Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 931

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Х*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, Цагдаагийн хурандаа  Х.Өт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин болох нийт 7.549.158 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, А.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Нэхэмжлэгч С.Х******* би 1968 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, одоо 48 настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. 1976 онд дунд сургуульд элсэн орж, 1986 онд төгсөөд, Анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн эмчилгээний факультетэд орж суралцан 1994 онд хүний их эмч мэргэшил эзэмшин төгссөн. Мэргэжил эзэмшсэн цагаасаа эхлэн улсад тасралтгүй 23 дахь жилдээ, 2003 оноос эхлэн шүүх эмнэлэгийн шинжээч эмчээр тасралтгүй 13 дахь жилдээ тус тус ажиллаж байна. 

Ажиллаж байх хугацаандаа: 2006 онд Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух” /2006.6.20-ны өдрийн №017368/, 2006 онд Архангай аймгийн Цагдаагийн газрын “Баярын бичиг”, 2010 онд Эрүүл мэндийн яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг. /2010.9.21-ний өдрийн №012473/, 2010 онд Архангай аймагт эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн медалиар, 2010 онд ХЗДХЯ-ны “Хүндэт жуух”. /2010.10.27 –ны өдрийн №993/, 2010 онд Архангай аймгийн Засаг даргын “Хүндэт жуух”. /2010.10.27 –ны өдрийн №993/, 2011 онд “Шинжээчийн алдар” медалиар, 2011 онд Цагдаагийн ахмад цол тус тус авсан .

Мөн 2010, 2011, 2012 онуудад Аймгийн сум дундын шүүх, Нэгдсэн эмнэлэгээс өргөмжлөлөөр, Цагдаагийн газраас В.Сумъяа, Ө.Бумшүр нарт холбогдох, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан онц хүнд хэргийг мэргэжлийн ур чадвар гарган шинжилгээний явцад илрүүлэн тус тус шагнуулж байсан. Түүнчлэн өөр олон хэргийг шинжээчийн ур чадвараар илрүүлэн, цагдаа, хууль хяналтын байгууллагын ажилд туслалцаа үзүүлж байсан. 

2012 онд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Хөдөлмөрийн аварга” ажилтнаар шалгарсан. 2014 онд Архангай аймгийн Эрүүл мэндийн байгууллагын “Тэргүүний ажилтан”-аар, 2015 онд Монгол Улсын “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнуулж идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байсан ба сахилга, ёс зүйн зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын тушаалаар дутагдлаар ажлаас халсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: 

1/. Дутагдал гаргасан гэж үзээд байгаа 2016 оны 4 дүгээр сарын 10-нд би явганаас унаж зүүн хөлийнхөө хуучин хугарлын бороог хөндөж зөөлөн эд гэмтэн шөрмөс сунасан учир 2016 оны 4 дүгээр сарын 11-ээс 16-ны өдрийг хүртэл эмчийн магадалгааны дагуу гэртээ хэвтрийн дэглэм сахиж байсныг 2016 оны 4 дүгээр сарын 10-нд хөлөө рентгенд харуулсан бичлэг болон эмнэлгийн магадлагаагаар нотлогдоно. Уг эмчийн магадалгаа, холбогдох баримтуудыг шалгаж тогтоолгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан.

2/. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 тоот ажлаас халах тушаалд Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг үндэслэсэн байдаг. Уг үндэслэсэн хуулийн 44.2-т “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны сахилгын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасан байхад ажлаас халах үндэслэл болгосон нь алдаатай байна. 

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нь төрийн тусгай албан хаагч ба төрийн жинхэнэ албан хаагч юм. Уг хуулийн 25 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлийг зааж өгсөн байдаг. Үүнд: 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 25.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 25.1.3-т “Монгол Улсын харъяатаас гарсан” тохиолдлуудыг зааж өгсөн байна. Мөн 26 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа уг хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар байдаг. 

Миний бие нь уг хуульд заасан үндэслэлүүдийг зөрчөөгүй, хуулинд заасан болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 60 дугаартай тушаалын 3.1.1-3.1.5 дахь заалтуудад заасан сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 

Хэрэв цалингийн хувиар, цолны хувиар шийтгүүлж байсан бол 2015, 2016 оны цалингийн хүснэгтээс харагдах байх. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийг баримтлан бусад заавар журам дээрээ үндэслэх байтал ямар ч үндэслэлгүй ажлаас халах тушаал гаргасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 

Иймд С.Х******* миний биеийг ажлаас халсан тушаал шийдвэр нь үндэслэлгүй байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 тоот тушаалыг илт хууль болохыг тогтоож, ажилд минь буцааж томилуулж өгнө үү.” гэжээ. 

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би явганаас унаж зүүн хөлийнхөө хуучин хугарлын бороог хөндөж зөөлөн эд гэмтэн шөрмөс сунасан учир 2016 оны 4 дүгээр сарын 11-ээс 16-ны өдрийг хүртэл эмчийн магадалгааны дагуу гэртээ хэвтрийн дэглэм сахиж байсныг 2016 оны 4 дүгээр сарын 10-нд хөлөө рентгенд харуулсан бичлэг болон эмнэлгийн магадлагаагаар нотлогдоно. Уг эмчийн магадалгаа холбогдох баримтуудыг шалгаж тогтоолгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан” гэжээ. 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны дарга А.А******* нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр албан хаагчиддаа 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө эзэнгүй цогцос оршуулах ажлыг гүйцэтгэх талаар үүрэг өгсөн ба уг ажлын бүрэлдэхүүнд нэхэмжлэгч С.Х******* орсон бөгөөд үүрэг гүйцэтгэх талаар мэдсэн байдаг. 

Гэвч 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө ажилдаа ирээгүй бөгөөд гэрээс ирээд авчих хэмээн криминалистикийн шинжээч Д.Б*******, шинжээч эмч Б.О******* нар луу удаа дараа утсаар ярьсан байна. Төлөвлөсний дагуу цаг алдалгүй ажлыг гүйцэтгэх үүднээс нэхэмжлэгчийг гэрт нь очиж авахад архи уусан байдалтай гарч ирсэн байдаг ба цогцосны хайрцаг захиалсан газар очиход мужаан Ц.Г******* гэгч хүнийг “Шарилынхаа хайрцаганд өөрөө орж хэвт” гэх зэргээр доромжилж, хэрүүл маргаан үүсгэж, түүнчлэн албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.А*******г олон нийтийн газар хэл амаар доромжилж, өшиглөж, цээжин тус газарт нь урж, толгой руу нь гараараа цохиж сахилга, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болно. 

Ийнхүү архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсний улмаас нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн цагдаагийн газрын “Зөрчил гаргасан этгээдийн захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл” саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад С.Б*******, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Н*******, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Д******* нарын тайлбараар нотлогдож байна. 

Мөн нэхэмжлэгч нь “Ар мөнгөн чагнуур” өрхийн эрүүл мэндийн төвөөс 2016 оны 4 дүгээр сарын 11-ээс 16-ны өдрүүдэд эмнэлэгийн хуудас авсан байх ба энэ талаар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан шалгуулахад уг эмнэлэгийн хуудас бичигдсэн өдрийн үзлэг нь эмнэлэгийн хуудас олголтын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөлөө гэмтээж хэвтрийн дэглэм сахиж байсан гэх өдрөө ажил тасалж, архидан согтуурч, албаны шуурхай бэлэн байдлыг алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэж, албаны нэр хүндийг унагаж ийнхүү уг үйлдэлээ нуун далдлахын тулд хуурамчаар эмнэлэгийн хуудас гаргуулан 5 хоног ажил тасалсан зөрчил гаргажээ. 

2. Нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдийг гаргасны дараа 2016 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд мөн шалтгаангүйгээр дахин ажил тасалсан байдаг ба энэ нь Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны албан хаагчдын цагийн бүртгэлээс харагдаж байна. 

Мөн нэхэмжлэгч нь 2013 онд архидан согтуурсан, 2015 онд цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр сахилга, ёс зүйн хяналтын талоноо тус тус 2 удаа цоолуулж байсан. Мөн 2013 онд албан үүргээ гүйцэтгэж байхдаа дахин согтууруулах ундаа хэрэглэж, албаны үйл ажиллагаанд саад учруулсан зөрчил гаргаж, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны даргын 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тушаалаар албан тушаалын цалигийн хэмжээг 2 сарын хугацаатай 20 хувиар хасах сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2013 оноос эхлэн удаа дараа сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байна. 

Тус хүрээлэнгийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 дугаарай ажлаас халах тушаалд Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны сахилгын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасныг үндэслэл болгосон. 

Шүүхийн шинжилгээний байгууллага нь өөрийн бие даасан хуультай төрийн тусгай алба юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Шүүхйин шинжилгээний байгууллагын ажилтны сахилгын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж зааснаар Шүүхйин шинжилгээний байгууллага нь ажилтны сахилгын дүрэмтэй байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоосон байдаг. 

Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 60 дугаар тушаалаар “Шүүхийн шинжилгээний байгууллага алба хаагчийн сахилгын дүрэм”-ийг баталсан байх ба сахилгын шийтгэл ногдуулах харилцааг уг дүрмээр зохицуулж байгаа болно. 

Сахилгын шийтгэлийг заавал дэс  дарааллан хэрэглэх шаардлагагүй бөгөөд тухайн албан хаагчийн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан тохирох шийтгэлийг ногдуулдаг. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 60 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 1.2-т “Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагч нь үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, удирдах албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх, төрийн албаны ёс зүйг зөрчихгүй байх зарчмыг баримтлана”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2009 оны 198 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхйин шинжилгээний байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.5-д “Алба хаагч нь байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, дээд байгууллага, албан тушаалтнаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлнэ”, 2.8-д “Алба хаагч нь  ..., иргэдийг чирэгдүүлэх, зүй бус харьцахыг цээрлэнэ”, 2.11-д “Алба хаагч нь дүрэмт хувцастай болон албан үүрэг гүйцэтгэх үедээ, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн болно. Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан удаа дараагийн сахилга, ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Гурав. Нэхэмжлэгч С.Х******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 

“...Тус шүүхэд С.Х******* би ажлаас  үндэслэлгүй халагдсан тухай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захирал Б/188 тоот тушаалыг илт  хууль бус болохыг тогтоож, ажилд минь эргэн томилж өгөхийг хүссэн. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин болох нийт 7.549.158 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн бөглөлтийг нөхөн бичүүлэх хүсэлт гаргаж байна.” гэжээ. 

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, А.А******* шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Нэхэмжлэгч нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийг үндэслэл болгоогүй Шүүхийн шинжилгээний тухай хуулийг үндэслэл болгон гаргасан тухай маргадаг. Энэхүү тушаалыг илүү нарийвчилсан зохицуулалттай, сүүлд батлагдсан хуулийг үндэслэх зарчмын хүрээнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийг үндэслэн баталсан. 

Учир нь 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүхийн шинжилгээний хийх үндэслэл, журам, зарим төрлийн шинжилгээний онцлог болон шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, шинжээчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 2 дугаар зүйлээс 36 дугаар зүйл хүртэл шинжилгээ хийхтэй холбоотой асуудлыг, 37 дугаар зүйлээс 45 дугаар зүйл хүртэл Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, албан хаагчдийн, шинжээчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. Жишээ дурдвал: 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт “Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээчээр ажилласан 1 жилийг 1 жил, 2 сар ажилласанд тооцно.”, 43.4 дэх хэсэгт “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны үйл ажиллагаанд шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.”, 44 дүгээр зүйлийн 44.1.4-т “цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах”, 44.1.4-т “цол бууруулах буюу хасах,” гэх зэрэг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй, зохицуулах боломжгүй харилцааг илүү нарийвчлан зохицуулсан байдаг. Мөн Төрийн албаны тухай хууль нь 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан харин Шүүхийн шинжилгээний тухай хууль сүүлд буюу 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан байдаг.

Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч эмч нь төрийн тусгай буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өөрийн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Төрийн албаны тухай хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй байдаг.

Төрийн албаны тухай хуулийг 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, 5.1.3-т “төрийн тусгай”, 8 дугаар зүйлийн 8.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн,” гэж зааснаар Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч  нь төрийн тусгай буюу жинхэнэ албан хаагч юм. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг шийдвэрлэх талаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараах маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгуллага хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт, “Хуульд өөрөөр заагаагүй бол, иргэн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авсанаас, эсхүл мэдсэнээс хойш, 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэжээ. Харин нэхэмжлэгч гомдлоо сайдад гаргасан бөгөөд Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Төрийн албаны зөвлөл, эсхүл Төрийн албаны салбар зөвлөлийн аль нь ч биш юм.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад нэг сарын дотор гаргана.” гэсэн хугацаа өнгөрсөн. Мөн гомдлоо хуульд заасан журмын дагуу гаргаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Х******* нь тус шүүхэд намайг ажлаас илт үндэслэлгүй чөлөөлсөн “Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны Б/188 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин болох нийт 7.549.158 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг  гаргажээ.  

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Маргаан бүхий Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны Б/188 дугаар тушаал  нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 60 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын сахилгын дүрэм”-ийн 3.1.6 дахь заалтыг үндэслэн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Х*******г 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь дутагдлаар халж, офицерийн бүрэлдэхүүнээс гаргах, албаны баримт бичиг хураахыг  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний алба /цагдаагийн дэд хурандаа А.А*******/-д үүрэг болгожээ. 

 I. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын “С.Х*******г дутагдлаар халах тухай” 2016 оны Б/188 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;“, 47.1.6-д “иргэн, ...эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь дараах эрх зүйн үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн “илт хууль бус захиргааны акт болох” нь тогтоогдож байна. Үүнд:

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны Б/188 дугаар тушаал нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны сахилгын дүрмийг хууль зүйн асуудал хариуцсан эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын сахилгын дүрмийн 3.1.6 дахь заалтад заасан “албанаас халах” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн төрийн албанаас халсан тушаал гарсан байна.

   Маргаан бүхий Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны Б/188 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлийг баримталсан эсэх, эсхүл мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж төрийн албанаас халсан эсэх үндэслэл тодорхой бус, утга агуулгын илэрхий алдаатай байна. 

Тодруулбал, нэгд “С.Х*******г дутагдлаар халах тухай” гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах ямар тодорхой үндэслэл бий болсныг тогтоогоогүй, төрийн албанаас халах хуулийн тодорхой зүйл, заалтыг эрх зүйн үндэслэл болгож заагаагүй”;

хоёрт, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан уг маргаан бүхий 2016 оны Б/188 дугаар тушаалд заасан хууль, дүрмийн үндэслэлүүдээс дүгнэхэд сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан актыг хэрэглэсэн байх боловч нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан “төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон мөн хуулийн 13, 15 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргасан эсэх, уг зөрчлийн шинж байдлыг нь харгалзан 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэсэн сахилгын шийтгэл ногдуулсан эсэх хууль зүйн үндэслэл тодорхой бус, “дутагдлаар халах” гэсэн хууль зүйн нэр томъёо төрийн албаны хууль тогтоомжид байхгүй, утга агуулгын илэрхий алдаатай болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Х******* нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтад заасан “...шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн; ...нь” Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар “төрийн жинхэнэ албан хаагч” байна.   

Шүүхийн шинжилгээний  байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр бүлгийн 1.2 дахь заалтад “Шүүхийн шинжилгээний байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Төрийн албаны тухай хууль, ...мөрдлөг болгоно.”, 3.7-д “Төрийн албан хаагчийг ...төрийн албанаас халахдаа Төрийн  албаны тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөдөлмөрийн хуулинд заасан үндэслэлээр үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгоно.” гэж,  харин Төрийн албанй тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж заажээ. 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл ногдуулна:”, 44.1.1-д “сануулах”, 44.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 44.1.3-т “цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах”, 44.1.4-т “цол бууруулах буюу хасах”, 44.1.5-т “ажлаас халах” гэсэн сахилгын шийтгэлийг тусгайлан зохицуулж хуульчилсан байна.

Гэтэл хариуцагч дээр дурдсан хуульд заасан хууль зүйн үндэслэлүүдийг болон хуулийн зүйл, заалтыг маргаан бүхий Б/188 дугаар тушаалд огт заагаагүй, харин Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны сахилгын дүрмийг хууль зүйн асуудал хариуцсан эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн хуулийн заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, хөдөлмөр эрхлэх эрх зүйн баталгааг хөндөж, ажлаас нь халсан үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн захирлын зөвлөлийн хурлын журмын  1.8.10-т зааснаар “алба хаагчийн сахилга, ёс зүйн байдал”-ыг тус Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргана” гэж, 3.2.10-т “хурлаар асуудлыг нь хэлэлцэж буй албан хаагчийг байлцуулах эсэхийг хуралдаан даргалагчид танилцуулж, шийдвэрлүүлнэ.” гэж заасан байх бөгөөд хариуцагчаас С.Х*******г ажлаас халах тушаалыг гаргахдаа дээрх Зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн талаар холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд нотлогдохгүй байна. Харин тус хүрээлэнгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Гэрэлт-Одын нэхэмжлэгч С. Х*******гийн гаргасан удаа дараагийн сахилгын зөрчлийг судалсан тухай хариуцагчид танилцуулсан танилцуулга  хэрэгт баримтаар авагдсан болно.

   Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны Б/188 дугаар тушаал нь формаль буюу шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах, түүнчлэн материаллаг буюу хууль ёсны байх гэсэн эрх зүйн шаардлагуудыг тус тус хангахгүй зөрчиж, улмаар 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь “дутагдлаар” халсан нь С.Х*******гийн төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой хөндөгдөж, зөрчигдсөн байх тул тус захиргааны акт илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

     II. Нэхэмжлэгч С.Х*******, түүний өмгөөлөгч Ч.О, Д.Э нар нь нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд “удаа дараа сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, ажил тасалсан” гэж намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж, 

    Харин хариуцагч нь “...хуурамчаар эмнэлгийн хуудас гаргуулан 5 хоног ажил тасалсан, ...2013 онд архидан согтуурсан, 2015 онд цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр сахилга, ёс зүйн хяналтын талоноо тус тус 2 удаа цоолуулсан , ...2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 20 хувиар хасах сахилгын шийтгэл хүлээсэн, ...нэхэмжлэгч нь 2013 оноос эхлэн удаа дараа сахилга, ёс зүйн зөрчил гаргасан , ...шинж байдлыг харгалзан албанаас  халах сахилгын шийтгэлийг ногдуулсан ” гэжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ар мөнгөн чагнуур” өрхийн эрүүл мэндийн төвөөс тус шүүхэд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар албан бичигт “...С.Х******* нь 2010 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үзүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үзлэгийн бүртгэлд орсон, ...эмнэлгийн магадлагаа олгосон, ...эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ авчирч бүртгэлд орсон болно.”  гэсэн тайлбар болон холбогдох нотлох баримтуудаар  хариуцагчийн С.Х*******г хуурамчаар  эмнэлгийн хуудас гаргуулан ажил тасалсан гэх тайлбар нотлогдохгүй байна. 

Мөн хариуцагчийн маргаан бүхий 2016 оны Б/188 дугаар тушаалын 1 дэх заалтад дурдсан “удаа дараа сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, ажил тасалсан” гэсэн зөрчилд нэхэмжлэгч С.Х*******г төрийн албанаас халсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******гийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

-2013, 2015 онд сахилгын талоныг цоолуулсан ;

-2013 оны 06 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал -аас тус тус дүгнэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.”, Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын сахилгын дүрмийн 3.4-т “...сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаанд ...дахин зөрчил гаргаагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.”, мөн нэхэмжлэгч 2016 онд сахилгын шийтгэл хүлээгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.А*******гаас нэхэмжлэгч С.Х*******гийн 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 92.4 оноогоор дүгнэж, “А” буюу “маш сайн”  гэж үнэлгээ өгсөн байна. Түүнчлэн дээрх 2015 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсний үндсэн дээр “...олон жил ажилласан дадлага туршлагатай” тул “цалин нэмэгдүүлэх, Салбарын шагналд тодорхойлох”  гэсэн саналыг гаргажээ. 

    Тэгэхлээр хариуцагчаас “удаа дараа сахилга, ёс зүйн зөрчил гаргасан нь С.Х*******г төрийн албанаас халах үндэслэл болсон” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймд Үндэслэх хэсгийн I, II-т дурдсан үндэслэл болон хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбаруудаас дүгнэхэд хариуцагчийн маргаан бүхий Б/188 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;“, 47.1.6-д “иргэн, ...эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэсэн заалтыг тус тус зөрчиж, нэхэмжлэгч С.Х*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн “илт хууль бус захиргааны акт болох” нь тогтоогдож байх тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.

    Хоёр. “ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин болох нийт 7.549.158 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”  гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

         “Нэхэмжлэгч С.Х*******г Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны Б/188 дугаар тушаалаар 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас “дутагдлаар” гэх үндэслэлээр халсан болох нь нэгэнт тогтоогдсон, хариуцагч маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлтэй, учир нь нэхэмжлэгч удаа дараа сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, ажил тасалсан” гэж маргаж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг /цалингийн дэлгэрэнгүй: 2016 оны 1, 2 сарууд /үндсэн цалин 667784 төгрөг, хүнд хортой 122960, удаан жил 133557, цолны нэмэгдэл 200335, онцгой албаны нэмэгдэл 133557, нийт 1258193 төгрөг цалингаар тооцож, ажилгүй байсан хугацааны 6 сарын/ нийт 7.549.158 төгрөг /долоон сая таван зуун дөчин есөн мянга, нэг зуун тавин найм/ төгрөгийг С.Х*******д олгох, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

    Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Х*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын “С.Х*******г дутагдлаар халах тухай” 2016 оны Б/188 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7.549.158 төгрөг /долоон сая таван зуун дөчин есөн мянга, нэг зуун тавин найм/ төгрөгийг С.Х*******д олгох, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.ӨЛЗИЙСАЙХАН