Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2026/дШм/21

 

 

 

 

 

  

 

 

 

    2026       01         26                                    2026/ДШМ/21

 

    Г.Ч.д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Зуунай,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэгийн даргалж хийсэн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Г.Ч.д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд:

Г. Ч.

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр .. аймгийн ..сумын... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг А.буудлын гадаа С.Н.н араас түлхсэний улмаас биед нь баруун шуу ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунай, Г.Ч.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…шүүгдэгч Б.овгийн Г.Ч.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч.г 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч.н эдлэх 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.Ч.с /нотлох баримттай 397,000 төгрөг, төлөхөө илэрхийлсэн 1,603,000 төгрөгийг нийт 2,000,000 төгрөг гаргуулж хохирогч С.Н.т олгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ч.н хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй. Анхан шатны шүүхээс Г.Ч.д 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг багасгаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өгөхийг хүсч байна. Сард ажиллах цаг 168-176 цаг байхаар тооцогдож байгаа ба 700 цагийн ажлыг шүүгдэгч 4 сар 10 хоногийн хугацаагаар нийтэд тустай ажил хийхээр болж байгаа тул хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах хугацаа ч энэхүү хугацаагаар хойшлогдохыг үгүйсгэх аргагүй. Тэрээр улирлын чанартай ажил хийдэг учраас тухайн хохирол төлбөрийг бүгдийг нь өгөх боломжгүй байна, барилгын ажил эхлэхээр хохирлоо төлнө гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгч нь баримтаар тогтоогдсон хохирлоос гадна 1,600,000 төгрөгийг хохирогчид нэмж төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

6.Хохирогч С.Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад үнэхээр хэцүү байна. Гэмтлийн улмаас тархиндаа 3 гэмтэл авсан. Мөн хугарсан гарын өвдөлт нөгөө гартаа нөлөөлөөд байнга эмнэлэг явах шаардлагатай болж байгаа үнэхээр хэцүү байгаа учраас ялыг хөнгөрүүлэх боломжгүй, намайг гэмтсэнээс хойш нэг л удаа ирж уулзсан. Бусдаар нэг ч уулзаагүй, надтай холбогдоод уучлалт гуйгаад биеийн байдлыг минь асуусан бол арай өөрөөр хандаж болох л байсан” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжийг магадлан хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл:

1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгаас шүүгдэгч Г.Ч.г  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр .. аймгийн . сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг А.. буудлын гадаа С.Н.н араас түлхсэний улмаас биед нь баруун шуу ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. 

2.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжид нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж,  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, хэргийн бодит байдал, шударга ёсны зарчимд нийцсэн ба Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг энэ хэрэгт хангалттай шалгаж тодруулсан, цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаартай “..С.Н.н биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-17х/ гэсэн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу гарсан ба дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан, тэдний зүгээс дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй байна.

Шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд нотолжээ.

3.Анхан шатны шүүх шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч С.Н.т учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн хувийн байдлыг, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

4.Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн ажлыг өдрийн 8 цагаар тооцоход 4 сар 10 хоногийн хугацаагаар нийтэд тустай ажил хийхээр байгаа тул хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах хугацаа ч энэхүү хугацаагаар хойшлогдохыг анхаарч шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч  Г.Ч.гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх боловч хохирогчид хохирлыг бүрэн төлөөгүй ба хохирогч С.Н.с “...гомдолтой, одоо хүртэл гар минь эдгээгүй, нөгөө гар өвдөөд эхэлсэн, хохирлоо авмаар байна” гэсэн учир эдгээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ШҮҮГЧИД                 А.САЙНТӨГС

                                    Д.МӨНХБҮРЭН

                                     Н.БОЛОРМАА