Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

хохирогч Г.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн __ овогт Л-гийн Ш-д холбогдох эрүүгийн 1805027110603 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________________

 

Шүүгдэгч Л.Ш нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ___тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Г.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийнхэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ш мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийнхэлэлцүүлэгт хохирогч Г.Цмэдүүлэхдээ:

“...2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр согтуу гэртээ орж ирсэн. Тэгээд хэрүүл өдөж агсам тавиад надад гар хүрч хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болсон. Тухайн үед би Ш-д гомдож уурласан ба байдал ноцтой болох шинжтэй байсан учраас цагдаа дуудсан. Би мөн уурлаад согтуу хүнийг өдөөх үгс хэлсэн. Аль аль нь энэ байдалдаа дүгнэлт хийж байгаа ба цаашид дахин ийм байдал гаргахгүй гэж ярьж тохиролцсон. Манай нөхөр өөрийн үйлдэлд гэмшсэн ба энэ байдлаа нотолж харуулж чадаж байгаа. Надаас нэг биш удаа уучлалт гуйсан. Дутагдалтай талууд нь тэр явдлаас хойш арилсан. Ажлаа сайн хийж байгаа...Би нөхөртөө итгэл үзүүлж боломж олгож байгаа ба манай нөхөрт торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Шийн өгсөн:

“...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрийнхээ ойролцоо хэдэн хуурай ах нартайгаа таараад архи уусан. Орой гэртээ орохдоо А гэдэг залуутай хамт орж, түүгээр архи аягалуулаад уугаад сууж байтал Ц гаднаас ажлаа тараад орж ирсэн. Тэгтэл Ц намайг согтуу байсан болохоор хэдэн үг хэлсэн. Би тухайн өдөр их согтсон байсан болохоор тэр үгийг нь даалгүй хэдэн хатуу үг хэлээд уурласан. Энэ үед А гэдэг дүү маань гараад явсан бөгөөд би Цд ажлын чинь цаг аль хэдийн дууссан байхад хаагуур яваад ирж байгаа юм бэ гээд нүүр лүү нь алгадаад хоёр гарын бугалга хэсэг рүү нь цохиод буйдан руу түлхэж унагаад мөн гуя руу нь өшиглөсөн. Тэгтэл Ц аллаа чамайг цагдаад дуудлага өгч бариулна гэхээр нь би гэрээс гараад явчихсан. Би үснээс нь зулгаасан байх аа. Өөр зүйл сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 17-18, 27-28/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ц-ын өгсөн:

            “...2018оны 05 дугаар сарын 03 ны өдөр ажлаас тараад гэртээ ирэхэд Ш- нь хамт ажилладаг Атэй архи уугаад сууж байсан. Тэгээд намайг харчихаад хэн бэ, хэн ороод ирэв гэсэн. Тэгтэл А Цээгий л байна шдээ гэхээр нь би юм хэлэлгүй цаад өрөөрүү ороод хувцасаа солиод гарч иртэл А надад аяга архи өгөхөөр нь би аваагүй. Гэтэл Ш- “чиний хувцас ууттай байдаг, харин миний хувцас задгай байдаг” гээд уурлахаар нь би чиний хувцсыг янзлаад тавьсан байгаа гэтэл өөдөөс үг дуугардаг болжээ, муу Унгарийн янхан минь чамайг алчихна гэсэн. Гэтэл А ахаа та яах гэж ингэж байдаг юм бэ гэхээр нь би хоолоо халааж идчихээд байж байтал А, Ш- хоёр архиа ууж дуусаад хамт гараад явсан. Удалгүй 10-аад минутын дараа Ш- хөл дээрээ тогтож чадахгүй шахам орж ирээд буйдан дээр хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би тасарчихсан, одоо унтчихлаа гэж бодоод хажуу талын буйдан дээр хөнжлөө нөмрөөд хэвтэж байтал сэрснээ чи надтай хамт унтах дургүй болсон бол зайл гэхээр нь би түүнийг чиний уусан архи багадаад нэмж архи уух шалтаг хайгаад байгаа юм уу гэтэл шууд босож ирээд миний толгой болон нүүр лүү хоёр гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд гараараа нүүрээ дартал үснээс зулгаагаад нөгөө буйдан хүртэл чирсэн. Тэгээд нэмж миний зүүн хөл, гар, цээж, толгой руу өшиглөөд гараараа цохиод байхаар нь би тэвчилгүй 102-т дуудлага өгсөн. Ш- архи уухаараа зан харьцаа нь хачин болоод цохиж зодох гээд байдаг болсон...” гэх мэдүүлэг /хх-н 11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн __ тоот:

  1. Цын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн шуу, зүүн, баруун бугалга, цээж, зүүн, баруун гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-15/,

 

Шүүгдэгч Л.Шийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийг тодорхойлолт /хх-н 32/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Ш нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Г.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Шийн “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... би Цд ажлын чинь цаг аль хэдийн дууссан байхад хаагуур яваад ирж байгаа юм бэ гээд нүүр лүү нь алгадаад хоёр гарын бугалга хэсэг рүү нь цохиод буйдан руу түлхэж унагаад мөн гуя руу нь өшиглөсөн. ... Би үснээс нь зулгаасан байх аа...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Г.Ц-ын      “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... А, Ш- хоёр архиа ууж дуусаад хамт гараад явсан. Удалгүй 10-аад минутын дараа Ш- хөл дээрээ тогтож чадахгүй шахам орж ирээд буйдан дээр хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би тасарчихсан, одоо унтчихлаа гэж бодоод хажуу талын буйдан дээр хөнжлөө нөмрөөд хэвтэж байтал сэрснээ чи надтай хамт унтах дургүй болсон бол зайл гэхээр нь би түүнийг чиний уусан архи багадаад нэмж архи уух шалтаг хайгаад байгаа юм уу гэтэл шууд босож ирээд миний толгой болон нүүр лүү хоёр гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд гараараа нүүрээ дартал үснээс зулгаагаад нөгөө буйдан хүртэл чирсэн. Тэгээд нэмж миний зүүн хөл, гар, цээж, толгой руу өшиглөөд гараараа цохиод байхаар нь би тэвчилгүй 102-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 5858 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Шд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Шийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Цнь шүүх хуралдаанд “....Би гомдлоо мөрдөн байцаалтын шатанд татаж авсан...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Л.Шийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Шд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 4 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцүүлж торгуулийн ялаас хасч тооцох нь зүйтэй.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __ овогт Л-гийн Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Шд 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Шийн торгох ял биелүүлэх хугацааг 4 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Л.Шийн цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгж буюу 15,000 төгрөгтэй тэнцүүлэн торгуулийн ялаас хасч тооцсугай.

 

5. Шүүгдэгч Л.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Шд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ