Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00980

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00980

 

 

 

                                     Д.Цийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/00644 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Цийн төрөөс гэм хорын хохиролд 11,932,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон прокурорын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, прокурор Б.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс 1,932,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 11,932,000 төгрөг гаргуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Д.Цийг Баянгол дүүргийн Прокурорын газраас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, төрсөн эгч Д.Эгийн амь насыг хохироосон гэсэн үндэслэлээр яллагдагчаар татан 1 сарын хугацаанд цагдан хорьсон. Гэвч Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 1092, 1290 дугаар дүгнэлтээр Д.Эг архаг хордлоготой, энэ нь үхэлд нөлөөлсөн, архины гаралтай зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас нас барсан, удаан хугацаанд архи хэтрүүлэн хэрэглэхэд үүсдэг эмгэг ба эд эсийн шинжилгээгээр тогтоогдсон гэж дүгнэсэн. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 45.3 дугаар зүйлийн 1.1, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс 420,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна. Прокурор, Цагдаагийн байгууллагаас шинжээчийн дүгнэлт эцэслэн гараагүй байхад нэхэмжлэгчийг төрсөн эгчийгээ алсан хэргээ хүлээ гэж дарамтлан асар их хямралд оруулсан. Эгч нь нас барсан сэтгэл санаа хэцүү байхад эгчийгээ алсан гэж улам сэтгэл санаагаар унагаж, хүнд хэцүү байдалд оруулсан учраас сэтгэл санааны хохирлыг 10,000,000 төгрөгөөр тооцсон. Нэхэмжлэгч нь тухайн үед Баянгол дүүргийн нотариатчийн туслахаар ажилладаг байсан ба  сарын 420,000 төгрөгийн цалин авдаг байсан. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэгт холбогдуулан 1 сар цагдан хорьж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Цагдаагийн байгууллагад шалгагдаж 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1,512,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 11,932,000 төгрөг нэхэмжилсэн гэжээ.

 

 2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулгад:  Д.Ц нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс төрсөн эгч Д.Эгийн амь насыг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдаж 1 сарын хугацаанд цагдан хоригдсон. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 1092, 1290 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, юунд үндэслэж уг хэмжээг гаргасан нь тодорхойгүй байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Төрийн тусгай эрх олгогдсон байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой үүргийг гүйцэтгээд явж байгаа үйл ажиллагаа нь хууль бусаар цагдан хорьсон гэж үзэх үндэслэл болж чадахгүй. Нэхэмжлэгчийг хууль бусаар цагдан хориогүй. Эрх бүхий байгууллагын шийдвэр, хуулийн дагуу үйл ажиллагаа нь явагдаж байсан. Нэхэмжлэгчийг зөвхөн төрсөн эгчийгээ алсан гэдгээр буруутгаж таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа хэрэг биш. Харин эгчийгээ алсан гэж өөрийгөө буруутгаад амиа хорлох нөхцөл байдал өөрт нь үүсэх үндэслэл байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Прокурорын тайлбарын агуулгад: ...  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд сэтгэл санааны гэм хорд нэхэмжилсэн мөнгөн дүнг хангах боломжгүй. Шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийн зохицуулалтыг тухайн маргаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэж болох боловч мөн хуулийн 4.3-т зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно. Сэтгэл санаанд учирсан гэм хор болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хор нь эдийн бус гэх төрөлд хамаарах боловч агуулга, хэлбэрийн хувьд ялгаатай тул эдгээр харилцаанд эрх зүйн нэг хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх боломжгүй. Мөрдөгч, прокурор, шүүгчийн санаатай, хууль бус, гэм буруутай, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас Д.Цийг хэрэгт холбогдуулан шалгасан гэж үзэхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсэхгүй, хохирлыг төр хариуцан арилгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа зөв тодорхойлж чадаагүй. Авах ёстой байсан цалин хөлсөө нотолж чадаагүй. Нотариатчийн туслах ажилтнаар ажиллаж байсан гэрээ нь 05 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн, Нотариатын танхимын тодорхойлолтоор 8 дугаар сард бүртгүүлсэн байна. Цалин хөлс авахдаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримтгүй, цалингаа дансаар, эсвэл бэлнээр авч байсан баримтгүй. Иймд авч байсан цалин хөлс нь нотлогдохгүй байна. Мөн цагдан хоригдсон хугацаанаас хойш жирэмсэн болсон. Цагдан хоригдсоноос болж сэтгэл санааны хямралд орж ураг амьгүй болсон гэдгийг баримтаар нотлоогүй. Сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хохирогч ямар ч баталгаа байхгүй мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэлд хавсаргасан бичиг баримт байхгүй байна гэжээ.

 

5. Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д зааснаар Төр буюу Засгийн газрын нөөц сангаас 3,803,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цид олгож, үлдэх 8,128,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

6.1. Сэтгэл санааны хохирлыг хангаж шийдвэрлэсэн тухайд,

6.1.а. Шүүх сэтгэл санааны хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтууд, цагдан хоригдсон хугацаа, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан хугацаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлгийн байгууллагын өвчтөний түүх, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзсан талаар дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй, хохирлыг хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч байгаа төлбөрийн хэмжээг юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй байхад сэтгэл санааны хохирлыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сэтгэл санааны хохирлыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Прокурорын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн хохирол гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7.1. Шүүх нэхэмжлэгч Д.Цийн 4 сар 14 хоногийн цалинтай тэнцэх олговрыг олгож шийдвэрлэхдээ үндэслэлээ тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэгч хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацааны буюу 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд ажиллаагүй гэх тодорхойлолт байх боловч цагдан хоригдсон хугацаа 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 1 сар байна. Үүнээс хойш ажил хийх боломжгүй байсан талаар ямар нэгэн баримтгүйгээр цалин хөлсийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

7.2. Мөн сэтгэл санааны хохирлыг ямар үндэслэлээр 2,000,000 төгрөгөөр тооцсон нь тодорхойгүй, сэтгэл санааны хохиролд орсны улмаас биеийн эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орж, савны гадуур жирэмсэлсэн гэж дүгнэсэн нь шинжлэх ухааны үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт байхгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Цагдан хорих тухай тогтоол нь баримт юм. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр суллагдсанаас хойш эрүүгийн хэрэг хаагдах хүртэл хугацаанд цагдаагийн байгууллагад өдөр бүр очиж цагаа бүртгүүлдэг байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан учраас ажил хийх боломжгүй байсан. Эгч нас барсан байхад түүнтэй холбогдуулан цагдан хоригдсон хүний сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Үүнийг мөнгөөр үнэлэх боломжгүй, шүүх шийдвэрлэнэ. Би одоог хүртэл ажилгүй байгаа бөгөөд ажилд авах газар олдохгүй байна. Энэ хэрэгт шалгагдсанаас болсон хор уршиг одоог хүртэл арилахгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Ц хууль бусаар цагдан хоригдсон хугацааны цалин хөлс 1,932,000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирол 10,000,000 төгрөг, нийт 11,932,000 төгрөг төрөөс нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Монгол Улсын Засгийн газраас “сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтоосон баримт байхгүй, нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй, хууль бусаар цагдан хориогүй” гэж, төрийг төлөөлж оролцсон прокурор “нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг ирүүлээгүй, сэтгэл санааны хохирлыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалтгүй” гэж маргажээ.

3. Иргэдийн төлөөлөгч “хохирогч ямар ч баталгаагүй мөнгө нэхэмжилж байна, нэхэмжлэлд хавсаргасан бичиг баримт байхгүй” гэж дүгнэлт гаргасан байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх170/

4. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдлоо.

4.а. Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2005023771301 дугаар тогтоолоор Д.Цийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 01-02 цагийн хооронд Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 17-р гудамжны 84 тоотод байрлах Ц.ТМонгол гэрт Д.Эгийн хоолойг боож амьсгал бүтэлтэнд оруулж алсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар захирамжаар Д.Цд 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээ авчээ. Улмаар Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаар тогтоолоор яллагдагч Д.Цд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх6-8, 27, 35-39, 54-59/

4.б. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Монгол Улсын иргэн мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах эрхтэй, хүнийг хууль бусаар цагдан хорьсоны улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурорын гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах журамтай бөгөөд мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэжээ.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн дээрх зохицуулалттай нийцэж байна.

5.а. Хууль бусаар цагдан хоригдсон хугацааны цалин хөлс 1,932,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “2019 оны 05 дугаар сараас Баянгол дүүргийн тойргийн нотариатчийн туслахаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж 1 сар цагдан хоригдсон, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдаагийн байгууллагад шалгагдаж 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй тул 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны 1,932,000 төгрөгийн цалин хөлсөө гаргуулна” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан Монголын Нотариатчдын танхимын тодорхойлолт, нотариатчаас туслах ажилтан ажиллуулах тухай гэрээ, цалингийн  хүснэгт, нотариатчийн тодорхойлолт зэрэг баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сараас Баянгол дүүргийн тойргийн нотариатчийн туслахаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь нотлогдож байна. /хх5, 9-10, 69, 118-121/

Нэхэмжлэгчийн “ажил олгогчийн зүгээс эрүүгийн журмаар шалгуулж байгаа асуудлаа нэг мөр шийдвэрлүүлсний дараа ажлаа хий гэсэн шаардлага тавьсан” гэх тайлбар, мөн түүнд холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэрэгсэхгүй болгосон зэрэг нөхцөл байдлыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийг энэ хугацаанд ажлаа эрхлэх боломжтой байсан гэж дүгнэхэд учир дутагдалтай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байх хугацааны цалинг цагдан хоригдсон өдрөөс эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон өдрийг хүртэл хугацаагаар тооцоолон 1,803,490 төгрөгийн цалин хөлс нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

6. Сэтгэл санаанд учирсан хохирол 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас шүүх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6.а. Нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд нөхөн төлбөр гаргуулах үндэслэлээ “төрсөн эгчийнхээ амь насыг хохироосон үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж, яллагдагчаар татагдан цагдан хоригдох хугацаанд сэтгэл санааны гүн хямралд орсон, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ажлын хүмүүс, танил хүмүүсийн дунд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээр хохирсон, биеийн эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орж, хоригдож гарсны дараа мэс засалд орсон” гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийг сэтгэл санаанд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзэв.

 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгчийн хувьд төрсөн эгчийнхээ амь насыг хохироосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон нь тухайн хүний сэтгэл санаанд шууд нөлөөлж, сэтгэл санааны хувьд гүн хямралд орох нь тодорхой бөгөөд ойлгомжтой үйл баримт болно. Шүүх сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон прокурорын нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/00644 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон прокурорын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

                        ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

                                                                    А.МӨНХЗУЛ