Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00391

 

“Хөрс автосервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 561 дугаар шийдвэр,           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2016/00063 дугаар магадлалтай,

“Хөрс автосервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Дастан” ХХК-д холбогдох,

2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот гэрээний дагуу шилжүүлсэн бензиний үнэ 29.695 ам доллар, алданги 31531,5 ам доллар бүгд 61226,5 ам доллар гаргуулах тухай үндсэн,

шатахууны үнэ 57.386.000 төгрөг, тээврийн хөлс 21.503.772 төгрөг нийт 78.889.772 төгрөг гаргуулах, “Хөрс автосервис” ХХК болон “Дастан” ХХК-ний хооронд байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Дастан” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Загдсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Ж.Айнагүл, өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах №14/05 тоот гэрээгээр “Дастан” ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцож, энэ гэрээний хавсралт болох 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр 2014 оны 8 дугаар сарын 27-ноос 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 86795 литр буюу 62926 кг А80 бензинийг 1 тонныг нь Бийск нөхцөлөөр 1001 доллар, тээврийн хөлс Бийс Баян-Өлгийд литр нь 2 рубль, Бийск Ховд 1 литр нь 2,4 рублиэр тус тус нийлүүлэх үүрэг хүлээсэн. Манай компани барааны үнэ 63063 долларыг 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шилжүүлгээр 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний хавсралтын 2-т заасны дагуу /Дастан ХХК-ний хүсэлтээр/ ОХУ-ын Бийск хотын Ника Трейд компанид шилжүүлсэн. Гэтэл хариуцагч Дастан ХХК нь захиалсан бараа болох 86795 литр буюу 62926 кг А80 бензинийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй тул удаа дараа нэхсээр байж 2014 оны 01 дүгээр сарын 10-наас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 40990 литр бензин Баян-Өлгий нөхцөлөөр авсан. Үлдэгдэл 45.805 литр бензин буюу 32.980 долларыг одоо болтол төлөөгүй байгаа тул гэрээнд зааснаар тээврийн хөлс 3285 ам.долларыг хасаж тооцоход өнөөдрийн байдлаар 41243 литр А80 бензин өгөөгүй байна. Энэ үлдэгдэл бензинийг эсхүл бензиний үнэ болох 29.695 ам.долларыг өгөхийг удаа дараа шаардаж байгаа боловч төлөхгүй байна. Иймд 141243 литр А80 бензиний үлдэгдэл 29.695 ам.доллар, барааг гэрээнд заасан хугацаанд буюу 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нийлүүлээгүй тул энэ өдрөөс эхлэн алдангийг 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот гэрээний 6.6-д заасны дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг болох 63.063 ам долларт хоногийн 0,5%-иар тооцоход биелүүлээгүй үүргийн 50%-иас хэтэрч байгаа тул шилжүүлсэн 63.063 долларын 50%-иар тооцож алданги 31.531,5 ам доллар, бүгд 61.226,5 ам долларыг хариуцагч “Дастан” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дастан” ХХК-ийн захирал Ж.Айнагүл шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгд: Нэхэмжлэлд барааны үнэ 63.063 долларыг “Дастан” ХХК-ийн хүсэлтээр ОХУ-ын Бийск хотын “Ника Трейд” компанид шилжүүлсэн... гэтэл “Дастан” ХХК нь захиалсан барааг нийлүүлээгүй гэжээ. Нэхэмжлэлийн дээрх үндэслэл нь хоорондоо зөрчилтэй, агуулгын хувьд ойлгомжгүй болжээ. “Хөрс автосервис” ХХК нь ОХУ-ын нэгэн компанид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийнхөө хариу төлбөрийг хариуцагч “Дастан” ХХК-иас нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ОХУ-ын “Ника Трейд” ХХК нь нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-ийн шатахуун нийлүүлэх үүрэг хүлээсэн учраас төлбөрийн шилжүүлэг хийсэн гэж ойлгогдохоор байна. Гэтэл манай компанийн зүгээс шатахууны төлбөрийг бусдад шилжүүлэх талаар хүсэлтийг нэхэмжлэгчид тавьж байгаагүй, хөндлөнгөөс оролцоогүй бөгөөд ингэх шаардлага байхгүй юм. Хэрэв нэхэмжлэгч нь манай компаниас шатахуун нийлүүлэхээр шаардах эрхтэй байсан бол төлбөрийг манай компанид шууд шилжүүлэх байсан. “Дастан” ХХК нь шатахуун нийлүүлэх биш харин шатахууныг тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дастан” ХХК-ний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: тус компани шатахуун импортлох, жижиглэнгээр борлуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг.  Манай компани 2015 оны 01 дүгээр сард “Хөрс автосервис” ХХК-нд А-80 маркийн бензинийг 1 литрийг нь НӨАТ-гүйгээр 1272 төгрөгөөр бодож 52.169.090 төгрөг, 5.216.909 төгрөгийн нэмэгдэл өртгийн албан татварыг тооцож нийт 5.738.600 төгрөгийн бензинийг нийлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөрөө авч чадаагүй байна. Манай “Дастан” ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 02-24-ний өдрийг дуустал 22 хоногийн хугацаанд ОХУ-ын Бийск хотоос Монгол Улсын Ховд аймгийн Жаргалант сум “Хөрс автосервис” ХХК-ний шатахууны агуулах хүртэл 6 удаагийн тээвэрлэлтээр 136.8 сая төгрөгийн өртөгтэй 103.305 литр дизель түлш, 129.6 сая төгрөгийн өртөгтэй 56880 литр бензинийг өөрийн компанийн өмчлөлийн 2218 БӨТ, 0137 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн бөгөөд 21.505.772 төгрөгийн тээврийн хөлс бодогдсон. Уг 6 удаагийн тээврийн хөлс болох 21.503.772 төгрөгийг “Хөрс автосервис” ХХК-иас өнөөдрийг хүртэл төлөөгүй.  “Хөрс автосервис” ХХК-иас ОХУ-ын Бийск хотын “Ника Трейд” компани руу 63.063 доллар шилжүүлсэн үйлдэл нь манай компанид ямар нэг хамааралгүй тул 78.889.772 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч “Дастан” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Дастан” ХХК нь шатахуун нийлүүлэх биш харин шатахуун тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм.

2014 оны 02 дугаар сарын 26-ны Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ 14/05 Шатахуун нийлүүлэх үнэ тохирох хавсралт, 2014 оны 08 дугаар сарын 26-ны Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтын 2-т ... “Хөрс Авто Сервис” ХХК нь захиалсан бензинийг “Дастан” ХХК-аас зөвшөөрсний дагуу ОХУ-ын Бийск хотын Ника компаний дансанд шилжүүлж өгнө. ОХУ-ын Бийск хотын Ника компанийн өмнөөс бүх хариуцлагыг “Дастан” ХХК хариуцна” ... гэсэн байна. Гэтэл “Хөрс Авто Сервис” ХХК нь “Дастан” ХХК-аас ОХУ-ын Бийск хотын Ника компани руу мөнгө шилжүүлэх ямар ч зөвшөөрөл аваагүй бөгөөд “Дастан” ХХК нь ОХУ-ын Бийск хотын Ника компаний дансанд мөнгө шилжүүлэх нэхэмжлэл “Хөрс Авто Сервис” ХХК-д өгч байгаагүй, мөнгө шилжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. “Хөрс Авто Сервис” ХХК-ны зүгээс “Ника Трейд” ХХК-нд 63.063 ам.доллар шилжүүлсэн баримт хавсаргасан байна. “Дастан” ХХК-ны хувьд “Ника Трейд” ХХК-ны тухай бүр ч мэдэхгүй юм. 2014 оны 8 дугаар сарын 26 ны Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтын нэмэлт нөхцлийн 2-д бүх хариуцлага гэдгийг “Хөрс Авто Сервис” ХХК нь төлбөр төлөгч гэж андуу ташаа ойлгож нэхэмжлэл гаргах зэргээр манай “Дастан” ХХК-ыг чирэгдүүлж байгаад маш их гомдолтой байна.

“Ника” ХХК нь анх 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 18 ны өдөр ВТБ24 банкны дансанд 5444 дугаар салбарт 40702810117140001992 тоот данс нээлгэсэн юм байна. Өөрөөр хэлбэл 2014 оны 02 дугаар сарын 26-нд “Ника” ХХК байгуулагдаагүй байсан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр анх “Хөрс Авто Сервис” ХХК-тай 1 тоот гэрээ байгуулсан байна. Дээрхи гэрээ болон нэмэлт хавсралтууд нь ойлгомжгүй, байгуулагдаагүй компаний нэрийг дурьдсан байна. Тэгээд ч ОХУ-ын Бийск хотын Ника компанийн өмнөөс хариуцлагыг “Дастан” ХХК нь хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд 2014 оны 02 дугаар сарын 26-ны Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ 14/05, Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт, 2014 оны 8 дугаар сарын 26-ны Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт нь гуравдагч этгээд “Ника” ХХК нь байгуулагдаагүй, оролцоогүй хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Альфара сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: а/2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14/15 тоот болон энэ гэрээний хавсралт болох 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу Дастан ХХК нь манай компанид 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 2-ыг хүртэлх хугацаанд 86795 литр буюу 62926 кг А80 бензинийг 1 тонныг Бийск нөхцөлөөр 1001 ам.доллар, тээврийн хөлс Бийскээс Баян-Өлгий хүртэл 1 литрийг нь 2 рубль, Бийскээс Ховд аймаг хүртэл 1 литрийг нь 2,4 рублийн хөлс төлөхөөр тохирч, манай компани 63063 ам.долларыг тус компанийн хүсэлтээр, улмаар 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу “Ника Трейд” компанид шилжүүлсэн. Захиалсан бараа үнийг “Ника Трейд” компанид хариуцагчийн хүсэлтээр мөн гэрээний 2-рт заасны дагуу шилжүүлсэн бөгөөд гэрээнд заасан 86795 литр А80 бензинийг хугацаанд нь нийлүүлээгүйгээс удаа дараа нэхэж улмаар 40990 литр бензинийг Бийск-Баян-Өлгий нөхцөлөөр 2014 оны 12 дугаар сарын 10-аас 2015 оны 1 дүгээр сарын 05-ны хооронд авсан. Одоо нэхэмжлэлдээ аваагүй байгаа үлдэгдэл 86795-40990=45805 литр бензинийг үнэ 32990 ам.доллароос дээрх 40990 литр бензинийг Бийскээс Баян-Өлгийд тээвэрлэн хүргэж өгсөн зардлыг гэрээний нөхцөлөөр тооцож 3285 ам.долларыг хасаж 29695 ам.долларыг, гэрээний хугацаанд барааг нийлүүлээгүй тул гэрээний үнэ болох 63063 ам. доллароос алдангийг тооцож 31.531,5 ам.доллар бүгд 61.226,5 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “Дастан” ХХК нь нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ мөнгийг “Ника Трейд” компанид шилжүүлсэн тул хариуцахгүй гэсэн үндэслэл заажээ. “Ника Трейд” компанид 63.063 ам.доллар шилжүүлэхийг хариуцагч өөрөө хүссэн тул энэ асуудлыг баталгаажуулахын тулд 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14/15 тоот гэрээний хавсралт болох 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний 2 дахь заалтад “Хөрс автосервис” ХХК нь захиалсан бензиний төлбөрийг “Дастан” ХХК-аас зөвшөөрсний дагуу ОХУ-ын Бийск хотын “Ника Трейд” компанийн дансанд шилжүүлж өгнө. ОХУ-ын Бийск хотын “Ника Трейд” компанийн өмнөөс хариуцлагыг “Дастан” компани хариуцана гэж тодорхой бичиж, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсны дагуу төлбөрийг шилжүүлсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд заасан гэрээнд заасан этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх гэснийг зөрчөөгүй. Иймд энэ нь нэхэмжлэлээс татгалзах үндэслэл болохгүй.

б/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2015 оны 1 дүгээр сард нийлүүлсэн бензиний үнэ, НӨАТ гэж 52.1 сая төгрөг, түүнийг тээвэрлэсний хөлс 21.5 сая төгрөг гэж тайлбарлан баримтыг хавсаргасан гэх боловч эдгээр баримт нь манай нэхэмжлэлд заасан байгаа гэрээний дагуу авах ёстой байсан 86795 литр А80 бензинийг хугацаанд нь нийлүүлээгүйгээс удаа дараа нэхэж улмаар 40990 литр бензинийг Бийск-Баян-Өлгий нөхцөлөөр 2014 оны 12 дугаар сарын 10-аас 2015 оны 1 дүгээр сарын 05-ны хооронд авсан тухай баримтууд бөгөөд нэхэмжлэлд 40990 литр бензинийг авсан хугацаа, хэмжээний тухай баримтыг хавсарган өгсөн юм. Энэ тухай дээр тодорхой тайлбарласан байгааг анхаарна уу. Гэрээний дагуу өгөх ёстой бензинийг нэхүүлж байж хугацаа хэтрүүлэн хагас дутуу өгсөн атлаа уг бензиний баримтыг, өөр бензин нийлүүлсэн мэтээр төлбөр нэхэмжилсэн нь огт үндэслэлгүйгээс гадна манай хоёр компанийн хооронд 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 14/15 тоот болон энэ гэрээний хавсралт болох 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үүргээс өөр ямар нэг гэрээ, төлбөрийн асуудал байхгүй юм. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл буюу бензиний үнэ тээврийн хөлс нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд хариуцагч ямар гэрээний үүргийн үндсэн дээр дээрх мөнгийг нэхэмжлээд байгаагаа нотлоогүй байх тул манай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 561 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан “Дастан” ХХК-наас 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдсэн бензиний үнэ 29.695 ам.доллар, хугацаа хэтэрсний алданги 31.531,5 ам.доллар бүгд 61.226,5 ам.доллар гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-ний нэхэмжлэлийг, мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-ийг баримтлан “Хөрс Автосервис” ХХК-аас шатахууны үнэ 57.386.000 төгрөг, тээврийн хөлс 21.503.772 төгрөг, нийт 78.889.772 төгрөг гаргуулан, “Хөрс автосервис” ХХК болон “Дастан” ХХК-ний хооронд байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн “Дастан” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767.967 төгрөгийг, “Дастан” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622.600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол “Дастан” ХХК-ний эд хөрөнгийг битүүмжилсэн Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1942 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2016/00063 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Дастан” ХХК-аас 61.226,5 ам.доллар гаргуулж нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-д олгож, хариуцагч “Дастан” ХХК-ийн нэхэмжлэгчээс 78.889.772 төгрөг гаргуулах, “Дастан” ХХК болон “Хөрс автосервис” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан N914/05 тоот гэрээ, тус гэрээний “Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт”, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт” зэргийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дастан” ХХК-аас 709.898 төгрөг, төрийн сангийн 00002000941 тоот данснаас 58.069 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-д олгож, “Дастан” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622.600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767.967 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-д буцаан олгож, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дастан” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622.600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Дастан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Айнагүл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 561 дүгээр шийдвэрт үндэслэгдээгүй, үндэслэлгүй өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 212/МА2016/00063 дугаартай магадлалын 1 дүгээр заалтын “анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг....нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж...хариуцагч “Дастан” ХХК-наас 61.226,5 ам.доллар гаргуулж нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-д олгож...гэж тус тус өөрчилж...нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж“ гэсэн хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах шүүхийн магадлал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шүүх нь хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Хөрс автосервис” ХХК-ний 2014 оны 3 дугаар арын 03-ны өдөр ОХУ-ын “Ника трейд” компанитай байгуулсан 1/9 дугаартай гэрээ, нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын “Ника трейд” компаний дансанд 63.063 ам.доллар шилжүүлсэн ХААН банкны гадаад төлбөрийн баримт зэрэг үндэслэх 2 баримтыг нотлох баримтаар огт үнэлэхгүй санаатай орхигдуулж улмаар хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан үндсэн 9 ширхэг нотлох баримтад огт үндэслэгдээгүй “Дастан” ХХК-ний өмч хөрөнгийг нь хууль бусаар эзэмших, бизнесийн хэвийн үйл ажиллагаанд нь гэм хор, саад учруулах зорилгоор ”Хөрс автосервис” ХХК-ний шүүхэд гаргасан үндэслэлгүй нотлох баримтгүй нэхэмжлэл, хууль бус үйлдлийг дэмжих зорилго агуулсан, нэг талыг барьсан дүгнэлт магадлал үйлдсэн.

Харин “Хөрс автосервис” ХХК-наас захиалсан бензиний үнийг огт хүлээж аваагүй тээвэрлэгч үүрэгтэй байсан “Дастан” ХХК-ийг бензиний үнийг хүлээж авсан гэж үндэслэх нотлох баримтгүй буруутгаж, “Хөрс автосервис” ХХК-наас ямар ч мөнгө төгрөг хүлээж аваагүй “Дастан” ХХК-ийг үнийг төлсөн бензинийг” дутуу нийлүүлж гэрээний үүргээ зөрчсөн” гэж нотлох баримтгүй зохиомол худлаа дүгнэлт хийсэн.

Улмаар хэргийн үнэн байдалд нийцээгүй уг дүгнэлтийг үндэслэн ямар ч төлбөр аваагүй “Дастан” ХХК-аас дутуу нийлүүлсэн бензиний үнэ, гэрээний үүргээ зөрчсөний торгууль гаргуулахаар нотлох баримтгүй магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Давж заалдах шүүх нь Хөрс автосервис ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь “Дастан” ХХК-тай 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 14/05 дугаартай гэрээ, уг гэрээний 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хавсралтын 2 дугаар заалтад огт үндэслэгдээгүй байгааг хянаж үзээгүй санаатай орхигдуулж хэрэгт авагдсан 9 ширхэг нотлох баримтыг огт үнэлээгүй, буруу дүгнэлт хийсэн.

Давж заалдах шүүх нь магадлалдаа “Хөрс автосервис” ХХК-ний 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ОХУ-ын “НИКА трейд” компанитай байгуулсан 1/9 дугаартай гэрээ, уг гэрээний дагуу “Хөрс автосервис” ХХК-ний 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын “Ника трейд” компаний дансанд шилжүүлсэн 63.063 ам.долларын ХААН Банкны гадаад төлбөрийн баримт зэрэг 2 баримтыг огт үнэлэхгүй санаатай орхигдуулж, хэрхэн үнэлж байгаа талаар огт дурдаагүй.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар хэргийг хянан хэлэлцэж, тус хурлаас 561 дугаартай шийдвэр гаргахдаа хэргийг бүх талаас нь хянан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүхэлд нь зөв үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

-Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 110/ШШ2016/0026 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохыг нотлох үндэслэл баримтуудын талаар:

Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхийн шүүгч 2014 оны 226 өдрийн 14\05 дугаартай гэрээ, уг гэрээний хавсралт, ХААН Банкны гуйвуулгаар “Хөрс” ХХК-ны 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн гадаад төлбөрийн шилжүүлгээр “Ника трейд” компаний дансанд 63.063 ам.доллар шилжүүлсэн баримт, “Хөрс авто трейд” ХХК-ний ОХУ ын бийск хотын Ника трейд компанитай 2014 оны 3-р сарын 03-ны өдөр байгуулсан 1\9 дугаартай гэрээ, уг гэрээний дагуу төлбөр тооцоо хийх гэрээний үүргээ зөрчсөний хариуцлага тооцох журмыг заасан 6.1,7.1,9.1 заалтууд болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан 9 ширхэг нотлох баримтад үндэслэгдсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

-Давж заалдах шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, анхан шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи 9 нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь бүхэлд нь зөв үнэлэхгүй санаатай орхигдуулж, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой уг баримтуудыг бүхэлд санаатай үгүйсгэсэн дүгнэлт үйлдэж, 2014 оны 14\05 дугаартай гэрээ болон түүний хавсралтын заалт бүрийг нэг бүрчлэн судалж үзээгүй, нарийн шинжлэхгүй орхигдуулж, анхан шатны шүүхийн гаргасан дүгнэлтийн үндэслэх 5 заалтыг нэг бүрчлэн үндэслэлтэй хянаж үзээгүйн улмаас хэрэгт авагдсан дээрх 9 нотлох баримтад огт үндэслэгдээгүй нэг талыг барьсан буруу дүгнэлт үйлдэж, улмаар Дастан ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх хуульд заасны дагуу өөрт нь олгогдоогүй, “Дастан” ХХК-ний өмнөөс тооцоо нийлэх, гэрээ болон бусад хэлцэл хийх эрх мэдэл хуульд заасны дагуу олгогдоогүй Тоноян М.В гэгч этгээдээр гаргуулж авсан гэж нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, нотариатаар зохих ёсоор гэрчлүүлээгүй, уг баримтад чухам хэн гарын үсэг зурсан нь тодорхой бус, баримтанд байгаа гарны үсэг хэний гарын үсэг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, “Дастан” ХХК-ний тамга тэмдгээ баталгаажуулаагүй, хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус баримтыг магадлалын үндэслэл болгосон.

-Нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК нь 2014 оны 14\05 дугаартай “Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хавсралтын 2 дугаар заалтад заасан төлбөр хийх нөхцөлийн дагуу захиалсан бензиний төлбөр 63.063 долларыг 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Бийск хотын “Ника” компаний дансанд огт шилжүүлж байгаагүй 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Бийск хотын “Ника” компанид ямар нэгэн хэмжээний төлбөр шилжүүлж байсныг нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байгаа хэргийн жинхэнэ байдлаараа огт үндэслэлгүй, үндэслэх нотлох баримтгүй болох нь нотлогдож байна.

-Нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК нь ОХУ -ын Бийск хотын “Ника трейд” компанитай 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 1\9 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд уг 1\9 дугаартай гэрээний дагуу 2014 оны 3 дугаар сараас хойш 2014 оны 8 дугаар сарын 28-ны хүртэлхи 5 сар гаруй хугацаанд “Ника” компанид дээрхи 1\9 дугаартай гэрээний нөхцөлийн дагуу захиалсан шатахууны үнийг төлж ОХУ-ын Бийск хотын “Ника трейд” компани нь уг 1\9 дугаартай гэрээний нөхцөлийн дагуу “Хөрс автосервис” ХХК-д шатахуун нийлүүлж хооронд бараа худалдах, худалдан авах гэрээтэй уг 2 компани байнгын харилцаатай бизнесийн үйл ажиллаагаа явуулж ирсэн нь “Хөрс автосервис” ХХК-ний тамга, захирал Ч.Гантулгын гарын үсгээр гэрээний хуудас бүрийг баталгаажуулсан хэрэгт авагдсан 2014 оны 3 дугаар сарын 03 -ны өдрийн 1\9 дугаартай гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-ний ОХУ-ын “Никатрейд” компанитай байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1\9 дугаартай дээрхи гэрээний 6 дугаар заалтын 6.1, 7.1, 9.1-д тус тус зааснаар маргааныг талууд хэлэлцэн тохиролцох аргаар шийдвэрлэнэ.

Жинхэнэ байдлыг нотлоход чухал ач холбогдолтой “Ника трейд” компаний 2014 оны 1\9 дугаартай гэрээ болон ХААН банкны гадаад төлбөрийн баримтыг хяналтын шатны шүүхээс үндэслэлтэй хянаж нэхэмжлэгч “Хөрс” ХХК-ний ОХУ-ын “Ника трейд” компанитай 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1\9 дугаартай гэрээ, нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-наас ХААН Банкаар дамжуулсан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Ника трейд” компанид 63.063 ам.доллар шилжүүлсэн гадаад төлбөрийн баримтыг хэргийг нотлох баримтаар зөв үнэлж шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгохыг хяналтын шатны шүүхээс хүсч байна.

-Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй, 2014 оны 14\05 дугаартай гэрээний хавсралтад заасан нөхцөлийн дагуу “Дастан” ХХК-ний дансанд захиалсан бензиний үнийг огт төлөөгүй болохыг хэрэгт авагдсан нотлох баримтыг сайтар судалж үзсэний үндсэн дээр судалж мэдсээр байж нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК нь нэгэнт захиалсан бензиний үнийг “Дастан” ХХК эсвэл ОХУ-ын “Ника” компаний дансанд огт төлөөгүй, гэрээний үүргээ огт биелүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байгаа нөхцөлд цаашид талуудын гэм бурууг тогтоох, чухам аль тал гэрээний үүргээ зөрчсөнийг тогтоох, хэргийг нотлоход огт ач холбогдолгүй “иргэн Тонояны В.М-аар гаргуулж авсан “тооцооны баримт” гэгч хуулийн шаардлага хангаагүй баримтыг үндэслэл болгож давж заалдах шатны шүүхийн “захиалгаар үйлдсэн” зохиомол агуулгатай үндэслэх нотлох баримтгүй магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж, анхан шатны шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна.

-Нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1\9 дугаартай гэрээ байгуулснаас хойш уг 1\9 дугаартай гэрээний нөхцөлийн дагуу захиалсан шатахууны төлбөрийг шилжүүлж байнгын харилцаатай ажиллаж ирсэн ОХУ-ын Бийск хотын “Ника трейд” компанитай худалдан авах бензиний үнийг харилцан тохиролцож “Ника трейд” компанитай 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан дээрхи 1\9 дугаартай гэрээний дагуу захиалсан бензиний үнэ 63.063 ам.долларыг 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкаар дамжуулан “Ника трейд” компаний дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан ХААН банкны гадаад төлбөрийн баримтаар нотлогдсоныг үндэслэл болгож анхан шатны шүүх нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-ний шүүхэд гаргасан үндэслэх нотлох баримтгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

-ОХУ-ын “Ника” компани нь нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-наас 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бензиний төлбөр 63.063 ам.долларыг огт хүлээж аваагүй болох талаар ОХУ-ын “Ника” компаний менежер Блиново.Н.В-ийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан үнэн зөв мэдүүлэг, мөн ОХУ-ын “Ника” 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-наас 63.063 ам.долларын төлбөр огт хүлээж аваагүй болох талаар гаргасан тодорхойлолт, нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-ний ОХУ-ын “Ника трейд” компанитай 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээ зэрэг нь хэрэгт авагдсан, хэргийг хянах нотлоход чухал ач холбогдолтой 3 нотлох баримтыг давж заалдах шүүх нотлох баримтаар үнэлэхгүй санаатай орхигдуулсан.

Үнэн хэрэг дээр “Хөрс автосервис” ХХК нь “Ника трейд” компанитай 2014 оны 1\9 дугаартай гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Ника трейд” компанид шилжүүлсэн бензиний үнээс худалдагч “Ника трейд” компаний 2014 оны 1\9 дугаартай гэрээний үүргээ зөрчиж дутуу нийлүүлсэн бензиний үнэ 29.695 ам.долларыг уг 1\9 дугаартай гэрээний заалтад огт холбогдолгүй этгээд “Дастан” ХХК-наас нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон учраас анхан шатны шүүх “Хөрс автосервис” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“Хөрс автосервис“ ХХК нь “Дастан” ХХК-тай байгуулсан 2014 оны 14\05 гэрээ, уг гэрээний 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хавсралтын 2 дугаар заалтын дагуу ОХУ-аас импортлохоор захиалсан бензиний үнийг “Дастан” ХХК-ний данс эсвэл ОХУ-ын Бийск хотын “Ника” компаний дансанд огт шилжүүлээгүй бөгөөд ямар нэгэн хэмжээний төлбөрийн шилжүүлэг хийснийг нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байна.

-“Дастан” ХХК нь 2015 оны 14\05 дугаарийн гэрээний хавсралтад заасан нөхцөлийн дагуу тухайн үед “Хөрс автосервис” ХХК-д ОХУ-ын Бийск хотын “Ника трейд” компанид захиалсан бензиний төлбөр 63.063 ам.долларыг шилжүүлэх хүсэлт огт гаргаж байгаагүй, гэрээнд заасны дагуу мөнгө шилжүүлэх зөвшөөрөл өгч байгаагүй, захиалсан бензиний төлбөр хийх талаар “Хөрс автосервис” ХХК-д ямар нэгэн нэхэмжлэл гаргаж байгаагүй бөгөөд “Дастан” ХХК нь тийм хүсэлт гаргасан, зөвшөөрөл олгосон эсвэл нэхэмжлэл гаргаж байсныг нотлох ямар нэгэн баримт хэрэгт огт авагдаагүй байгаа хэргийн жинхэнэ үнэн байдлаараа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан. “Дастан” ХХК-ний хүсэлтээр ОХУ-ын Бийск хотын “Ника трейд” компанид 63.063 ам.доллар шилжүүлсэн” тухай тайлбар нь бодит үнэнд нийцээгүй, нотлох баримтгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх” талаар заасан ИХШХШТХ-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэсгийг ноцтой зөрчсөн худлаа тайлбар болох нь нотлогдож байна.

-“Дастан” ХХК нь өөрийн ШТС-аар шатахууныг жижиглэнгээр борлуулах, гэрээний дагуу захиалсан, үнийг нь төлсөн шатахууныг бусад компанид гэрээний дагуу өөрийн тээврээр тээвэрлэж хүргэж өгөх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд ОХУ-аас “Ника трейд” компаний ачуулсан бензинийг худалдан авагч “Хөрс автосервис” ХХК-д өөрийн тээврээр хүргэж өгөх үүргээ гүйцэтгэсэн бөгөөд худалдан авагч “Хөрс автосервис” ХХК болон худалдагч “Ника трейд” компаний хоорондын тооцоо, дутуу нийлүүлсэн бензиний үнийн асуудал захиалсан бензиний үнэ 63.063 ам.долларыг огт хүлээж аваагүй ачаа тээвэрлэгч “Дастан” ХХК-д огт холбогдолгүй асуудал учраас нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК нь ОХУ-ын “Ника трейд” компаний дутуу нийлүүлэн бензиний үнийг зөвхөн ачуулсан бензинийг дагалдах баримтад заасан тоо хэмжээний дагуу бүрэн бүтэн тээвэрлэж хүргэж өгөх үүрэгтэй тээвэрлэгч “Дастан” ХХК-аас нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй, үндэслэх нотлох баримтгүй нэхэмжлэл болохыг хэрэгт авагдсан нотлох баримт, 2014 оны 14\05 дугаарын гэрээ болон түүний хавсралтад заасан үүргийг үндэслэн зөв үнэлж дүгнэхийг хяналтын шатны шүүхээс хүсч байна. Нэгэнт ”Хөрс автосервис” ХХК нь гэрээ болон түүний хавсралтын дагуу захиалсан бензиний үнийг “Дастан” ХХК эсвэл “Ника” компаний дансанд шилжүүлэх үүргийг биелүүлээгүй, бензиний үнийг дээрхи 14\05 гэрээ түүний хавралтад огт холбогдолгүй “Ника трейд” компанид түүнтэй 2014 оны 1\9 дугаартай гэрээний дагуу шилжүүлсэн учраас “Дастан” ХХК нь зөвхөн захиалсан бензиний тээвэрлэж хүргэж өгөх үүргээ гүйцэтгэж байсныг нотлох баримтаар зөв үнэлэхийг хяналтын шатны шүүхээс хүсч байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар үнийг шаардах эрх үүсэх үндэслэлтэй. Гэтэл “Хөрс автосервис” ХХК нь “Дастан” ХХК захиалсан бензиний үнийг огт шилжүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй мөртлөө “Дастан” ХХК нь үнийг нь төлсөн бензинийг дутуу нийлүүлсэн мэтээр үндэслэх нотлох баримтгүй нэхэмжлэл гаргаж “Дастан” ХХК-ний бизнесийн нэр хүнд, өмч хөрөнгөд халдаж, “Дастан” ХХК-ний ШТС-ийг шүүгчийн Захирамж, шүүхийн тогтоолоор үндэслэлгүй битүүмжлүүлж “Дастан” ХХК-ний ШТС-аар шатахуун борлуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах, өөрийн өмчлөлийн хөрөнгөө чөлөөтэй ашиглах, эзэмших хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой саад учруулж давж заалдах шүүхээр үндэслэх нотлох баримтгүй магадлал гаргуулсан.

-ОХУ-ын “Ника” 000 болон “Ника трейд” 000 гэгч 2 компани нь хоёр өөр тусдаа компани болох нь ОХУ-ын Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах, “Хөрс автосервис” ХХК-ний “Ника трейд” компанитай байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1\9 дугаартай гэрээ, мөн ОХУ-ын “Ника” компанитай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1 дугаартай гэрээ зэрэг 4 нотлох баримтаар тус тус нотлогдсон байхыг нотлох баримтаар зөв үнэлэхийг хүсч байна.

Харин нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК дээрхи 2 компаний аль алинтай ч гэрээтэй ажиллаж шатахуун авч байсан атлаа 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Ника трейд” гэгч компанид шилжүүлсэн бензиний үнээс төлбөр хүлээж авсан худалдагч “Ника трейд” компани дутуу нийлүүлсэн гэж шүүхэд мэдүүлж байгаа 29.695 ам.долларын бензиний үнийг тээвэрлэгч үүрэг гүйцэтгэж байсан “Дастан” ХХК-наас нэхэмжилсэн нь үндэслэх нотлох баримтгүй нэхэмжлэл болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэхүү магадлал нь үндэслэлтэй болох нь “Ника трейд” компаниас 29.695 ам.долларын бензинийг дутуу хүлээж авсан гэж шүүхэд мэдүүлж тээвэрлэгч “Дастан” ХХК-д үндэслэх нотлох баримтгүй 61.226,5 долларын нэхэмжлэл гаргаж байгаа “Хөрс” ХХК -нь “Ника трейд” өөрийн сайн түнш компаний дутуу нийлүүлсэн гэж үзэж байгаа бензиний үнэ 29.695 ам.долларыг өөрийн тусдаа байгуулсан гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч түнш “НИКА ТРЕЙД” компанид 63.063 ам.долларын төлбөр шилжүүлсэн гадаад төлбөрийн баримт 2014 оны 1\9 дугаартай гэрээ, уг гэрээний талуудын төлбөр тооцоо хийх, хариуцлага тооцох 6.1, 7.1, 9.1-д заасан нөхцөл журам зэрэг нотлох баримтыг үндэслэн ОХУ-ын Алтай хязгаар улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж 63.063 долларын төлбөр авсан “Ника трейд” компаниас 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнгөрсөн 2 жил 5 сарын хугацаанд дээрхи 1\9 дугаартай гэрээний нөхцөл журмын дагуу яагаад огт нэхэмжилж болоогүй байгаагийн бодит шалтгаанаар тайлбарлагдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тайлбар хийхэд Хөрс Авто сервис ХХК нь Ника Трейд компанитай 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1/9 дүгээр шатахуун худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд заасны дагуу Хөрс Автосервис ХХК нь Ника Трейд компаниас шатахуун худалдан авах зорилгоор 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн дансанд 63.063 ам.доллар шилжүүлсэн байдаг.

Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүх Хөрс Автосервис ХХК нь Дастан ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэж бодит байдалтай нийцээгүй. Нэхэмжлэгч “Хөрс Астосервис” ХХК нь хариуцагч “Дастан” ХХК -иас шатахуун худалдан авах тохиолдолд төлбөрийг дээрх гэрээний хавсралтын 2, 3-т заасны дагуу гаалийн бүрдүүлэлт хийсний дараа шилжүүлэх естой.

Шатахууны гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байхад буюу 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөрс Автосервис ХХК нь Дастан ХХК-иас шатахуун худалдан авах зорилгоор түүний зөвшөөрснөөр 63.063 ам.долларыг ОХУ-ын Ника Трейд компанид шилжүүлсэн. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажилгааны явцад Ника Трейд гэх компани нь гуравдагч этгээдээр татагдаагүй байхад давж заалдах шатны шүүх уг компанийг гуравдагч этгээд гэж үзэн, уг компанид шилжүүлсэн Хөрс Автосервис ХХК-ийн мөнгөн төлбөрийн хариу үүргийг “Дастан” ХХК-д хамаатуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих есоор биелүүлээгүй этгээдийг хэлдэг. Гэтэл энэхүү хэргийн хариуцагч нь “Дастан” ХХК биш бөгөөд нэхэмжлэгч “Хөрс Автосервис” ХХК-ийн шилжүүлсэн 63 мянган ам.долларыг хүлээн авч, шатахуун нийлүүлэх үүрэг хүлээсэн этгээд нь “Ника Трейд” ХХК юм. Иймээс “Хөрс Автосервис” ХХК нь ОХУ-ын “Ника Трейд” компанитай 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1/9 дүгээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн маргаанаа ОХУ-д Арбитраар шийдвэрлүүлэх ёстой.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй, “Дастан” ХХК-д захиалсан бензиний үнийг огт төлж байгаагүй болохыг нотлох хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг тал бүрээс нь нэг бүрчлэн шинжлэн үзэж, бүхэлд нь зөв үнэлж хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн үндэслэлтэй дүгнэлт хийж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан. Давж заалдах шүүхийн дүгнэлт, магадлал нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан бүх нотлох баримтад үндэслэгдээгүй, хариуцагч Ж.Айнагүл миний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хуулийн шаардлага хангасан нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-ний ОХУ-ын “Ника трейд” компанитай байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1\9 дугаартай гэрээ, ОХУ-ын “Ника трейд” компаний улсын нэгдсэн бүртгэлийн лавлах баримт, ХААН банкны салбарын “Хөрс автосервис” компаний данснаас “Ника Трейд” компаний дансанд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн гадаад гүйлгээний 63063 долларын баримт зэрэг үндэслэх нотлох баримтыг санаатай үгүйсгэж, хэргийг нотлоход чухал ач холбогдолтой нотлох баримтаар огт үнэлэхгүй санаатай орхигдуулсан мөртлөө, Дастан “ХХК-ний 2014 оны 14\05 дугаартай гэрээ, уг гэрээний 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хавсралт зэрэг хуулийн шаардлага хангасан нотлох баримтад огт үндэслэгдээгүй ИХШХШ тухай хуулийн 116.2, 116.3 дугаар зүйл хэсэгт заасан давж заалдах шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй магадлал байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгч ”Хөрс” ХХК нь”... гэрээний үүргээ ...хүлээлгэж өгөх замаар биелүүлсэн” гэж худлаа дүгнэсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүхээс үндэслэлтэй хянаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК нь хариуцагч “Дастан” ХХК-д холбогдуулан бензиний үнэд шилжүүлсэн 29.695 ам.доллар, алданги 31.531,5 ам.доллар нийт 61.226,5 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “Дастан” ХХК нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг тул бензин худалдаагүй гэж марган, улмаар шатахууны үнэ 57.386.000 төгрөг, тээврийн хөлс 21.503.772 төгрөг нийт 78.889.772 төгрөг гаргуулах, 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, 2014 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан ба 2014 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн хавсралтаар хариуцагч “Дастан” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 27-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 02-ны хооронд 86795 литр буюу 62926 кг А-80 бензинийг 1 тонныг нь Бийск нөхцлөөр 1001 ам.доллараар нийлүүлэх, тээврийн хөлсийг Бийск Баян-Өлгий 1 литрийг 2 рубль, Бийск Ховд 1 литрийг 2,4 рублиэр тооцох, нэхэмжлэгч нь нийлүүлсэн бензиний үнэ, тээврийн хөлсийг төлөхөөр тус тус харилцан тохирсон, өөрөөр хэлбэл гэрээний гол нөхцөл болох нийлүүлэх бензиний тоо, хэмжээ, үнэ, тээвэрлэх нөхцөл, тээврийн хөлсний хэмжээ зэргийн талаар тодорхой тусгасан байх тул зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

“Хөрс автосервис” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 28-ний өдөр ХААН банкны гадаад гуйвуулгын даалгаврын баримтаар 63.063 ам.долларыг ОХУ-ын Бийск хотын “Ника трейд” ХХК-д шилжүүлсэн, “Дастан” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 8, 9, 22, 2015 оны 1 дүгээр сарын 02-ний өдрүүдэд нийт 40990 литр бензин нийлүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Худалдан авагч нь хүлээн авсан бензиний үнийг “Дастан” ХХК-д төлсөн эсэх, мөн хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг бензиний үнийг гэрээний хавсралтад зааснаар “Ника” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй атал “Ника трейд” ХХК буюу өөр этгээдэд шилжүүлж, гэрээний үүргийг зөрчсөн, бензиний үнийг төлөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ болон Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох тухай хавсралтуудад хариуцагчийг төлөөлж “Дастан” ХХК-ийн захирал Ж.Айнагүл, мөн тус компанийн менежер Тоноян М.В нар гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан байх ба Тоноян М.В-тай гэр бүлийн харилцаатай болохоо Ж.Айнагүл үгүйсгээгүй байна.

2014 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох тухай хавсралтад бензиний үнийг “Ника” ХХК-д шилжүүлэхээр заасан,  “Хөрс авто сервис” ХХК нь 63.063 ам.долларыг “Ника трейд” ХХК-д шилжүүлэх болсон үндэслэлийн талаар  “...худалдан авагч, ачаа хүлээн авагч “Дастан” ХХК гэсэн хаягийг факсаар ирүүлсэн, ...энэ баримтад  Оросын талаас ачаа илгээгч нь “Ника трейд” ХХК, худалдан авагч нь “Дастан” ХХК байсан, ...хариуцагчийн  өөрийнх нь зааж өгсөн этгээдэд шилжүүлсэн... “ гэсэн тайлбар гаргаж, ХААН банкны гадаад гуйвуулгын даалгавар, “Ника трейд” ХХК-ийн захирал Блинова Н.В-гийн нарын үсэг бүхий баримтыг шүүхэд ирүүлжээ /хэргийн 2 дугаар хавтас 326-330 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч дээрх тайлбар, баримтыг  нотлох баримтаар няцааж чадаагүй байна.  

ОХУ-ын “Ника” ХХК, “Ника трейд” ХХК нь тус тусдаа хуулийн этгээд болох баримт хэрэгт авагдсан бөгөөд гэрээний оролцогч “Дастан” ХХК-ийн менежер Тоноян М.В дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчид 40990 л бензин нийлүүлсэн, мөн үлдэх тооцоог хийхийг хүлээн зөвшөөрсөн баримтаас үзэхэд шатахууны үнийг “Ника трейд” ХХК-д шилжүүлсэн “Хөрс авто сервис” ХХК-ийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байна /хэргийн 2 дугаар хавтас 276-278 дугаар тал/.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгч болох тул нэхэмжлэгч нь бензиний үнийг гэрээнд заасан этгээдэд шилжүүлсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, харин хариуцагч бензинийг тохиролцсон хугацаанд нийлүүлээгүй бөгөөд гэрээнд заасан хугацаанаас хойш нийлүүлсэн 40990 л бензинийг нэхэмжлэгч хүлээн авчээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрөөс хүлээн авсан бензиний үнийг хасч 29.695 ам.долларыг хариуцагчаас гаргуулахдаа хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн байна.  

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд гэрээний 6.6-т “аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн дүнд хоногийн 0.5 хувийн алданги төлнө” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, “Дастан” ХХК тогтоосон хугацаанд бензин нийлүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон, 2014 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох тухай хавсралтад заасан хугацаанд бензинийг нийлүүлээгүй тул алданги төлөх үүрэгтэй.  Гэвч хариуцагч тодорхой хэмжээний бензин нийлүүлсэн байх тул энэ байдлыг харгалзан алдангийг  биелүүлээгүй үүрэг болох  29.695 ам.доллароос тооцон,  түүний 50 хувь буюу  14.847,5 ам.долларыг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 44.542,5 ам.долларын шаардлагыг хангах нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

“Хөрс автосервис” ХХК нь ОХУ-ын “Ника трейд” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, “Ника” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээ хэрэгт авагдсан байх боловч эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Хариуцагч “...нэхэмжлэгч нь “Ника трейд” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт 63.063 ам.доллар шилжүүлсэн гэж тайлбарлаж буй боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн баримт бүрийг үнэлж, энэ талаарх дүгнэлтийг магадлалд тодорхой тусгасан байх тул хариуцагчийн “...2014 оны 2 дугаар сарын 26-ний өдрийн 14/05 дугаартай гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн “Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох” хавсралт, “Хөрс автосервис” ХХК-ийн “Ника трейд” ХХК болон “Ника” ХХК-тай байгуулсан гэрээ, “Ника трейд” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 63.063 ам.долларын гадаад төлбөрийн баримт, гэрч Блиново Н.В-ийн шүүхэд гаргасан тодорхойлолт, мэдүүлэг, ОХУ-ын улсын нэгдсэн бүртгэлийн газраас олгосон хуулийн этгээдийн лавлагаа зэрэг 9 баримтыг үнэлээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2016/00063 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...61.226,5 /жаран нэгэн мянга хоёр зуун хорин зургаа аравны тав/” гэснийг “44.542,5 /дөчин дөрвөн мянга таван зуун дөчин хоёр аравны тав/” гэж, “709.898 /долоон зуун есөн мянга найман зуун ерэн найм/” гэснийг “559.494” /таван зуун тавин ес мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 662.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ