай:

Айфонь-6 маркийн гар утас нь 2017 оны 10 сарын 29-ний өдрийн байдлаар 544.000 төгрөгийн, хиймэл савхин гар утасны гэр нь 16.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37/

 

Шүүгдэгч Б.Эны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн найз н.Жтай хамт тэднийд архи уугаад сууж байсан юм. Тэгсэн чинь гаднаас нэг ах орж ирсэн ба уг ах өөрийгөө н.Жтайн дарга гээд байсан шиг санагдаж байна. Жтай бид хоёрын ууж байсан архи талдаа орж байсан ба намайг хийж өгсөн чинь би ийм архи уудаггүй, өөрийнхөө архийг ууна гэж хэлээд нэг шил 0,75 литрийн соёрхол нэртэй архи гаргаж ирээд ганцаараа уусан юм. Тэгээд н.Жтай тасраад унтаад өгсөн ба уг ахтай хамт бид 2 манай гэрлүү явсан. Бид 2 хоёулаа согтуу байсан ба манай гэрт манай аав, ээж 2 байсан бөгөөд бид хоёрыг хөөсөн юм. Улмаар бид 2 тэдний гэрт очоод дахиж нэг 0,75 литрийн соёрхол нэртэй архи уусан юм. Би тэр ахтай өөд өөдөөсөө харж суугаад юм ярьж байсан. Мөн дээр нь тэр ахын утсаар хүнтэй ярьж байснаа санаж байна. Харин хэнтэй ярьсанаа бол санахгүй байна. Нэг мэдсэн чинь би гэртээ унтаж байгаад сэрсэн. Би тэдний гэрээс гарахдаа тэр ахын утсыг өгсөн эсэх, мөн авч гарсан бол уг гар утсыг яаснаа би санахгүй байна. Мөн яаж гэртээ харьсанаа санахгүй байна. Угаасаа би жоохон зарим зүйлийг мартаж санаад байдаг юм. Тийм учраас ч утас барьдаггүй юм. Учир нь барьж явсан газраа тавьж орхиод байдаг зантай. Би маргааш өглөө нь 10 цагт гарч яваад орой нь 18 цагийн суудлаар Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явчихсан юм. Тэнд очоод 2018 оны 02 сард цагаан сарын өмнөхөн ирсэн. Тэр хугацаанд би аав, ээжтэйгээ огт утсаар холбогдоогүй юм. Харин Улаанбаатар хотод ирэхэд аав, ээж 2 чамайг цагдаагаас хайж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хороон цагдаа дээрээ очоод хайж байгааг зогсоолгосон. Хороон цагдаа намайг чиний хэрэг н.Чинзориг гэж мөрдөгч дээр байгаа, очиж хэргээ шийдүүл гэхээр нь би ирэлгүй олон cap болчихсон юм чинь хорьж магадгүй гэж айгаад зугтаагаад яваад байсан нь үнэн. Харин би өнөөдөр баригдаж ирлээ. Тэгээд бүх учрыг мэдсэн учраас одоо тэр хүний гар утасны хохиролыг бүрэн төлж барагдуулаад, хуулийн дагуу хэргээ шийдүүлэх болно. Ямар нэгэн байдлаар дахиж оргохгүй. Тухайн үед согтуу байсан учраас ийм тэнэг зүйл хийсэн байна гэх мэдүүлэг /хх-н 47-48/

 

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 9-10/, хохирогчийн хохирол барагдуулж авсан тухай хүсэлт /хх-ийн 51/, шүүгдэгч Б.Эны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 52/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

- шүүгдэгч Б.Эы иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18-19/, Баянзүрх дүүргийн 2-р хорооны засаг даргын тодорхойлолт, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Эны иргэн Д.Батчулууны гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлаж авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулж, тодорхой хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг зургаан сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сар нэг хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ