| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2334000000278 |
| Дугаар | 2026/ДШМ/13 |
| Огноо | 2026-02-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | О.Алтансүх |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2026/ДШМ/13
2026 02 05 2026/ДШМ/13
Н.****ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор О.Алтансүх
Яллагдагч Н.****, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Гансүх
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.****
Нарийн бичгийн дарга Н.Мөнххүслэн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.****даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/1499 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Алтансүхийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Н.****ад холбогдох эрүүгийн 2334000000278 дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Яллагдагч Н.**** нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн ****сумын **** тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр буюу хамтран амьдрагч Ц.****бусадтай хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас яллагдагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Яллагдагч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2334000000278 дугаартай 3 /гурав/ хавтас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,
Эрүүгийн 2334000000278 дугаартай 3 /гурав/ хавтас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт очтол яллагдагч Н.****ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор О.Алтансүхийн гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №2024/ДШМ/58 дугаартай магадлалд заасан дараах ажиллагааг хийж гүйцэтгэсныг шүх анхаараагүй. Үүнд:
Шүүх сэтгэц эмгэг судлалын 214 дугаартай "...Г.****9 настай, эмэгтэй нь сэтгэцийн хувьд хүүхэд насны сэтгэл хөдлөлийн хариу урвал байдалтай байна. Г.****нь одоогоор Хүүхэд насны сэтгэл хөдлөлийн хариу урвал сэтгэцийн байдалтай байна. Г.****нь дээрх сэтгэцийн хариу урвал нь хүүхдийн сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нарын зөвлөгөө, тусламжийн үр дүнд хүүхдийн сэтгэцийн онцлогоос шалтгаалж эдгэрэх боломжтой юм. Г.****нь өөрийн насны түвшинд үзсэн, харсан, сонссон зүйлийнхээ талаар тайлбар мэдүүлэг өгөх боломжтой юм. Г.****нь эрх зүйн зарим чадамжтай байна..." гэсэн дүгнэлт /3хх-н 38-40/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 212 дугаартай "...Г.****3 н 4 сар эрэгтэй, энэ хэргийн улмаас өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна, ямар нэг сэтгэцийн өвчний шинж тэмдэг илрээгүй байна, мэдүүлэг өгөх чадваргүй байна..." гэсэн дүгнэлт /3хх-н 44-46/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 213 дугаартай "... Г.****5 настай эрэгтэй нь сэтгэцийн ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй байна сэтгэцийн эмгэгээр евчилж байсан гэх баримт үгүй байна. Г.****эрх зүйн чадамжгүй байна ..." гэсэн /3хх-н 50-51/ дүгнэлтүүдийг гаргуулсан,
насанд хүрээгүй гэрч Г.****"... Аав ээж хоёр яаж орж ирснийг мэдэхгүй маргааш өглөө нь болсон байсан. Тэгтэл аав пиво уучихсан нэг хүнтэй юм яриад ээжийг гадаа шороон дээр хэвтэж байхад нь олсон гэж ярьж байгаад би дэлгүүр орлоо гээд гаднаас цоожлоод явсан... Тэгээд удалгүй цагдаа ирэхтэй зэрэгцээд аав ирсэн. Аавыг цагдаа баривчилсан.... Өмнө нь бол ээжийг архи уусан үедээ гэрээсээ хөөдөг тэлээ болон шалны модоор цохидог хутга авч дайрдаг байсан. Сүүлд зодсон, зодоогүйг мэдэхгүй байна би унтчихсан байсан..." гэсэн мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн.
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.****, С.****, С.Кадел нарын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1001 дугаартай "... Амь хохирогчийн биед учирсан бүдүүн гэдэсний өгсөх хэсэг, элэгний доод гадаргын чацархайн судасны бүрэн тасрал, хэвлийн хөндийд цус хуралт, баруун бөөрний гялтан хальс, чацархайд цус хуралт гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн байх тул хохирлын зэргийг тогтоохгүй. Бусад гэмтлүүд болох зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, нүүр, цээж, 2 мөр, 2 бугалга, баруун тохой, шуу, сарвуу, нуруу, бүсэлхий, 2 гуя, баруун өвдөг, тавхай, зүүн цавинд цус хуралт, зулгаралт, гадна бэлэг эрхтний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно..." гэсэн дүгнэлт /2хх 221-231/ гэсэн дүгнэлт гарсан. Иймд магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон явуулах зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах нотлох баримтуудыг харьцуулан тодорхойлох бүрэн боломжтой байхад шүүх анхаарч үзэлгүй н.Бат-Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авах гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.
Прокуророос Н.**** нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэртээ эхнэр Ц.****зодож алсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн харилцан хамааралтай, харилцан нэгнээ нөхсөн, хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтаар тогтоогдсон, хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 2025/Ш3/1499 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэв.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.****давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Энэ хэрэг шийдэгдэхгүй удаж байна, хэргийг үнэн зөвөөр хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэв.
7.Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/1499 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд хоёр үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулын 33.1 дугаар зүйлийн 6.14 заасан оролцогчын эрхийг хууль бусаар хязгаарласан буюу өмгөөлөгч намайг хэргийн материалтай танилцуулаагүй. Түүнчлэн Давж заалдах шатны шүүхээс 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 06 тоот, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 58 тоот магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6 хүртэл заасан нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй гэж үзсэн ба анхан шатны шүүхээс 2024 оны 04-р сарын 03-ны өдрийн дугаартай 294 дүгээр захирамж, 2025 оны 05-р сарын 12 өдрийн 719 тоот шүүгчийн захирамжуудаар нэмэлт ажиллагаа хийлгэсэн боловч нотолбол зохих асуудлыг нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдэд сэтгэцийн дүгнэлт гаргуулсан боловч шүүхийн шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй байдаг. Түүнчлэн захирамжинд Г.Отгонжаргал, Амарзаяа, Тэмүгэ нараас мэдүүлэг авах, **** нь амь хохирогч ****үхэлд хүргэсэн гэмтлийг гэр рүүгээ явж байхдаа учруулсан уу, ****гэрт гэмтэл учирсан уу гэдгийг тогтоох, мөн **** эхнэрээ алах зорилгоор зодсон уу, нөгөө хүмүүс буюу 3 этгээд гар утас хулгайллаа гэдэг шалтгаанаар зодсон уу гэдгийг тогтоох, мөн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол хор уршигийн шинж чанар шалтгаан нөхцөл, цаг хугацааны уялдаа холбоо, хэргийн үр дагаврыг хүссэн эсэх, үйлдэлтэй хандаж буй хандлагыг тогтоох зэрэг ажиллагаануудыг хийх зайлшгүй шаардлагатай байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүүй болгож өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгчийн хүүхдүүд хохирогчийн дүү ****гэдэг хүний асрамжинд өгсөн боловч одоо ****ын амьдарч байсан эгчийн гэрт буюу Чингэлтэй дүүрэг 14-р хороо, Хайлааст 21 гудамжны 524-б тоотод амьдарч байна. **** энэ хаягт оршин суудаг гэсэн тодорхойлолт шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд ****ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.
8.Яллагдагчийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах шатны шүүхээс 2 удаа магадлал, анхан шатны шүүхээс 2 удаа шүүгчийн захирамж гарсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй. Н.****ын хувьд анхнаасаа гэм буруугийн талаар маргасан юмгүй үйл баримтаа ярьдаг, гэхдээ Бат-Эрдэнэ, Энхбаяр, Одонбаатар нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээс ****ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь их зөрүүтэй байдаг. Энэ зөрүүтэй байдал чацархай судасны тасрал гэмтэл амь хохирогчийн биед учирсанаас гадна олон тооны хөнгөн гэмтлүүд учирсан байдаг. Тэгэхээр энэ гэмтлүүдийг ганцхан **** учруулсан уу, эсвэл ****зодсон уу гэдэг эргэлзээтэй, энэ 3 хүний мэдүүлэг нэгдмэл болсон байдаг. Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар дахин мэдүүлэг авсан, ****хувьд согтуу байсан, мэдэхгүй гэдэг үгээр халхавчлан юм ярихгүй байсан. Мөн шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргуулах шаардлага байна. Учир нь Бат-Эрдэнийхээс ****ынх хүртэл 300 м байгаа, чацархай судасны тасрал бүхий гэмтэл авсан бол явах боломжтой эсэхийг тогтоохоос эхлээд дүгнэлт гаргуулж, шинжээч эмчийг асуух ажиллагаа хийлгэхээр байна. Мөн шүүгдэгч Н.**** нь эгчийнхээ хаяг дээр, эгчийндээ амьдарч байсан. Энэ талаарх баримтыг таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлүүлэх хүсэлтийн хамт өгсөн тул Н.****ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү, хэрэв таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилвөл хэрэг зөрчилд холбогдохгүй, дуудсан цагт ирээд байх боломжтой юм” гэв.
9.Яллагдагч Н.**** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Н.****ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор О.Алтансүхийн гаргасан эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэлээ.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
2.Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.****ыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн ****сумын Мандал баг, ****тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ц.****бусадтай хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
3. Анхан шатны шүүх яллагдагч Н.****ад холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, яллагдагч Н.****ын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/1499 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаахдаа
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй буюу Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ДШМ/58 дугаар магадлалын 3 дахь заалт биелэгдээгүй,
-гэрч н.Бат-Эрдэнээс мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийлгэх гэсэн агуулга бүхий үндэслэлийг зааж шийдвэрлэжээ.
4. Шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/1499 дугаар захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ДШМ/58 дугаар магадлалд “...гурван хүүхдийн сэтгэхүйд уг гэмт хэрэг хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэцийн шинжээч томилуулах, хэрэв эдгээр хүүхдүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан мэдүүлэг өгөх боломжтой бол хуульд заасан үндэслэл, журам, шаардлагыг ханган тухайн хэрэг болж өнгөрсөн талаар гэрчийн мэдүүлэг, мөн хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар амь хохирогчийн биеийн аль хэсэгт ямар төрлийн гэмтэл учирсан, ямар хүчин зүйлсийн, хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас гэмтэл учирсан, энэ ямар гэмтэлд хамаарах, нас барсан шалтгаан зэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах” гэж заасны дагуу шинжээч томилж Г.Отгонжаргал, Г.Буян-Аравжих, Г.****нарын сэтгэцийн талаарх дүгнэлт гаргуулсан, насанд хүрээгүй хүн Г.Отгонжаргалаас гэрчийн мэдүүлэг авсан, амь хохирогч Ц.Отгонбаярын үхлийн шалтгааныг тогтоосон дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргуулсан байна.
4.1.Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтын хэмжээнд болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрслэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан, нэг нь нөгөөгөө нотолсон, эсхүл үгүйсгэсэн зэрэг байдлыг дүгнэж, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зарчмын дагуу шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5.Дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүх прокурор О.Алтансүхийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/1499 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
6.Яллагдагчийн өмгөөлөгч нар нь Н.****ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан.
Анхан шатны шүүх “яллагдагч Н.****ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон болон түүний хувийн байдал, тодорхой оршин суух хаяг нь тодорхойгүй, ...оршин суух хаягийн мэдээллийг холбогдох байгууллагад өгөөгүй... гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/1499 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор О.Алтансүхийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар яллагдагч Н.****ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
А.ЦЭРЭНХАНД