| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00708/И |
| Дугаар | 315/ШШ2026/00194 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2026/00194
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан юнайтед аренад байрлах, утас 99979907, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эн Ди Жи Партнерс ХХК
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын ... дүгээр багт үйл ажиллагаа явуулах, утас 99919155, 96996499, ******* ******* ******* ангид холбогдох
тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,500,000 төгрөг, алданги 5,250,000 төгрөг нийт 15,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эн Ди Жи Партнерс ХХК-ийн захирал ******* (цахимаар),
Хариуцагч: ******* ******* ******* ангийн захирагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК эрх залгамжлан авсан. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. ******* ******* 0184 дугаар анги нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй. 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 10,500,000 төгрөг байна. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан 50 хувь байхаар тооцоход алданги 5,250,000 төгрөг болно. Иймд 2014/ТТ05 дугаар тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,500,000 төгрөг, алданги 5,250,000 төгрөг нийт 15,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эн Ди Жи Партнерс ХХК-ийн захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцсан. Хариуцагчтай эвлэрэх саналтай байна гэв.
Хариуцагч ******* ******* ******* анги шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тус анги нь тоног төхөөрөмжийн гэрээг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, өвс хаман боогчийг 24,875,000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулж авсан. Уг гэрээний дагуу 14,375,000 төгрөгийг төлж барагдуулсан. Эн Ди Жи Партнерс ХХК-ийн 2026.01.08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага 15,750,000 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй. Уг асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш нэг ч удаа төлбөрийг нэхэмжилж байгаагүй. Тухайн өвс хаман боогч нь хөдлөх хөрөнгө учраас элэгдэл, хорогдол тооцогдож, өнөөдрийн байдлаар актлах хугацаа дууссан гэж үзэж байгаа учраас хоёр байгууллагын эрх ашгийг харгалзан 6,000,000 төгрөгийг төлж, эвлэрэх боломжтой байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь хариуцагч ******* ******* ******* ангиас тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,500,000 төгрөг, алданги 5,250,000 төгрөг нийт 15,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хариуцагчийн шүүхэд гаргасан 6,000,000 төгрөгийн хүрээнд эвлэрэх саналтай гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч 6,000,000 төгрөгийг 2026 оны 12 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд зохигчдын эвлэрсэн 6,000,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн тал хувь болох 55,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь хариуцагч ******* ******* ******* ангид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг, алданги 5,250,000 төгрөг нийт 15,750,000 төгрөг гаргуулах шаардлагаа 6,000,000 төгрөг болгон багасгасныг хариуцагч ******* ******* ******* анги 2026 оны 12-р сард багтаан 6,000,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд зохигчдын эвлэрсэн 6,000,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн тал хувь болох 55,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА