Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00901

 

 

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00901

 

 

 

                                       Б.Бнэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/00964 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бхариуцагч Н,Б ШШГХт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: ...4 тоот, 4 өрөө орон сууцыг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг үнэлгээг хүчингүй болгуулна.

1.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 101/ШШ2019/00323 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 665 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2020 оны 001/ХТ2020/00125 дугаар тогтоолоор ... нараас 86,095,022.42 төгрөг гаргуулж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 10 дугаар сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Н,Б ШШГХ төлбөр төлөгч Б.Бөмчлөлийн ... 4 тоот, 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч хөрөнгийг  159,590,000 төгрөгөөр үнэлсэнтэй санал нийлэхгүй байна. Үнэлгээний тайланд орон сууцны м.кв талбайн хэмжээг 82,69 м.кв, нэгж талбайн үнийг 1,930,000 төгрөг гэж тодорхойлсон атлаа санхүүгийн тооцооллын алдаа гаргаж 159,591,700 төгрөг байхад 1,700 төгрөгөөр хөрөнгийг үнэгүйдүүлж 159,590,000 төгрөгөөр үнэлсэн. Уг тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нягтлан бодох бүртгэлийн зарчимд тус тус нийцээгүй. Хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалдаа хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт нийцүүлэн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоогүй, үнэн зөв байх нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцээгүй. Хөрөнгийн м.кв-ын талбайг нэгж м.кв-тай үржүүлэн бодохдоо хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийн өртгийг үнэн зөвөөр тооцоогүй гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 101/ШШ2019/00323 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 665 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 001/ХТ2020/00125 дугаар тогтоолоор ... нараас 86,753,647.42 төгрөг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-нд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... 4 тоот, ... улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийг гүйцэтгэлийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцааны хөрөнгийг битүүмжлэн хураасан. Талуудаас үнийн санал авч тохиролцуулах ажиллагаа явуулахад төлбөр төлөгч нар орон сууцаа 248,070,000 төгрөгөөр үнэлсэн ба уг саналыг төлбөр авагч тал зөвшөөрөөгүй. Талууд үнийн талаар тохиролцоогүй, шинжээч томилуулах санал гаргасан тул 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч барьцааны хөрөнгийг 159,590,000 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бхариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Н,Б ШШГХт холбогдуулан гаргасан ... 4 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11-р сарын 29-ний өдрийн 101/ШЗ2021/20717 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлээгүй тухайд,

4.1.а. Шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 461 дугаар үнэлгээний тайланг үнэн зөв талаас нь үнэлээгүй. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлон бодохдоо нийт талбайн хэмжээг 82,69 м.кв гэж тооцон нэгж м.кв-ын зах зээлийн үнэ ханшийг 1,930,000 төгрөг гэж тодорхойлсон атлаа нийт үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 159,590,000 төгрөг гэж тайланд дурдсан. Гэтэл бодит үнэ цэнэ нь 159,591,700 төгрөг болно. Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээний объектын үнэ цэнийг зөв гаргасан. Нэгж м.кв-ын үнэ болох 1,930,000 төгрөгт маргахгүй. Харин 82,69*1,930,000  төгрөгөөр тооцоход хөрөнгийн үнэ цэнэ 159,591,700 төгрөг болно. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд 159,590,000 төгрөг гэж үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэ цэнийг үнэн зөв гарсан гэж үзэх боломжгүй. Шүүх хэргийн бодит нөхцөл байдал, үйл баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Бат-Очир хариуцагч Н,Б ШШГХт холбогдуулан ...4 тоот, 4 өрөө орон сууцыг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Төлбөр төлөгч ... нараас 86,095,022 төгрөг гаргуулж, төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ...4 тоот, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 101/ШШ2019/00323 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 665 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 001/ХТ2020/00125 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй ба сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх журамтай. /хх38-57/

4. Хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. /хх37, 58-72/

5. Төлбөр төлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг 248,070,000 төгрөгөөр тогтоосныг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч уг орон сууцыг 159,590,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх72-73/

5.а. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 203 дугаар тушаал, 2021 оны 93 дугаар тушаал, Сангийн сайдын 2018 оны 207 дугаар тушаал болон Олон улсын үнэлгээний стандартыг үндэслэжээ.

5.б. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасны дагуу үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй бөгөөд хэргийн 76-95 дугаар тал дахь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч хөрөнгийг өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн хандлагын аргаар эд хөрөнгийг үнэлжээ. Шинжээч нь тухайн объектыг 2021 оны 09 дүгээр сарын байдлаар www.unegui.mn зарын сайтад худалдахаар зарлагдсан хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо, харьцуулж буй хөрөнгөтэй нэг дүүрэгт байршилтай Цайз модны захын замын урд байрлах 34 м.кв болон замынхаа зүүн урд байрлах ...45-64,39 м.кв талбайтай 68,000,000-122,341,000 төгрөгийн үнэтэй орон сууцуудтай харьцуулан барилгын байршил, хийц, инженерийн дэд бүтцэд холбогдсон байдал, талбайн хэмжээ, дотор засал, тохижилт зэргийг тооцоолон үзэх замаар маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 159,590,000 төгрөг гэж тогтоосон байна. Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ эрс үнэгүйдүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

6. Нэхэмжлэгчийн “шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо буруу тооцож, хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг үнэн зөв гаргаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

6.а. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5"үнэ цэнэ" гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг хэлнэ гэж заасан. Шинжээч үнэлж байгаа хөрөнгийн нэгж талбайн үнэ 1,930,000 төгрөг, нийт үнэ 159,590,000 төгрөг /82,69 м.кв*1,930,000/ гэж үнэлсэн байх ба энэ нь нэхэмжлэгчийн үнэлгээнээс 1,700 төгрөгөөр буюу ялимгүй зөрүүтэй байна. Иймд хөрөнгийн бодит үнэ цэнийг шинжээч эрс зөрүүтэй тогтоосон гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/00964 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                    ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                                                  А.МӨНХЗУЛ