Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 647

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

хохирогч Р.Э,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Рэнцэнбямба нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _________ холбогдох эрүүгийн ________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Спарк төв В-1 давхарт байрлах “Ревит” караокед иргэн Р.Эийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогжээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

“...2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч картаа мартчихлаа гэж манай караокед буцаж орж ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би гар гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэгэхэд тоохгүй намайг цүнхээрээ цохих гэж хэд хэдэн удаа оролдсон. Би өөрийн биеэ хамгаалах гэж биед нь хоёр гараараа хүрсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Э мэдүүлэхдээ:

“...Би 4 дүгээр сарын 12-ны өдөр найзтайгаа хамт караоке орсон юм. Бид хоёр 200 грамм архи авчихаад  картаараа тооцоо хийсэн. Тэгээд  орой болсон байсан тул бид хоёр гараад би найзыгаа гэрт нь хүргэж өгчихөөд тооцоо хийхэд миний карт байхгүй байсан. Би караокед үлдээсэн байна гэж бодоод буцаж очоод “эгч нь картаа үлдээсэн байна уу гэж хэлэхэд шүүгдэгч Б.Г текнийхээ араас гарч ирээд намайг түлхээд унагаачихсан. Тэгээд намайг гар авгай минь гэж удаа дараа хэлсэн. Би тэндээ байж байгаад нөхрийгөө дуудсан. Манай нөхөр ирээд цагдаа дуудсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Гий өгсөн:

            “...2018 оны 04 дүгээр сарын 12-ны оройн 18 цагийн үед БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ревит караокед ажлаа хийж байх үед гаднаас Эрдэнэчимэг гэх хүн нэг эмэгтэйтэй хамт орж ирж үйлчлүүлсэн. 100 грамм архи авч уугаад, нэг цаг болоод гараад явсан. 22 цагийн үед ганцаараа нилээн согтуу буцаж орж ирээд хаан банкны картаа нэхээд, над руу дайраад өөдөөс салаавч гаргаад байсан, удалгүй цүнхнээсээ картаа олж гаргаж ирээд танайд үйлчлүүлмээр байна гэсэн манай бармен Нямсүрэн согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн. Танайхаар үйлчлүүлнэ би гарахгүй гэж хэлээд зогсоод байсан. Бармен Нямсүрэн ирж Эрдэнэчимэг гэх хүнийг надаас холдуулсан. Эргэж хартал ард өөрөө хальтраад унасан байсан. Удалгүй Эрдэнэчимэг гэх хүний нөхөр ирээд цагдаа дуудсан, эргүүлийн цагдаа ирээд манай хяналтын камерыг шүүхэд өөрөө хальтраад унасан байсан. Би Эрдэнэчимгийг гар гээд гарыг нь түлхсэн. Намайг түлхэхэд Эрдэнэчимэг газарт унаагүй. Би Эрдэнэчимэгийг зодоогүй гарнаас нь арагшаа нэг удаа түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-н 26-27, 39/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Р.Эийн өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сарын 12-ны оройн 18 цагийн үед амралт тэмдэглэх гээд найз О-ын хамт Ревит караокед орсон. Ороод 100 грамм архи авч уусан. Дууны захиалга өгсөн, удалгүй дахин 100 грамм архи авч уусан. 20 цагийн үед картаар тооцоо хийгээд гарсан найзыгаа хороололд гэрт нь хүргэж өгөөд таксинд мөнгө өгөх гэсэн чинь мөнгө байхгүй, картаа караокед мартсан байна гэж бодон буцаж очоод картаа авах гэсэн чинь энд карт байхгүй авгай минь гэж хэлэн цүнхний хажуугийн халааснаас миний картыг гаргаж ирэн энэ байгаа юм биш үү гэж хэлэн намайг түлхэж унагасан. Толгойгоо даран газраас босож ирсэн. Миний толгой хавдсан байсан. Чи гар зайл гээд хөөгөөд байсан, би гараагүй нөхрийгөө дуудсан. Нөхөр цагдаа дуудсан. Тухайн үед дуудлагаар ирсэн 2 цагдаа камер шүүгээд чи түлхсэн байна гэж тэр охиныг хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Э.М-ын “...2018 оны 04 дүгээр сарын 12-ны оройн 21 цагийн үед БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спарк төвийн В-1 давхарт байрлах Ревит караокены ажилтанд зодуулсан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход дуудлага өгсөн Эрдэнэчимэг нь согтуу байсан бөгөөд тус караокены ажилтан Гд зодуулсан гэж хэлсэн. Улмаар камерын бичлэгийг шүүхэд Г нь Эрдэнэчимэгийг урдаас нь хойшоо түлхэж, Эрдэнэчимэг толгойгоороо хойшоо савж унасан байсан. Тухайн үед Г би нэг удаа түлхсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Эрдэнэчимэг нь архи их уусан согтуу өөрийгөө хянах чадваргүй байсан тул нөхөр Ганбаатарт хүлээлгэн өгч БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж өргөдлөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 68/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Г-ын өгсөн:

 “...Тухайн өдөр болсон асуудлын талаар би тодорхой зүйл мэдэхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны оройн 19 цагийн үед эхнэр Эрдэнэчимэг утсаар залгаад намайг хүн зодсон ирж ав гэж хэлсэн. Би гэрээсээ гараад БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн караокены газраас эхнэр Эрдэнэчимэгийг очиж авсан. Намайг ирэхэд Эрдэнэчимэг уйлсан толгойгоо барьсан зогсож байсан. Би хүнтэй маргалдаад яахав гэж хэлээд шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 18/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн .... тоот:

1. Б.Эрдэнэчимэгийн биед зулайн хуйх, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-н 21/,

 

Шүүгдэгч Б.Ггийн  хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-н 30/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Спарк төв В-1 давхарт байрлах Ревит караокед иргэн Р.Эийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

гэрч Э.М-“...2018 оны 04 дүгээр сарын 12-ны оройн 21 цагийн үед БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спарк төвийн В-1 давхарт байрлах Ревит караокены ажилтанд зодуулсан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход дуудлага өгсөн Эрдэнэчимэг нь согтуу байсан бөгөөд тус караокены ажилтан Гд зодуулсан гэж хэлсэн. Улмаар камерын бичлэгийг шүүхэд Г нь Эрдэнэчимэгийг урдаас нь хойшоо түлхэж, Эрдэнэчимэг толгойгоороо хойшоо савж унасан байсан. Тухайн үед Г би нэг удаа түлхсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Энхбаяр “…2018 оны 4 дүгээр сарын 12-ны оройн 21 цагийн үед БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спарк төвийн В-1 давхарт байрлах Ревит караокены ажилтанд зодуулсан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер Э.М-ын хамт очиход дуудлага өгсөн Эрдэнэчимэг гэх эмэгтэй согтуу байсан Г гэх эмэгтэйрүү дайрч давшилсан шинжтэй байсан. Юу болсон талаар Эрдэнэчимэг гэх хүнээс асуухад караокены ажилтан Гд зодуулсан гэж хэлсэн. Улмаар камерын бичлэгийг шүүхэд Г нь Эрдэнэчимэгийг биеийнх нь урдаас нь хойшоо түлхэж, Эрдэнэчимэг толгойгоороо арагш савж унасан байсан. Тухайн үед Г би нэг удаа түлхсэн гэж хэлж байсан....”гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 4879 тоот дүгнэлт, шүүгдэгчийн болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байдаг. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хохирогч Эрдэнэчимэг нь шүүгдэгчийг цүнхээрээ цохих үйлдэл үзүүлэхэд шүүгдэгч Г өөрийн биеийг хамгаалж хохирогчийг хоёр гараараа түлхсэн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэх санал нотлогдон тогтоогдоогүй харин дээр дурдсан гэрч Э.М-, Т.Энхбаяр нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон 125.399 төгрөгийг шүүгдэгч Б.Ггээс гаргуулж хохирогч Р.Эт олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____овогт Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчилэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Ггээс 125.399 төгрөг гаргуулж хохирогч Р.Эт олгосугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ