Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч/хохирогч Э.Ч

шүүгдэгч/хохирогч Д.Хнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн __________ нарт холбогдох эрүүгийн ___________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны гадаа иргэн Д.Х-тэй “таксины төлбөрөөс болж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Хнь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны гадаа иргэн Э.Чтэй таксины төлбөрөөс болж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хмэдүүлэхдээ:

“...Би Э.Ч-ийг цохиогүй. Яагаад түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан бэ гээд гайхаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өргөдөл гаргаж байсан. Ямар учраас бид хоёрын дүгнэлт 14 хоногийн зайтай гарч байна вэ. Миний хавирга хугарсан байхад яагаад хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргасныг нь тодруулах хүсэлттэй байсан боловч тодорхой хариу өгөөгүй. Би эмчилгээний зардалд Э.Чгээс 180.000 төгрөг нэхэмжилж байна...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Хмэдүүлэхдээ:

“...Э.Ч- намайг заамдаж татахдаа цамцыг минь урсан. Мөн миний утасны дэлгэц хугарсан байсан. Томограф зураг авахуулсан төлбөрийг нэхэмжилж байна. Би холбогдох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа Чагнаасүрэнгээс 180.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ч мэдүүлэхдээ:

“...Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа гэрт харих замд таксинд барьсан. Тэгээд миний байнга явдаг, 3500 төгрөг гардаг газарт 4500 авна гэсэн юм. Би учрыг нь асуухад оройн цаг болсон байна, километрийг нь 1000 төгрөгөөр тооцно гэсэн. Тэгэхэд би орой болоогүй байна. Та анх намайг суухад 1000 төгрөгөөр явж байгаа гэдгээ хэлэхгүй яасан бэ гээд мөнгөө өгөөд машинаас бууж алхтал миний араас бууж ирээд мөнгөө өг гээд маргалдсан. Миний гар цүнхийг булаасан болохоор би цагдаа дуудна гээд утсаа гаргаж ирсэн. Тэгэхэд чамайг суусан газарт чинь хүргэж өгнө гэхээр нь машинд суухад миний нүдний шилэн дээр цохисон. Миний шил хагараад нүдэнд шил орсон...” гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Чгийн өгсөн:

“...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн “Орчлон” сургуулийн урдаас Приус-20 маркийн автомашинд нарны хороолол руу хүргүүлье гэж хэлээд суусан. Нарны хорооллын 17-р байрны гадаа Төгөл дэлгүүрийн үүдэнд зогсоод хэдэн төгрөг өгөх вэ гэсэн чинь 4.500 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би 3.500 гардаг газар яагаад ийм өндөр гарч байгаа юм бэ гэхэд зам түгжрээтэй оройн цагаар би 1.000 явдаг. Би байнга оройн болон өдрийн цагаар такси барьж ирэхэд 1 км нь 800 төгрөгөөр л явдаг. Анхнаасаа 1.000 төгрөгөөр явна гэдгээ хэлэхгүй яасан юм бэ гээд 3.500 төгрөгөө өгөөд би буусан. Тэгсэн чинь энэ чинь хэдэн төгрөг юм бэ гэхээр нь би 3.500 гардаг газар 3.500 гарлаа гээд дэлгүүр лүү орох гэтэл миний пальтоны энгэрээс татаад чи ядаж 500 төгрөг нэмж өг гэхээр нь би өгч чадахгүй ээ би чамд явсан километрийн мөнгөө өгнө гэж бид 2 маргалдсан. Над руу тэр хүн салаавч гаргаад чам шиг газрын бэтэг 500 төгрөгөн дээр гороогоод гээд гаргасан салаавчаараа миний уруул руу самардаад байсан. тэгээд би автомашиных нь ноймрыг хараад цагдаа дуудах гэтэл миний утсыг булаацалдаад байсан. Тэгээд бид 2 дахин маргалдсан. Би буцаад автомашинд нь суугаад анх суусан газраа очье гэхэд миний нүд рүү биеэ халхалж байгаад цохиход миний нүдний шил хагарсан. Тэгэхлээр нь би тэр залууг цамцных нь энгэр дээрээс барьж байгаад цааш нь түлхээд автомашиныг нь цоожилж байгаад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа руу ярьж дууссаны дараа тэр залуу автомашинаа онгойлгоод машиндаа суучихаад миний уруул руу 2 удаа цохисон нүүр лүү мөргөсөн. 2 удаа уруул руу цохиход би эсэргүүцэл үзүүлж хүзүү цамцнаас нь зулгааж бид 2 ноцолдсон. Тэгээд 1 залуу та нар болиоч гэж хэлээд бид 2-г салгасан. Тэгсний дараа би дахиж цагдаа руу залгаад энэ чинь намайг дахиад нэмээд зодлоо гэсэн. Тэгээд 15 минутын дараа 2 цагдаа ирээд бид 2 2-уулаа гомдолтой байна гэхэд цагдаагийн хэлтэс рүү хүргэсэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 38-40, 76-77/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Х-гийн өгсөн:

“...Би шүүх эмнэлгийн дүгнэлтэд заагдсан гэмтлийг учруулаагүй. Учруулах ч боломж байгаагүй. Чагнаасүрэн миний машинд сууж явчихаад 500 төгрөг дутуу өгөхөөр нь мөнгө тань дутуу байна шүү дээ гэхэд май гээд салаавчаа өгчихөөд мөнгөө шидчихээд буухаар нь би хойноос нь очоод мөнгө чинь дутуу байна шүү дээ гэхэд бас л хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хх-н 52-53/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Х-гийн өгсөн:

“...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчимд Чингис зочид буудлын орчимд явж байтал үл таних залуу такси барих гээд зогсож байхаар нь аваад хаана хүрэх талаар асуутал Нарны хороолол орно гэсэн. Тэр залууг аваад Нарны хороололд буулгаад таксины төлбөр 4.500 төгрөг боллоо гэтэл 1 километрыг нь 1000 төгрөгөөр бодоод байгаа юм уу гэж хэлэхээр нь би оройн цагаар тэгж боддог биш билүү гэтэл өөдөөс тийм зүйл байхгүй гэж 3.000 төгрөг над руу шидээд явахаар нь араас нь ядаж 500 төгрөг нэмээд өгөөч гэтэл миний өөдөөс салаавч гаргаад явах гээд байхаар нь куртикны ханцуйнаас нь барьж аваад мөнгөө гүйцээ гэж хэлсэн. Гар утсаа гаргаж ирээд цагдаа руу залгаад таксины жолооч надаас илүү мөнгө авах гээд байна гээд яриад байсан. Тэгэхээр нь би чи ичээ 500 төгрөг дутуу өгчихөөд юу яриад байгаа юм бэ гэтэл миний машины ар талд орж суугаад намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ намайг  суугаад эргэж хараад юм ярих гэтэл миний хамар луу 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь машинаасаа буугаад ард талын хаалгаа онгойлгоод тэр хүнийг гаргахгүй гээд хааж зогсоод цагдаа руу дуудлага өгчихөөд зогсоод байж байх хооронд миний зүүн хөлний шилбэ рүү 1 удаа хөлөөрөө цохихоор нь би яаж байнаа гээд бариад автал миний өмсөж явсан цамцны захаас барьж аваад татахаар нь би машиныхаа ард талын суудал хоорондох завсар унасан. Унаад байж байх хооронд миний зүүн талын хавирга тус газар 4-5 удаа гараараа цохисон. Миний зүүн талын 10 дахь хавирга бага зэрэг зөрүүтэй хөндлөн хугарсан. 180.000 төгрөг хохиролд нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 14-15, 83/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Чгийн өгсөн:

“...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа тараад 21 цагийн орчим Жиби палазагийн хойноос Нарны хороолол гэр лүүгээ харихаар такси барьсан. Тэгээд байрны гадаа буухад таксины жолооч 4,500 төгрөг гарсан гэсэн, тэгэхээр нь манай ажлаас гэр хүртэл 3,500 төгрөг гардаг юмаа гээд 3,500 төгрөг голын хайрцаган дээр тавьчихаад гарсан. Буухаас өмнө яахаараа 4,500 төгрөг гарч байгаа юм бэ гэтэл тэр ах орой болохоор 1 км-г 1,000 төгрөгөөр бодож явдаг гэсэн. Тэгэхээр нь би анх машинд чинь суухад 1000 төгрөгөөр явж байгаа гэдгээ хэлэхгүй яасан юм бэ гээд 3,500 төгрөг орхиод буусан. Тэгтэл би Төгөл дэлгүүр лүү орох гээд алхтал араас ирээд 1,000 төгрөг нэмж өгөхийг шаардаад миний гар цүнхийг булаацалдахад миний пальтоноос нилээд зууралдтал гар цүнхний оосор тасарчихаар нь би цагдаа дуудлаа гэхэд тэр ах миний гар утсыг булаан аваад чамайг би суусан газарт чинь буцааж буулгана” гэхээр нь би машинд нь буцаад ороод арын суудалд суутал тэр ах араас орж ирээд шууд нүүр рүү цохиход нүдний шил хагарсан. Уруул руу цохиход шүд хөдөлж дотор талдаа язарсан. Тэр үед нь би биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэн тэр ахыг машин руу чирж оруулж ирээд нуруу орчим хэд хэдэн удаа цохисон. Тэр үед тэр хавьд байсан хүмүүс бид хоёрыг салгангуут би машинд нь үлдэж хаалгыг хааж байгаад цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл тэр ах би ч бас хохирсон цагдаа дуудсан. Би цагдаа иртэл машин дотор нь суусан, учир нь цагдаа ирэхээс өмнө тэр ах зугатах байх гэж бодсон.

Таксины жолооч намайг зодохдоо машин дотор эхлээд миний нүүр лүү цохиж нүдний шил хагалаад доош нүдний шилээ аваад эргэтэл нүүр лүү хэд хэд цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 19-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Б-өгсөн:

“...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны үүрээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа БГД-н 3-р хороо Нарны хороолол 17-р байрны гадаа таксины төлбөр тооцооноос болж маргалдсан гэх дуудлаганд ажилласан. Таксины жолоочийн хоолой хэсэг улайсан байдалтай таксигаар үйлчлүүлэгчийн нүдний шил хагарсан гээд бариад зогсож байсан. Нүд хэсгээр нь бага зэргийн улаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн _____________________ тоот:

               1. Д.Х-гийн биед тархи доргилт, зүүн талын 10-р хавирганы далд хугарал, хамрын нурууны зулгаралт, хэвлийн зүүн хажуу дээд хэсэг, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-н 29/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн _______ тоот:

               1. Э.Чгийн биед уруулын зулгаралт, баруун зүүн үүдэн дээд 1-р шүдний сулрал, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

          4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-н 31/,

 

  • Хохирлын баримт /хх-н 95/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 44/,       

            - Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 45, 48, 101/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 51, 65/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Д.Хнь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Э.Чтэй таксины төлбөрөөс болж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Чгийн “...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ... Таксины жолооч намайг зодохдоо машин дотор эхлээд миний нүүр лүү цохиж нүдний шил хагалаад доош нүдний шилээ аваад эргэтэл нүүр лүү хэд хэд цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Б-“...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны үүрээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа БГД-н 3-р хороо Нарны хороолол 17-р байрны гадаа таксины төлбөр тооцооноос болж маргалдсан гэх дуудлаганд ажилласан. ... таксигаар үйлчлүүлэгчийн нүдний шил хагарсан гээд бариад зогсож байсан. Нүд хэсгээр нь бага зэргийн улаасан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13645 тоот дүгнэлтээр,

 

2. Шүүгдэгч Э.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Х-тэй “таксины төлбөрөөс болж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Х-гийн “...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ... 20 цагийн орчимд Чингис зочид буудлын орчимд явж байтал үл таних залуу такси барих гээд зогсож байхаар нь аваад хаана хүрэх алаар асуутал Нарны хороолол орно гэсэн. Тэр залууг аваад Нарны хороололд буулгаад таксины төлбөр 4.500 төгрөг боллоо гэтэл 1 километрыг нь 1000 төгрөгөөр бодоод байгаа юм уу гэж хэлэхээр нь би оройн цагаар тэгж боддог биш билүү гэтэл өөдөөс тийм зүйл байхгүй гэж 3.000 төгрөг над руу шидээд явахаар нь араас нь ядаж 500 төгрөг нэмээд өгөөч гэтэл миний өөдөөс салаавч гаргаад явах гээд байхаар нь куртикны ханцуйнаас нь барьж аваад мөнгөө гүйцээ гэж хэлсэн. Гар утсаа гаргаж ирээд цагдаа руу залгаад таксины жолооч надаас илүү мөнгө авах гээд байна гээд яриад байсан. Тэгэхээр нь би чи ичээ 500 төгрөг дутуу өгчихөөд юу яриад байгаа юм бэ гэтэл миний машины ар талд орж суугаад намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ намайг суугаад эргэж хараад юм ярих гэтэл миний хамар луу 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь машинаасаа буугаад ард талын хаалгаа онгойлгоод тэр хүнийг гаргахгүй гээд хааж зогсоод цагдаа руу дуудлага өгчихөөд зогсоод байж байх хооронд миний зүүн хөлний шилбэ рүү 1 удаа хөлөөрөө цохихоор нь би яаж байнаа гээд бариад автал миний өмсөж явсан цамцны захаас барьж аваад татахаар нь би машиныхаа ард талын суудал хоорондох завсар унасан. Унаад байж байх хооронд миний зүүн талын хавирга тус газар 4-5 удаа гараараа цохисон. Миний зүүн талын 10 дахь хавирга бага зэрэг зөрүүтэй хөндлөн хугарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Б-“...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны үүрээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа БГД-н 3-р хороо Нарны хороолол 17-р байрны гадаа таксины төлбөр тооцооноос болж маргалдсан гэх дуудлаганд ажилласан. Таксины жолоочийн хоолой хэсэг улайсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13647 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Хнь өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг нь хохирогч Э.Чгийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13645 тоот дүгнэлтээр үгүйсгэгдсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй учир хууль сануулж мэдүүлэг авсан хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Ч, Д.Хнарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Ч, Д.Хнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Хнь хавтаст хэрэгт /хх-н 95/ Хэвлийн хөндийн КТГ-н зураг авахуулсан 130,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн эм авсан гэх 2 ширхэг баримтыг энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй гэж үзэн иргэний нэхэмжлэлд оруулан тооцоолох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж 130,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Чгээс гаргуулж хохирогч Д.Х-д олгуулж, хохирогч Д.Х-, Э.Ч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ч, шүүгдэгч Д.Хнарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Ч, шүүгдэгч Д.Хнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _____________ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч, шүүгдэгч Д.Хнарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Э.Чгээс 130.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Х-д олгож, хохирогч Д.Х-, хохирогч Э.Ч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Ч, шүүгдэгч Д.Хнар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч, шүүгдэгч Д.Хнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ