Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2022/00929

 

 

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00929

 

 

Б.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/00664 дугаар шийдвэртэй, Б.М нэхэмжлэлтэй Б ХХК болон А.Г холбогдох

А.Г 623,460,285 төгрөг, Б ХХК -аас 1,726,218,705 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Б.М 624,328,200 төгрөг гаргуулах тухай Б ХХК -ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагч Б ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч А.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б ХХК -тай 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Бүдүүн Ухаагийн алтны уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүхий л хөрөнгийг Б.М гаргаж санхүүжүүлэх бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтаа 100 хувь буцааж мөнгөн хэлбэрээр авах, олборлолтын ашгаас Б.М 60 хувь, Б ХХК 40 хувийг авахаар тохирч, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Б ХХК -д 1,726,218,705 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр Б.М ийг 1,926, 000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэж гарсан боловч 200,000,000 төгрөг нь компани худалдан авахад зарцуулагдсан. А.Г нь Б.М 2014 оны 08 дугаар сард 35,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сард 20,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг зээлсэн. Мөн Б.М нь Б ХХК -ийг худалдан авах зорилгоор 500,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан 200,000,000 төгрөгийг Б ХХК -ийг худалдан авахад зарцуулсан тул уг мөнгийг А.Г гаргуулна. Иймд Б ХХК -аас хөрөнгө оруулалтын 1,726,218,705 төгрөгийг, А.Г хөрөнгө оруулалт болон зээлийн гэрээний үүрэгт нийт 623,460,285 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Б.М нь 2014 онд А.Г тай танилцсан бөгөөд 2015 оноос хамт амьдарч эхэлсэн. Асар их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Б ХХК -д хөрөнгө оруулснаа батлах гэж бүрдүүлсэн баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримтын шаардлага хангахгүй, ихэнх баримтууд засвартай. Б.М худалдан авсан гэх бараа материалуудыг Б ХХК хүлээж аваагүй. Б.М мөрдөн байцаалтад Б ХХК -ийн санхүүг би барьж байсан, баримтууд надад байгаа, би аудит хийлгүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Мөн А.Г нь компанийн санхүүгийн баримтуудыг Б.М авсан, надад мэдэгдэлгүйгээр санхүүгийн баримтад аудит хийлгэсэн, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад томилогдсон эдийн засгийн шинжээч нь компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан хүмүүсийг дуудсан боловч ямар нэг тайлбар өгөөгүй учраас дүгнэлтдээ Б ХХК -ийн санхүүгийн анхан шатны баримт ирээгүй, Голомт банкны дансны хуулга ирээгүй талаар тэмдэглэсэн. Б.М нь А.Г зээлдүүлж залилуулсан гэх 550,000,000 төгрөгийг Б ХХК -ийн хөрөнгө оруулалт хийсэн гэх мөнгөнд оруулан санхүүгийн тайланд тусгасан. Компанийн биет бус хөрөнгө гэж 1,020,000,000 төгрөг тусгасан дүн дотор зээлүүлсэн гэх 350 сая, 200 сая төгрөг болон тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авахад зээлүүлсэн 550 сая төгрөг ороод 1,050,000,000 төгрөг болж, 30,000,000 төгрөгийн зөрүү гарч байна. Ингэж дансанд давхардуулан 350,000,000 төгрөгийг 2 дахин оруулаад мөн одоо нэхэж байгаа 1,8 тэрбум төгрөгт энэ дүн давхардаж орсон байна. Нэхэмжлэгчийн хийсэн хуурамч, санхүүгийн тамга тэмдэггүй баримтыг үндэслэн хөрөнгө оруулсан гэх нь утгагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б ХХК -ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.Г , Б.М нар 2015 оны 01 дүгээр сараас хамтран амьдарч, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б ХХК -ийг н.Дэлгэрдалайгаас 500,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр компанийн эрхийг шилжүүлж авсан, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Бүдүүн Ухаагийн алтны уурхайд 2015 оны 06 дугаар сарын 08-ы өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 10,093 килограмм алт олборлосон. Тухайн үед эхнэр, нөхрийн харилцаатай байсан тул нууц үгийг нь өөрсдөө мэддэг сейфтэй, 2 түлхүүрийг нэг нэгээр нь эзэмшдэг байсан ба сейф дотор байсан алтыг Б.М нь А.Г мэдэгдэлгүйгээр аваад явсан, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 7 килограмм гаруй алтыг Монгол банканд тушааж үлдэгдэл 3,857 грамм алтыг Б.М өөртөө үлдээж, компанид буцааж өгөөгүй тул алтны үнэ болох 555,019,200 төгрөгийг гаргуулна.

Б.М , А.Г нар олборлосон алтны улмаас маргалдаж, А.Г ын эзгүйд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр уурхай дээрх компанийн эд хөрөнгө болох 2015 оны жилийн эцсийн тайлан, үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн 941,000,000 төгрөгийн эд хөрөнгөөс 33,250,000 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг гэр, нэг бүрийн үнэ 3,500,000 төгрөгийн 8 ханатай гэр, 1,800,000 төгрөгийн үнэтэй камин зуух, 8 ханатай 8,500,000 төгрөгийн үнэ бүхий гэр, 14,000,000 төгрөгөөр худалдаж авсан оффисын контейнер, нэг бүрийн 180,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг кабелийн антен, 3,500,000 төгрөгөөр хийлгэсэн 20 ширхэг ор, 1,070,000 төгрөгөөр худалдаж авсан 8 ханатай гэр, дээвэр, туурга, гэр тус бүрд байсан зуух, түлээний хайрцаг зэрэг нийт 990,000 төгрөгийн эд хөрөнгө буюу бүгд үнэ 69,309,000 төгрөгийн эд зүйлсийг Б.М ачиж авч явсан тул 69,309,000 төгрөгийг түүнээс нэмж гаргуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Өөрсдөө хэдэн килограмм алт олборлож, тушааснаа мэдээгүй байж Б.М авсан гэж яриад байгаа үндэслэлгүй, 3,857.3 килограмм алтыг Б.М авч яваагүй. Уурхайтай холбоотой бүхий л баримтыг Б.М баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлээд байгаа уурхайн эд хөрөнгийг Б.М өөрийн хөрөнгөөр авсан тул аваад явсан. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч А.Г нь Б ХХК -ийн уурхайд хөрөнгө оруулаад, ийм хэмжээний эд хөрөнгийг авсан гэх баримт байхгүй. Б.М өөрийн хөрөнгөөр худалдаж авсан эд хөрөнгүүдээ авсан, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан А.Г 565 000 000 /таван зуун жаран таван сая/ төгрөгийг гаргуулан Б.М т олгож, үлдсэн 58 460 285 /тавин найман сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун наян таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан Б ХХК -иас 136 182 640 /нэг зуун гучин зургаан сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг гаргуулан Б.М т олгож, үлдсэн 1 590 036 068 /нэг тэрбум таван зуун ерэн сая гучин зургаан мянга жаран найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Б.М 624 328 205 /зургаан зуун хорин дөрвөн сая гурван зуун хорин найман мянга хоёр зуун таван/ төгрөг гаргуулахыг хүссэн Б ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Б.М төлсөн 12 153 407 төгрөг, Б ХХК -ийн төлсөн 3 000 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А.Г 2 982 950 төгрөг, Б ХХК -иас 838 663 төгрөгийг тус тус гаргуулан Б.М т олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна. Үүнд:

 

1. Б.М нь 1,726,218,705 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Б ХХК -д оруулж, уурхайн үйл ажиллагааг санхүүжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 466 хуудас санхүүгийн баримт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар дүгнэлтээр тус тус нотлогддог. Хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй маргаагүй буюу Б ХХК -д оруулсан хөрөнгө оруулалтыг тогтоолгохоор дахин эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

2. Шийдвэрт "...санхүүгийн анхан шатны баримт болох кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт, зарлагын баримтуудад бичигдсэн дүнгээр мөнгөн гүйлгээ хийгдсэн баримт, банкны орлогын мэдүүлэг авагдаагүй буюу дэмжих баримтгүй байна хэмээн дурьдсан нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нийт 466 хуудас санхүүгийн баримттай танилцсан атлаа дээрх баримтуудыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 1,590,036,068 төгрөгөөс 1,319,934,674 төгрөгийн кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт-ууд нь дэмжих баримт болох банкны орлого, зарлагын мэдүүлэг /шилжүүлгийн баримт/-ийн баримтууд-тай бөгөөд тус баримтууд нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нийт 466 хуудас санхүүгийн баримтуудад эх хувиараа хавсаргагдсан байдаг. Мөн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд дээрх 466 хуудас санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судалсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 1,590,036,068 төгрөгөөс 1,319,934,674 төгрөгийн дүн бүхий кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримтууд нь дэмжих баримттай болохыг шүүгч өөрөө үзэж, шинжлэн судалсан атлаа шийдвэр гаргахдаа байгаа баримтуудыг байхгүй мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эдгээр баримтууд нь тухайн цаг хугацаанд Б.М Б ХХК -д хөрөнгө оруулалт хийж уурхайн үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн болохыг нотолно.

Өөрөөр хэлбэл, Бүдүүн Ухаагийн уурхайн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй гарах зардал /ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, холбогдох ХХОАТ болон ААНОАТ, ус болон цахилгааны төлбөр, шатахууны төлбөр, техникийн түрээсийн төлбөр, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс гэх мэт/-уудыг Б.М нь Б ХХК -ийн өмнөөс төлж, уурхайн үйл ажиллагааг санхүүжүүлж байсан. Уурхайн үйл ажиллагаатай холбогдон гарсан дээрх зайлшгүй зардалтай хариуцагч тал маргадаггүй ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 203,000,000 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрдөг бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрч буй үнийн дүн бүхий баримтуудын гүйлгээний утга, баримтын шаардлагыг шүүхийн зүгээс бусад баримтуудтай харьцуулан үзээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс ижил санхүүгийн баримтуудын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрсөн атлаа бусад баримтуудыг үндэслэлгүйгээр хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тайлбараа баримтаар нотолж чадаагүй. Мөн Б ХХК нь Бүдүүн Ухаагийн уурхайн үйл ажиллагааг явуулахад ямар ч хөрөнгө оруулалт, санхүүжилтийг гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог бөгөөд Б ХХК нь ямар ч зардал гаргалгүйгээр уурхайн үйл ажиллагааг явуулж ашигт малтмал олборлох боломжгүй юм. Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй Б ХХК -д холбогдох шаардлагаас 1,590,036,068 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний улмаас тус компанийг 1,319,934,674 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжүүлж, нэхэмжлэгч Б.М ийг хохироогоод байна.

3. Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 420 дугаартай тоот тогтоолоор Б.М ийг 1,807,501,365 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Б ХХК -ийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн болохыг тогтоосон бөгөөд тус тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Б.М нь Б ХХК -д хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг санхүүжүүлсэн болох нь нотлогддог. Гэвч шүүх дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол болон Улсын дээд шүүхийн тогтоолыг үнэлээгүй.

4. Мөн шүүхийн шийдвэрт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэжээ хэмээн дурьдаж, Б ХХК -аас 136,036,640 төгрөг гаргуулж, үлдэх 1,590,036,068 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

5. А.Г холбогдох шаардлагын тухайд: А.Г холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 58,460,285 төгрөгийн хөрөнгө оруулалт нь 466 хуудас санхүүгийн баримтад А.Г өөрөө хүлээж авсан гарын үсэгтэй кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт болон дансны шилжүүлгийн баримтууд авагдсан байдаг. Гэвч анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үнэлэлгүй орхигдуулсны улмаас 58,460,285 төгрөгийг А.Г аваагүй мэтээр дүгнэж, 58,460,285 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт Б ХХК -аас 1,319,934,674 төгрөгийг нэмж гаргуулах, А.Г 58,460,285 төгрөг нэмж гаргуулах өөрчлөлтийг оруулж, гомдлыг ханган хэргийн үйл баримтыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Гомдолдоо орлого олж байгаагүй зөвхөн Б.М байнгын мөнгө авч байсан мэтээр тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөний зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримтан дээр Б.М хоёр дүүтэйгээ гарын үсэг зурсан байдаг. Эдгээр 3 хүн Б ХХК -д ажилладаггүй, хариуцлага хүлээх боломжгүй хүмүүс юм. Б ХХК -ийн өмнөөс гарын үсэг зурсан баримтуудаар хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Тус баримтууд А.Г , Б.М нар нь хамт амьдарч байсан учраас Б ХХК -ийн баримтууд Б.М т байсан. А.Г ыг шоронд байх үед автомашиныг нь зарсан байсан. Шинжээч хуулийн дагуу гарын үсэг зурсан баримт байна гэж үзсэн. Гарын үсэг зурсан тус баримтууд нь компанид хамааралгүй хүмүүсийн гарын үсэг байна, үүнийг үнэлэх эсэхийг шүүх шийднэ гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхэд 466 хуудас баримтыг нэг бүрчлэн судлан шинжлүүлэхэд компанид хамааралгүй хүмүүс байна гэдэг нь нотлогдсон. Ч.Эрдэнэбулган гэх хүнийг гэрчээр асуулгахад Б.М өөрийнхөө мөнгийг дүүгийнхээ дансанд хадгалуулаад буцааж тэр хүн банкнаас авсан баримт байдаг. Тус мөнгийг Б ХХК -д тушаасан талаарх баримт байдаггүй. Хувь хүн өөрийнхөө данснаас авсан баримтууд байдаг. Б.М барааны мөнгө гэж жагсаасан мөнгийг Б ХХК хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б.М гэх хүн 700,000,000 төгрөгийн ам.доллар, юань сольсон гэх баримтуудыг хавсаргасан байдаг. Үнэхээр үнэн байсан бол 700,000,000 төгрөг мөн нэхэмжлэх ёстой байсан. Нэхэмжлэгч өөрсдөө гарын үсэг зурсан хуурамч баримтуудыг оруулж ирдэг. Нэхэмжлэгч тал хуурамч баримт гаргаснаа давж заалдах шатны шүүхэд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч талаас удаа дараа хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлтээр асуугдаагүй, тодорхой бус байгаа асуултуудад хариулт авахын тулд шинжээчийг томилуулсан байдаг. Тус шинжээчийн дүгнэлт хангалтгүй, эргэлзээтэй, хоорондоо зөрүүтэй гарсан учир шүүх хуралдаанд шинжээч нарыг бүрэлдэхүүнтэй оролцуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байхад шүүх хангаж шийдвэрлээгүй гэж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гарсан. Шинжээч нар дүгнэлтээ шүүх хуралдааны явцад тайлбарлаж чадаагүй. Хэрэгт авагдсан 466 хуудас баримтаас санхүүгийн дэмжих баримттайг нь үнэлсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Б ХХК -ийг худалдаж авахад зарцуулсан гэх 500,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. 58,460,285 төгрөгийн баримт нь гүйлгээний утгын хувьд А.Г хүлээж авсан гарын үсэг тэмдэглэгээ байхгүй. Үүнд А.Г хүлээж авсан Хаан банкны гүйлгээний баримттай 5,000,000 төгрөг байдаг. Бусад нь хүлээн авагч, гүйлгээний утга нь тодорхойгүй баримтууд байсан учраас шүүх нэг бүрчлэн шинжлэн судалж хасаж тооцсон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2а. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А.Г холбогдуулан 623,460,285 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ зээлд 60,000,000 төгрөг, Б ХХК -ийг худалдан авахад зориулж зээлдүүлсэн 500,000,000 төгрөгийг гаргуулах, хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 63,460,285 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн агуулгаар тайлбарласан байна. Хариуцагч А.Г нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг зээлж аваагүй болон нэхэмжлэгчтэй хамтран ажилласан тул төлөхгүй гэх агуулгаар маргажээ.

 

2б. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б ХХК -д холбогдуулан 1,726,218,705 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ ...Бүдүүн ухаагийн алтны уурхайн үйл ажиллагаанд зориулж оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч Б ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

2в. Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Б.М т холбогдуулан алтны үнэд 555,019,200 төгрөг, уурхайн эд зүйлсийн үнэд 69,309,000 төгрөг, нийт 624,328,205 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

 

3а. Анхан шатны шүүх Б.М , А.Г нарын хооронд 60 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, А.Г нь 2014 оны 08 дугаар сард 35,000,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сард 20,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус зээлсэн тул Б.М нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Түүнчлэн А.Г нь С.Дэлгэрдалайгаас Б ХХК -ийг худалдан авах зорилгоор нэхэмжлэгч Б.М 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 300,000,000 төгрөгийг зээлж авсан талаарх шүүхийн дүгнэлт баримтад тулгуурласан, зөв болжээ.

 

Иймд А.Г зээлийн гэрээний үүрэгт 560,000,000 төгрөгийг гаргуулж Б.М т олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, энэ талаар хариуцагч А.Г давж заалдах гомдол гаргаагүй.

 

3б. Хөрөнгө оруулалтын зориулалтаар шилжүүлсэн 63,460,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Г нь 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн дээрх нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 58,460,285 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтаар гаргаж өгсөн санхүүгийн баримтыг дутуу үнэлсэн алдааг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Б.М 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг А,Ганбатын эзэмшлийн, Хаан банкны 5030317007 тоот дансаар /санхүүгийн баримт 123 дах тал/, мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөн дансад 500,000 төгрөгийг /санхүүгийн баримт 318 дах тал/, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3,200,000 төгрөгийг /санхүүгийн баримт 411 дэх тал/ мөн дансанд тус тус шилжүүлжээ. Эдгээр баримтыг хариуцагч А.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй байна. Энэ мөнгөн хөрөнгийг Б.М А.Г шилжүүлэхдээ хөрөнгө оруулалт гэж тодорхойлоогүй байх тул тэрээр уг мөнгөн хөрөнгийг буцаах шаардах үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасанд хамаарах байтал анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэснийг залруулна.

 

4а. Б.М болон Б ХХК -ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэх нэртэй гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр Б.М нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Бүдүүн Ухаагийн алтны уурхайн үйл ажиллагааг эрхлэн явуулахад хөрөнгө оруулалт хийх, Б ХХК нь уг хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг хариуцан зохион байгуулах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /1хх 193-194/ Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Энэ талаар хариуцагч Б ХХК давж заалдах гомдол гаргаагүй.

 

4б. Анхан шатны шүүх Б.М оруулсан хөрөнгийн хэмжээг 136,182,640 төгрөг гэж тодорхойлсныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа хөрөнгө оруулсан хэмжээг 1,726,218,705 төгрөг гэж маргаж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд хангуулахаар шаардсан. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг дэмжсэн санхүүгийн анхан шатны баримт болох 466 хуудас баримтыг үнэлээгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 107 тоот дүгнэлтийг Б ХХК -ийн санхүүгийн анхан шатны баримттай харьцуулан дүгнэж, санхүүгийн анхан шатны баримтаар баталгаажсан мөнгөн дүнгээр Б.М оруулсан хөрөнгийн хэмжээг тодорхойлсныг зөв гэж дүгнэхээр байх боловч 264,414,300 төгрөгийн баримтыг орхигдуулсныг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шинжээчийн 107 тоот дүгнэлтэд асуулт й -д хариулахдаа /5 дахь хавтас 233 дахь тал/ 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 60,420,000 төгрөг, 2015 оын 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 18,570,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 26,950,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 8,946,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 59,790,000 төгрөгөөр тус тус хөрөнгө оруулалтыг Б.М компанид хийсэн гэжээ.

 

Түүнчлэн шинжээчийн 107 тоот дүгнэлтэд асуулт м-д хариулахдаа Шинжилгээнд ирүүлсэн баримтын 222 дугаар хуудсанд Б.М нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 40,100 ам.долларыг 1,993 төгрөгөөр солиулан 79,919,300 төгрөгөөр 2015 оны 8 дугаар сарын 24-нөөс 26-ны хоорондох зардлыг санхүүжүүлсэн гэж үзэхээр байх тул хөрөнгө оруулсан гэж дүгнэсэн нь зөв байна. 343 дугаар хуудаст авагдсан 2015 оны 09 дүгээр сарын 28-нд Б.М нь Хаан банкинд байрших 5077223841 тоот хувийн харилцах данснаас 8,000,000 төгрөг авч тухайн өдрийн зардлыг санхүүжүүлсэн байна гэж үзэхээр байх тул хөрөнгө оруулалт гэж дүгнэсэн нь зөв байна гэсэн ба шинжээч Д.Мөнхцэцэг, З.Батжаргал нар шүүх хуралдаанд уг дүгнэлтээ дэмжиж тайлбар гаргажээ. Иймд уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Б ХХК -аас нэмж гаргуулах үндэслэлтэй.

 

4.в. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтад А.Г холбогдох хэргээс хохирогч Б.М ийг залилаж 1,807,501,365 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Уг заалтыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 420 дугаар тогтоолд ...шүүгдэгч А.Г холбогдох хохирогч Б.М ийг залилж 2015 оны 01 дүгээр сарын 08-наас 2015 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд 1,807,501,365 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 04 дүгээр сард Б ХХК -ийг худалдан авна гэж 500,000,000 төгрөг, мөн 2014 оны 08 дугаар сард хөөрөг барьцаалж 35,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сард 20,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус залилан авсан гэх хэргийг ...хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсөн байна. /1хх-35/ Дээрх шүүхийн шийдвэрүүдэд Б.М Б ХХК -д 1,807,501,365 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэснийг тогтоогоогүй байна. Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Б.М Б ХХК -д хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогдсон гэсэн нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

4г. Дээрх үндэслэлээр Б.М нь Б ХХК -д 400,596,940 /136,182,640+264,414,300/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэж дүгнэнэ.

 

4д. Хамтран ажиллах гэрээний 3.2.1 дэх хэсэгт А тал оруулсан хөрөнгө оруулалтаа 100 хувь мөнгөн хэлбэрээр Б талаас бүрэн гаргуулж авна гэж талууд харилцан тохиролцжээ. Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Б.М ийг хамтран ажиллах гэрээнээс гарсан талаар маргаагүй, хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдлын талаар тайлбар гаргаагүй.

 

4.е. Иймд хариуцагч Б ХХК -аас 400,596,940 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

5. Анхан шатны шүүхээс хариуцагч Б ХХК -ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон дүгнэлт болон шийдлийн талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзсэн болно.

 

6. Нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/00664 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 476 дугаар зүйлийн 476.1-т гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт гэж, 565 000 000 /таван зуун жаран таван сая/ гэснийг 573,700,000 гэж, 58 460 285 /тавин найман сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун наян таван/ гэснийг 49,760,285 гэж,

2 дахь заалтад 136 182 640 /нэг зуун гучин зургаан сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун дөчин/ гэснийг 400,596,940 гэж, 1 590 036 068 /нэг тэрбум таван зуун ерэн сая гучин зургаан мянга жаран найман/ гэснийг 1,325,621,768 гэж,

4 дэх заалтад 2 982 950 гэснийг 3,026,450 гэж, 838 663 гэснийг 2,160,935 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 7,208,260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН