| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0734/Э |
| Дугаар | 788 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 788
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г,
улсын яллагч Г.Э,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г.Га-д холбогдох эрүүгийн 1806031470831 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51/Г байрны орцонд хохирогч Б.Л хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Их дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр эхнэр Болортуяагийн хамт зогсож байхад үл таних дугаараас над руу залгаад би доод айлын чинь хүн байна, хурдан ир танайхаас ус алдаад байна гэж хэлэхээр нь удахгүй очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Би орцоороо ороод байж байхад араас хүн орж ирэх шиг болсон. Тэгсэн гэнэт миний араас намайг татаж аваад эргүүлээд намайг заамдаж аваад боосон. Нэг үл таних эрэгтэй хүн байсан. Намайг ална гэж сүрдүүлсэн. Би тавь, эвээр ярих хэрэгтэй, хууль байдаг гэж хэлсэн чинь нөгөө хүн надад хандаж “би баян мөнгөтэй хүн, чамайг мөнгөндөө тааруулж зодно” гэж хэлсэн. Намайг заамдаж авсаныхаа дараа маргалдаж байгаад миний нүүр рүү гараараа цохисон, тэр үед миний харааны шил хугараад газар унасан. Бас миний зүүн талын нүд юм харахгүй байсан. Би юм харахгүй байгаа тухайгаа хэлэхэд зүгээр байна шдээ, юу яриад байгаа юм бэ гэж хэлээд миний нүүр рүү дахин цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Лифтинд суусаны дараа миний толгой руу дахиад 2, 3 удаа цохисон. Би лифтнээс дахин зууралдаж гарсан. Асуудал байгаа бол очдог газар нь очъё гэж би хэлсэн. Тэгээд намайг дахиж цохисон. Би С гэдэг охиныг таньдаг юм. Бид 2-н хооронд үл ялих маргаан болсон юм. Тэрнээс болоод С ах намайг ирж зодож байгаа гэж бодож байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ус алдаад байна гэж хэлсэн хүн миний нөхрийн толгой, нүүр рүү нь гараараа цохисон бас хөл рүү нь өшиглөсөн. Тэр үед миний нөхрийн хамраас нь цус гоожсон. Бас зүүж явсан харааны шил нь хагарсан. Подволк нь урагдсан. Лифтэнд явж байхдаа миний нөхрийг бас цохиод яваад байсан.. Гэр рүү орох гээд дайраад байхаар нь түлхээд коридорт үлдээсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹4639 дүгнэлтэд “Б.Л биед зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 20 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 21 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51/Г байрны орцонд хохирогч Б.Л хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Г холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Л нь өөрт учирсан хохирол болох эмчилгээний зардлын 178000 төгрөг, мөн урагдсан подволк, хагарсан нүдний шилийг хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлэхэд 70.000 төгрөгөөр үнэлсэн зэрэг хохирлын баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс 248000 төгрөгийг Иргэний хуульд зааснаар гаргуулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.