Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 637

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _____________овогт Г овогтой Ж-д холбогдох _________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 28 ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын дотуур байрны гадна иргэн Л.Д-ыг маргааны улмаас зодож дээд уруулын дотор хэсэгт шарх, дух баруун хэсэгт зулгарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогжээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Ж өгсөн:

“...Би 2017 оны 12 дугаар сарын 28 ны өдөр найз Д-той цагийг нь нарийн санахгүй байна 17 цагаас 18 цагийн үед байх аа утсаар ярьсан. Утсаар яриад би Д-ыг нэг уулзалдъя гэж хэлсэн юм. Тэгээд Д- бид хоёр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 20 дугаар сургуулийн урд уулзахаар тохироод би тэнд өөрийнхөө 87-19 УБС улсын дугаартай Харрер маркын машинтайгаа найз Бгийн хамт Д-ыг хүлээсэн. Б бид хоёр Д-ыг хүлээж байхдаа архи уугаагүй ээ. Мөн би Д-той уулзахаасаа өмнө архи уугаагүй байсан. Тэгээд орой 20 цагийн үед Д- найз эмэгтэйтэйгээ хамт хоёулаа ирсэн. Тэгээд Б, Д-, түүний эхнэр бид дөрөв Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны гадна машинтайгаа очиж дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил архи аваад миний машин дотор нөгөө архиа хувааж уусан. Тэгээд бид дөрөв архиа хувааж ууж байгаад Б бүр согтоод унтаад өгсөн. Тэгээд Д- бид хоёр үлдсэн архиа ууж суунгаа ойр зуурын юм ярьж байгаад нэг нэгнийхээ үгийг даалгүй маргалдсан. Тэгээд бид хоёр маргалдаад машинаасаа буугаад барилцаж аваад би эхлээд Д-ын нүүрлүү нэг удаа гараараа цохьсон. Тэгээд би Д-ыг газар унагаад бид хоёр нэг нэгнийхээ дээр доор ороод харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Д- өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 28 ны өдөр 20 цагийн үед байхаа би цагийг нь сайн нарийн хэлж мэдэхгүй байна манай найз Ж- миний гар утасруу залгаад Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 20 дугаар сургуулийн урд байна хүрээд ир хө гээд хэлсэн. Тэгээд би 20 дугаар сургуулийн урд эхнэр Үүрцайхын хамт яваад очтол Ж- машин дотроо Бааскатай хамт сууж байсан. Тэгээд эхнэр бид хоёр машинд суугаад Ж-, Бааска манай эхнэр бид дөрөв Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 42 дугаар байрны, хуучнаар УБТЗ-ын дотуур байрны тэнд очсон тэгээд бид дөрөв тэнд зогсоод 0.75 литрийн нэг шил архийг дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд архи уух явцдаа Ж- намайг унагаад дээрээс минь нүүрлүү хэд хэд цохиод авахаар нь би бас зөрүүлээд хэд цохьсон. Манай эхнэр Бааска хоёр салгах гээд чадахгүй байсан.

            Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ж- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ү-гийн өгсөн:

“...Би 2017 оны 12-р сарын 28-ны орой нөхөр болох Д-той хамт Баянгол дүүргийн 1-р хороонд байрлах 20-р сургуулийн урд нөхрийнхөө найз болох Ж-тай нь уулзахаар очсон юм. Тэгээд манай нөхөр Д- бид хоёр Ж-ы машинд суутал Ж- нэг залуутай хамт сууж байсан. Би тэр залууг нь сайн танихгүй. Тэгээд Ж-, тэр залуу, манай нөхөр бид дөрөв Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах 42-р байрны тэнд Ж-ы машинтай очоод дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил архи аваад машин дотор дөрвүүлээ нөгөө архиа хувааж уусан. Тэгээд архиа ууцгааж байгаад манай нөхөр Ж- хоёр нэг найзынхаа талаар ярьж байгаад маргалдсан. Тэр хоёр маргалдаж байгаад Ж- манай нөхрийн нүүрлүү эхлээд гараараа цохисон ба тэр хоёр барилцаж аваад нэг нэгнийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн __ тоот:

1. Л.Д-ын биед дээд уруулын дотор хэсэгт шарх, дух баруун хэсэгт зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-н 8/,

 

Шүүгдэгч Г.Жы  хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 20/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ж- нь 2017 оны 12 дугаар сарын 28 ны өдөр 20 цагийн үед иргэн Л.Д-ыг маргааны улмаас зодож дээд уруулын дотор хэсэгт шарх, дух баруун хэсэгт зулгарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Д- “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед ... архи уух явцдаа Ж- намайг унагаад дээрээс минь нүүрлүү хэд хэд цохиод авахаар нь би бас зөрүүлээд хэд цохисон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Г.Ж “...Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... би эхлээд Д-ын нүүрлүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд би Д-ыг газар унагаад бид хоёр нэг нэгнийхээ дээр доор ороод харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Ү-гийн  “...Би 2017 оны 12-р сарын 28-ны орой ... манай нөхөр Ж- хоёр нэг найзынхаа талаар ярьж байгаад маргалдсан. Тэр хоёр маргалдаж байгаад Ж- манай нөхрийн нүүрлүү эхлээд гараараа цохисон ба тэр хоёр барилцаж аваад нэг нэгнийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 1038 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Жд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Л.Д- “...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ж- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13/ өгсөн байх тул шүүгдэгч Г.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжтой гэж үзэн шүүгдэгч Г.Жд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _________ овогт Г овогтой Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Жд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3,4 дахь хэсэгт зааснаар Г.Жд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчилэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Жд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ