Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 666

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч, хохирогч И.Б-,

шүүгдэгч, хохирогч П.Т- нарыг оролцуулан хийсэн анхан шатны шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Байдаг овогт Ирагийн Б-, Мөрхүү овогт Пүрэвдаваагийн Т- нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805027520661 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, халх, эмэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулаг гудамж 1-19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Байдаг овогтой Ирагийн Б-,

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, халх, эрэгтэй, 32 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11-7 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар 11 сар 24 хоногийн хугацаагаар тэнсэн суллагдсан, Мөрхүү овогтой Пүрэвдаваагийн Т-

 

Шүүгдэгч И.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тунел орчмоос таксинд сууж Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын 5 дугаар гудамжны 131б тоот руу явах замдаа машинд хамт сууж явсан иргэн П.Т-тэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Т- нь 2018 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын 5 дугаар гудамжны 131б тоотод  иргэн И.Б-тай хувийн таарамжгүй харьцаанаас болж “дахиж чамд зодуулахгүй шүү” гэж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  И.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  П.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор  И.Б- мэдүүлэхдээ: “Машин дотор би нөхрийнхөө дүүтэй явж байгаад муудалцсан. Т- намайг эхлээд цохисон болохоор би зөрүүлээд маажсан. Миний урд талын 2 шүд хугарсан. Миний буруу учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор  П.Т- мэдүүлэхдээ: “Тухай өдөр бид эхлээд караоке орсон. Тэгээд гараад ирэхэд манай үеэл дүү авгайтайгаа яваад өгсөн байсан. Тэгэхэд Б- эгч эргээд орсон учир араас нь ороход үйлчлэгчтэй үг зөрж байхаар нь явъя гэхэд чамд хамаагүй гээд намайг хэл амаар доромжилсон. Дараа нь таксинд явж байхад Гантөгс Пүрэвсүрэнг загнахаар нь би үглээд сууж байхад Б- намайг маажсан. Би Пүрэвсүрэнгийн машинд утсаа орхисон байсан. Тэгээд авах гээд очиход Б- намайг дахин зодох гээд дайрахаар нь танд гурав дахин зодуулахгүй шүү гээд алгадсан. Миний нүүр битүү эрээн болсон байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч И.Б-, П.Т- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч И.Б-гийн “2018 оны 05 дугаар сарын 07-нд манай 2 дүү манай гэрт ирсэн. Тэгээд ажил ярьж байгаад орой болоод “амрах гэж байна, 1 шил архи ууя” гэхэд манай хоёр дүү “за тэгье” гэсэн. ... Тэгээд бид нар Баянзүрх дүүргийн  Сансарын тунел орж караокед дуулъя гээд явж байсан. Тэгээд замаасаа Т- гэх залууг авсан. Тэгээд бид дөрөв Сансарын тунел дээр очиж караокены үүдэнд Т- манай дүү бид гурав буусан. ... Тэгээд ард сууж байсан Т-, Ганаа хоёр Ганаагийн нөхрийг муулаад байсан. Тэгэхээр нь би “та хоёр яах гэж нийлж Пүүжээг муулаад байгаа юм бэ, Пүүжээ дөрвөн мөчөөрөө мөнгө олж байгаа” гэхэд Т- “чамд ямар хамаатай юм” гээд араас миний толгой нүүр хэсэгт цохисон. Тэгээд би биеэ хамгаалаад Т-ийг самардсан. Тэгээд салаад зурагтын эцэст Пүүжээгийн гэрт очсон. Тэгээд Т-ийг “чи миний шүд хугалж гэмтээсэн байна ш дээ чамайг цагдаад өгнө” гэхэд Т- “тэр чинь надад хамаагүй, надад хууль үйлчилдэггүй” юм гээд миний нүүр хэсэгт дахиад цохичихоод гараад явсан. Би үлдээд тал шил архи байсан тэрнийг хувааж уусан. Тэгээд би гэртээ харьсан. ... Би гомдолтой байна. Шүдээ янзлуулсан эмнэлэгт үзүүлсэн зардлаа гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

“Надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Пүрэвсүрэнг муулаад байхаар нь та нар яагаад муулаад байгаа юм гэснээс болж цохисон. ... Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Хохирогч П.Т-ийн “ ... Тэгэхэд би Б-гийн орсон караоке руу ороход Б- агсам тавиад байсан. Тэгэхээр нь би болио гаръя гэхэд Б- чамд хамаагүй гээд миний хамар луу мөргөсөн. Тэгээд миний хамарнаас цус гараад би цэвэрлэчихээд гарахад Гантөгс хүрээд ирсэн. Тэгээд Гантөгсөд эгч чинь агсам тавиад байна гэхэд Гантөгс уг караоке руу ороод Б-г дагуулаад гараад ирсэн. Тэгээд бид гурав мөнгийг нь очоод өгье гээд нэг таксинд суусан. Тэгээд уг таксины жолоочийн хажууд Б- би Гантөгсийн хамт арын суудал дээр сууж явсан. Тэгээд “Пүрэвсүрэнг мөнгөгүй байхад хаяад явчих юм” гээд уурлаж загнаж байтал Б- Пүрэвсүрэнг өмөөрч хойш эргэж хараад “чи муу  гуйлгачин дуугүй бай” гэсэн. Тэгэхэд нь би “гуйлгачин байна уу үгүй юу манай очоод хар” гэхэд Б- “чи юундаа баярхаад байгаад байгаа юм” гээд намайг цохиж маажаад байсан. Тэгэхэд Гантөгс салгасан. Салгах үед Гантөгсийн хамрыг нь цохисон байсан. ... Гэрт орж “таксины мөнгөгүй байхад хаяад явчих юм” гээд загнахад Б- намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би гурван удаа зодуулна гэж байхгүй шүү гээд Б-г алгадсан. Тэгэхэд Б- хиймэл шүд хугалчихлаа цагдаа дуудна гэхээр нь эгчээ уучлаарай гээд гараад явсан. ...Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

“...Сансарт байхад би Б-г боль доо явъя гэхэд намайг чамд хамаагүй гээд мөргөсөн. Бас таксинд чи миний дүүг мууллаа гээд миний нүүр самардаж цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Гантөгсийн “... Т- ах энэ Б- чинь караокены хүмүүстэй хэрэлдээд байхаар нь “болио” гэхэд “чамд хамаагүй” гээд миний хамар руу цохисон гээд зогсож байсан. Тэгэхээр нь би “Б- хаачив” гэхэд урд “караоке руу явсан” гэсэн. ... Би жолоочийн утас гуйгаад нөхөр рүүгээ залгахад Т- ах хажуунаас “харин тийм хаяад явчихдаг” гээд бид хоёр уурлаж байхад Б- эгч “чи нөхрөө нийлж мууллаа” гэсэн. Т- ахад “чи Пүрэвсүрэнг мууллаа” гээд хоорондоо маргалдаж байгаад Б-, Т- ахыг “чам шиг гөлөг ингэхгүй” гээд хойд суудал руу үсчиж орж ирээд Т- ахыг маажиж цохисон. Тэгэхэд би салгах гэхэд хэн нь мэдэхгүй миний хамар луу цохичихсон. ... Тэгэхэд Б- Т- ахыг бид хоёрыг хэл амаар доромжлоод Т- ахыг “гөлөг минь чи намайг цохидог хэн бэ” гээд босоод дайраад байхаар нь Т- ах Б-г нэг цохисон. Тэгээд би боль гээд болиулсан. Тэгээд Б- эгч “энэ муу гөлөг миний шүд рүү цохичихлоо” гээд дайраад уурлаад байхад нь Т- ах “уучлаарай эгч” гээд уучлалт гуйчихаад гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6052 дугаартай:

“1.И.Б-гийн биед тархи доргилт, нэг шүдний булгарал, зүүн дээд зовхи, дээд уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэсэн дүгнэлт. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6073 дугаартай:

“1. П.Т--н биед амны зүүн доод хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн булан, зүүн чихний ар доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд И.Б- П.Т-тэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон  түүний биед амны зүүн доод хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн булан, зүүн чихний ар доод хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  П.Т- нь И.Б-тай хувийн таарамжгүй харьцаанаас болж “дахиж чамд зодуулахгүй шүү” гэж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед тархи доргилт, нэг шүдний булгарал, зүүн дээд зовхи, дээд уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

нь  шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл  шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Хохирогч И.Б-, хохирогч П.Т- нар нь хэн альнаасаа гэмт  хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч И.Б-, П.Т- нар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч И.Б-, П.Т- нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Шүүх, шүүгдэгч нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч И.Б-, П.Т- нарт тус бүр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Байдаг овогт Ирагийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Мөрхүү овогт Пүрэвдаваагийн Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

П.Т-ийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Б-, П.Т- нар торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.Б-, П.Т- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, И.Б-, П.Т- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Б-, П.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ