Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/09

 

 

 

 

 

 

 

 

 

2026             01            29                                                  2026/ДШМ/09

 

 

                      

                                                О.****т холбогдох эрүүгийн

                                                               хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:  

 

Прокурор Э.Ууганцэцэг

Шүүгдэгч О.****, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/533 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.****ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.****т холбогдох эрүүгийн 2534000000017 дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

  2.Шүүгдэгч О.**** нь Төв аймгийн **** сумын ****1 дүгээр багийн нутаг дэвсгэрт машин механизм ашиглан 2024 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Б.****эзэмшлийн олон тооны буюу хүрэн үнээ, цагаан толгойтой улаан халзан үнээ зэрэг 2 үхрийг бэлчээр дээрээс нь Ц.****эзэмшлийн хөх өнгийн “Hyundai porter” маркийн “****” улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 3,320,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн **** сумын **** 2 дугаар багийн нутгаас 2024 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө тээврийн хэрэгслийг ашиглан иргэн Н.****3 тооны үхрийг хулгайлж, түүнд 5,095,000 төгрөгийн хохирол учруулж, нийт бусдад 8,415,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3.Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

   4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.****ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.****ын цагдан хоригдсон нийт 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.****ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Т.Буянхишигийн нэр дээр бүртгэлтэй, иргэний нэхэмжлэгч Ц.****эзэмшлийн **** улсын дугаартай “Hyunda porter” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1.528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийг шүүгдэгч О.****аас гаргуулж, улсын орлогод оруулж,

Эрүүгийн 2534000000017 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.****т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

  3.Шүүгдэгч О.****ын гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Төв аймгийн **** сумын ****1 дүгээр багийн нутаг дэвсгэрт машин механизм ашиглан 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө хохирогч Б.****эзэмшлийн олон тооны буюу хүрэн үнээ, цагаан толгойтой  улаан халзан үнээ зэрэг 2 үхрийг бэлчээр дээрээс нь Ц.****эзэмшлийн хөх өнгийн Хьюндай портер маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 3,320,000 төгрөгийн хохирол, мөн тус аймгийн **** сумын **** 2 дугаар багийн нутгаас 2024 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн Г.****эзэмшлийн 3 тооны үхрийг Хьюндай портер маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 5,095,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 5 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд гэм буруугийн талаар маргаж мэтгэлзээгүй. Гэмт хэрэг үйлдсэн болохоо үнэн зөвөөр нь хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан бүх хохирол төлбөр болох 8,415,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан юм. Хэдийгээр урьд өмнө гэмт хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч одоо гүнээ ухамсарлан дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй амьдарна гэдгээ шүүхийн өмнө амлаж байгаагаа илэрхийлж байна. Түүнчлэн өндөр настай ээжийнхээ нулимсыг гаргахгүйгээр гэр бүл зохиож хань ижилтэйгээ сайхан амьдрах болно. Чин үнэнийг өгүүлэхэд миний бие шүүхийн шатанд оргон зайлж улмаар шүүн таслан ажиллагаанд санаатай саад учруулаагүй. Учир нь шүүх хуралд очих тухайн цаг үед миний хань болох эмэгтэй хагалгаанд орох гээд би учир байдлаа үнэнээр нь хэлж чадаагүйгээс үнэндээ ийм байдалд орсон. Түүнчлэн ээж минь бас өвдөж би яахаа мэдэхгүй сандарч тэвдэж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байсан нь үнэн. Хэргийн талаар эхнэр болох хүндээ хэлээгүй. Мөн шүүх хуралд очмогц хоригдоно гэдгээ мэдэж байсан тул очиж чадахгүй байдалд хүрээд байсан юм. Гэвч миний хувьд шүүхийн дуудсан цагт очоогүй нь буруу бөгөөд дахин хэзээ ч ийм хүнд байдалд орж, хэний ч өнчин ишиг хүртэл хулгайлахгүй амьдрал зохиож цаашид сайхан амьдрах болно гэдгээ дахин хэлэхийг хүсэж байна. Миний бие шийтгэх тогтоол хүлээж аваад эдгээр хугацаанд маш ихийг бодож эргэцүүлэн шаналж бас харамсаж ар гэрийнхэндээ хүртэл хүнд дарамт учруулж байгаад ихэд ухамсарлан эцэстээ бодит үнэнийг үнэн зөвөөр нь хэлж давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж шүүхээс 4 жилийн хорих ял оногдуулсан нь надад маш хүнд байна. Иймд миний ар гэрийн байдал болон хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

 4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хэдийгээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/533 дугаар шийтгэх тогтоолд техникийн шинжтэй алдаа байгаа боловч давж заалдах шатны шүүх уг асуудлыг зөвтгөж дурдах нь зүйтэй байх. Учир нь манай үйлчлүүлэгч хэргийн талаар маргаж, мэтгэлцээгүй, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, сүүлийн удаа төрөөс итгэл хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэлд хамаарах тул ял шийтгэлийг 2 жилийн хугацаагаар хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

 5.Прокурор Э.Ууганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нь шүүгдэгчид тохирсон гэж үзэж байна. Хорих ялыг хөнгөрүүлэх эсэх асуудал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, шүүхийн эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх  асуудал” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.****т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч О.****ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

2.Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байхаар хуульчилжээ.

3.Хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.**** нь 2024 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө **** улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Төв аймгийн **** сумын ****1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан  хохирогч Б.****эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлсан, мөн 2024 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө **** улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Төв аймгийн **** сумын **** 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.****3 тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт авагдсан байна.

4.Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.****ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

5.Анхан шатны шүүх “...шүүгдэгч О.****ыг үргэлжилсэн үйлдлээр Ц.****, Н.****нарын 5 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон...” гэх агуулгаар дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тодруулбал, шүүх тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар  шинжлэн судалж, харьцуулан  үнэлэх замаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хэргийн зүйлчлэлийг тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргана.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч О.**** нь хоёр удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан үйл баримтын талаар авагдсан, шүүгдэгчийн энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн үйлдлээр хангасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор О.****ыг үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх боловч яллах дүгнэлт үйлдэхдээ орхигдуулсан, анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар дүгнэлт гаргаагүй байна.

  Мөн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгчийн үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдээгүй байхад шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч О.****ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад баримтлах үндсэн зарчимд нийцээгүй байна.

 

  Түүнчлэн “Тодорхойлох”  хэсэгт “...үргэлжилсэн үйлдлээр...” гэж, “Тогтоох нь”  хэсгийн 1 дэх заалтад “...бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд хамаарч байна.

 

  6.Мөн шүүх шүүгдэгч О.****ыг Ц.****эзэмшлийн **** улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэж, зах зээлийн үнэ болох 1,528,000  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хэдий ч тээврийн хэрэгслийг хэрхэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсаныг дурдав.

 

  Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

  Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч О.****ын “...миний ар гэрийн байдал болон хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч О.****т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/533 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч О.****т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧИД                              Д.МӨНХБҮРЭН

                                 

                                                                                  А.ЦЭРЭНХАНД