Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/20

 

  

 

 

 

  

   

   2026        01          26                                      2026/ДШМ/20

 

  О.А.д холбогдох

эрүүгийн хэргийн  тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Д.Зуунай,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ариунзул даргалж, шийдвэрлэсэн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/714 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор Д.Зуунайн эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч О.А.д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд: О.А

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

О.А. нь 2025 оны 8 дугаар сарын 10-наас 14-нд шилжих шөнө . аймгийн .сумын 2 дугаар багт үйл ажиллагааг явуулдаг “М.” баарны ойролцоо Л.О.Г явж байхад нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь дээд баруун 1,2 дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгаас шүүгдэгч О.А.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.   

4.Анхан шатны шүүх: “...Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.А.д холбогдох эрүүгийн 24190033340243 дугаартай хэргийг прокурорт буцааж,

хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гарахгүй эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Д.Зуунай бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...О.А.д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хийгдэж О.А.н хууль ёсны төлөөлөгч Б.О. шүүх хуралдаанд ирээгүй талаар шүүгч талуудаас ирцтэй холбоотой санал гаргасны дагуу шүүх хуралдааныг түр завсарлаж, хурал ороход шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7, 35.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтоохгүйгээр, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана гэх заалтыг хэрэгжүүлээгүй. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг дарааллын дагуу явуулаагүй нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн үзэл баримтлалд нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй, хууль ёсны байх шинжээ алдсан шийдвэр болсон. ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь О.А.г өөрийгөө илэрхийлэх чадваргүй, дохионы хэл, яриа ойлгож мэдэхгүй талаар мөрдөгч хавтаст хэргийн 23, 26, 27 дугаар хуудаст авагдсан тэмдэглэл, хохирогч Л.О. мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар О.А.л хэл яриа хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогддог, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө яллагдагч үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаагүй. О.А. нь хууль ёсны төлөөлөгч Б.О.р овоглодог бөгөөд түүний төрсөн эх болох нь хавтаст хэргийн 46-47 дугаар хуудаст авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан хуулийн зохицуулалтын аль ч заалтад хамаарах нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзээд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

1.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Шүүгчийн захирамж”-д заасан үндэслэл  хэргийн бодит байдалтай нийцээгүй байна учир нь шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг хүлээн авч, улмаар шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товыг тогтоож, гэм буруугийн шүүх хуралдааныг явуулжээ.

Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой бөгөөд шүүгдэгч О.А.өөрийгөө илэрхийлэх чадваргүй, дохионы хэл, яриа ойлгож мэдэхгүй талаар мөрдөгчөөс тэмдэглэсэн байх ба шүүгдэгч, эх Б.О.р овоглодог болох нь түүний иргэний үнэмлэх болон оршин суугаа хаягийн бүртгэлээр тогтоогдож байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэлмэрчлэх мэдлэг чадвартай хүнийг буюу эх Б.О.г хэлмэрчээр томилж, шүүх хуралдаанд оролцуулснаар шүүгдэгчийн хэлмэрчийн тусламж авах эрх хангагдах юм.

2.Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан улмаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгчийн захирамж үндэслэлгүй, шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг хуульчилсан ба энэ дагуу шүүх нэгэнт тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх байсан ба энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлгүй хэргийг прокурорт буцааж байгаа нь дээрх журамд нийцээгүй бөгөөд хэрвээ шаардлагатай бол хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна. 

Мөн Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйн зэрэгцээ шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоолгох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдаанд шинжээч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулан нотлох  баримтуудыг бодит байдлаар бүрэн гүйцэд хянан үзэж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. 

Иймд эдгээр дурдсанд үндэслэн анхан шатны хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/714 дугаар дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллагдагч О.А.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧИД                         А.САЙНТӨГС

                                          Д.МӨНХБҮРЭН

                                          Н.БОЛОРМАА