Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00891

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Э.Хнэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00972 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ххариуцагч М М СХХК-д холбогдуулан гаргасан ажлаас хууль бусаар халсан гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугааргүй тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: М М СХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугааргүй тушаалыг хууль бусд тооцуулж, Э.Хыг тус компанийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан 3 сар 4 хоногийн цалин хөлс /1 өдрийн цалин 100,000 төгрөг/ 5,700,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэнэ.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Э.Х нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл М М СХХК-д хүний нөөцийн менежерээр ажилласан. Тэрээр энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлыг гүйцэтгэхээс гадна төслийн ажил, компанийн ажилтны үүрэг, текникийн материал болон үнийн санал тооцооллын ажлыг гүйцэтгэж байсан ба алдаа дутагдал гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Тус компанийн гүйцэтгэх захирал нь Э.Хд нэмж харилцагч хамтран ажиллах байгууллагуудтай гэрээ байгуулах, ажлын бус цагаар ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой зэрэг дарамт шахалтыг удаа дараа үзүүлж байсан. Мөн ажилчдыг ажлаас халах, орон тооны цомтголоор халах, ажлаас гарах өргөдлөө өгөөд гарах хэмжээнд хүргэж нэхэмжлэгчийн ажилд оролцож, хууль бус шаардлагаа дагаж мөрдөхийг шаардаж байсан тул нэхэмжлэгч ажлын байрны дарамтад орж унтаж чадахгүй хэмжээнд хүрсэн. Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны хооронд ээлжийн амралтынхаа үлдсэн хугацааг авсан. Гэвч ээлжийн амралттай байхад нь ажлаа хийхийг шахаж дарамталж утсаар ярьж, мэйл хүртэл бичиж байсан. Нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэл сонирхол одоо хүртэл байхгүй. Ажил олгогч талын удаа дараагийн ажлын байрны дарамт шахалтаас болж 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21:00 цагт ажлын бус цагаар захирлын үүрэг гүйцэтгэгч У.Бт ажлаас гарах мэйл бичсэн. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил олгогчтой ярилцаж ойлголцохыг хүссэн боловч амжилтанд хүрээгүй. 10 дугаар сарын 25-ны өдөр дахин уулзаж ярилцаад албан ёсоор ажлаас гарахгүй, өргөдлөө буцаан авч байгаагаа мэдэгдээд аман тохиролцоонд хүрч ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэх болсон. Захирлын үүрэг гүйцэтгэгч У.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс менежментийн хурлаар ажилчдыг цомхотгоно, хэлтсийн менежерүүдтэй зөвлөлдөх болно гэж мэдэгдсэн. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нягтлан бодогч н.Өсөхбаяр уг мэйлийг хэвлээд гарын үсгээ зур, ажлыг нь хүлээж авна гэж шаардсан. Уг бичсэн и-мэйлээс татгалзсан тухай тайлбар бичээд захирлын үүрэг гүйцэтгэгч У.Бт үзүүлсэн. Гэтэл мэйл бичсэн өргөдлийг урж, хогийн саванд хийсэн. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн огноотой ажлаас чөлөөлөх тушаалыг 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээж авсан. Тушаалд Э.Х2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас халагдах тухай мэйлээр ирүүлсэн өргөдлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай заасан. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 39 дүгээр зүйл, бусад заалтыг зөрчиж байна. Тус ажлаас халах тушаал дугааргүй, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халсан атлаа 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон зэрэг нь хууль зөрчсөн тушаал болохыг харуулж байна. Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасны дагуу ээлжийн амралтын тооцоо хийж 2021 оны ээлжийн амралтыг эдлүүлэх, амралтын олговрыг олгох, ажилтанд тушаалыг танилцуулж, үндэслэлээ тайлбарлаж уулзалт ярилцлага зохион байгуулах ажиллагаа хийгээгүй. Компанийн гүйцэтгэх захирал ...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн захирлын үүрэг гүйцэтгэгч У.Быг Э.Хд ажлын байрны дарамт шахалт үзүүлж одоогийн нөхцөл байдал үүссэн тухай и-мэйлээр мэдэгдсэн боловч зохих хариу өгөөгүй зэрэг нь хариуцагчийн зүгээс Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. У.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн М М СХХК-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгүүлэх болсон талаар ажилчиддаа и-мэйл болон дотоод сүлжээгээр танилцуулж, байгууллагыг ийм бүтцээр ажиллуулна, хална гэж хэлж байсан нь дарамт шахалтын нэг хэлбэр мөн. Нэхэмжлэгч Э.Хыг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гэж үзэж байгаа бол хуулиас гадуур буюу 2 сар гаруйн дараа 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөдлийг шийдвэрлэсэн тушаал гаргах ойлголт байж болохгүй. Ажил олгогч ойлгомжгүй, хууль бус, найруулга муутай тушаал гаргасан гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Э.Х нь тус компанид 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр Хүний нөөцийн менежер албан тушаалд томилогдон ажилласан. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цахим шуудангаар дамжуулан ажлаас гарах өргөдлөө компанийн удирдлага У.Бын ...гэсэн цахим хаяг руу ирүүлсэн. Хонгорзул өөрийн хүсэлтээр ажлаас гаргах өргөдлөө өгсөн бөгөөд 11 дүгээр сарын 19-ний өдөр сүүлийн ажиллах өдөр болох талаараа дурдсан байсан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах санаачилгыг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мушгин гуйвуулж, худал гүтгэлэг дурдсан байна. Э.Х коронавирусийн хөл хорионы үед 1 жил 6 сарын хугацаанд гэрээсээ ажилласан бөгөөд компанийн зүгээс цалин хөлсийг тухай бүрт нь олгож байсан. Нэхэмжлэгчийг ажлаас гарах өргөдлөө бичихэд ажил олгогчийн зүгээс шахалт үзүүлээгүй, ажиллах хугацаанд нь дарамталж, ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргаж байгаагүй. Ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулан өгсөн нь Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. У.Б компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалыг гүйцэтгэхээс гадна 2021 оны 09 дүгээр сараас эхлэн компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг давхар гүйцэтгэж ирсэн. Түүнийг гүйцэтгэх захирлаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд тухайн үед улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй компанийн гүйцэтгэх захирал ...гарын үсэгтэй шийдвэрийг гаргасан ба тэрээр Австрали улсад оршин сууж байсан учраас нэхэмжлэгчид шийдвэрийг шууд гардуулах боломжгүй тодорхой хугацаа өнгөрсөн. Шийдвэрийн эх хувь гадаад улсаас ирэх явцад коронавирус халдварт өвчин, цаг үеийн нөхцөл байдал болоод улс хоорондын хилийн хязгаарлалт зэрэг хүчин зүйлийн улмаас нэлээдгүй цаг хугацаа шаардсан учраас Э.Хд шийдвэрийг 12 дугаар сард гардуулж өгсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг нэхэмжлэгчийг ажлаас гарах өргөдөл өгснөөс хойш нэг сар гаруй хугацааны дараа гардуулсан боловч энэ нь Э.Хэрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн зүйлгүй. Ажлаас халсан тушаал дугааргүй гарсан нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой бөгөөд ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаас гарах өргөдлөө өгч, 5 хоногийн дараа өргөдлөө буцаасан гэдэг зүйл байхгүй. Шүүхэд өгсөн и-мэйлийнхээ доод талд өөрийн гараар тайлбар өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр тушаал гадаадаас ирж гардуулахад Э.Х өмнөх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн өргөдлөө авлаа, намайг хууль бусаар ажлаас халж байна гэж хэлээд Хүний эрхийн комисст өргөдөл, гомдол, санал хүсэлтээ бичээд явуулсан байсан. Компанийн захирал Э.Х2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөдлөө буцаасан гэх мэйлийг урж хаясан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэж 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тушаал гаргасан. 30 хоногийн дотор тушаал гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч дарамт шахалтад орж ажлаас гарах өргөдөл бичсэн гэдгээ нотлох ёстой. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тушаал шийдвэр гаргасан, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэжээ. 

3. Шүүх:  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч Э.Хыг М М СХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, хариуцагчаас 106,150 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч С.Энхбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.1. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд,

4.1.а. Шүүх хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчийн санаачлагаар цуцалсан үйл баримтын талаар зөв дүгнэсэн атлаа хариуцагчийг ажлаас чөлөөлөх тушаалыг 30 хоногт багтаан гаргаагүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 1-д заасантай нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

4.1.б. Нэхэмжлэгч Э.Хсанаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хариуцагч шийдвэрийг 30 хоногоос хэтрүүлж 54 хоногийн дараа гардуулж өгснөөр нэхэмжлэгчийн ямар эрх ашиг, хэрхэн хөндөгдсөн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн санаачлагаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, шийдвэрийг 54 хоногийн дараа гардуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын байраа орхихгүй, ажилласан. Үүгээр нэхэмжлэгчийг 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхийг өөрийн санаачлагаар хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлага гаргаснаас хойш 30 хоногийн хугацаанд холбогдох шийдвэрийг гаргасан байх үүргийг хуулиар ажил олгогчид хүлээлгэсэн гэж үзэхгүй.

4.1.в. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллахдаа энэ хугацааны цалин хөлсөө авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Уг байдлыг нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж тайлбарлах боломжгүй. Нэхэмжлэгчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хариуцагчийн шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон боловч шийдвэрийг 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид гардуулсан, энэ талаар зохигчид маргаагүй, хэргийн үйл баримттай таарч байхад шүүхээс 65 хоногийн дараа ажлаас чөлөөлөх шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулсан мэтээр 11 хоногийг илүү тооцсон нь буруу. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлагыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид мэдэгдсэнээс хойш хариуцагчийн эрх бүхий албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон шийдвэрийг мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч хүлээн авсан. Иймд энэ хүртэл 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 54 хоногийн хугацаа байна. Уг хугацаа өнгөрөх болсон шалтгаан хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан Австрали улсад байсан. Монгол, Австрали улсын хил гааль хаалттай байсан зэрэг нөхцөл байдалтай холбоотой болохыг шүүхээс хэрэгт хамааралтай байдлаар дүгнээгүй.

4.1.г. Хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлагыг нэхэмжлэгч гаргаж, улмаар хариуцагчаас 54 хоногийн дараа холбогдох тушаалыг гардуулан өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ агуулга, зарчим болон хуулийн 38, 39 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэх үйлдэл тогтоогдоогүй. Энэ нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн буюу нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халсан гэж үзэх үндэслэлгүй.

4.2. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд,

4.2.а. Шүүх шийдвэртээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан. Гэтэл уг хуулийг хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэх ёсгүй байсан буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэнээс харьяалагддаггүй буюу тухайн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид ажилладаггүй иргэдээс өргөдөл гомдол гаргахтай холбоотой харилцааг зохицуулахаар зохицуулсан. Хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг шүүх хэрэглэх байтал хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг шийдвэрийн үндэслэл болгосныг шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгч ажлын дарамтаас болж ажлаас гарах өргөдлөө өгсөн. Өргөдөл өгснөөс 5 хоногийн дараа ажлаасаа гарахаа больсон гэдгээ хэлсэн. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Ажил олгогч ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал 65 хоногийн дараа шийдвэрлэсэн. Тушаалыг Улаанбаатар хотод, Монгол хэл дээр гаргасан. Австрали улсад гарсан бол тухайн тушаалыг эх хэлээрээ бичих ёстой байсан. У.Б компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдэг нь тогтоогддог. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тухайн компанийн захирлын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй учраас компанийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э.Х хариуцагч М М СХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тушаалыг хууль бусд тооцуулж, хүний нөөцийн меженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах нь зүйтэй.

4. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч М М СХХК-д 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх8-13/

4.а. Ажил олгогчийн дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.9 дэх заалт, ажилтаны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас гаргах тухай албан и-мэйл зэрэгт үндэслэгдсэн байна. /хх13/

4.б. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч компанийн гүйцэтгэх захирал У.Бын цахим хаягт өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт явуулсан, ажил олгогч 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх14-15/

4.в. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилсан нөхцөлд цуцална, хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасан.

4.г. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогчид өгснөөс хойш хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрмөгц ажлын байраа орхих эрх нь нээлттэй байсан. Гэвч хуульд заасан дээрх хугацаа өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, ажил олгогч 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргах хүртэл нэхэмжлэгчийг ажлын байраар хангаж, ажил үүргийг нь хэвийн гүйцэтгүүлж байжээ. Иймд нэхэмжлэгчийн “2021.10.25-ны өдөр өргөдлөө буцаан авсан, гүйцэтгэх захирал У.Бтай тохиролцож ажлаа хэвийн үргэлжлүүлэхээр болсон” гэх тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэв.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн үндэслэлээ “компанийн гүйцэтгэх захирал Австрали улсад оршин суудаг байсан тул шийдвэрийг нэхэмжлэгчид шууд гардуулах боломжгүй байсан, шийдвэр гадаад улсаас ирэх явцад коронавирус цар тахал гарч цаг үеийн нөхцөл байдал, хилийн хязгаарлалтаас шалтгаалж 12 сард гардуулсан” гэж тайлбарласан.

Тус компанийн захирал ...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гүйцэтгэх захирлын үүргийг У.Баар хавсран гүйцэтгүүлэх тушаал гаргаж, хийж гүйцэтгэх ажлыг нэрлэн заасан байна. Үүнд, компанийн ажилтнаас ирүүлсэн гомдол, саналыг хүлээн авах, шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд уг гомдол, саналыг удирдах шатны албан тушаалтанд мэдэгдэх, компанийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах .., зэрэг үүргийг заажээ. /хх93/

Хариуцагч нь нэхэмжлэгчийн “захирал К Австрали улсад байхдаа тушаалыг гаргаж явуулсан гэх боловч тушаалыг Улаанбаатар хотод Монгол хэл дээр гаргасан байдаг. Австрали улсад тушаалыг гаргасан бол гадаад хэл дээр бичигдэх ёстой, Монгол хэлийг сайн мэддэг эсэх нь эргэлзээтэй. У.Б бүх ажилчиддаа компанийн захирал болсон гэх агуулгатай цахим шууданг явуулсан, мөн компанийн гүйцэтгэх захирлаар гэрээ хэлцэл байгуулж байсан” гэх тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй.

Ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхиогүй, ажил үүргээ хэвийн үргэлжлүүлсэн, ажил олгогчийн зүгээс ажлын байраар хангаж байсан үйл баримт тогтоогдож байхад нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Э.Хыг хариуцагч М М СХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Шүүх  нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,700,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд нийцсэн байна.

7. Харин анхан шатны шүүх иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэсэн нь оновчгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт залруулсан өөрчлөлтийг оруулна.

8. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоногийн хугацаа өнгөрмөгц ажлын байраа орхих эрх нь нээлттэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн зохицуулалт нь ажилтанд үүрэг болгосон хэм хэмжээ биш. Ажил олгогчийн зүгээс хуулийн дээрх хугацаа өнгөрснөөс хойш ажилтныг ажиллуулсаар байсан үйл баримт нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ нэг талын санаачлагаар цуцлагдаагүй, хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгааг нотолж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлоос хууль хэрэглээний талаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00972 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 1,” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                  ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                           А.МӨНХЗУЛ