| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2503007070943 |
| Дугаар | 2026/ДШМ/183 |
| Огноо | 2026-02-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/183
2026 02 09 2026/ДШМ/183
Б.Ж-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
иргэний хариуцагч З ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Д.О,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2589 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2503007070943 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Б-ийн Ж- /РД: ............/, ................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Б.Ж- нь 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэхийн зүүн талын замд, Yutong загварын 0000 ААА улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин зорчигчид бүрэн буугаагүй байх үед хөдөлгөөнийг үргэлжлүүлсний улмаас зорчигч болох 65 настай, эмэгтэй Д.Г нь буух явцдаа унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х овогт Б-ийн Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ж-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.Ж-ид шүүхээс оногдуулсан дөрвөн сая төгрөгийн торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ж-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-оос хохирогчийн эмчилгээний зардалд 2,337,930 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 4,752,000 төгрөг, иргэний хариуцагч З ОНӨААТҮГазар, шүүгдэгч Б.Ж- нараас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 5,715,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор, шүүгдэгч Б.Ж- нь хохирогч Д.Г-д 3,600,000 төгрөгийг эмчилгээний зардалд, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаад хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ж- заалдах гомдолдоо: “...Иргэний хариуцагч З ОНӨААТҮГазар болон Б.Ж- надаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 5,715,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тухайн иргэний хариуцагчаар хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолд иргэний хариуцагчийн талаар дүгнэлт хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй. Улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх явцад иргэний хариуцагчийн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын иргэний хариуцагтай холбоотой хэсгийг хүчингүй болгож, хохирол, гэм хорыг хэн хариуцах талаар дахин хэлэлцэн шийдвэрүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэжээ.
Иргэний хариуцагч З ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Манай байгууллага нь “Х” гэх компанитай хамтарч ажилладаг. Хариуцлагын даатгалтай холбоотой асуудлыг жолооч хариуцаж ажиллах ёстой байдаг боловч жолооч маань орхиод явсан учир компаниас хариуцан ажилласан. Бид даатгалын компаниас хохирлыг барагдуулахаар ажиллаж байхад давж заалдах гомдол гаргажээ. Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь шүүх хуралдаанаар хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүхээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 5,000,000 төгрөгийн зардлыг иргэний хариуцагч болон шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн, иргэний хариуцагчаас тухайн зардлыг төлөхөө илэрхийлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Ж-ид холбогдох эрүүгийн 2503007070943 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Ж- нь 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэхийн зүүн талын замд, Yutong загварын 0000 ААА улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин зорчигчид бүрэн буугаагүй байх үед хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас тус нийтийн тээврийн хэрэгслийн зорчигч болох 65 настай, эмэгтэй Д.Г нь буух явцдаа унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:
цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын бүртгэл: “...Д.Г эмэгтэй, 66 настай, 0000 грашны дугаартай автобус дотор унаж нуруу гэмтсэн...” /хх-ийн 5/,
зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зураг /хх-ийн 6-8/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/,
жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/,
эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/,
хохирогч Д.Г-гийн: “...Төв цэнгэлдэхийн автобусны буудал дээр буух үедээ автобуснаас унаж гэмтсэн. ...Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нурууны хагалгаанд орсон. ...Эмчилгээний зардалтай холбоотой 2,326,630 төгрөгийн баримтыг гаргаж өгье, гарсан зардлыг буруутай жолооч бүрэн төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 66/,
хохирогч Д.Г-гаас хэрэгт гаргаж өгсөн эмчилгээний төлбөрийн баримтууд /хх-ийн 20-28/,
иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ Д.Г-гийн: “...Д-ын Г /РД:............./ нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 5,715,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай. Этгээд Б.Ж-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь МN090090100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл /хх-ийн 31/,
иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.О-ийн /З ОНӨААТҮГ-ын хуулийн зөвлөх/: “...тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 8299 дугаартай: “...Д.Г-гийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, 4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүү багатай далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх-ийн 47-50/, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2722 дугаартай: “...Д-ын Г/РД:............./-гийн сэтгэцэд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” /хх-ийн 69-71/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 1206 дугаартай мөрдөгчийн магадалгаа: “...Yutong загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно...”, мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна. Зорчигч Д.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний ямар нэгэн дүрмийн заалт зөрчөөгүй байна...” /хх-ийн 75/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
2. Шүүгдэгч Б.Ж- нь нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 23.4-т заасан заалтуудыг зөрчин зорчигчдыг бүрэн буугаагүй байх үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хийсний улмаас тус автобуснаас буух явсан зорчигч Д.Г нь унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Б.Ж-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ыг оногдуулахаар заасан.
Шүүгдэгч Б.Ж-ид хөнгөн төрлийн ял болох торгох ялыг сонгож оногдуулсан нь түүний хохирогч Д.Г-д эмчилгээний зардалд 3,600,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5,000,000 төгрөгийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдалд тохирсон байна.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ хийжээ.
Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5,715,000 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;...” гэсэн заалтад нийцсэн байна.
Анхан шатны шүүх, ажил олгогч байгууллага болох З ОНӨААТҮГазарт гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.Ж-той хувь тэнцүү хариуцуулан шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Ж-ийн гаргасан “иргэний хариуцагчид хариуцуулах төлбөрийг дүгнээгүй орхигдуулсан” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-ид холбогдох хэргийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 5, 6, 7 дахь заалтуудыг бичихдээ хэт хайхрамжгүй алдаануудыг гаргасныг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуулийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгч, шүүхийн шийдвэрийг бичихдээ хэт хайхрамжгүй алдаа гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагад нийцүүлээгүйдээ анхаарч, энэ төрлийн алдааг цаашид гаргахгүй байх ёстойг давж заалдах шатны шүүхээс энэхүү магадлалаар тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2589 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, ...” гэснийг “...хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, ...” гэж,
3 дахь заалтад “...дөрвөн сая...” гэснийг “...гурван сая...” гэж,
5 дахь заалтад “...3 жилийн хугацаагаар хассан...” гэснийг “...нэг жилийн хугацаагаар хассан...” гэж,
6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар шүүгдэгч Б.Ж-оос хохирогчийн эмчилгээний зардалд 2.337.930 /хоёр сая гурван зуун гучин долоон мянга есөн зуун гуч/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 4.752.000 /дөрвөн сая долоон зуун тавин хоёр мянга/ төгрөг, иргэний хариуцагч З ОНӨААТҮГазар, шүүгдэгч Б.Ж- нараас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 5.715.000 /таван сая долоон зуун арван таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар 5,715,000 төгрөгийг иргэний хариуцагч З ОНӨААТҮГазар, шүүгдэгч Б.Ж- нараас хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. ...” гэж,
7 дахь заалтад “...3.600.000 /гурван сая зургаан зуу/-н мянга төгрөгийг...” гэснийг “...3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ