Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 662

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч, хохирогч Э.З-,

шүүгдэгч, хохирогч З.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хэрээд овогт Энхцэцэгийн З-, Боржигон овогт Зоригтын Б- нарт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805033360691 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Хэрээд овогт Энхцэцэгийн З-, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, “..............” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо ...... дугаар байрны ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн Боржигон овогт Зоригтын Б-, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа шивээс хийдэг ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн .........дугаар хороо .........тоотод оршин суух хаягтай,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлсэнийг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 455 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял  болгон өөрчилж шийдвэрлэсэн, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ялыг биечлэн эдэлж хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 873 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч Э.З- нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуй үйлчилгээний зүүн талын замын уулзвар дээр Делика маркийн .........УБЗ улсын дугаартай хар өнгийн автомашиныг жолоодон явахдаа Тоёота Кровн маркийн .........УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан З.Б-ыг машин шахлаа гэх шалтгаанаас болж өөр хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.

 

Шүүгдэгч З.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуй үйлчилгээний зүүн талын замын уулзвар дээр Тоёота Кровн маркийн .........УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Делика маркийн .........УБЗ улсын дугаартай хар өнгийн автомашиныг жолоодон явсан Э.З-тыг машин шахлаа гэх шалтгаанаас болж өөр хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Э.З- мэдүүлэхдээ: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор З.Б- мэдүүлэхдээ: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.З-, З.Б- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:     

 

Хохирогч Э.З-гийн “2018 оны 6 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим би дүү Мандуултай хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо Бичилээс Ахуй үйлчилгээ рүү урууддаг замаар Делика 8666 УБЗ улсын дугаартай хар өнгийн автомашинтай явж байсан чинь хажуунаас хөх өнгийн тоёота кроун маркийн автомашин урсгал сөрж орж ирээд миний урд талд хоёр удаа огцом тоормослоод гэрлэн дохион дээр зогссон. Тэгэхээр нь би “тэнэг юм уу яваач” гэсэн чинь өөдөөс жолооч нь туранхай шивээстэй залуу машинаасаа буухаар нь би бас машинаасаа буугаад очсон чинь нөгөө залуу үгийн зөрөөгүй гараараа нүүр рүү цохиод хамар руу духаараа нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би нөгөө залууг өөрийнх нь машины хаалгаар нь биеийг нь шахаад бариад авсан чинь манай дүү Мандуул намайг түлхээд голоор орж салгасан. Тэр үед нөгөө залуу дахиад гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд биерүү нь цохиод хөл рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ... Тэгээд би машинаа замаас гаргачихаад юм ярих гээд нөгөө залуу дээр очсон чинь дахиад миний хамар руу нэг удаа мөргөсөн. Тэгээд би зөрүүлээд нөгөө залууг цохиод зодолдсон чинь Мандуул, нөгөө залуутай хамт явсан эмэгтэй хоёр салгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Хохирогч З.Б-ы “2018 оны 6 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим би 7140 УНӨ улсын дугаартай автомашинтайгаа эхнэр Отгонжаргалын хамт ... Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ахуй үйлчилгээний төвийн зүүн гар талд байрлах гэрлэн дохионы хамгийн зүүн гар талын эгнээ рүү орох гэж байгаад болиод голын эгнээ рүү орсон чинь бараан өнгийн Делика 8666 улсын дугаартай машинтай хүн миний зүүн талаас зэрэгцэн орж ирээд жолооч нь намайг “пизда минь яаж яваад байгаа юм бэ, ингэж машин барьдаггүй юм” гэхээр нь би “ямар сүртэй юм бэ зодлоош дээ” гээд маргасан. Тэгсэн чинь жолооч нь ногоон пүүзтэй залуу бууж ирэхээр нь би өөдөөс нь буусан чинь ногоон кейттэй залуу намайг хаалганд шахсанаа толгой руу хоёр удаа цохисон. ... Тэгснээ махлаг залуу намайг тэврээд авсан чинь нөгөө ногоон гуталтай залуу миний элэг рүү хоёр удаа, бөөр орчимд 5 удаа хөлөөрөө өшиглөсөн. ... Нөгөө залуу машины копут дээр гишгээд миний гар луу хөлөөрөө жийгээд намайг машины арын гупер мөргөөд унасан чинь цээж рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөөд толгой руу 1-2 удаа цохисон. Би тухайн үед З-гийн нүүр лүү нэг удаа л гараараа цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Гэрч С.Мандуулын “2018 оны 6 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим би ах З-той хамт  Баянгол дүүргийн 15 дугаар хороо Билэг их дэлгүүрийн зүүн талын зам дээр Делика маркийн хар өнгийн 8666 УБЗ улсын дугаартай автомашинтайгаа явж байсан чинь Кроун маркийн хар хөх өнгийн машин урсгал сөрж ирээд урд талд орж ирсэнээ огцом тоормослоод байхаар нь манай ах З- жолоочид нь “чи яагаад байгаа юм” гэсэн чинь нөгөө залуу нь машинаасаа бууж ирсэн чинь манай ах З- өөдөөс нь буугаад очсон чинь нөгөө шивээстэй залуу үгийн зөрөөгүй З- ахын нүүр рүү мөргөөд авсанаа ноцолдоод З- ах машин руу нь түлхээд заамдалцаад шахахлаар нь би очоод З- ах нөгөө хүний дундуур ороод салгах гэсэн чинь нөгөө залуу нь манай ах руу дайраад байхаар нь болиоч гэсэн чинь нөгөө залуу дундуур суган доогуур ороод манай ахыг нүүр рүү нь нэг удаа мөргөөд, нэг удаа өшиглөсөн. Тэр үед З- ах ч бас зөрүүлээд цохилцож байсан. ... Тэр залууг тавьчихсан чинь ах З-той юм ярьж байснаа дахиад хоорондоо өшиглөлцөөд хөлөөрөө жийлцээд байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Гэрч Ү.Отгонжаргалын “... Би найз залуу Б-тай Кроун 7140 УНӨ улсын дугаартай автомашинтай Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ахуй үйлчилгээний зүүн талын гэрлэн дохион дээр зогссон чинь ар талын машин сигналдаж байснаа манай машины зүүн талаар орж ирсэнээ жолооч нь “чи пизда минь ингэж машин барьдаг юм уу буугаад ир” гэсэн. Тэр үед манай найз залуу Б- машинаасаа буусан чинь нөгөө машины жолооч машины хаалгаар шахаад машин хөдөлсөн. ... Нэг махлаг залуу Б-ыг тэврээд цаашаагаа явсан чинь нөгөө жолооч гэх залуу нь очоод Б-ыг цохиод зодсон. ... Гэхдээ тухайн үед Б- өөрөө надад нөгөө жолооч залууг духаараа мөргөсөн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7477 дугаартай:

1. З.Б-ы биед тархи доргилт, зүүн чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, хүзүү, эрүү, зүүн даланд цус хуралт, хамар, дээд уруулын зүүн хэсэг, баруун чихний ар, хүзүү, зүүн мөр, баруун тохой, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7489 дугаартай:

1. Э.З-гийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Э.З- нь З.Б-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, З.Б- нь Э.З-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүгдэгч Э.З-, З.Б- нарын тус бүрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.З-, З.Б- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч З.Б-аас мөрдөн байцаалтын явцад “яллагдагч Зоригт овогт Б- би хохирогч Э.З-той сайн дураараа эвлэрсэн бөгөөд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, /хэргийн 99 дүгээр  хуудас/ шүүгдэгч Э.З-гоос мөрдөн байцаалтын явцад “яллагдагч Энхцэцэг овогтой З- би хохирогч З.Б-тай харилцан тохирч сайн дураар эвлэрсэн бөгөөд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг /хэргийн 100 дугаар хуудас/ тус тус гаргаж хэрэгт хавсаргажээ.

 

          Иймд шүүгдэгч, хохирогч нар харилцан сайн дураараа эвлэрсэн, хэн алинаасаа хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

          Хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэх нөхцөл байдлыг бүрэн хангасан, нотлох баримтуудаар тогтоох бүхий л нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүйг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хэрээд овогт Энхцэцэгийн З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Зоригтын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.З-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

З.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э.З-, З.Б- нар торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.З-, З.Б- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.З-, З.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.З-, З.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ