Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 663

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Л- нарыг оролцуулан хийсэн анхан шатны шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Боржгон овогт Батбаярын Л-д яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1805038770724 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Боржгон овогт Батбаярын Л-, 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймаг .............. 4 дүгээр баг ..........11-10 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Б.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх суврага” цайны газарт тогоочоор ажиллаж байсан иргэн С.Лхагвасүрэнг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Л- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би архи уусан байсан. Цайны газарт ороод шалтгаангүйгээр ширээг 2-3 удаа балбасан. Тогоочоор ажиллаж байсан хүн хаалгаа цоожлоод би цагдаа дуудна гэсэн юм. Тэгэхэд би уучлалт гуйж цагдаа битгий дуудаарай, би ууртай орж ирсэн юмаа гэхэд миний саналыг хүлээж аваагүй. Тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн ба би гарах гэхэд намайг барьж аваад гаргуулаагүй. Тэгэхэд би түүнийг цохисон ба хохирогч намайг эргүүлээд цохисон. Хохирогч цагдаа дуудлаа гэхэд би уучлалт гуйсан. Тэгээд хаалгаар гарах гэхэд бариад авсан. Тэр үед хөлөн дээр нь гишгээд гэмтэл учруулсан байсан. Би хохирогчид 700.000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Б.Л- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Энх суврага” цайны газарт тогоочоор ажиллаж байсан иргэн С.Лхагвасүрэнг шалтгаангүйгээр зодож түүний биед зүүн тавхайн 1,2 дугаар хурууны угийн шивнүүрийн ясны зөрүү багатай далд хугарал, хүзүү, цээж, баруун даланд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч С.Лхагвасүрэнгийн “Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хүрээ дээд сургуулийн баруун талд автобусны буудлын хажууд байрлах “Энх суврага” цайны газарт ажил дээрээ байхад гаднаас согтуу хүн гартаа чулуу барьсан орж ирээд хоол идээд сууж байсан хүмүүс рүү орилоод хэрэлдэж байгаад тэр хүмүүстэй муудалцаад гарсан. 

... Тэгээд нөгөө согтуу залуу ганцаараа орж ирээд ширээн дээр сууж байгаад сандал ширээ өшиглөөд байсан. Тэгэхээр нь би араас нь гарч ирээд “миний дүү яагаад байгаа юм бэ” гэхэд тэр согтуу залуу “би түйвээнэ алаад өгнөө” гээд орилоод байхаар нь би очоод араас нь тэвэрч аваад “миний дүү тайвшир” гэхэд миний зүүн хөлөн дээр хөлөөрөө 2, 3 удаа хүчтэй дэвсэхээр нь би тавьсан. Тэгээд дахиад агсраад байхаар нь би дахиад барьж аваад суулгахад “уучлаарай ахаа” гэснээ нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд би аваад бид хоёр зууралдаад ноцолдсон. Тэр хооронд манай цайны газрын эзэн цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд тэр залууг аваад явсан. Уг залуу ганцаараа орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ нэлээд согтуу орж ирсэн. ... Уг залуу  гаднаас согтуу нүүр ам нь шалбарч хөхөрч хүнд цохиулсан байдалтай ууртай орж ирсэн. Намайг ямар шалтгаанаас болж цохисныг би мэдэхгүй. Миний зүүн хөлөн дээр хөлөөрөө дэвсэж 3 хурууны 2 үеэр хугалсан. Нүүр лүү 2-3 удаа цохисон. Мөн 2, 3 удаа хөл, гуя руу өшиглөсөн. Уг залуугаас эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Өөр надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Г.Эрдэнэчулууны “2018 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 12 цагийн орчим манай ажлаас утасдаад согтуу хүн орж ирээд агсам тавиад байна гэсэн. Би гэрээсээ гараад Баянгол дүүргийн 12 дугаар хороо өөрийн түрээслэн ажиллуулдаг “Энх суврага” цайны газарт яваад ороход согтуу хүн орилж чарлаад агсам тавиад байж байсан. Тэгэхэд манай тогооч Лхагвасүрэн уг залуугийн араас нь тэвэрч аваад зогсож байхад уг залуу орилоод Лхагвасүрэнтэй зууралдаж ноцолдоод байсан. Тэгээд би тэр залууд хандаж “миний дүү их архи уусан байна, одоо тайвшир” гээд сандал дээр суулгасан. Тэгэхэд удалгүй гаднаас цагдаа орж ирээд нөгөө согтуу залууг аваад явсан. Тэгэхэд манай тогооч Лхагвасүрэн хөл өвдөөд гишгэж чадахгүй байна гээд бид Лхагвасүрэнг аваад Гэмтлийн эмнэлэг дээр очоод зүүн хөлийн зургийг авхуулахад 3 хуруу үеэрээ хугарсан байна гээд гипс тавиулсан. Тухайн үед уг залуу ганцаараа байсан. Намайг ороход нэлээд согтуу нүүр ам нь хөхөрсөн байдалтай нэлээд согтуу байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8936 дугаартай:

“1. С.Лхагвасүрэн-н биед зүүн тавхайн 1,2 дугаар хурууны угийн шивнүүрийн ясны зөрүү багатай далд хугарал, хүзүү, цээж, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С.Л-гийн яллагдагчаар өгсөн “Би согтуудаа өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогч Лхагвасүрэнтэй сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний 700.000 төгрөг төлж барагдуулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд  Б.Л- нь иргэн С.Лхагвасүрэнг шалтгаангүйгээр зодож түүний биед зүүн тавхайн 1,2 дугаар хурууны угийн шивнүүрийн ясны зөрүү багатай далд хугарал, хүзүү, цээж, баруун даланд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт хохирогч С.Лхагвасүрэнгийн “.. .Би Л-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирлын мөнгө 700.000 төгрөг гаргуулж авсан. ... Гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 48 дугаар хуудас/ авагдсан  тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Л- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Л-г 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Батбаярын Л-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л-г 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Л- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

               

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Л- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ