Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 315/ШШ2026/00220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дугаар багт оршин суух,  *******ийн *******ын 

талийгаач *******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь талийгаач *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний бие нөхөр *******тай 2004 оноос хойш хамтран амьдарсан. Бид айл гэр болохдоо хэн хэн нь нэг, нэг дагавар хүүхэдтэй байсан. Манай нөхөр ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Бид гэрлэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 06-нд бүртгүүлсэн. Талийгаач нөхрийнхөө тэтгэврийн 20 хувийг өвлөж авах гэхээр 20 жил хамт амьдарсан байх ёстой гээд хамтын амьдралтай байснаа шүүхэд тогтоолгох шаардлагатай болсон. Тиймээс бидний 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******, Ш.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, *******ын нас барсны бүртгэлийн дэвтэр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, *******ын малын тооллогын хуудас, *******, Ш.******* нарын 2016 онд авахуулсан гэр бүлийн гэх зураг, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2026.02.27-ны өдрийн 03-10/1550 дугаартай 2010 оны хүн амын тооллогын лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.  

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь талийгаач *******тай 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Ширжиндоржийн ******* нь *******ы Батбаяр (талийгаач)-тай 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, *******, Ш.******* нарын 2019.09.06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, *******ын 2025.11.14-нд нас барсныг бүртгэсэн бүртгэлийн дэвтэр, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2026.02.27-ны өдрийн 03-10/1550 дугаартай 2010 оны хүн амын тооллогод өрхийн тэргүүн *******, эхнэр Ш.******* гэж бичигдсэн бичиглэл бүхий лавлагаа (хх 5-7х), 

5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Миний төрсөн дүү *******ийн ******* нь *******ы Батбаяр гэж хүнтэй 2005 оны үед гэр бүл болсон. Ш.*******, ******* нар гэр бүл болохдоо нэг нэг хүүхэдтэй хоёр талаасаа нийлж байсан. Гэр бүл болоод Мөнххаан сумын 3-р багийн нутаг Цээл цагаан нуур гэх газарт мал маллаж амьдарч байсан. Ш.******* тэтгэвэрт гараад 2-3 жил болж байгаа. Тэтгэвэрт орохын тулд гэрлэлтээ батлуулсан байх шаардлагатай гэж байсан учраас 2019 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Түүнээс өмнө ямар шалтгаанаар гэрлэлтээ батлуулаагүйг бол мэдэхгүй. Манай дүү Ш.******* өмнө нь өөр хүнтэй гэр бүл байсан. Тэр хүн нь 2000 оны үед нас барсан. Гэрлэлтээ бүртгүүлэхэд тэр нь нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй. Хүү нь тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авдаг байсан. гэх мэдүүлэг (хх-35х), 

6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Ш.******* нь манай дүү *******тай 2005 оны үед гэр бүл болж, Мөнххаан сумын Цээл гэх газар хурим найр хийж байсан. Тухайн үед манай аав ******* Бүрэнцогт сумын уурхайгаас Ш.*******ыг бэр гуйж авчирч байсан. Ш.*******ын аав нь Бүрэнцогтын уурхайд багшаар ажиллаж байсан. Ш.*******, ******* хоёр дундаасаа бол хүүхэдгүй. Харин гэр бүл болохдоо хоёулаа нэг нэг хүүхэдтэй, хоёр талаасаа нийлж байсан. Яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар бол мэдэхгүй. *******, Ш.******* нар Мөнххаан сумын Цээл, Цагаан нуур зэрэг газруудаар нутагладаг, малчин өрх байсан. Манай дүү ******* 2025 оны 11 дүгээр сард өвчний улмаас нас барсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-36х), 

7. Иймд Ш.******* нь талийгаач *******тай 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

8. Харин нэхэмжлэгчийн талийгаач *******тай 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2010 оныг хүртэл хамтын амьдралтай байсан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан хүн амын тооллогын баримт, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, байх тул дан ганц гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ.

Учир нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багийн Засаг даргын 2025.12.17-ны өдрийн 106 дугаартай тодорхойлолтод Ш.******* нь нөхөр *******тай 2004 оноос хойш гэр бүл болон амьдарч байсан нь үнэн гэх боловч тухайн тодорхойлолтыг гаргасан нотлох баримтын эх үүсвэр тодорхойгүй, Хүн амын тооллогын бүртгэлд *******ын ам бүлд Ш.******* нь 2010 оноос эхлэн бүртгэгдсэн байх бөгөөд 2004-210 оныг хүртэл хамтын амьдралтай байсан нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн болно. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Ширжиндоржийн ******* нь *******ы Батбаяр (талийгаач)-тай 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.   

2. Нэхэмжлэгч Ш.******* нь талийгаач *******тай 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2010 оныг хүртэл хамтын амьдралтай байсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА