Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00890

 

 

 

 

 

                     ХХБХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00986 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХБХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунтуяа, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ... тоот дугаартай, ...3.06 га эзэмших эрхтэй мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай газрыг 40,239,000 төгрөгөөр, улсын бүртгэлийн УБ0233904 дугаартай, ..., 10 га эзэмших эрхтэй, мод үржүүлэх бургас хамгаалах зориулалттай газрыг 138,400,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00534 дугаар шүүгчийн захирамжаар ...нараас 77,719,543 төгрөг, мөн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01251 дугаар шүүгчийн захирамжаар  ...нараас 96,959,153 төгрөг тус тус гаргуулан “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Зохигчид харилцан тохиролцож 77,719,543 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор, 96,959,153 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд ...3,06 га газар, №0233904 тоот дугаартай ...10 га эзэмших эрхтэй газруудыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж барьцаа хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хурааж, төлбөр төлөгчөөс үнийн санал авахад 200,000,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит бус, зах зээлийн үнэлгээнээс хэт давсан үнэлгээ байсан. Төлбөр авагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргаж 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний тайланд ...улсын бүртгэлийн №0233903 тоот дугаартай эзэмших эрхийн 3,06 га газрыг 40,239,000 төгрөгөөр, ...дугаартай эзэмших эрхийн 10 га мод тарих үржүүлэх бургас хамгаалах зориулалттай газрыг 138,400,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Хөрөнгийг үнэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглалтын байдал, харьцуулан жишиж буй газруудыг зах зээлийн үнэтэй харьцуулсан байх боловч хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээг баримтлаагүй, зах зээлийн эрэлт, хүн амын нягтаршил зэрэг хүчин зүйлсийг харгалзаагүй, уг газар нь дэд бүтэцгүй, тог худаг байхгүй байхад зах зээлийн бодит үнэ ханштай нийцэхгүй хэт өндрөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 9.2.3-д зааснаар үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ нь зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангаагүй гэжээ. 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 102/ШШ2017/00534, 2017 оны 102/ШШ2017/01251 дугаар захирамжаар ... нараас 77,991,816 төгрөг, 97,601,899 төгрөг тус тус гаргуулж ХХБХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгө болох ...бүртгэлтэй мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай 10 га газар, мөн хаягт байрлах Г-233903 дугаарт бүртгэлтэй 3,06 га газруудыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч нараас барьцаа хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр худалдах саналаа ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч ...бүртгэлтэй мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай 10 га газрыг 138,400,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 3,06 га газрыг 40,239,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Шүүх:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн ... тоот дугаартай, ...3.06 га эзэмших эрхтэй мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийг 40 239 000 төгрөгөөр , улсын бүртгэлийн ...баруун эрэгт байрлалтай, 10 га эзэмших эрхтэй, мод үржүүлэх бургас хамгаалах зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийг 138 400 000 төгрөгөөр тус тус үнэлсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ХХБХХК-ийн гомдол, шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 14-ны өдрийн дугаар 102/ШЗ2021/16608 тоот хүсэлт шийдвэр тухай захирамж хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хурааж, төлбөр төлөгчөөс үнийн санал авахад 200,000,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит бус, зах зээлийн үнэлгээнээс хэт давсан үнэлгээ байсан. Төлбөр авагч уг үнэлгээг эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлтийг гаргаснаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон. Шинжээч ...улсын бүртгэлийн №0233903 тоот дугаартай эзэмших эрхийн 3,06 га газрьг 40,239,000 төгрөгөөр, ...дугаартай эзэмших эрхийн 10 га Мод тарих үржүүлэх бургас хамгаалах зориулалттай газрыг 138,400,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээчин үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглалтын байдал, харьцуулан жишиж буй газруудыг зах зээлийн үнэтэй харьцуулан, газрын байршлаар жишиж үнэлсэн, мөн харьцуулсан газрууд нь Сэлэнгэ аймагт байрлах газрууд байх боловч уг харьцуулсан байршлууд нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээг баримтлаагүй, зах зээлийн эрэлт, хүн амын нягтаршил зэрэг хүчин зүйлсийг харгалзаагүй, уг газарт дэд бүтэц байхгүй, тог худаг байхгүй газар байхад үнэлгээчин нь зах зээлийн бодит үнэ ханштай нийлэхгүй хэт өндөр үнэлсэн. Гэтэл анхан шатны шүүх уг үнэлгээг хуульд нийцсэн гэж үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ХХБХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан ...мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай 3,06 га эзэмших эрхтэй газар, ..., мод үржүүлэх бургас хамгаалах зориулалттай 10 га эзэмших эрхтэй газрыг тус тус үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5. Хариуцагч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 102/ШШ2017/00534, 102/ШШ2017/01251 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр төлбөрт хураагдсан ... баруун эрэгт байрлалтай 10 га газрыг 138,400,000 төгрөгөөр, ... зүүн эрэг байрлалтай 3,06 га газрыг 40,239,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй. /хх56-60/

5.а. Шинжээчээр “Сэлэнгэ Эстимэйт” ХХК томилогдсон бөгөөд үнэлгээний тайланд үнэлэгдэж байгаа газрын зориулалт тодорхойгүй байна. Мөн хэргийн 95-147 дугаар талд авагдсан үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч ...голын зүүн эрэг хаягт орших 3,06 га газрын нэгж талбайн үнийг хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй, нийт үнэлгээг тогтоохдоо газар эзэмших эрхийн үнийн дүн, байрлал, талбайн хэмжээ, дэд бүтэц зэрэг нь илт зөрүүтэй хөрөнгүүдтэй буюу ..., 40,000,000-530,000,000 төгрөгийн үнэ ханштай газруудтай тус тус харьцуулан дунджаар үнийг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл харьцуулах хөрөнгийг буруу тодорхойлсон байна. /хх75/

5.б. Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоолын 3-р хавсралтад заасны дагуу дээрх 2 газрын үнэлгээний зэрэглэл, бүсчлэл, 1 га газарт ногдох суурь үнэлгээг хэрхэн гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн өртгийн хандлагын аргаар 3,06 га газрыг 53,856,000 төгрөгөөр, 10 газрыг 176,000,000 төгрөгөөр үнэлсэн атлаа уг аргаар хийсэн үнэлгээнд ач холбогдол өгөөгүй үндэслэлээ тодорхой дурдаагүй, дээрх хөрөнгүүдтэй харьцуулах болсон учир шалтгаанаа тайланд тусгаагүй байх тул “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00986 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ...мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай 3,06 га эзэмших эрхтэй газар, ..., мод үржүүлэх бургас хамгаалах зориулалттай 10 га эзэмших эрхтэй газрыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтын “... 56 дугаар зүйлийн 56.1 ...” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2 ...” гэж, “... үлдээсүгэй.” гэснийг “... үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХБХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                            ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

                                                                                             А.МӨНХЗУЛ