Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Насанд хүрээгүй хохирогч *******,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч Л.Ц,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Цад холбогдох 1814003580194 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Л.Ц,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Л.Ц нь өөрийн эзэмшлийн Ч.Бгийн өмчлөлийн 55-98 БНХ улсын дугаартай хюндэй портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж буюу “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дугаар зүйлд заасан Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд замд тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 2018 оны 06 сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нураг хайрхан дэлгүүрийн урд талын засмал зам дээр унадаг дугуй унан зам дагуу явж байсан насанд хүрээгүй *******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2018 оны 06 дугаар сарын 17-ны орой 22 цаг дөхөж байхад гэрээсээ дэлгүүр орхоор гарсан юм. Би өөрийн унадаг дугуйтайгаа “Нураг хайрхан” дэлгүүр орох гээд явж байсан. Дэлгүүр өнгөрөөд эргэх гэж байтал тухайн үед юу болсоныг мэдээгүй, нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Нэг эмэгтэй хүн ирээд манай аав ээжийн дугаарыг асуухаар нь хэлж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай ахын эхнэр ирсэн. Удалгүй цагдаа дараа нь түргэн ирээд намайг авч эмнэлэгт ирсэн. Миний унадаг дугуйнд зориулалтын гэрэлтүүлэг, дуут дохио байхгүй тухайн үед манай ээж дэлгүүр явахын өмнө жижиг духны гэрэл залуурын голд зоож өгөөд гэрлээ асаасан явж байсан. Би машин ирж байгааг хараагүй “Нураг хайрхан” өнгөрөөд буцаж эргэх гэж байсан юм. Би засмал замын хажуугаар шороон зурвас хэсгээр явж байсан юм. Тухайн үед миний зүүн хөл өвдөж байсан. Босч явж чадаагүй, хөдөлж ч чадахгүй байсан. Одоо миний зүүн хөл өвдөж байгаа, заримдаа толгой өвдөж байгаа. Би баруун гар талын гудамж руугаа эргэх гэж байсан. Одоогоор миний зүүн хөл байнга өвдөж өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа. Намайг эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж хөлөө хадуулах үед хадаасны үнэ болох 800.000 төгрөг, 4 бинт, хагалгаанаас гарсны дараа 2 ширхэг тариа зэргийг авч өгсөн. Би бие махбодь, сэтгэл санаагаараа хохирсон гомдолтой байна. Миний тухайн зам тээврийн осолд өртөх үеээр унаж явж байсан унадаг дугуйны ац нь далийсан, урд талын дугуйны доторх төмөр нь далийсан, ац тогтоогч нь далийсан, дугуйны амартизатор зэрэг нь эвдэрсэн. Би дугуйны далийсан ац, ацыг тогтоогч төмөртэй нь нийт 35.000 төгрөгөөр, урд талын дугуйг 35.000 төгрөгөөр дугуйны амартизаторыг 40.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. 2017 онд 280.000 төгрөгөөр худалдан авсан юм. “K-ston” маркын унадаг дугуй. Мөрдөн байцаалтын хугацаа дууссаны дараа хэргийн материалтай танилцах үеэр нийт хэдэн төгрөг нэхэмжилхээ хэлэх болно. Манай ээж эмчилгээний явцад гарсан зарим зардалуудтай холбоотой баримтуудыг өгсөн байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-45/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Л.Ц гэх хүнийг манай хүүхдийг мөргөснөөс нь хойш мэднэ. Ах дүү төрөл садангын холбоо байхгүй. Унадаг дугуйнд үүссэн эвдрэлийг манай хүүхэд өөрөө дахин мэдүүлэг өгөх үеэр хэлэх байх би сайн мэдэхгүй байна. Эмчилгээний явцад хүүхдийг ийшээ тийшээ авч явах үед унаанд зарцуулсан шатахууны мөнгө болон авч хэрэглэсэн эмнүүдэд 586.956 төгрөгний зардал гарсан ба холбогдох баримтууд нь байгаа юм. Манай хүүхэд дахин мэдүүлэг өгөхдөө нийт хэдэн төгрөг нэхэмжлэх талаар хэлэх байх. *******э нь Батхонгор /нас барсан өмнөх нөхөр гэх/ бид 2-ийн дундаас гарсан хүүхэд юм байгаа. Айлын том хүүхэд. Түүнийг 2006 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийнхөө эцэг болох Очирхуягт үрчлүүлсэн юм. Одоо хүртэл нагац өвөөгийхөө нэр дээр байдаг юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 17-ны 22 цаг 08 минутад 88918699 дугаарын утсаар залгаад хүүхэд чинь машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Би гэрээсэээ гараад “Нураг хайрхан” дэлгүүр урд зам дээр ирэхэд манай хүү Бийг замын хажууд толгой доор нь юм эвсэн байдалтай хэвтүүлсэн байсан. Их удалгүй түргэн ирээд манай хүүхдийг аваад явсан. Миний хүү Бэ 22 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орохоор явсан. Миний хүү Бийн дугуйнд зориулалтын гэрэл дуут дохио бол байхгүй. Би гэрээсээ гарахад нь харанхуй болсон байсан учраас духны жижиг гэрэл дугуйны залуурын голд нь скочоор нааж бэхлээд асаж өгч явуулсан юм. Тормос эд ангийн хувьд бүрэн бүтэн ажиллагаатай байсан. Би хүүхдээ гэмтсэнд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Шүүгдэгч Л.Цын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед өөрийн гэрээсээ гараад хадам ээжийндээ очихоор ганцаараа 55-98 БНХ улсын дугаартай Вонго Жи-2 маркын машинтай явж байсан юм. Тэгээд 10 мянгатын голын замаар өгсөөд явж байгаад Нураг хайрхан дэлгүүрийн урд гудамжаар эргэхээр дохио өгөөд замаасаа өнгөрөх гэж байхад баруун гар талаас дээрээсээ уруудаад нэг хар юм янзын эрчтэй өнхрөөд ороод ирэх шиг болсон. Би машинаа зогсоогоод аваарын дохиогоо татаад буугаад яваад очтол дугуйтай хүүхэд газар уначихсан өндийгөөд босоод ирсэн. Тэгээд би хаана чинь өвдөж байна гэж асуухад тэр хүүхэд энд гээд зүүн гуя дээрээ гараа дарахаар нь шортыг нь татаад харахад арьс дээшээ хууларсан байсан. Ямар нэгэн юманд өм цохигдсон юм шиг харагдаж байсан. Тэгээд би түргэн болон цагдаад дуудлага өгөөд нөгөө хүүхдээ хөдлөлгүй байлгаж байсан. Мөн нэрийг нь асуухад Бэ гэдэг гээд ар гэрийнх нь дугаарыг асуухад ээжийнхээ дугаарыг өгөхөөр нь ээж рүү нь залгаж хэлсэн. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаагийнхан мөн ар гэрийнхэн ирсэн. Би 2016 оны 01 дүгээр сард жолоодох эрхийн үнэмлэх авч явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний тээврийн хэрэгсэл эд ангиуд бүрэн 2017 оны 09 дүгээр сард оношлогоонд орсон. Би зүүн эргэх дохио өгөөд нэг тээврийн хэрэгслийг хүлээж өнгөрөөгөөд төв замаараа зүүн эргэж замын хажуу руу орох үед гэнэт нэг нүүгэлдсэн хар юм ород ирсэн. Би тормос гишгээд машинаа зогсоосон. Ямар нэгэн гэрэлтүүлэг цацруулагч харагдаагүй. Машинд мөргөгдөөд газар унах үед л унадаг дугуйтай хүүхэд байна гэдэг нь мэдэгдсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/,

Шүүгдэгч Л.Цын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би хохирогчид хадаасны төлбөр гээд 2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр 800.000 төгрөгийг түүний ээж болох Хишигсүрэнгийн банкны дансруу шилжүүлсэн юм. Бас 100.000 гаран төгрөгт хүүхдэд эмнэлэгт байхад нь бинт бусад зүйл зэргийг авч өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг нь би өгч чадахгүй. Би өөрийнхөө Вонго Жи-2 маркын 55-98 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгөөр үнэлэх болно. Тээврийн хэрэгсэл болохоор Ч.Б гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг ба тус хүнээс Ц.Баасанбат гэх хүн худалдаж аваад би болохоор Ц.Баасанбатаас худалдан авсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 400 тоот шинжээчийн ... “*******ийн биед зүүн дунд чөмөгний ясны далд хугарал, тархи доргилт, зүүн гуяны шарх, зүүн мөр, хэвлий, зүүн шилбэ, тавхайд зулгаралт, хэвлий баруун шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх нь гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэсэн дүгнэлт /хх-ийн 60-61/,

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 18 тоот шинжээчийн ... 55-98 БНХ тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан жолоочийн буруутай үйлдлээс болж уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Монгол улсын Замын хөдөлгөөний хууль дүрмийн 7.7 Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. 55-98 БНХ тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан иргэн Л.Ц /ВТ84112001/ нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр жолооч болсон 1146133 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 70/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 9-13/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 14-17/,

Унадаг дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 18-20/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-30/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32-34/,

“ЭНХ НАХИА” ХХК-ийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80, 86-87/,

Амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, өвчний түүх, гэмтлийн эмчийн үзлэг, мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын өмнөх дүгнэлт, мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэргээх үеийн хяналтын хуудас, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, эмнэлэгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-ийн 100-102, 138-166/,

Хохирогчийн хохирлын баримтууд /хх-ийн 103-110/,

Шүүгдэгч Л.Цын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 111-134/,

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 06 сарын 17-ны өдрийн 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нураг хайрхан дэлгүүрийн урд талын засмал зам дээр унадаг дугуй унан зам дагуу явж байсан насанд хүрээгүй *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж 55-98 БНХ улсын дугаартай хюндэй портер маркийн автомашинаар мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч Л.Цад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.Цыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч талаас эмчилгээний зардалд 716.950 төгрөг, унадаг дугуйн эд ангийн засварын үнэд 100.000 төгрөг нийт 816.950 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэргийн 103-110 дугаар талд эм тариа худалдан авсан 716.950 төгрөгийн санхүүгийн баримт, хэргийн 79-80 дугаар хуудсанд унадаг дугуйн эд ангийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтүүд тус тус авагдсан байна.

Дээрх хохирлын баримтууд нь хуульд нийцсэн ба уг хохирлыг шүүгдэгч нь хохирогчид төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Л.Цаас 816.950 төгрөг гаргуулж хохирогч талд олгож, бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь хохирогч талд нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Л.Цын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн 55-98 БНХ улсын дугаартай хюндэй портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Ч.Бгийн эзэмшлийнх байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шүүгдэгч Л.Цад буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1146133 тоот Л.Цын жолоочийн үнэмлэх зэргийг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт Л.Цыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Цыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Цын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Цад мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэн Ч.Бгийн эзэмшлийн 55-98 БНХ улсын дугаартай хюндэй портер маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.Цад буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Цаас 816.950 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-20-22 тоотод оршин суух хаягтай Очирхуягийн Хишигсүрэнд олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1146133 тоот Л.Цын жолоочийн үнэмлэх зэргийг шүүгдэгч Л.Цад буцаан олгосугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА