| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01103/И |
| Дугаар | 314/ШШ2025/00979 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 314/ШШ2025/00979
2025 12 12 314/ШШ2025/00979
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын *** дугаар багт тоотод оршин суух, *** овгийн **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** аймгийн **** сумын **** дугаар багт оршин суух, **** овгийн **** холбогдох,
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие **** нь 2010 онд ****тэй танилцаж гэрлээд 2011 оны 01 дүгээр 02-нд охин Э.****, 2014 оны 3 дугаар 13-нд охин Э.****, 2016 оны 01 дүгээр 14-нд охин Э.**** нар төрсөн. Бид хөдөө орон нутагтаа 10 жил амьдарсан. Эхнэр **** нь ааш зан, ажил төрөл муутай байгаа зүйлээ өөд нь татах ямар ч санаачлагагүй, зөвхөн бэлэнчлэх сэтгэлгээтэй, биеийн амрыг харах, архи уух, зугаа цэнгэлд дуртай. Манайх 2021 онд хүүхдүүдээ сургуульд суулгах зорилгоор гэрээрээ аймагт орж ирсэн. Энэ үеэс гэр орон үр хүүхдээ орхиод **** аймагт уурхайд ээлжийн ажилд орсон нэртэй 14 хоног **** төрсөн эгчтэй явж ирээд 14 хоног гадуур хонож архиддаг болсон. н.**** нь нөхрөөсөө салсан, архины хамааралтай хүүхэн байдаг, дүүгээ байнга дагуулж явж уруу татаж архинд оруулсан. Миний бие Улаанбаатар хотод ундааны үйлдвэрт ээлжийн ажилд орсон учир ажилд явсан хойгуур гэртээ архичид цуглуулж, бага насны эмэгтэй хүүхдүүдийг айлгаж ичээж, эсвэл хараа хяналтгүй хаяж явж, араас нь өчнөөн хөөцөлдсөн боловч нийлдэг архичин хүмүүсээсээ салахгүй, ажил төрөлгүй болж, худлаа ярьж, хүний үг авахаа больсон. Миний бие арга буюу ажилдаа татагдаад 3 хүүхдээ аваад хотод сургуульд суулгаж ажлаа хийгээд явж байна. ***** нь үр хүүхдүүдээ харж хандах, уулзах, хайрлаж халамжлах эхийн сэтгэлгүй, үр хүүхдээ гэх өчүүхэн бодолгүй болсон. Иймд үр хүүхдүүддээ хайр халамжгүй, цэвдэг сэтгэлтэй, өөрийн хувийн жаргал цэнгэлээ хөөсөн, архины хамааралтай, өөр нөхөр эргүүлж өөр амьдрал сонгосон хүнд хүүхдүүдээ өгөх, нийлж амьдрах боломжгүй тул ****ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамждаа авч хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие ****тай 2010 онд танилцаад 2011 онд гэр бүл болсон. 2011 оны 01 дүгээр сарын 02-нд охин ****, 2014 оны 03 дугаар сарын 13-нд охин ****, 2016 оны 01 дүгээр сарын 14-нд охин **** нарыг төрүүлсэн. Би **** аймагт “****” ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо ажил маань түр зогсчихсон байгаа. Би архи дарс байнга хэрэглэдэггүй. Миний бие ****тай 14 жил хамт амьдарч байгаа. Үр хүүхдээ бодоод элэг бүтэн амьдармаар байгаа учраас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бидэнд эвлэрүүлэх хугацаа өгнө үү. Эвлэрч нөхөр, хүүхдийн хамт амьдармаар байна.” гэжээ.
Нэхэмжлэгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэлээ дэмжиж байна. Эвлэрэх талаар ***** өөрийнх нь саналыг сонсъё. ...Хэлсэн үгэндээ хүрэх юм бол эвлэрэх боломжтой.” гэв.
Хариуцагч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 3 хүүхдээ бодоод эвлэрмээр байна. Би дахиж архи ууж гадуур явахгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****т холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, хариуцагч **** нар нь гэрлэлтээ цуцлуулахгүйгээр, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлж, үр хүүхдээ хамтран өсгөж хүмүүжүүлэхээр тохиролцож эвлэрсэн бөгөөд энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ****ын нэхэмжлэлтэй, ****т холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 35,100 төгрөгийг, хариуцагч ****ээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.
3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ