Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 22

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

                              Даргалагч шүүгч        Б.Батзориг

                              Шүүгчид                      Ц.Амаржаргал

                                                                  Д.Буянжаргал

                        Оролцогчид

                                 Зөрчил гаргагч           М.Ерөөсайхан

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам оролцож,  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Нолхоосүрэнгийн шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 104 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн давж заалдсан гомдлоор Михлайн Ерөөсайханд /Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн  Цагдаагийн газраас М.Ерөөсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны орой архи уун согтуурсан үедээ эхнэртээ агсам тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын  16-ны өдрийн 104  дугаартай  шийтгэврээр:

-Захиргааны  хариуцлагын тухай хуулийн  21 дүгээр зүйлд  зааснаар  Михлайн Ерөөсайханыг  30/ гуч/ хоногийн хугацаагаар баривчилж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч  М.Ерөөсайхан давж заалдах гомдолдоо:

“Миний бие нь УБТЗ-ын  Замын 1 дүгээр ангид бригадын даргаар ажилладаг. Эхнэр маань ажилгүй, гэртээ байдаг. Тахир дутуугийн группт  байдаг, ууртай хүн. Миний хүү 6 настай. Миний эхнэр 1 гар муу тал гэрийн ажил хийж чаддаггүй, хүүхдээ асрах боломжгүй. Миний гэр бүлийн амьдралд хэцүү байдал ирээд байгаа тул торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Би дахин ийм зөрчил гаргахгүй гэжээ.

Зөрчил гаргагч М.Ерөөсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анхан шатны шүүхийн шийтгэврээр 30 хоног баривчлагдсан. Шүүгч эхлээд надад 7 хоног өгсөн, тэгэхээр нь би эхнэртээ гомдсондоо 30 хоног болгочих гээд хэлсэн.

Манайх 6 настай хүүхэдтэй, эхнэр маань 1 гар нь мэдээгүй учраас 50 хувийн групптэй, хүүхдийг маань харах боломжгүй, гаргасан зөрчилдөө гэмшиж байна. Банкны зээлд сард 560.000 төгрөг төлдөг, мөн том охин маань Улаанбаатар хотод дээд сургуульд сурдаг, би сургуулийнх нь төлбөрийг төлдөг юм. Би эхлээд нэг хоног эрүүлжүүлэгдсэн, тухайн үед ажлаа тасалсан юм. Одоо намайг 30 хоног баривчилбал би ажлаасаа халагдаад ажилгүй болох гээд байна. Эдгээр байдлыг минь харгалзаж үзнэ үү гэв.  

Тодорхойлох  нь:

Зөрчил гаргагч М.Ерөөсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны орой архи уун согтуурсан үедээ эхнэртээ агсам тавьж, амгалан тайван байдлыг нь алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр анхан шатны шүүх түүнд 30 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Зөрчил гаргагчийн гомдлын дагуу захиргааны зөрчлийн материалыг судлан үзэхэд:

2016 оны 09 дүгээр сарын 15-ны орой М.Ерөөсайхан нь эхнэр Б.Бүрэнчимэг болон ажлын газрын 2 хүний хамтаар 2 шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи хувааж уусан ба архи уун согтуурсан үедээ эхнэр Б.Бүрэнчимэгийг хэл амаар доромжлон, амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан болох нь захиргааны зөрчлийн материалын 6 дугаар хуудсанд авагдсан Б.Бүрэнчимэгийн тодорхойлолт, Б.Бүрэнчимэгээс асууж авсан тэмдэглэл /материалын 7 дугаар хуудас/ болон зөрчил гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож,  шүүхээс түүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

Зөрчил гаргагч М.Ерөөсайханы захиргааны зөрчил гаргасан шалтгаан нөхцөл  болон түүний баривчлах шийтгэл эдлэх хугацаанд бага насны хүүхдийг эхнэр Б.Бүрэнчимэгийн 1 гар нь мэдээгүй, 50 хувийн группт байдаг тул асрах хүнгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 30 хоногийн хугацаагаар  баривчлах захиргааны шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж, торгох шийтгэл оногдуулахаар шийтгэвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх зөрчил гаргагчийн нэрийг Ерөөлсайхан гэж ташаа бичсэн болохыг дурьдах нь зүйтэй. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 104 дугаартай  шийтгэврийн  “Тогтоох”  хэсгийн  1 дэх заалтыг:

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Боржигон овогт Михлайн Ерөөсайханыг 15000 /арван таван мянга/ төгрөгөөр торгосугай гэж, 2 дахь заалтыг: Торгуулийг зөрчил гаргагч нь нэн даруй биелүүлэхийг даалгасугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэврийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

 

                                   ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

 

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ