| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/07262/И |
| Дугаар | 191/ШШ2026/01823 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/01823
2026 02 02 191/ШШ2026/01823
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах ******* ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/-т холбогдох,
Гэрээний үүрэгт 24,851,132 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар ******* ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Гадаадад дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох хавсралт гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр Д.******* нь Оросын холбооны улсын ******* хотын ******* ын улсын их сургуульд Нефть газын хайгуул, олборлолт, ашиглалтын инженер мэргэжлээр ******* ХХК-ийн захиалгаар суралцах, ******* ХХК Д.*******ийн сургалтын зардлыг төлөх, дээд боловсрол эзэмшсэний дараа ******* ХХК-нд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй 5 жилээс доошгүй хугацаагаар ажиллахаар тохиролцсон. /Гэрээний 2.2.3-д заасан/ Гадаадад дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох хавсралт гэрээ-ний 2.2.4-д Суралцагч нь Үндсэн гэрээ болон энэхүү хавсралт гэрээгээр хүлээсэн аливаа үүргийг биелүүлээгүй буюу гэрээний аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд тэтгэлэг олгогчоос сургалтын төлбөрт төлсөн үндсэн төлбөрийг жилийн 15 хувийн алдангийн хамт эргүүлэн рублиэр 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй. гэж тохиролцож гэрээ байгуулсан. Д.******* нь сургуулиа төгсөж ирээд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан Халаалт, дулааны системийн хийн хангамжийн технологийн инженерээр ажиллаж эхэлсэн. Гэвч 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ар гэрийн шалтгааны улмаас 1 сарын цалингүй чөлөө авсан боловч эргэж ажилдаа ирээгүй. Ажилдаа эргэж орох талаар Д.*******тай удаа дараа утсаар холбогдож мэдэгдсэн боловч удахгүй очиж ажилдаа орохоо илэрхийлж байсан боловч ирээгүй тул ******* ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлснөөс хойш мөн адил компани дээр ирж төлбөр тооцооны асуудлыг дуусгахыг удаа дараа шаардсан боловч Д.******* ирээгүй. ******* ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 4 жилийн сургалтын төлбөрт нийт 467,742 рублийг төлсөн. Д.******* нь Гадаадад дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох хавсралт гэрээ-ний 2.2.3 дахь заалтыг зөрчсөн тул ******* ХХК-нд ажиллахаа больсон 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд сургалтын төлбөрт төлсөн нийт 467,742 рубльд жилийн 15 хувийн алданги тооцоход Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарыг давсан тул 233,871 рублийн алданги нэмж тооцогдсон. Иймд хариуцагч Д.*******аас ******* ХХК-ийн сургалтын төлбөрт төлсөн 467,742 рубль, Гадаадад дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох хавсралт гэрээ-ний 2.2.4-д заагдсан сургалтын төлбөрийн алдангийн төлбөр 233,871 рубль, нийт 701,613 рубль буюу өнөөдрийн Монгол банкны ханшаар 24,851,132 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү.
Манай компани ******* овогтой *******аас Гадаадад дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох тухай хавсралт гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 38,186,923 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компанийн ерөнхий захирал асан ын гэгээн дурсгалыг хүндэтгэн Д.*******аас гаргуулахаар нэхэмжилсэн дүнг шаардахгүй байхаар шийдвэрлэсэн тул манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох 24,851,132 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгч компанитай 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Гадаад дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох хавсралт гэрээ байгуулж, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс халаалт, дулааны системийн хийн хангамжийн технологийн инженерээр ажиллах болсон. Нийтдээ 2 жил 8 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа эндэгдэл гаргаж байгаагүй, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Хөдөлмөрийн гэрээг сарын үндсэн цалин 400,000 /дөрвөн зуун мянга/, үр дүнгийн урамшуулал 400,000 /дөрвөн зуун мянга/, нийтдээ 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн нөхцөлтэйгөөр байгуулсан бөгөөд энэ цалин амьдралд хүрэлцэхгүй байсан. Миний зүгээс нэхэмжлэгч байгууллагад удаа дараа цалин нэмэхийг шаардаж байсан боловч цалинг нэмээгүй болно. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн ахын бие өвдсөн тул нэг сарын чөлөө авсан. Чөлөө дууссаны дараа манай байгууллагаас ажилдаа эргэж орохыг шаардах үед цалин бага учраас цаашид дахин ажиллах боломжгүй гэдгээ амаар утсаар удаа дараа мэдэгдсэн болно. 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Гадаад дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох хавсралт гэрээ-ний 2.2.3 дах хэсэгт Суралцагч нь дээд боловсрол эзэмшсэний дараа тухайн тэтгэлэг олгогчийн компанид мэргэжлээрээ 5 жилээс доошгүй хугацаагаар тогтвортой үр бүтээлтэй ажиллана заасан. Энэхүү заалт Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй... гэж заасныг мөн Хөдөлмөрийн тухай хуульд /1999 оны/ хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээр зохицуулсныг тус тус зөрчсөн байна. Мөн энэхүү гэрээний 2.2.4 дэх хэсэгт Суралцагч нь Үндсэн гэрээ болон энэхүү хавсралт гэрээгээр хүлээсэн аливаа үүргийг биелүүлээгүй буюу гэрээний аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд тэтгэлэг олгогчоос сургалтын төлбөрт төлсөн үндсэн төлбөрийг жилийн 15 хувийн алдангийн хамт эргүүлэн рублиэр 30 /гуч/ хоногийн дотор төлөх үүрэгтэй гэж заасан. Энэхүү заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульд заасныг зөрчиж хийсэн хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 24,851,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 24,851,132 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******т холбогдох гэрээний үүрэгт 24,851,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, Д.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,206 төгрөгөөс 141,103 төгрөгийг Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх хэсэг буюу 141,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР