Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 315/ШШ2025/00427

 

2025  11  04 

315/ШШ2025/00427

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,******* гэх газар оршин суух, *******,

 

Хариуцагч: *******,******* гэх газар оршин суух, ******* холбогдох,  

 

13,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 13,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2021 оны 9 дүгээр сарын 13-нд ******* нь надаас 104 шилмэл эм хонь авч төлийн 50 хувиар бодож, шилмэл 52 тооны хурга өгнө гэсэн. Тэр үед нь бичгээр гэрээ хийе гэхэд өөрөө гэрээ хийхгүй, би буяндаа бузар хийх хүн биш, шилмэл хургийг чинь өгнө гэж хэлж авсан. Миний хонь монгол биш, барга хонь байсан. Барга хонь бол монгол хониноос өөр байдаг юм. *******ы өгсөн хурга нь миний хонины хурга биш байсан. Би хонио 2021 оны 9 сард өгч, хавар авна гэж тохиролцсон. Хавар намайг хургаа тэмдэглэхээр очиход асуудал байхгүй, өөрийн чинь хургийг өгнө гэсэн. Барга хонь бол зүс, үйлдвэрлэл бүх зүйл нь өөр байдаг. *******ы өгсөн хонь нь голдуу хөх алаг хурга байсан. Эхгүй, төлөгний хурга хүртэл байсан. Сумын төвийг тойрсон цөөхөн малтай малчдын хамгийн муу хургийг надад цуглуулж өгсөн. Гэтэл миний хонины хурганууд дэргэд нь төлөг шиг л харагдаж байгаа. Би хургануудаа авсан, гэхдээ миний хонинуудыг сольсон байсан. 104 хониноос 86 хонь төллөсөн гэж байна. Бусад нь сувай байх ёстой байхад нэг ч сувай хонь байгаагүй, бүгдийг нь борлуулсан байсан. Дараа нь надад төлөг өгсөн. Би залуу хүн гэж бодоод чимээгүй өнгөрөөсөн. Би эдний хонин дотор ороод хургаа авах гэтэл надад өгөх хургаа тусад нь хашсан, өөр хашаанд миний хонины хурганууд байсан. Би хургаа хараад танина. Таны хургийг тэнд хашчихсан гэхээр нь очоод үзэхэд авах хурга байхгүй байсан.Би 2022 оны 7 сард хургаа авах гэж очсон. Тэгээд би ийм хурга авахгүй, миний хонины хурга биш гэтэл намайг элдвээр хэлж эхэлсэн. Би өдий насны ахмад хүн байна, айлын хотонд хэрүүл, тэмцэл хийгээд яах вэ гээд өөрийнхөө 104 хонийг аваад явсан. Намайг очиход хашаанаас ч гаргаагүй бэлдсэн байсан. Би хургаа өгч чадахгүй бол ядаж онд оруулж өг гэхэд, тэгнэ л гэсэн. Анх тохирохдоо хэрвээ хургаа өгч чадахгүй бол 1 хонийг 100,000 төгрөгөөр бодож 5,000,000 төгрөг өгөхөөр тохирсон. Миний 104 хонины талыг нь Баатарчулуун борлуулсныг би мэдэж байгаа. Хонио аваад явсны дараа над руу мөнгө хийсэн байсан. Уулзах болгондоо үлдэгдэл мөнгөө хийнэ гэж явсаар цаг хожсон. Дараа нь уулзахдаа ахаа мөнгөө буцаагаад өгчих, би хонийг чинь хөөгөөд очъё гэхээр нь би мөнгийг нь өөр рүү нь хийсэн. Гэтэл хонийг минь авчраагүй. Өвөл нь Ганбат ахын хашаанд таарахдаа хүртэл би хонио авах талаар хэлж л байсан.Төлийн мөнгө гэж 2022 оны 01 сард 2,900,000 төгрөгийг данс руу шилжүүлээд эргээд надад 50 тооны төлөг өгье гэж хэлэхэд мөнгийг буцаан шилжүүлсэн. 104 тооны эм хонины төл одоогоор соёолон настай хонь байх учиртай. Үүнээс 30 тооны соёолон эр хонь, 20 тооны хургатай эм хонийг зах зээлийн үнэлгээнд шилжүүлж, хариуцагч *******аас 13,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хониноос 104 эм хонийг 1 жилийн хугацаатай төллүүлж, 50, 50 хувиар хувааж авах талаар гэрээг амаар харилцан тохиролцож мал хүлээлгэж өгсөн. Дараа жил нь нэхэмжлэгч 104 эм хонийг төлийг авахаар очиход хариуцагчийн хувьд тухайн жил ган гачигтай байсан учраас 52 төл гарсан гэдэг зүйлийг ярьдаг. Тухайн 52 төл нь 104 хонины төл мал биш байсан учраас авахгүй гэж маргалдсан. Гэтэл хариуцагч тухайн үеийн ханшаар буюу 60,000 төгрөгөөр бодож нэхэмжлэгчийн дансанд тухайн мөнгийг шилжүүлсэн байсан. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчтай 104 тооны хонийг түрээсэлсэн гэх бичгийг үйлдсэн. Үүнийг бичгээр үйлдэгдсэн учраас бичгээр түрээсэн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Гэрээний үүргийг хариуцагч заавал биелүүлэх үүрэгтэй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 2,920,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг өмнө нь төлөх боломжтой байсан. Учир нь нэхэмжлэгчийн ярьж байгаагаар 5,000,000 төгрөг өгнө гэж хэлээд дутуу өгсөн учраас би буцааж өгсөн гэдэг. Нэгэнт бичгээр гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.

 

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр бид хоёр залуу хүмүүсийн хувьд малтай болох зорилгоор түрээсийн мал маллахаар шийдэж, 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ******* ахаас 104 толгой түрээсийн эм хонь авч малласан. Хавар төллүүлээд төлийн 50 хувийг эзэн нь авах, 50 хувийг малчин авахаар тохиролцсон. Бичгээр гэрээ хийгээгүй, амаар тохиролцон хонийг нь тоолж, цэнхэр будгаар зоон дээр нь тэмдэглэж хүлээж авсан. Хавар мал төллөхөд бүх хонь хургалаагүй, 86 хонь нь төллөж, 86 хурга авсан. 2022 оны намар миний бие өвдөж, хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас би ******* ахад учир явдлаа хэлж, хонийг нь буцааж өгөхөөр ярилцсан. Ирэхээр нь хонийг нь тоо бүрэн хүлээлгэж өгөөд 52 хургыг ******* ахад ялгаж өгч, өөрөө 34 хургыг нь авч үлдсэн. Гэтэл ******* ах би шилмэл хурга авах ёстой, хурга чинь жижигхэн байна гэж голоод хургаа авахаа больсон. Хоёр хургыг дээж гэж авсан. Үлдсэн 50 хургаа тэр үеийн ханшаар тооцож мөнгийг нь авна гээд явсан. Хоёр хонь үхсэн байсныг нөхөж өгсөн. ******* ахын дүү нь нэг сувай эм хонь авсан байсныг нь хасаж тооцсон. нь ахдаа хургатай хонь өгнө гэж тохирсон юм билээ. Тухайн үедээ бид хоёр эмчилгээнд явж, бэлэн гаргаад өгөх мөнгө байгаагүй учраас тухайн үеийн ханшаар мөнгийг төлөхөөр харилцан тохиролцоод салсан. Ингээд өвөл нь 2023 оны 1 сарын 11-ний өдөр 7.780.000 төгрөг зээлж, үүнээсээ 2.920.000 төгрөгийг ******* ахын ХААН банкны тоот дансанд хоёр хувааж хийсэн. гийн авч явсан нэг хонины хургыг хасаад 49 хургыг 60,000 төгрөгөөр тооцож мөнгийг нь шилжүүлсэн юм. Үүнээс хойш бид байнга л таарч уулзалдаж байсан. Хурганы мөнгөний талаар ямар ч яриа үүсдэггүй байсан. Харин сүүлд 2023 оны сүүлээр таараад чамаас 50 төлгөө авна, мөнгийг чинь буцааж хийнэ гэсэн. Ингээд бид хоёр жаахан маргаад салсан. Түүнээс хойш таарахаараа дарамтлаад байх болсон. Би залуу хүний хувьд ахмад хүний насыг хүндлээд юм хэлдэггүй байсан. Гэтэл мөнгө хийснээс бараг жилийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний дансанд *******гөөс гээд 2.940.000 төгрөг орж ирсэн. Мөнгийг нь буцааж өгье гэхэд мөнгөө авахгүй, хонио авна гээд л загнаад явдаг юм. Бидний хооронд хургыг нь өсгөж үржүүлж, томруулж, үр төлтэй нь төлнө гэсэн ямар ч тохиролцоо хийгээгүй, би ийм үүрэг хүлээгээгүй. Тухайн үедээ авсан түрээсийн хонийг нь тэр хүнээс нэг ч төгрөг гаргуулалгүй өвс тэжээл, эм тариаг хариуцан өөрийн зардлаар хариулж маллан бүрэн бүтэн буцааж өгсөн, хурганых нь үнийг зах зээлийн ханшаар нь төлсөн байсан учраас надаас ямар ч үндэслэлгүй төлбөр нэхэж байна. Надад шилжүүлсэн 2.940.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин 13.960.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс хариуцагчид 104 хонь хүлээлгэж өгсөн гэдэгт маргах зүйл байхгүй. ******* нь *******гөөс 104 эм хонь түрээсээр авсан нь үнэн болно гэх гарын үсэг байгаа боловч энэ нь ажил гүйцэтгэх гэрээ буюу түрээсийн гэрээ биш байна гэж үзэж байна. Учир нь гэрээн дээр байх шаардлага буюу гэрээний хугацаа, үнэн хөлс, хүлээлгэх хариуцлага зэрэг асуудлууд тодорхойлогдоогүй байгаа тул үүнийг гэрээ гэж үзэхгүй. 2021 оны 09 дүгээр сард авч 2022 оны 03 сард 104 хонийг буцааж өгсөн. 2022 оны 06 сард хонио авахаар ирэхэд нь тохиролцоогүй буцсан. Нэхэмжлэгч аваагүй хургаа 100,000 төгрөгөөр үнэлж, 5,000,000 төгрөг авахаар тохиролцсон гэх зүйлийг ярьж байна. Гэтэл энэ байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, хариуцагч мөн үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******аас *******н дансанд 2,920,000 төгрөг хийсэн. Тэгэхээр ******* энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч бүтэн нэг жил ашигласан. Харин 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******д тус мөнгийг шилжүүлсэн. Мөнгийг нь авахдаа хүлээн зөвшөөрсөн нь нотлогдож байна.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Болор үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Болор үнэлгээ ХХК-д *******н гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.09.13-ны өдөр *******ы 104 хонь хүлээн авсанаа зөвшөөрсөн гараар бичсэн бичмэл, Баатарчулууны өгсөн мөнгийг нь буцааж өгсөн гэх гар бичмэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас хариу тайлбар, хаан банкны депозит дансны хуулга, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2,940,000 төгрөг нэхэмжлэгч *******н данс руу шилжүүлсэн баримт, 2022, 2023 оны малын тооллогын баримт, малын хөлийн татвар төлсөн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 9 дүгээр сарын 13-нд ******* нь надаас 104 шилмэл эм хонь авч төлийн 50 хувиар бодож, шилмэл 52 тооны хурга өгнө гэсэн. 104 тооны эм хонины төл авах гэтэл миний хурга биш, жижигхэн хурганууд байсан тул би хургануудыг авахгүй гэж, хэрвээ хургаа өгч чадахгүй бол 1 хонийг 100,000 төгрөгөөр бодож 5,000,000 төгрөг өгөхөөр тохирсон.  Хонио аваад явсны дараа над руу 2,940,000 төгрөг шилжүүлсэн байсан. Уулзах болгондоо үлдэгдэл мөнгөө хийнэ гэж явсаар цаг хожсон. 104 тооны эм хонины төл одоогоор соёолон настай хонь байх учиртай. Үүнээс 30 тооны соёолон эр хонь, 20 тооны хургатай эм хонийг зах зээлийн үнэлгээнд шилжүүлж, хариуцагч *******аас 13,960,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бидний хооронд хургыг нь өсгөж үржүүлж, томруулж, үр төлтэй нь төлнө гэсэн ямар ч тохиролцоо хийгээгүй, би ийм үүрэг хүлээгээгүй. Тухайн үедээ авсан түрээсийн хонийг нь тэр хүнээс нэг ч төгрөг гаргуулалгүй өвс тэжээл, эм тариаг хариуцан өөрийн зардлаар хариулж маллан бүрэн бүтэн буцааж өгсөн, хурганых нь үнийг зах зээлийн ханшаар нь төлсөн байсан учраас надаас ямар ч үндэслэлгүй төлбөр нэхэж байна. Надад шилжүүлсэн 2.940.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин 13.960.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар 2021 оны 9 сарын 13-ны өдөр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гөөс 104 эм хонь авч, төлийн 50 хувиар бодож, шилмэл 52 тооны хурга өгөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна.

 

5. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. гэж тус тус заажээ.

 

7. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба ингэж шилжүүлснээр хөлс авах эрх нь үүсдэг.

 

8. Зохигчийн хооронд амаар тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч ******* нэхэмжлэгч *******д 104 тооны эм хонины төл буюу тохиролцсноор 52 тооны хурга хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

 

9. Гэтэл нэхэмжлэгч нь 104 тооны эм хонины төл одоогоор соёолон настай хонь болчихсон байх ёстой. Үүнээс 30 тооны соёолон эр хонь, 20 тооны хургатай эм хонь, хургатайгаа нийлээд 70 хонийн зах зээлийн үнэлгээ 13,960,000 төгрөг болж байна гэж нэхэмжилж, Болор үнэлгээ ХХК-аар үнэлгээ хийлгэсэн байна.

 

10. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 52 тооны хурга өгнө гэж тохиролцсон болохоос биш, өсгөж, үржүүлж, томруулж, үр төлтэй нь авна гэсэн тохиролцоо хийсэн баримт авагдаагүй байна.

 

9. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт ...гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.. гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч ******* 52 тооны хургыг *******д ялгаж өгөхөд аваагүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

 

11. Мөн хариуцагч нь хурганых нь үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар 60,000 төгрөгөөр тооцож, 49 хурганы мөнгө 2,940,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлаж, 2025 оны 8 сарын 07-ны өдөр 2,940,000 төгрөгийг *******н тоот дансанд шилжүүлсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,940,000 төгрөгийг биелүүлснийг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

12. Нэхэмжлэгч тухайн үед нэг хургыг 100,000 тооцож авна гэж хэлсэн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар нотолсон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

13. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,020,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

14. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 61,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан *******н нэхэмжлэлтэй *******д холбогдох 13,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* 49 хурганы мөнгө 2,940,000 төгрөгийг биелүүлснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,020,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 61,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР