| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0189/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/215 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Б.С,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сад холбогдох 1814000980071 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Б.С,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 02 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 6-34 тоотод иргэн Д.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 02 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 6-34 тоотод иргэн Д.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Д.Цын ... 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой би эхнэртэйгээ гадуур явж байгаад ирсэн. Эхнэр дахин гадагшаа гараад би гэртээ үлдсэн боловч архи уумаар санагдаад найз Сынхаа гэрт нэг шил Нутаг гэдэг архи авч очсон. Тэдний гэрт Саас өөр хүн байгаагүй. Бид 2 архиа хувааж уучихаад байж байтал С 5000 төгрөг гаргаад нэг шил нутаг гэдэг архи авсан. Түүнийгээ уугаад талдаа орж байтал С гадагшаа гарсан. Би тэр хойгуур нь үлдсэн архийг нь аваад гарч модны дэргэд нуусан. Би тэднийхээс явахдаа архийг нь гэртээ аваачиж ууя гэж бодсон юм. Буцаад гэртээ орж ирээд байж байтал С архи хаана байна гээд надаас архиа нэхээд байсан. Би мэдэхгүй гээд гүрийгээд байсан чинь намайг зодож эхэлсэн. Миний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон. Гэтэл маргааш өглөө нь 11 цагийн орчим С манай гэрт 1 ширхэг Болор гэдэг архи аваад ирсэн, би түүнийг надаас уучлалт гуйх гэж байгаа юм болов уу гэж бодож байсан юм. Архи ууж байгаад бас л согтоод чи архи нуудаг хэн бэ гээд дахин намайг зодсон. Би Саас эмчилгээ болон хохиролд нийт 300.000 төгрөг хүлээн авсан. Би үлдэгдэл 259.300 төгрөгийг нэхэмжлэхгүй. Сад гомдол саналгүй болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23, 24-25/,
Гэрч *******ийн ... 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой ******* гэртээ үлдээд би айлд цай уух гээд явчихаад гэртээ эргээд иртэл ******* алга байсан. Тэгээд нилээн байж байтал гаднаас ам, хамарнаас нь цус гарсан, уруул нь хэгзэрсэн байдалтай С намайг зодчихлоо гээд ороод ирсэн. Маргааш буюу 2018 оны 02 дугаар сарын 24-нд манай гэрт С гэгч эрэгтэй хүн Болор нэртэй архи авч орж ирээд тэр архиа *******тай хувааж уух гэхээр нь би хангинтал *******ыг С дагуулаад гараад явсан. Тэгээд орой 19 цагийн үед ******* гэртээ баруун нүд нь хавдаж хөхөрсөн, хамарнаас нь цус гарсан байдалтай ороод ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Гэрч *******гийн ... 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орой манай төрсөн дүү *******ын эхнэр Оюунчимэг над уруу утсаар залгаад өнөөдөр ******* хүнд зодуулчихлаа гэхээр нь яасан байна гэсэн чинь шүднүүд нь хөдлөөд, уруул нь хэгзэрч язраад, уруулнаас нь цус гарсан гэртээ ирлээ гэж хэлсэн. Тэгээд эрүүл байна уу согтуу байна уу гэсэн чинь ******* болон *******ыг зодсон хүн хоёулаа согтуу байна гэсэн. Тэгэхээр нь би за за хоёулаа согтуу юм чинь гээд ойшоогоогүй. Гэтэл өчигдөр орой 18 цагийн үед надруу Оюунчимэг залгаснаа ******* өчигдөр зодуулсан хүндээ дахиад зодуулчилхсан байна гэхээр нь би *******ын гэрт иртэл манай дүү *******ын хамарнаас цус гарсан, баруун талын нүд нь хөхөрч, хавдсан, уруулнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Тэгээд дүүгээсээ хэнд зодуулсан юм гэж асуухад С гэх хүнд зодуулсан гэдгээ өөрөө надад хэлсэн. Би ганц төрсөн дүүтэй хүн байгаа юм. Зодуулсанаасаа болоод нүд нь битүү хавдсан байсан. Одоо хараанд нь нөлөөлсөн үгүйг мэдэхгүй учраас санаа зовоод байна. Эмчилгээ шаардлагатай байвал эмчилгээний төлбөрийг дүүг маань зодсон Саас нэхэмжилнэ гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/,
Шүүгдэгч Д.Сын ... Бид 2 архиа уугаад нилээн согтсон, түүний авчирсан архийг уучихаад би дахин нэг шил архи авсан ба түүнийгээ ууж байгаад ширээн дээр тавьчихаад гарч тамхи татчихаад ороод ирсэн чинь архи алга болсон байсан. Би согтсон байсан учраас түүнийг ямар байдлаар яаж цохисноо санахгүй байна. Харин миний авсан архи маргааш нь манай түлээний модны дэргэд хэвтэж байсан. Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би өөрийн буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Түүнд учруулсан хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг төлнө ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 150 дугаартай шинжээчийн ... Д.*******ын биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, зүүн доод 2-р шүдний мултрал, доод уруулд шарх, баруун нүдний алимны салст зовхи, бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтын тогтонги 5% алдагдуулна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 58-59/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.******* нь хохиролд 300.000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авч цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Сын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Сын эзэмшлийн Зил маркын хөргөгч 1 ширхэгийг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Сын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Сад мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Сын эзэмшлийн Зил маркын хөргөгч 1 ширхэгийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА