Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00902

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             Р нээлттэй хувьцаат нийгэмлэг,

                        “Р-М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00459 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р нээлттэй хувьцаат нийгэмлэг, “Р-М” ХХК-ийн хариуцагч Д.Бод холбогдуулан гаргасан хохиролд 996,968,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Д.Боос 350,000 ам.доллар буюу 996,968,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  Хариуцагч Д.Б 2006 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ...Р нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Монгол Улсад үүсгэн байгуулсан охин компани болох “Р-М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 14/2014 дугаар тушаал гаргаж, компанийн хөрөнгөөс нийт 350,000 ам.долларыг “орон сууц худалдан авахад зориулан олгох” гэсэн хууль бус шийдвэрийг компанийн хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй гаргасан. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Р нээлттэй хувьцаат нийгэмлэг Д.Быг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэрээр ажлаас чөлөөлөгдөх талаар олж мэдмэгцээ өөртөө олгохоор шийдвэрлэсэн 350,000 ам.долларыг бэлнээр олгох өргөдлийг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж бэлнээр авсан. Үүний талаар 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийсэн дотоод аудитын шалгалтын дүгнэлтээс мэдсэн. Аудитын дүгнэлтээр “гүйцэтгэх захирал асан Д.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр халагдах үедээ компанийн зүгээс ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр 350,000 ам.долларын буюу 42,5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан, ингэхдээ хүн амын орлогын албан татвар суутгалгүйгээр авсан гэдэг нь тогтоогддог. Д.Б уг үйлдлээ хүлээн зөвшөөрч, өршөөх тухай хүсэлтийг нэхэмжлэгчид бичиж өгсөн. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэг гэж тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжид хамаагүй. Компанийн тухай хуулийн 84.1 дэх хэсэгт зааснаар Д.Б нь “Р-М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдож байсан. Компанийн тухай хуулийн 84.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлах, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ талаар тухай бүр мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч уг үүргээ хэрэгжүүлээгүй. “Р-М” ХХК-ийн дүрмийн 8.5 дахь хэсэгт гүйцэтгэх захирал нь хувийн зорилгоор компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулахыг шууд хориглосон. Гэтэл Д.Б холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичгээр өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн, компанийн эрх ашигт үл нийцсэн үндэслэлгүй, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн.  Компанийн тухай хуулийн 84.7, 90.2, 86.1 дэх хэсэгт заасны дагуу “Р- Монголия” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох ...Р нээлттэй хувьцаат компани нь тус компанийн эрх бүхий тушаалтан асан Д.Бын компанид учруулсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийг гаргасан гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Д.Б нь ......компанийн охин компани болох “ЮТ” ХХК-д 2001-2006 онд дэд захирлаар,  улмаар “Р-М” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж удирдаж байгаад 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “ЮТ” ХХК-ийг “Р-М” ХХК-д нэгтгэх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг бүртгүүлж, компанийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан. Компанийн үүсгэн байгуулагч, үндсэн хувьцаа эзэмшигч нь 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.Бтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд үйлчилсэн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан гэдэг нь нэхэмжлэгчийн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар нотлогдоно. Хөдөлмөрийн гэрээний 2.1.4, 2.1.14, 2.1.16 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, хөдөлмөрийн үр дүнгээр шагнал урамшуулал авах эрхтэй, Монгол улсын хууль тогтоомж, компанийн дүрэм болон энэхүү гэрээнд заасан бусад эрхтэй гэж заасан. Мөн гэрээний 5.1-д компанийн дотоод дүрэм журам, компанийн дүрэм, Монгол улсын хууль тогтоомжоор тогтоосон компанийн ажилтнуудад олгодог баталгаа, хөнгөлөлтүүд нь гүйцэтгэх захирлын хувьд нэгэн адил үйлчилнэ гэж заасан.  Компанийн тухай хуульд гүйцэтгэх удирдлагын цалин, урамшууллыг хувьцаа эзэмшигч тогтооно гэж заасан. Тушаалд “урамшуулал” гэсэн ойлголт байхгүй. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд тэтгэмжтэй холбоотой асуудлыг зохицуулаагүй. Хуульд заасан урамшуулалтай холбоотой асуудлыг тэтгэмжтэй хольж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн компанийн дүрмийн 8.1-д зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааны удирдлагыг дан ганц гүйцэтгэх захирал хэрэгжүүлэхээр заасан ба гүйцэтгэх захиралд шагнал урамшууллын хэмжээг тогтоож олгох эрх нээлттэй байсан. Компани гэдэг нь гүйцэтгэх захирал гэж ойлгогдоно. Иймээс хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй шийдвэр гаргасан гэх нэхэмжлэл үндэслэлгүй.

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг зөрчсөн гэж маргаж байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж олгох эсэх асуудлыг цорын ганц хувьцаа эзэмшигч болох ...Р нээлттэй хувьцаат нийгэмлэг шийдвэрлэх эрхтэй. Гэтэл хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон компанийн дүрмээр уг эрхийг хариуцагчид олгосон бөгөөд хариуцагч өөрт олгогдсон эрхийн дагуу гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх хугацаандаа ажил олгогчийг төлөөлж ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж болон бусад буцалтгүй тусламж тэтгэмжийг олгодог байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн 36 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан. “Р-М” ХХК-ийг үүсгэн байгуулагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан “Ю-Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 1 жилээс 2,5 жил ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагууд ажлаасаа чөлөөлөгдөхөд компаниас 200,000-300,000 ам.доллароос доошгүй тэтгэмж олгодог байсныг жишиг болгон дурдаж байна. Төрийн албан хаагч, цэргийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар 36 сарын цалинтай дүйцэх тэтгэмж авдаг байсныг жишиг болгосон. Гүйцэтгэх захирал тэтгэмж авч болохгүй, бусад ажилчид авч болохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, тэгш байх үндсэн зарчмыг илт алдагдуулж байна. Мөн Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль, Компанийн тухай хууль, компанийн дүрэм болон хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтуудыг илт зөрчиж байна. “Ю-Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүнээс гэрчийн мэдүүлэг авахад тэрээр ажлаас гарахдаа тэтгэмж авч байсан талаараа мэдүүлсэн. Мөн н.Ярисский захирлын хөдөлмөрийн гэрээнд ажлаас халагдахдаа тэтгэмж авдаг талаар заасан ба тэрээр мөн тэтгэмж авдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Өмнөх гүйцэтгэх захирлууд тэтгэмж авсантай холбоотой нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж байгаагүй. Гэтэл Монгол гүйцэтгэх захирал амьдралынхаа 20 жилийг тус байгууллагад зарцуулж, ажлаас гарах болоход тэтгэмж өгөх асуудлыг нь шийдвэрлэж өгөөгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

3.1. Иргэдийн төлөөлөгч П.Мөнхтунгалаг: Д.Б нь 2006-2014 онд ажиллаад, ажлаас чөлөөлөгдөж тэтгэвэртээ гарсан. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэмжээ авсан. Өмнө тэтгэмж олгох тухай яригдсан учир тушаал гарган авсан гэж үзлээ. Тухайн үеийн хуулиараа тэтгэвэрт гарахдаа хэдэн сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг байсныг бодож зөрүүг гаргуулж төлвөл зохистой гэж үзэж байна. 100 хувь буруу гэж үзэхгүй байна. 2014 оны хэргийг 2018 онд нэхэмжилснийг ойлгохгүй байна гэжээ.

3.2 Иргэдийн төлөөлөгч Д.Сайнбуян: Гэм буруутайд тооцож байна. Эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө их хэмжээний мөнгө шамшигдуулсан. Аль улсын хэний компани байх нь хамаагүй, хувьцаат компанийн журмаар хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн тохиолдолд 36 сарын тэтгэмж авч болох байсан гэжээ.

4. Шүүх:  Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Д.Боос хохирол 922 246 500 төгрөгийг гаргуулж Р нээлттэй хувьцаат нийгэмлэг, “Р-М” ХХК нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,721,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,769,200 төгрөг, 531,557.50 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,769,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 сарын 14-ний өдрийн 102/ШТ2019/00101 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалт хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд,

5.1.а. Шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны  өдрийн дотоод аудитын дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн. Гэвч тус аудитын дүгнэлтийн орчуулга бүрэн бус байдаг ба нийт 39 хуудас орос хэл дээр бичигдсэн аудитын дүгнэлтийн зөвхөн 6 хуудас дүгнэлтийг орчуулж өгсөн. Шүүх уг 6 хуудас орчуулгыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Дүгнэлтийн бусад орчуулаагүй хэсэгт ямар ач холбогдол бүхий үйл баримт байгаа эсэхийг мэдэх боломжгүй байхад дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй. Уг дүгнэлт нь хуулбар баримтуудыг үндэслэсэн, хариуцагч Д.Бын хөдөлмөрийн гэрээг дүгнээгүй. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагүй 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан гэх Компанийн тухай хуулийг баримталсан зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй аудитын дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдож байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

5.1.б. Хэрэгт нэхэмжлэгч “Р-М” ХХК-ийн 2014-2016 оны санхүүгийн тайлан, хөндлөнгийн хараат бус аудитын дүгнэлтүүд нотлох баримтын шаардлага хангагдсан байдлаар авагдсан. Хариуцагч Д.Б 350,000 ам.долларын тэтгэмж авсан болохыг “Р-М” ХХК мэдэж, хүлээн зөвшөөрч байсан тул тус компанийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 350,000 ам.долларыг удирдлагын зардалд багтаан тайлагнаж баталгаажуулсан байдаг. 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “Од бүртгэл аудит” ХХК аудитын дүгнэлт гаргаж санхүүгийн тайланг үнэн зөв гаргасан болохыг хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн байдаг. Санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт зэргээр нэхэмжлэгч “Р” НХН 2014 онд мэдээгүй 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн аудитын дүгнэлтээр мэдсэн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нар хариуцагчийг тэтгэмж авсныг 2014 онд мэдэж хүлээн зөвшөөрч байсан.

5.2. Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд,

5.2.а. Компанийн тухай хуулийн 89.1, 89.1.1-89.1.4-т сонирхлын зөрчилтэй этгээд, сонирхлын зөрчил үүсэх харилцааг тус тус зохицуулсан. Шүүхийн дүгнэсэн Компанийн тухай хуулийн 84.1, 34.4, 84.4.3, 84.4.4, 84.6, 84.7 дах хэсгийн зохицуулалт нь мөн хуулийн 89.1.1- 89.1.4 дэх хэсэгт заасан сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хэрэгжихээр байна. Хариуцагч нь Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.1-89.1.4-т заасан сонирхлын зөрчил үүсгээгүй тул мөн хуулийн 84 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. “Р-М” ХХК-ийн 2014-2016 онуудын санхүүгийн тайлан, хөндлөнгийн хараат бус аудитын дүгнэлтүүдэд хариуцагчийг 922,246,500 төгрөгийн хохирол учруулсан тэтгэмжийг хууль бусаар авсан гэж үздэггүй. Харин тус компанийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтээр нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтөлж тайлагнасан, хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 350,000 ам.долларыг удирдлагын зардалд багтаан тайлагнаж баталгаажуулсан.

5.2.б. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсгээр тодорхойлдог. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01905 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 00173 дугаар тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх хариуцагч Д.Быг “Р-М” ХХК-ийн хөрөнгөнд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй болохыг тогтоосон. Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь “Р-М” ХХК-д хохирол учруулсан ямар ч баримт байдаггүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж үзэж Иргэний 228.1, 229.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй.

5.2.в. Шүүх “... нэхэмжлэгчийн шаардах эрх ... Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан үндэслэлтэй байх тул ..." гэж дурьдсан нь үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнээс хальж маргааныг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “хариуцагч Д.Боос ... Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсгийг баримтлан шаардаж байна” гэж дурьдсан болохоос биш Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг нэхэмжлэлийн үндэслэл болгож шаардаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн өмнөөс түүний шаардлага, үндэслэлийг өөрийн санаачлагаар тодорхойлж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн.

5.2.г. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл нь “гэм хор учирсан” байхыг шаарддаг. Гэтэл шүүх “гэм хор” учирсан эсэх үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийг хийхгүйгээр Иргэний хуулийн 229.1 дэх хэсгийг баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй.

5.2.д. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу “Р-М” ХХК-д 922,246,500 төгрөгийн хохирол учирсан байх ёстой бөгөөд уг хохирол нь баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл тус компанийн 2014-2016 оны санхүүгийн тайлан, 2014-2016 онд хийгдсэн хөндлөнгийн хараат бус аудитын дүгнэлтүүдэд хариуцагч Д.Быг 922,246,500 төгрөгийн хохирол учруулсан, эсхүл 922,246,500 төгрөгийн тэтгэмж хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан талаар огт дурьдаагүй байдаг. 2014-2016 онуудын санхүүгийн тайлан, хөндлөнгийн хараат бус аудитын дүгнэлтүүдэд “Р-М” ХХК нь нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтөлж тайлагнасан, хууль тогтоомж зөрчсөн зүйл илрээгүй талаар дурьдсан байдаг. Нэхэмжлэгч нь 350,000 ам.долларын гүйлгээг 2014 оноос хойш мэдээгүй байх ямар ч боломжгүй. Д.Бод олгосон 350,000 ам.долларын тэтгэмжийг “Р-М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гболон “Р” НХН мэдэж, хүлээн зөвшөөрч байсан тул “Р-М” ХХК 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 350,000 ам.долларыг бусад зардалд багтаан тайлагнасан болохыг 2014 оны санхүүгийн тайланд дүгнэлт хийсэн гэрч У.О шүүхэд мэдүүлсэн. 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гүйцэтгэх захирал Д.Гбаталгаажуулсан байдаг. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч 350,000 ам.долларын тэтгэмжийг хүлээн зөвшөөрч, санхүүгийн тайландаа бусад зардалд хамааруулан тайлагнах байсан ба 350,000 ам.долларын хохирол учирсан талаарх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зуйлийн 25.2.2, 38 дүгаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй. Мөн нэхэмжлэгчид 922,246,500 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан “хохирол учирсан байх” урьдчилсан нөхцөл хангагдаагүй.

5.3. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд,

5.3.а. Шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй буюу үр дагаврыг шийдвэрлээгүй. Нэгэнт талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, хэрэв хариуцагч Д.Б нь ажил олгогчид хохирол учруулсан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 132.1, 133.1 дэх хэсэгт заасны дагуу маргааныг хянан шийдвэрлэх үр дагавар үүснэ.  Иймд Улсын дээд шүүхийн 2021 оны 00173 дугаар тогтоолын заалт хэрэгжсэн гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн 2021 оны 00173 дугаар тогтоолд заасан ажиллагааг гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, зааг ялгааг гаргаагүй. Тухайлбал, “хариуцагч Д.Б нь хөдөлмөрийн харилцааны хүрээнд Р ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалтны хувьд хохирол учруулж, хувьцаа эзэмшигчийн шийдвэргүйгээр сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж 922,246,500 төгрөгийн тэтгэмжийг хувьдаа завшсан” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй.

5.3.б. Шүүх 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан 3 сарын хугацаа хамаарахгүй. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг “Р-М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдэгт маргадаггүй. Талуудын хоорондох харилцаа нь хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан бөгөөд үүнийг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн хуулиар шийдвэрлэх ёстой. Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай холбоотой нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хуулийн дээрх хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй буюу 2014 оноос хойш 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүйгээр, хөдөлмөрийн харилцаанд Иргэний хуулийн ерөнхий ангид заасан хөөн хэлэлцэх хугацааны нийтлэг зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан. Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсноос шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

5.4. Нотлох баримтуудыг үнэлээгүй тухайд,

5.4.а. Шүүх “Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3, 84.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдох ба эрх бүхий албан тушаалтан нь компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа мэдэгдэх үүрэгтэй байна” гэж дурьдсан нь үндэслэлгүй. Хариуцагч Д.Б нь компанийн дүрэм болон хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгээгүй. Хариуцагч Д.Б хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон эрхийн хүрээнд дээрх тэтгэмжийг 2014 онд авсан ба ийнхүү авсныг хувьцаа эзэмшигч зөвшөөрөөгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй. “Р-М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бын 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 14/2014 тоот тушаал гаргаж, 350,000 ам.долларын тэтгэмж авсан ба уг тушаал нь одоог хүртэл “Р-М” ХХК-д хадгалагдаж байгаа. Тухайн хугацааны кассын Ерөнхий журнал, харилцахын дэлгэрэнгүй жагсаалт зэрэгт уг мөнгөн дүнгийн мэдээлэл авагдсан ба уг санхүүгийн баримтуудыг компанийн Ерөнхий нягтлан бодогч Я.Г, гүйцэтгэх захирал Д.Гнар мэдэхгүй байх ямар ч боломжгүй. Гэтэл шүүх уг үйл баримтыг дүгнээгүй, “Р-М” ХХК-ийн кассын еренхий журнал, харилцах дэлгэрэнгүй жагсаалтыг нотлох баримтаар үнэлээгүй.

5.4.б. Д.Б, “ЮТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 2.1, 5.3-т заасны дагуу хариуцагч нь 350,000 ам.долларыг өөртөө шилжүүлэн авсан. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр олгогдсон эрхийн хүрээнд хариуцагч нь 20,000 ам.доллараас дээш хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй бөгөөд тогтсон жишгийн дагуу уг төлбөрийг авсан. Гэтэл шүүх уг гэрээний зохицуулалтуудыг үнэлэхгүйгээр орхигдуулж, хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй. ... Д.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнэхгүйгээр хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Аудитын дүгнэлтийг 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Компанийн тухай хуульд үндэслэн гаргасан байх ба Монгол Улсад дээрх хугацаанд батлагдсан Компанийн тухай хууль байхгүй бөгөөд уг дүгнэлт нь Монгол Улсад байхгүй хуулийг үндэслэн гарсан тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Хэрэг маргааныг шийдвэрлэхэд талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн нь ач холбогдолгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэм хорын хохирол гаргуулахаар шаардсан. Энэ талаар нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа тодорхой дурдсан. Хариуцагч нэхэмжлэгч хохирол гаргуулахаар гэм хор шаардаж буй гэж гомдолдоо дурдсан атлаа шүүх Хөдөлмөрийн тухай хууль хэрэглээгүй гэж маргаж байгаа нь логик авцалдаагүй, хоорондоо зөрчилдөөнтэй байна.

... 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчийг гүйцэтгэх захирлаас чөлөөлснөөр компани болон Д.Б нарын хоорондын эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул хохирол гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх боломжгүй. Талуудын хооронд өмнө ямар ч төрлийн гэрээний харилцаа үүсч байсан нь Д.Бын хувьдаа 350,000 ам доллар авсан хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болж чадахгүй.

... Компанийн тухай хуулийн 84.7 дахь хэсэгт заасны дагуу Д.Б нь компанид учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа 3 сар байх естой гэж байгаа нь гүйцэтгэх захирлууд компаниасаа их хэмжээний хөрөнгө завшаад 3 сар өнгөрчихвөл буцаан төлөхгүй, өөртөө үлдээх боломжтой гэсэн илтэд үндэслэлгүй агуулгатай байна. Энэ маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т зааснаар 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах харьяаллын маргаан биш. Харин гүйцэтгэх захирал компаниас өөрөө өөртөө мөнгө гаргуулж авсан нь хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлсэн асуудал биш бөгөөд компанид хохирол учруулсан тул Иргэний хуулийн гэм хороор шийдвэрлэх асуудал тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 84.4-т заасан гүйцэтгэх захирал компанийн эрх ашигт нийцүүлэн шударгаар ажиллах, сонирхлын зөрчилгүй ажиллах үүргээ зөрчиж хохирол учруулсан асуудал бөгөөд компани энэ асуудлаар 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах бус Компанийн тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж хянан шийдвэрлүүлсэн тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 75.2.4-т заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шийдвэрт хариуцагч нь хохирол учруулсан талаар хангалттай дүгнэсэн тул гэм хор учирсан эсэх асуудлаар шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэх боломжгүй. Тушаал, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт, аудитын дүгнэлт, кассын дансны хуулга, 350,000 ам.доллар хүлээн авснаа зөвшөөрч өршөөж өгөхийг хүссэн хариуцагчийн хүсэлт зэрэг баримтуудаар хохирол учирсан болох нь хангалттай нотлогдоод байхад хохирол учраагүй, хохирол учирсан болохыг нотлоогүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. Санхүүгийн тайлан аудитын дүгнэлт зэрэг баримт нь хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг нотлох зорилготой баримт биш, харин санхүү нягтлан бодох бүртгэлийн баримт бичгүүд бөгөөд бүртгэлийн стандартын дагуу бүртгэсэн эсэхийг баталгаажуулдаг. Түүнчлэн санхүүгийн тайланд хохирол гэж бүртгэдэг хэсэг байдаггүй. Харин хохирол учруулсан эсэхийг шүүхээс тогтооно.

... Д.Б350,000 ам долларыг өөртөө гаргуулан авахыг хууль тогтоомж, гэрээ хэлцэл, компанийн дотоод баримт бичгээр олгоогүй. Хэрэв Д.Б компаниас тэтгэмж авах ёстой гэж үзэх бол холбогдох баримт бичгийг үндэслэн компаниас шаардах боломжтой.

... Нэхэмжлэгч тал Д.Быг 350,000 ам.долларыг хувьдаа завшсан асуудлыг мэдэж, хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд хохирол учирсан өдрөөс тоолоход хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан. 

... Ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдох хэлцэл хийгээгүй гэх тайлбар хууль зүйн бөгөөд логикийн үндэслэлгүй. Д.Б өөртөө 350,000 ам.доллар олгох шийдвэр гаргасан нь хэлцпийн нөгөө тал байсан, тус шийдвэрийн үр дүнд шууд орлого олсон, сонирхлын зөрчилтэй асуудал болсон гэдгийг хангалттай тодорхой илэрхийлж байна.

....  Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/00173 дугаар тогтоолд хариуцагчийг "Р-М” ХХК-ийн хөрөнгөнд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн зүйл байхгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсгийн зохицуулалт нь хохирол нэхэмжлэхэд нэгэн адил хамааралтай тул анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагч талын гомдол нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

            2. Нэхэмжлэгч ...Р нээлттэй хувьцаат нийгэмлэг, “Р-М” ХХК хариуцагч Д.Боос хохиролд 350,000 ам.доллар буюу 996,968,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байна.

            4. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ.

            4.а. “ЮТ” ХХК-ийн цорын ганц үүсгэн байгуулагч Нефтийн компани “Ю” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн 2006 оны 05 дугаар сарын 31-ний шийдвэрээр хариуцагч Д.Б “ЮТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс “Р-М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад нэхэмжлэгч “Р-М” ХХК-ийн үүсгэн байгуулагч Р нээлттэй хувьцаат нийгэмлэгийн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

          4.б. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдахаас өмнө буюу 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2014/14 дугаартай “ ... Д.Быг гавьяаны амралтанд гарч буйг тохиолдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу орон сууц худалдан авахад нь зориулж тэтгэмж болгон 350,000 ам.доллар олгосугай” гэсэн тушаал гаргаж, 350,000 ам.доллар “Р М” ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  бэлнээр авсан нь баримтаар тогтоогджээ. /1хх 8, 11-13, 15, 149-160/

4.в. Талууд 350,000 ам.доллар авсан талаар маргаагүй, уг мөнгөн дүнг авах үндэслэл, шалтгааны талаар маргаж байх ба энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

            5. Нэхэмжлэгч нь “компанийн хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй хууль бус шийдвэр гаргасан .., хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжид хамаагүй ..,” гэж тайлбарласан, хариуцагч “ ... хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, компанийн дүрэм болон хөдөлмөрийн гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмж авсан, шинээр томилогдсон захирал Д.Гхариуцагчийг тэтгэмж авсныг мэдэж байсан, өмнөх жишгийн дагуу тэтгэмжийг хүлээн зөвшөөрсөн, компанид хохирол учруулсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй ..,” гэж маргадаг. 

            5.а. Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй боловч талуудаас ирүүлсэн нотлох баримтууд болон тайлбараар тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох боломжтой байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид сар бүр тогтмол цалин хөлс олгож, хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл  төлдөг, жил бүр ээлжийн амралт эдлүүлдэг байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна. “ЮТ” ХХК-ийн хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ тухайн маргаанд хамааралгүй. /3хх128-202/

          “Р-М” ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 1-д ажилтны хөдөлмөрийн хөлс, тэтгэмжтэй холбоотой харилцааг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаар зохицуулахаар тусгажээ. /хх16-20/

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт .., ажил олгогч энэ хуулийн 40.1.3 буюу ажилтан 60 нас хүрч өндөр настны тэтгэвэр авах эрх үүссэн .., үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заажээ. 

5.б. Гэтэл хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдахаас 1 сар 8 хоногийн өмнө, орон сууц худалдан авах зориулалтаар өөртөө 350,000 ам долларын тэтгэмж олгох тушаал гаргасан байгаа нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч Д.Б нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд тэрээр мөн хуулийн 84.4.1-84.4.6-д заасан хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах ..., зэрэг үүрэгтэй.

             6. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нөхцөлд урамшуулал авахад зөвхөн хуульд заасан үндэслэл буюу байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах журамтай. Гэтэл хариуцагч өөрөө тушаал гаргаж, өөртөө урамшуулал авах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна.

             6.а. Тодруулбал, хариуцагч нь компанийн удирдлага буюу үүсгэн байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр тушаал гаргаж өөртөө 350,000 ам.доллар авсан нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.4-т нийцээгүй бөгөөд энэ нь хууль болон гэрээнд үндэслэгдсэн гэх тайлбараа нотлоогүй. Тэрээр хуульд заасан үндэслэлгүйгээр байгууллагын мөнгөн хөрөнгө авсныг байгууллагад гэм хорын хохирол учруулсан гэж дүгнэнэ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотлоогүй тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. /1хх11-13/

             7. Хариуцагчийн давж заалдах гомдлоос “Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4, 84.4.3, 84.4.4, 84.6, 84.7 дахь хэсгийн зохицуулалт нь мөн хуулийн 89.1.1-89.1.4 дэх хэсэгт заасан сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хэрэгжинэ, Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.1-89.1.4-т заасан сонирхлын зөрчил үүсгээгүй тул мөн хуулийн 84 дүгээр зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлтэй.

7.а. Хариуцагчийн өөртөө тушаал гаргаж 350,000 ам.доллар авсан үйлдэл нь Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.1.1-89.1.4-т заасан сонирхлын зөрчилтэй хэлцэлд хамаарахгүй тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлгүй. Иймд хариуцагч Д.Боос 922,246,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р нээлттэй хувьцаат нийгэмлэг, “Р-М” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцэх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалт нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор хохирол шаардах эрхэд, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг гэм хорыг арилгах, гэм хор учруулахаас өмнөх ерөнхий зохицуулалт бөгөөд анхан шатны шүүх гэм хорын үүргийн эрх зүйн гэм хор арилгах зохицуулалтыг шаардах эрхийн үндэслэл болгосон нь буруу.

7.б. Хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгч нь хариуцагч Д.Быг 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөртөө тушаал гаргаж 350,000 ам.доллар авсан болохыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Р-М” ХХК-ийн санхүү, аж ахуйн асуудалд хийсэн аудитын дүгнэлтээр мэдсэн, хариуцагчаас дээрх мөнгөн дүнг буцааж төлөхийг шаардсан боловч төлөөгүй гэх тайлбар, хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтанд явуулсан “... сүүлийн 7 жил гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, ... миний бие газрын тосны бүтээгдэхүүний үнийг тэнцүүлснээс үүдэн олдсон нөөцөөс 350,000 ам.доллар өөрийн нэр дээр авах шийдвэрийг гаргасан. Энэ нь компанийн бүтээмжтэй байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй бөгөөд НК Р НХН нь ямар нэгэн алдагдал хүлээгээгүй ба надад маш их хэрэгтэй байсан, миний худалдаж авах гэж байсан байр тийм хэмжээний үнэтэй байсан. Миний амьдралд туслалцаа үзүүлэн энэхүү мөнгийг өршөөж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна ..,” гэх хүсэлт зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. /1хх40-43/

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн зохицуулалт нь энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй буюу хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд хөдөлмөрлөх эрхийн зөрчил үүссэн нөхцөлд хэрэглэгдэнэ.

7.в. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн аудитын дүгнэлтийн орчуулга бүрэн эхээр хэрэгт авагдаагүй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, хэрэгт авагдсан бусад баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжтой байна.

            8. Шүүх иргэдийн төлөөлөгч П.М, Д.С нарын дүгнэлтийг, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, хэргийн нөхцөл байдал зэрэгтэй харьцуулан дүгнэжээ. /4хх89-90/

             Дээрх үндэслэлээр хариуцагч талын нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00459 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “.... 218 дугаар зүйлийн 218.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д ...” гэснийг “... 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,769,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

                      ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                      А.МӨНХЗУЛ