Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2026/дшм/17

 

 

 

 

 

 

 

 

 

   2026        01          26                                          2026/ДШМ/17

 

 

П.Д.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;             

прокурор: Д.Зуунай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: З.Г. /цахимаар/,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзулын даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/888 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор Д.Зуунайн эсэргүүцэлд үндэслэн яллагдагч П.Д.д холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд: П.Д

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

П.Д. ... аймгийн ...сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТАЭ”  ХХК-ийн тээврийн кемпийн хашаанд харуулаар ажиллаж байх хугацаандаа 2025 оны 04 дүгээр сард тус компанийн эзэмшлийн XCMG маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 16 ширхэг дугуйг авч хуучин дугуйгаар сольж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 13,600,000 (арван гурван сая зургаан зуун мянга) төгрөгийн хохирол учруулж завших гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгаас яллагдагч П.Д.н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, шүүх хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн.

4.Анхан шатны шүүх: “…Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Д.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2519003140346 дугаартай хэргийг прокурорт буцааж,

хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

5.Прокурор Д.Зуунай бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр анх М.г тогтоосон байдаг. М.тухайн байгууллагад ажиллахгүй болсон учраас Т.Э.Т компанийн дэд захирал Г.г хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оруулж, Г.мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг анх цагдаагийн байгууллагад мэдээлж, хууль ёсны төлөөлөгчөөр тухайн үед тогтоогдож байсан М. нь манай компанийн дэд захирал Г.энэ хулгай болсон талаарх манаач Д.нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг хэлсэн талаар мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгчийн маргаантай гэж үзвэл шүүх прокуророос шийдвэрлэж болохоор хуулийн зохицуулалттай байдаг. Гэвч шүүхээс үүнийг прокурор болон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7, 35.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтоохгүйгээр, шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ гэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг прокурорт буцаах тухай захирамж гарган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана, шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судална, улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ гэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг прокурорт буцаах тухай захирамж гарган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзээд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл:

Прокуророос, шүүгдэгч П.Д.г .. нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т.. А.Т.” ХХК-ийн тээврийн кемпийн хашаанд харуулаар ажиллаж байх хугацаандаа 2025 оны 04 дүгээр сард тус компанийн эзэмшлийн XCMG маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 16 ширхэг дугуйг авч, хуучин дугуйгаар сольж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 13,600,000 (арван гурван сая зургаан зуун мянга) төгрөгийн хохирол учруулж завшсан гэж, Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж гаргасан ба тус захирамжид “...мөрдөгчөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг З.Г.гэж буруу тогтоосон, шүүгдэгч өмгөөлөгч авах гэсэн чинь цагдаа нь яараад байна гээд өмгөөлөгч авхуулаагүй гэсэн тайлбараар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д заасан нөхцөлийг хангаагүй” гэжээ.

 2.Шүүгчийн захирамжид заасан дээрх дүгнэлт үндэслэлтэй бөгөөд мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны төлөөлөгчийг томилохдоо эрх бүхий этгээд болох “Т.А. Т.” ХХК-иас дэд захирал З.Г.г төлөөлөгчөөр томилохыг зөвшөөрсөн баримтад үндэслээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, шүүхэд гаргаж өгөөгүй байна.  Гэхдээ энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш юм.

Шүүгчийн захирамжид дурдсан “...шүүгдэгч өмгөөлөгч авах гэсэн чинь цагдаа нь яараад байна гээд өмгөөлөгч авахуулаагүй гэсэн тайлбараар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй” гэсэн нь үндэслэлгүй учир нь анхан шатны шүүх прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг хүлээн авч, шүүх хуралдааныг товлон зарласан, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгчээс “П.Д.т миний бие энэ хэрэгт өмгөөлөгчгүй оролцох хүсэлтэй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үр дагаврыг ойлгосон” гэж мэдүүлэг өгсөн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгчийг  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, прокурортой 2.700.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон зэрэг нөхцөл байдал буюу хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй. 

 Энэ хэрэгт мөрдөгчийн тогтоолоор 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ... баг Ханги боомт дээр нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т.А. Т.” ХХК-ийн том оврын тээврийн хэрэгслийн 26 ширхэг дугуй, 6 ширхэг аккумлятор 2025 оны 02 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын хооронд хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын ...Сумын сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Ууганбаяр шалгаад гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлж/1хх-1/, хэрэг бүртгэлтийн хэрэг бүртгэгдэж шалгагдсан.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 16 ш хуучин дугуй, 4 ш тээврийн хэрэгслийн цэнэглэгч алга болсон гэж мэдүүлсэн ба шинжээчийн дүгнэлтээр ХСМG маркийн том оврын тээврийн хэрэгслийн 16 ш дугуйг элэгдэл хассан нийт дүн 10,880,000 төгрөг гэж тогтоосон байхад шүүгдэгч 13,600,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулжээ.

Хэдийгээр яллах дүгнэлтэд шүүгдэгчийг 16 ш дугуйг завшсан гэж ялласан ч бусад алдагдсан дугуйны тоо ширхэгийн зөрүүтэй байдал, 4 ш цэнэглэгчтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй байгааг прокурор анхаарахыг магадлалд тэмдэглээд эдгээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг зарим хэсгийг хангаж, “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/888 дугаар дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллагдагч П.Д.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧИД   А.САЙНТӨГС

                   Д.МӨНХБҮРЭН

                    Н.БОЛОРМАА