| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2406026123067 |
| Дугаар | 2026/ДШМ/142 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/142
2026 01 29 2026/ДШМ/142
Б.О-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сайнхүү,
шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Л.Ган-Очир,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2692 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир нар нь хамтран давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.О-ад холбогдох эрүүгийн 2406026123067 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
И овгийн Б-ийн О-, /РД: ................../, ......................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
Б.О- нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...-ын .... дүгээр гудамжинд байрлуулсан, хохирогч Э.С-ын эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай Land Cruiser-300 загварын машины зүүн талын толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:
Шүүгдэгч И овогт Б-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 650,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Саруулд олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир нар хамтран давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Б.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, чин санаанаас гэмшиж байгаа ч төлбөрийн чадвар байхгүй учраас хохирол, хор уршиг төлөгдөөгүй үндэслэлээр түүнд 6 сарын хорих ялаар шийтгэл оногдуулсан. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Э.С-ын эзэмшлийн Хаан банк 5015ххххххх тоот дансанд 650,000 төгрөгийн бодит хохирлыг, түүний хамаатан садан нь төлж барагдуулсан болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчимд үндэслэж шүүгдэгч Б.О-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд болон 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Л.Ган-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.О-ын хувьд гэмт хэрэгт холбогдсонтой холбоотой хохирол, хор уршгийг төлж барагдуулсан. Мөн ар гэрийнх нь хохирогч Э.С-ын эзэмшлийн нэг ширхэг толь хулгайлсантай холбоотой 650.000 төгрөгийн хохирлыг Э.С-ын 5015ххххххх дугаарын данс руу төлж барагдуулж, хохирлыг арилгасан. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг холбогдсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх байдлаар гомдол гаргасан Шүүгдэгч нь өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцаж, гарын үсэг зурсан. Б.О- нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. ...” гэв.
Прокурор Ц.Сайнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Аливаа гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн буюу яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийг арилгасан байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзнэ. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байсан. Үүнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагыг шүүхээс оногдуулахдаа хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлж, тухайн эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагыг оногдуулсан шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.О-ад холбогдох 2406026123067 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Б.О- нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...-ын .... дүгээр гудамжинд байрлуулсан, хохирогч Э.С-ын эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай Land Cruiser-300 загварын машины зүүн талын толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.С-ын: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед ах Ганзоригийн гэрт очоод байж байсан. Тэгээд тэндээ гэр бүлийнхэнтэйгээ хамт байж байхад 2024 оны 4 дүгээр сарын 17-ны 01 цагийн үед манай ах Ганзориг гадаа байж байгаад, Саруулаа машины чинь толийг хүн аваад явчихлаа гэж орилоод хэлсэн. Би машинаа гадаа байрлуулсан болохоор хашааны гадна гараад очих үед тус гудамжны урд үзүүрт хар хувцастай хүн гүйж байсан, би араас нь гүйгээд барьж авахад “энэ захиалгатай, Ганзориг, Сүхээ гэх хоёр ченж 22 цагийн үед манай гэрийн гадаа ирээд доор нэг ланд 300 зогсож байна тэрний толийг аваад ир гэж хэлээд 50.0 төгрөг өгсөн” гэсэн, би өөрийн толийг хаана байгаа талаар асуухад хэлэхгүй байсан. ...” /хх-ийн 25/, “...гараад харахад нэг хүн тайлаад аваад зугтсан, араас хөөгөөд бариад авахад толь байхгүй, “толь яасан бэ” гэхэд “толь байхгүй би хаячихсан” гэсэн ба цагдаа дуудсан. Тухайн үед алдсан толь ойр орчмоор байгаагүй. ...” /хх-ийн 28-29/,
Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Дэлгүүрийн ойролцоо нэг цагаан машинд хоёр залуу намайг дуудсан. “Ахаа би таньд 50.000 төгрөг өгье, тэр машины нэг толийг нь аваад ир” гэсэн. Тэгээд би тэр машин дээр очоод толийг нь дөнгөж аваад байж байсан чинь эзэн нь гараад ирсэн, тэгээд би зугтаасан. ...” /хх-ийн 73-74/ гэх мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн “...толь 650,000 төгрөг...” гэх үнэлгээ /хх-ийн 57-59/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.О-ын хохирлоо төлөөгүй хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь тухай зүйл хэсэгт заасан хорих ялын төрөл хэмжээний дотор байна.
3. Шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир нар нь хамтран “...650,000 төгрөг/хх-ийн 121/-ийн бодит хохирлыг төлж барагдуулсан тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Б.О- нь анхан шатны шүүхээс хорих ял оногдуулах болсон үндэслэл болсон 650,000 төгрөгийн хохирлыг хохирогч Э.Саруулд бүрэн төлж барагдуулсан байна.
Иймд Б.О-ын анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Б.О-ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг 496 цагийн хугацаагаар оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний шийтгэх тогтоол гарсан 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нь нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, түүнд оногдуулсан 496 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.О-ад анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөн тул түүнийг хорих байгууллагаас нэн даруй суллах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2692 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ад 496 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 62 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон шүүгдэгч Б-ийн О-ыг 496 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
3. Шүүгдэгч Б.О-ыг нэн даруй сулласугай.
4. Шүүгдэгч Б.О- нь хохирогч Э.Саруулд 650,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ