Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/187

 

2026             02             10                                                                        2026/ДШМ/187

 

М.Б-, И.Ц- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

хохирогч М.Б-,

шүүгдэгч М.Б-, И.Ц-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Буджав,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2633 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-, И.Ц-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Буджав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Б-, И.Ц- нарт холбогдох эрүүгийн 2406032602438 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б- овгийн М-ын Б-, ......., ял шийтгэлгүй, /РД:М-/;

2. Т- овгийн И-ийн Ц-, ....., ял шийтгэлгүй, /РД:И-/;

Өсвөр насны шүүгдэгч И.Ц-, М.Б- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Б-тэй гэрэл тусгалаа гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна хананы зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн сарвууны 3 дугаар хурууны 2 дугаар үений мултрал, хугарал, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын уг, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Б-, И.Ц- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч И.Ц-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг тус тус баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 6.336.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч И.Ц-аас 3.168.000  төгрөгийг, шүүгдэгч М.Б-гээс 3.168.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Б-д, мөн шүүгдэгч И.Ц-аас 890.220 төгрөгийг, шүүгдэгч М.Б-гээс 890.220 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Б- нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Ц-, М.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.Ц- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шийтгэх тогтоолд нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг дутуу бичсэн тул миний бичсэн доорх тайлбарыг үндэслэн хэргийг дахин нягталж үзнэ үү хэмээн хүсэж байна.  Маргаан эхлэх үед Б- миний нүүр рүү эхэлж цохисон ба цохиулсны улмаас хамраа дарж газар цусаа тогтоон хэсэг суусны дараагаар эргүүлж нэг цохисон. Б-д цохиулсны улмаас хөл алдаж унасан. Тэр үед нь Б- очиж босгох үед Б- Б-г цохисон. Б- түүнд тус хүргэж босгох гэж оролдсоны улмаас цохиулсан тул Б-ийг эргүүлэн цохисон. Тэр хоёрыг Б- бид хоёрын найз нарын нэг нь салгаж бид нар шийднээс гарсан. Мөн тухайн үед байсан Э-, О-, С-, Д- ба Т- гэх гэрчүүдийн мэдүүлэг дутуу байгаа тул тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт шалгалт хийнэ үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж, засрал хүмүүжил авч байна. Миний бие хууль зүйн мэдлэггүйгээс болж өмгөөлөгчгүй буруу, зөрүү мэдүүлэг өгсөн. Тухайн үед би М.Б-д хүнд гэмтэл учруулаагүй. Тэр өдөр М.Б- хэдэн хүүхэдтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирж гэрэл тусгаж тамхи асуугаад байсан. Бид нарыг босоод явах гэж байтал М.Б- нь Ц-ын нүүрэн тус газар нэг удаа цохисон. Ц-ын хамраас цус гарч буцааж нэг удаа цохисон. Тэгээд Ц- хамрынхаа цусыг арилгах гэж булаг руу очиж цусаа арилгаж байтал хэдэн хүүхдүүд шийд рүү орж байсан. Намайг М.Б-д гар хүрээгүй гэдгийг С-, Т- хоёр гэрчилнэ. Байцаагч байцаалт авахдаа С-, Т- хоёроос мэдүүлэг авч энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Одоо энэ хэргээс үүдэлтэй миний ар гэр үнэхээр хүнд байдалтай байна. Миний бие аав, ээж, эхнэр, 1 настай хүүгийн хамт амьдарч байсан. Аав, ээж хоёр минь бие муутай, байнгын асаргаанд байдаг. Би энэ гэрт хөдөлмөр эрхлэх боломжтой ганц хүү нь юм. Одоо миний эхнэр хүүхдийн 100.000 төгрөгөөр хоол хүнсээ болгон амьдарч байна. Өвлийн улирал болж түлш түлээ зөөж өгөхөөс авахуулаад нярай биетэй эхнэр, аав, ээж маань маш хүнд байдалтай байна. Иймд миний эрх зүйн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж гэм бурууг минь үнэн зөвөөр дэнсэлж, хэргийг минь анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч И.Ц-, М.Б- нарын өмгөөлөгч Ж.Буджав давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх  эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй. Шүүгдэгч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаврыг бий болгодог тул хэргийн талаар нотолбол зохих байдлыг хөдөлбөргүйгээр нотлоход хангалттай хүрэлцэхүйц нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй байхад шүүх үйл баримт буюу гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчимд нийцдэггүй. Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газрын үзлэг хийгдээгүй байх ба хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан М-, Т-, Т-, М-, Б- /Э-э/, Т-, Э-, О- /О-/, С-, Б- нараас мэдүүлэг авах ажиллагааг огт хийгдээгүй байна. Түүнчлэн шүүгдэгч И.Ц-ын гэрчээр өгсөн “...Тэгтэл манай найзууд болох Т-, Э-, О-, Ч-, Д- нар ирсэн. Манай найзууд ирээд шууд сагсны талбай руу гүйж орсон... Тухайн үед Б-, би, Т-, М-, Д-, Т-, Ч- 3 зодоонд оролцсон...” /хх 44/, шүүгдэгч И.Ц-ын яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...” /хх 109/, шүүгдэгч И.Ц-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Хэрэг болох үед болсон зүйл болон хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна...”, “...Шүүгч Г.Ууганбаатар: Өөр зодоонд хэн оролцсон бэ гэхэд, шүүгдэгч И.Ц-: Тэнд байсан ихэнх хүүхдүүд гэв. ...” /шүүх хуралдааны тэмдэглэлийн 3-4 дэх тал/, шүүгдэгч М.Б-гийн гэрчээр өгсөн “...Тэгтэл Б- гэх хүүхэд намайг 1 удаа цохисон, би зөрүүлээд Б-ий нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тухайн үед зодоон тэгээд дууссан. Бид нар М-ын хамрын цусыг арилгаад байж байтал манай найзууд болох О-, Б-, Э-, Ч-, Д- нар хаанаас ч юм гараад ирсэн, надтай хамт байсан хүүхдүүдээс нь тэд нарыг дуудсан юм шиг байсан. Сүүлд ирсэн манай найзууд бүгдээрээ сагсны шийд рүү ороод Б- болон түүний 3 найзтай зодолдож эхэлсэн. Б-ий найзаас 1 найз нь зугтаасан. Тэгээд манай найзуудаас О-, Д-, М-, Ч- нар зодоонд оролцсон. Тухайн үед Б-ий нэг найз нь газар унасан байсан, харин Б- нэг найзтайгаа сандал дээр сууж байсан... Б- зодоон эхлэхээс өмнө М-, бид 2 нийлээд 3 удаа цохисон. Сүүлд манай найзууд ирсний дараа болсон зодоон дээр яг хэн хэн халдсаныг сайн мэдэхгүй байна, миний харснаар О-, Д-, М-, Э-э, Ч-, С- нар зодоонд оролцсон. Тухайн үед Э-, жижиг Төгсөө, Б- нар салгаж байсан...” /хх 35/, шүүгдэгч М.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...” /хх 117/, шүүгдэгч М.Б-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Шүүгдэгч М.Б-: Мэдүүлгүүд их зөрүүтэй байна, хэрэг гарахаас өмнө бид нар шийдэн дээр ирж байхад эдгээр хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд бид нараас ирж байн байн тамхи асуугаад байсан. Хохирогч над дээр ирээд чи яаж хараад байгаа юм бэ, муухай хараад байна уу гээд байсан. Тэрнээс болж хэрүүл маргаан үүсээд салчихсан байхад найз нь ирээд гэрэл тусгаж хэрүүл үүсгээд зодоон болсон гэв. Улсын яллагч: Ц-ыг өмөөрч хохирогчийг цохисон уу гэхэд, шүүгдэгч М.Б-: Ц-ыг цохисон, хохирогч цаашаа унахаар нь очоод босгох гэсэн боловч намайг цохихоор нь өөрийгөө хамгаалж босгосон. Үүний дараа салсан боловч яагаад ч юм зодоон болсон гэв...” /шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь тал/, “...Шүүгч Г.Ууганбаатар: Б-ий биед яаж халдсан бэ гэхэд, шүүгдэгч М.Б-: Зодоон эхэлж байхад Б-ий нүүрэн тус газарт 2 удаа цохисон гэв. Шүүгч Г.Ууганбаатар: Өөр цохисон уу гэхэд, шүүгдэгч М.Б-: Үгүй гэв...” /шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх тал/, гэрч М.Э-йн “...Би 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз М-, Б-, Т- нартай сагсны шийдний талбай дээр юм яриад сууж байсан. Тэгтэл тухайн үед Б-, М- нар сагсны талбай дээр тоглож байсан. Тэгтэл цаанаас 7-8 хүүхэд ирээд орилолдоод эхэлсэн. Би тэгэхээр нь очоод хартал зодоон болж байсан. Би дунд нь гүйгээд ортол танихгүй хүүхдүүд намайг зодоод эхэлсэн... Миний харснаар Б-, М-, Т- бид нарыг зодсон. Тэгтэл Б- сагсны талбай дээр ухаан алдсан байсан, тэгэхээр нь М- бид 2 Б-ийг үүрээд гэрт нь хүргэж өгсөн...” /хх 48/, гэрч Н.Д-ий “...М- гэх манай найз Э- руу залгаад бид нар зодуулаад байна. М- цустайгаа холилдсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Э-, О-, Т-, Ч- бид нар Холбоо толгойн гудамжинд шинээр баригдсан сагсны шийдэн дээр яваад очсон... Тэгтэл надтай хамт ирсэн хүүхдүүд  шууд сагсны шийд рүү гүйгээд орсон. Би араас нь ороод зодолдож байсан хүүхдүүдийг салгасан. Тухайн үед Т-ээ нэг хүүхдийг газар унасан байхад нь гэдэс хэсэгт нь өшиглөж байсан. О- хажууд нь байсан хүүхдийн цээжнээс доод хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгээд М-, Б- нар цаана буланд нэг хүүхдийг газар унагаасан зодож байсан... би хүний биед халдаагүй...” /хх39/, гэрч Г.Ч-ий “...Би 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз Э-, Б-, Т-, Д- нартай ... Э-гийнд хонох гээд явж байсан. Тэгтэл орой 23 цагийн үед жижиг Төгсөө Э- руу залгаад андаа зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар бөөндөө ... шинээр баригдсан сагсны шийдэн дээр яваад очсон. Тэгтэл М-, Б-, жижиг Төгсөө, том Төгсөө нар үл таних хүүхдүүдтэй муудалцаад, зодолдоод байж байсан. Тэгээд бид нар сагсны талбай руу гүйж ортол 2-3 хүүхэд зөрөөд гараад гүйсэн, тэгтэл араас нь том Төгсөө хөөсөн. Бид нар сагсны талбай руу ортол буланд нь М-, жижиг Төгсөө, Б- нар 3 хүүхэдтэй зодолдож байсан. ...Би ямар нэгэн хүний биед хүрээгүй...” /хх 32/, гэрч М.Т-ийн “...Тэгээд Б-ий найзууд манай Б-ийг салгаад шийдэн дээр үлдсэн, бид нар сагсны шийдний талбайгаас гарсан. Тэгээд 2 талаас орилолдоод байсан. Тэгэхээр нь би чимээгүй байлдаа гэж хэлээд байж байтал манай найзууд болох О-, Ч-, Э-, С-. Б- нар ирээд шууд сагсны шийд рүү гүйлдээд орсон. Би араас нь ортол Б-, өөр нэг хүүхэд нар газар унасан байдалтай байсан. Би тухайн үед ямар ч хүний биед халдаагүй... Сүүлд болсон зодооныг би сайн харж чадаагүй, тухайн үед их харанхуй байсан...” /хх 29/, хохирогч М.Б-ий 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр найз М-, Э-, Т- нарын хамт пиво уугаад сууж байсан...” /хх 23/, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед гэрийнхээ ойр хавьд өөрийн найз М-, Т- нартай сагс тоглож байгаад 22 цагийн үед өөр сагсны талбай орж тоглосон. Тухайн үед бид гурвыг тоглож байхад өөр танихгүй хүүхдүүд ирсэн...” /хх 19/ гэж тус тус мэдүүлсэн байдаг. Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэхэд, хэрэг учрал болсон гэх үед хохирогч М.Б-ий биед халдсан үйлдлүүд нь цаг хугацааны хувьд тус тусдаа хоёр өөр харилцааны явцад хийгдсэн байх ба хэргийн үйл баримтыг бүрэн бодитой эргэлзээгүйгээр сэргээн тогтооход ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байсан М-. Т-, Т-, М-, Б- /Э-э/, Т-, Э-, О- /О-/, С-, Б- нараас мэдүүлэг авах, магадлан шалгах зайлшгүй шаардлагатайг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Б-ий биед гэмтэл учруулсан үйлдэлд гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Д-, Г.Ч-, М.Т- нарын үйлдэл оролцоо байсан эсэхийг магадлан шалгах шаардлагатай байна. Учир нь, шүүгдэгч И.Ц-, М.Б- нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Д-, Ч-...” нарыг зодоонд оролцсон гэж мэдүүлдэг бол гэрч Н.Д-ий мэдүүлэгт “...Э-, О-, Т-, Ч- бид нар ... яваад очсон... Тэгтэл надтай хамт ирсэн хүүхдүүд шууд сагсны шийд рүү гүйгээд орсон би араас нь ороод зодолдож байсан хүүхдүүдийг салгасан... би хүний биед халдаагүй...”, гэрч Г.Ч-ий мэдүүлэгт “...Тэгэхээр нь бид нар бөөндөө яваад очсон. Тэгтэл М-, Б-, жижиг Төгсөө, том Төгсөө нар үл таних хүүхдүүдтэй муудалцаад, зодолдоод байж байсан. Тэгээд бид нар сагсны талбай руу гүйж ортол 2-3 хүүхэд зөрөөд гараад гүйсэн, тэгтэл араас нь том Төгсөө хөөсөн...би ямар нэгэн хүний биед хүрээгүй...”, гэрч Н.Т-ийн мэдүүлэгт “...манай найзууд болох О-, Ч-, Э-, С-, Б- нар ирээд шууд сагсны шийд рүү гүйлдээд орсон. Би араас нь ортол Б-ээ, өөр нэг хүүхэд нар газар унасан байдалтай байсан...би тухайн үед ямар ч хүний биед халдаагүй...” гэж харилцан зөрүүтэй мэдүүлсэн байдаг ба үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Эхний үйл баримтын хувьд: хохирогч М.Б- шүүгдэгч И.Ц-ын хамар руу гараараа 1 удаа цохисон ба үүний улмаас шүүгдэгч И.Ц- хохирогч М.Б-ий нүүрэн тус газарт 1 удаа цохисон, үүний дараа хохирогч М.Б-ий нүүрэн тус газарт шүүгдэгч М.Б- 2 удаа цохисон гэх үйл баримт дүрслэгддэг ба тухай үед Т-, М-, Э- /Б-/, М-, Т-, М.Э-, Т- нар хэргийн газарт байжээ. Дараагийн үйл баримтын хувьд: Э-, О- /О-/, Т-, Г.Ч-, Э-э /Б-/, С-, Б-, Н.Д- нар ирээд сагсны шийд рүү орсны дараа хохирогч М.Б- бусдад зодуулсан байдалтай газар унасан байсан гэх үйл баримт дүрслэгддэг ба тухайн үед М-, Т-, М.Э-, Т-, М-, Э- /Б-/, Т-, Э-, О- /О-/, Б-, С-, И.Ц-, М.Б- нар хэргийн газарт байжээ. Дээрх хоёр тусдаа үйл баримтын аль цаг хугацаанд нь, хэн хохирогчийн биед хэрхэн гэмтэл учруулсан үйлдэл хийснийг үндэслэлтэй, бүрэн гүйцэд тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэх билээ. Тийм учраас мөрдөн байцаалтыг явуулахдаа оролцогчдын хэн алиных нь мэдүүлэг үнэн байж болохыг мөрдөн шалгаж, магадлан тогтоож, холбогдох ажиллагааг бүрэн гүйцэд хийсний эцэст шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийж, хууль хэрэглэж хэргийг шийдвэрлэх нь шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хангадаг билээ.

Түүнчлэн, шүүгдэгч И.Ц-, М.Б- нар нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 18 насанд хүрсэн ба Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээ эдлэхийн хууль зүйн учир холбогдол ба холбогдсон хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар бүрэн ойлгон ухамсарлалгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчийн зүгээс мэтгэлцэх зарчмыг хангахад учир дутагдалтай ханджээ. Хэрэг учрал болоход насанд хүрээгүй байсан бөгөөд нэг талаас эрх зүйн ухамсар бүрэн төлөвшиж амжаагүй, эрүүгийн болон эрүүгийн процессын эрх зүйн мэдлэггүй 18 настай хүн, нөгөө талаас эрх зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад оролцон шалгарсан, прокурор мэргэшилтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчийн хооронд “мэтгэлцээний тэгш байдал” хангагдах боломж хязгаарлагдмал байжээ. Мэтгэлцээний тэгш байдал алдагдсанаар шүүхийн мэтгэлцээн нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаврыг бий болгосон гэж дүгнэж байна.

Иймд дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг үндэслэн хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хохирогч М.Б- шүүх хуралдаанд “Хэлэх зүйлгүй” гэв.

Прокурор М.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Б-, И.Ц- нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж, бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо шүүгдэгч нарыг өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэх асуудлыг дурдсан байна. Уг асуудалтай холбоотой хэргийг шүүх рүү шилжүүлэхээс өмнө болон шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгч авах эсэхийг нь тодруулсан. Гэтэл шүүгдэгч нар нь өмгөөлөгч авах шаардлагагүй, өөрөө өөрсдийгөө өмгөөлнө гэх байр суурийг илэрхийлж, шүүх хуралдаанд оролцсон. Уг хэргийг анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн тус тус гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Б-, И.Ц- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны (хэрэгт холбогдох үедээ 16 нас 11 сартай байсан) шүүгдэгч И.Ц-, М.Б- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй (17 нас 8 сартай байсан) хохирогч М.Б-тэй гэрэл тусгалаа гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна хананы зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн сарвууны 3 дугаар хурууны 2 дугаар үений мултрал, хугарал, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын уг, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Б-ий “...миний санаж байгаагаар хоёр хүүхэд халдсан, ...М- миний зүүн нүд рүү гараараа цохиод, би доошоо өвдөглөөд суусан байхад нэг хүүхэд миний дээрээс ирж өвдгөөрөө миний зүүн нүд болон хамрын хэсэгт дахиж цохиод, тэнд М-тай байсан хүүхдүүд үргэлжлүүлээд намайг цохисон байх. Би ухаан алдаад гэртээ сэрсэн. М-аас бусад хүмүүс хэн нь миний аль хэсэг рүү цохисон талаар хараагүй учраас мэдэхгүй байна...” /хх 19-24/,

гэрч Д.Х-гийн “...унтах гээд байж байтал манай бага хүү М.Б- гаднаас зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай орж ирсэн. Би тэгэхээр нь юу болсон талаар асуухад Шар хадны 2-ын буудал дээр байрлах сагсны шийдэн дээр намайг хүүхдүүд зодсон гэж хэлсэн. ...” /хх 25-26/,

гэрч М.Т-ийн “...найз М-, М-, Б-, Б--Э-йн хамт гэрийн гудамжинд уулзаад юм ярьж байгаад сагсны шийд орохоор болсон. Биднийг сууж байтал тухайн хүүхдүүд ирээд тамхи асуугаад танилцъя гээд байсан. Тухайн хүүхдүүд манай найзуудтай нэг нэгээр нь танилцаад яваад байсан. Тэр хүүхдүүдийн нэг болох М- ирээд миний нүүр рүү гэрэл тусгахаар нь би гэрлээ больчих л доо гэж хэлсэн. Гэтэл М- чам руу тусгахаар яадаг юм гэсэн. Дараа нь гэрлээ М- /Ц-/ руу тусгасан. М- жаахан ууртай гэрлээ больчих л доо гэж хэлсэн. М- чам руу тусгаагүй байна шүү дээ гэсэн. Энэ асуудлаас болоод ер нь маргалдаж эхэлсэн. Гэтэл ам мурийгаад муудалцаад байж байтал Б- М-ын нүүрэн тус газар нэг удаа цохиход М- нүүрээ нэг барьж байгаад Б-ий нүүрэн тус газар нэг удаа цохисон. Гэтэл манай найз Б- М-ыг өмөөрөөд Б-ийг цохисон...” /хх 28-29/,

насанд хүрээгүй гэрч Г.Ч-ий “...М-, Б-, жижиг Т-, том Т- нар үл таних хүүхдүүдтэй муудалцаад, зодолдоод байж байсан. Тэгээд бид сагсны талбай руу гүйж ортол 2-3 хүүхэд зөрөөд гараад гүйсэн, араас нь том Т- хөөсөн. Бид нар сагсны талбай руу ортол буланд нь М-, жижиг Т-, Б- нар 3 хүүхэдтэй зодолдож байсан. Надтай хамт явж байсан хүүхдүүд орж салгаад М-, жижиг Т-, Б- нарыг сагсны талбайгаас аваад гарсан. ...Миний харснаар нөгөө хүүхдүүд нь газар унасан байдалтай байж байсан...”  /хх 31-32/,

шинжээч Н.Энхцолмонгийн “...хохирогч Б-ий биед үүссэн хамар ясны хугарал нь дангаараа хохирлын зэрэг тогтоох журмын хөнгөн, зүүн сарвууны 3 дугаар хурууны 2 дугаар үений мултрал хугарал нь дангаараа хүндэвтэр, зүүн ухархай гадна хананаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна ханын зөрүүгүй хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журамд заасны дагуу хохирлын хүнд зэрэгт хамаарна...” /хх 63-64/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7080 дугаар “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ээр “...М.Б-ий биед зүүн ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна ханын зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн сарвууны 3 дугаар хурууны 2 дугаар үений мултрал, хугарал, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын уг, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” /хх 53-54/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0825/2193 дугаар “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ээр “...Шинжлүүлэгч М.Б-ий сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурынх, байнгынх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна...” /xx 69-71/ гэсэн дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 15/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, хохирогч М.Б-ий эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 50-51/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч И.Ц- “...шийтгэх тогтоолд нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг дутуу бичсэн, тухайн үед байсан Э-, О-, С-, Д-,  Т- гэх гэрчүүдийн мэдүүлэг дутуу байгаа тул тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт шалгалт хийнэ үү...”, шүүгдэгч М.Б- “...би хохирогчид хүнд гэмтэл учруулаагүй. Намайг хохирогчид гар хүрээгүй гэдгийг С-, Т- хоёр гэрчлэх тул тэдгээрээс мэдүүлэг авч хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү, ...миний эрх зүйн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж гэм бурууг минь үнэн зөвөөр дэнсэлж, хэргийг минь анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү...”, шүүгдэгч И.Ц-, М.Б- нарын өмгөөлөгч Ж.Буджав “...хэргийн газрын үзлэг хийгдээгүй, хохирогчийн биед халдсан үйлдлүүд нь цаг хугацааны хувьд тусдаа, хоёр өөр харилцааны явцад хийгдсэн байхад хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан М-, Т-, Т-, М-, Б- /Э-э/, Т-, Э-, О- /О-/, С-, Б- нараас мэдүүлэг аваагүй, ...иймд оролцогчдын хэн алиных нь мэдүүлэг үнэн болохыг мөрдөн шалгаж, холбогдох ажиллагааг бүрэн хийсний эцэст шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийж, шийдвэрлэх ёстой тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэн” гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн нөхцөл байдлыг зөв тодорхойлж, шүүгдэгч нарыг нэг цаг хугацаанд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр маргаан болж хохирогч М.Б-ийг И.Ц- нүүрэн тус газар нь цохиж, шүүгдэгч М.Б- нь шүүгдэгч И.Ц-ыг өмөөрч хохирогч М.Б-ийг цохисон болох нь хохирогч М.Б-ий мэдүүлэг болон гэрч М.Т-ийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хэргийн газар байсан гэх С-, Т- нараас заавал гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй мөн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан шиг хоёр өөр цаг хугацаанд хохирогчийн биед халдсан гэх хэргийн үйл баримт тогтоогдохгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нар нь өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлээгүйг шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох талаар зааж, 2 дахь хэсэгт өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн насыг хуулийн дагуу авсан иргэний бүртгэлийн бичиг баримтаар тодорхойлохоор нарийвчлан зохицуулжээ.

Хэдийгээр эрүүгийн 2406032602438 дугаартай хэрэгт шүүгдэгч нарын нас тоолсон тэмдэглэл авагдаагүй ч анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-, И.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдний гэмт хэрэгт холбогдох үедээ 16 нас 11 сартай байсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэсэн хэдий ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруугийн талаар болон гэм буруутайд тооцох хэсэгт тус тус гэмт хэрэг үйлдэгдсэн газар болон цаг хугацааны талаар тусгаагүйг дурдаж цаашид шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцүүлэх талаар анхаарвал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-, И.Ц-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Буджав нарын шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг тус тус баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 6.336.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч И.Ц-аас 3.168.000  төгрөгийг, шүүгдэгч М.Б-гээс 3.168.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Б-д, мөн шүүгдэгч И.Ц-аас 890.220 төгрөгийг, шүүгдэгч М.Б-гээс 890.220 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө буюу 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийтгэх тогтоолоор гаргуулахаар тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан /хх 198-201/ болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч М.Б-, И.Ц- нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2633 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-, И.Ц-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Буджав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч М.Б-, И.Ц- нар нь тус бүр хохирогч  М.Б-д 3.168.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 890.220 төгрөгийг тус тус төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, И.Ц- нарын цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                               ДАРГАЛАГЧ,

                                       ШҮҮГЧ                                       Л.ОДОНЧИМЭГ

 

                                       ШҮҮГЧ                                         М.АЛДАР

 

                           ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-Э-