| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00486/И |
| Дугаар | 315/ШШ2025/00416 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 315/ШШ2025/00416
2025 10 29 315/ШШ2025/00416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Миний бие 1983 оны 6 сараас 1986 оныг дуустал Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн цалингийн мэдээлэл дээр тамга дарагдаагүй учир энэ хугацааны ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсэн. Иймд миний бие Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1983 оны 6 сараас 1986 оныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож, гэрчээр *******,******* нарыг асууж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15/231 дугаар лавлагаа гаргах тухай албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх*******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. ******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1983 оны 6 сараас 1986 оныг дуустал ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15/231 дугаар лавлагаа гаргах тухай албан бичиг,
4. Гэрч*******ийн: ...Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгачнаар 1983-1986 оныг хүртэл ажиллаж байсан.Би өөрөө Наран сумын Оргил нэгдэлд мал зүйчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд 1980 оноос саальчнаар ажиллаж байгаад намайг сайн ажиллаа гээд илгээлтийн эзнээр Дорнодын техникумд сургахаар явуулсан. 3 жилийн хугацаатай сураад 1986 онд ирсэн.******* аав нь Оргил нэгдлийн ерөнхий нябо байсан.Намайг 1986 онд сургуулиа төгсөөд ирэхэд******* Оргил нэгдэлд ажиллаж байсан. Би 1986 онд Наран сумын Оргил нэгдэлд мал зүйчээр ажилд орсон. Намайг 1986 оны 7 сард ажилд ороход******* ажиллаж байсан гэх мэдүүлэг,
5. Гэрч *******ын ... Бид нар Сүхбаатар аймгийн Наран сумын 8 жилийн 1983 оны 7 сард төгсөөд зарим нь 8 төгсөөд техникум, нэг хэсэг 9 дүгээр анги дэвшдэг. Үлдсэн нь мал дээр гарах нь гараад, илгээлтийн эзэд гээд барилгын бригадад ажиллаж байсан. Барилгын бригад 10-20 хүнтэй байхад ажиллаж байсан. 1983 оны 7 сараас 1986 оныг дуустал ажилласан байх. Манай хоёр гэр зүүн, баруун гэр айл саахалт байсан. Би амралтаараа ирэхэд барилгын бригадад ажилладаг. Зун бригад руу машин асаагаад явдаг байсан. Зун амралтаар ирэхэд дандаа ажилтай, барилга дээр ажиллаж байгаа гээд явдаг байсан. Нэг ангид байсан учраас ангийн уулзалтад барилга дээр ажилладаг гэдэг байсан. Аав нь нябо ажилтай хүн байсан. Оргил нэгдлийн барилгын бригадад оруулж өгч байсан. 1985 онд их сургууль авчхаад өвөл ирэхэд ажиллаж байсан. 1987 оны 1 сард амралтаараа ирэхэд аймгийн эмнэлэгт ирчихсэн байсан. 1986 оны 8 сард амралтаараа ирэхэд барилгын бригадад ажиллаж байсан.Барилгын бригадад эмэгтэй хүн болохоор өрлөг, засал хийдэг байсан байх. Нарийн зүйлийг мэдэхгүй гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд ******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1983 оны 6 сараас 1986 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1983 оны 6 сараас 1986 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР