Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/143

 

                                                       

 

 

 

      2026        01            29                                           2026/ДШМ/143

 

А.Д, Л.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор О.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч А.Д-ий өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүдэгч Л.А, түүний өмгөөлөгч Б.Солонго,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2711 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А давж заалдах гомдол гаргасныг үндэслэн А.Д, Л.А нарт холбогдох эрүүгийн 2411022780425 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

1. Б овгийн А-ийн Д /РД: ............../, ................... тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй:

2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял,

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтггэгдэж байсан;

2. Б овгийн Л-ийн А /РД: ............../, ........................... тоотод оршин суух,

урьд 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч А.Д нь 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн нэгдүгээр давхарын ...... дугаар лангуунаас хохирогч Ө.О-ийн эзэмшлийн Iphone-15 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,859,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс молл худалдааны төвийн .... дугаар давхрын .... тоот павилоны лангуун дээр байсан иргэн Б.Э-ийн эзэмшлийн Iphone-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 640,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.А нь 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Д-өөс Iphone-15, Iphone-11 загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан,

мөн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн гадна иргэн Б.М-тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

А.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт А-ийн Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

шүүгдэгч Б овогт Л-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ийг 1 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ийг 6 сарын хугацаагаар тус тус зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, түүнийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.А-ээс 5,538,400 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-д олгохоор,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн тухайд маргадаггүй, хохирогч Б.М-д анхан шатны шүүх хуралдааны өмнө 1,500,000 төгрөгийн, шүүх хуралдааны дараа 5,500,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан. Хувийн байдлын тухайд би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Теди худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлдэг, сарын тогтмол орлоготой иргэн болно. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг өндөр настай төрсөн эцэг, эхийг маань надаас өөр халамжлах, асарч тэтгэх хүн үгүй бөгөөд 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх болсон нь миний хувьд эцэг эхээ асарч, халамжлах үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүсгэж байгаа юм. Нөгөө талаас дээрх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2711 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн торгох ялаар өөрчилж, тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүдэгч Л.А-ийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг гаргахдаа анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн. Миний зүгээс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр ирж хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцаад, өөрийн үйлчлүүлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцох боломжгүй байсан тул өөр байр суурьтай оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн хуулийн 39.6 дугаар 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх агуулгаар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна.

Миний үйлчлүүлэгчийг прокуророос шүүгдэгч Iphone-15, Iphone-11 загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.М-тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн.

2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр прокуророос хэргийг нэгтгэхдээ Iphone-15 загварын гар утсыг авсан үйлдлийг нэгтгээгүй. Гэтэл яллах дүгнэлтэд гурван үйлдлээр гэм буруутайд тооцуулах талаар бичсэн. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2711 дугаар шийтгэл тогтоолд Л.А-ийг зөвхөн Iphone-11 загварын гар утсыг хулгайн эд зүйл болохыг нь мэдсээр байж авсан, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Д-ий өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд шүүгдэгч А.Д-ий өмгөөлөгчөөр анхан шатны шүүхийн шатнаас оролцсон. Анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2711 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч А.Д гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор О.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Шүүхээс оногдуулсан ялын хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос, яллагдагч Л.А-ийг “...А.Дөөс Iphone-15 загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагч/1-р хх-ийн 86-88 тал/-аар татсан, түүнд холбогдох энэ 2411022780425 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд:

А.Д-өөс иргэн Б.Э-ийн Iphone-11 загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан гэх 2411022770442 дугаартай эрүүгийн хэргийг, 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 94 дугаар прокурорын тогтоолоор /1-р хх 93-94 тал/,

2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн гадна иргэн Б.М-тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх 2511011850551 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 154 дүгээр прокурорын тогтоолоор нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна /2-р хх-ийн 02-03 тал/.

Прокуророос яллах дүгнэлтээр, шүүгдэгч Л.А нь 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Д-өөс Iphone-15, Iphone-11 загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ, шүүгдэгч Л.А-ийн шүүгдэгч А.Д-өөс Iphone-15 загварын гар утсыг авсан үйлдлийн талаар хянан шийдвэрлээгүй /шийтгэх тогтоолын 2, 6, 9, 12 тал/, шүүгдэгч Л.А-ийн энэхүү үйлдлийг хэрэгсэхгүй болгосон болон гэм буруутайд тооцох тухай хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй байна.

 Иймд шүүгдэгч А.Д-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэхдээ орхигдуулсан шүүгдэгч Л.А-ийн “Iphone-15 загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан” үйлдлийн талаар дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэх, дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, ...-ыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж, 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх ...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, ...-ийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчлан тогтоосон тул анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй хэргийн үйл баримтыг зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах хууль зүйн боломжгүй. 

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2711 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Д, Л.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.   

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч Л.А-ийн гаргасан анхан шатны шүүхээс оногдуулсан ялуудыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2711 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Д, Л.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           П.ГАНДОЛГОР

            ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ