| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/10502/И |
| Дугаар | 191/ШШ2026/02562 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2026/02562
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************* хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** хаягт байрлах ******* ******* ХХК/РД:*******/-д холбогдох
Гэрээ цуцалж, 2 орон сууцны төлбөрт төлсөн 168,436,000 төгрөг, гэрээ тус бүрт ногдох алданги 54,573,264 төгрөг, нийт 223,009,264 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...миний бие ******* Констракшн ХХК- тай 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №П2-С-01/47-92 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ, мөн өдөр №ПЗ-С-01/47-196 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г тус тус байгуулсан билээ.
Талуудын байгуулсан гэрээнүүдээр гүйцэтгэгч ******* Констракшн ХХК нь ************ орон сууцуудыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
Дээрх гэрээнүүдийн дагуу захиалагч нь гэрээнүүдийн 2.2-т заасны дагуу 2 орон сууцуудын төлбөрт Хаан ан дахь өөрийн эзэмшлийн ММ*******/ тоот төгрөгийн данснаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 19,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 14,566,000 төгрөг, мөн ан дахь /МN/ тоот төгрөгийн данснаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 39,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 46,870,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 49,000,000 төгрөг, нийт 168,436,000 төгрөгийг ан дахь гүйцэтгэгчийн эзэмшлийн MN/ тоот төгрөгийн дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
Гэтэл гүйцэтгэгчийн зүгээс гэрээнүүдийн 3.1-т Гэрээний ерөнхий хугацаа 2023 оны 01-р сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл ургэлжилнэ гэж, мөн 3.2-т Гүйцэтгэгч тал нъ... орон сууцны барилгыг 2023 оны 4 улиралд багтаан ашиглалтад оруулна гэж тус тус заасныг ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ үл ухамсарлаж, орон сууцны барилгыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулалгүй, захиалагч намайг эдийн засаг, цаг хугацаа, сэтгэл санааны хувьд маш ихээр хохироосоор байгаад туйлын ихээр гомдолтой байна.
Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн /Стандарт нөхцөл/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, тус зүйлийн 3.1.4 дэх заалтад зааснаар захиалагч нь гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоох. урьдчилан сануулах шаардлагагүй байх бөгөөд миний захиалсан орон сууцны барилга нь 2025 онд бүү хэл 2026 онд ч багтан ашиглалтад орох боломжгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт тодорхой байна.
Ийм ч учраас нэхэмжлэгч тус гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтад заасны дагуу гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, орон сууцны төлбөр, гэрээг цуцлах хүртэл хугацааны тус гэрээний алдангийг шаардах хууль зүйн үндэслэлтэй билээ.
Иймээс хариуцагч нь гэрээний дагуу 2 орон сууцны төлбөрт төлсөн 168,436,000 төгрөг, гэрээнүүдийн 2.2.4-т заасны дагуу 648 хоног (2024.01.01-ний өдрөөс 2025.10.10-ны өдрийг дуустал)-т ногдох алданги (хоног тутамд 84,218 төгрөг) 54,573,264 төгрөг, нийт 223,009,264 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан гаргаж өгөх үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-нүүдийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гүйцэтгэгч ******* ******* ХХК- аас 223,009,264 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******д олгосон 2025.10.08№3507 итгэмжлэл, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Орон сууц захиалгаар бариулах гэрээ 2023.01.11№П2-С-01/47-92, Тооцооны үлдэгдэлийн баталгаа 2023.01.17, Орон сууц захиалгаар бариулах гэрээ 2023.01.11№П3-С-01/47-196, Тооцооны үлдэгдлийн баталгаа 2023.01.17, Б.*******гийн эзэмшдэг тоот дансны 2023.01.10-2023.02.10 хугацааны дансны хуулга, Б.*******гийн эзэмшдэг дахь дансны 2023.01.10-2023.01.15 хугацааны дансны хуулга,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2026.01.02№002/281 итгэмжлэл, шүүх хуралдаан хойшлуулах тухай 2026.02.04№002/299 тоот албан бичиг,
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бүрдүүлсэн: Хариуцагчийг албадан ирүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2025.12.03№1 захирмжийг Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст хүргүүлсэн тус шүүхийн 2025.12.05 тоот албан бичиг,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 168,436,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,573,264 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 168,436,000 төгрөг, алданги 54,573,264 төгрөг, нийт 223,009,264 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд захиалагч нь төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн боловч гүйцэтгэгч тал гэрээний үүргээ гүйцэтгээгүй, орон сууцны барилгыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй, эдийн засаг, сэтгэл санаагаар хохироосон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
3. Шүүхээс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
5. Хариуцагч тал шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй талаар тодруулахад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарантуяа нь 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2026.02.04№002/299 хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 09 цаг 14 минутад тус шүүхэд хүлээлгэн өгсөн бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч өмгөөлөгч авах боломжгүй гэж үзэх, улмаар шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзсэн. Улмаар хариуцагч нь дээрх хүсэлтийн үндэслэлийг тайлбарлаагүй буюу шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
6. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдов.
Талууд Орон сууц захиалгаар бариулах гэрээ 2023.01.11№П2-С-01/47-92 байгуулж, Тооцооны үлдэгдэлийн баталгаа 2023.01.17-г үйлдэж, ******* орон сууцыг 82,566,000 төгрөг, Орон сууц захиалгаар бариулах гэрээ 2023.01.11№П3-С-01/47-196 байгуулж, Тооцооны үлдэгдлийн баталгаа 2023.01.17-г үйлдэж, ************ орон сууцыг 85,870,000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, захиалагч нь гэрээний дагуу нийт 168,436,000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн болох нь Б.*******гийн эзэмшдэг тоот дансны 2023.01.10-2023.02.10 хугацааны дансны хуулга, Б.*******гийн эзэмшдэг , дахь дансны 2023.01.10-2023.01.15 хугацааны дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Мөн гэрээ тус бүрийн Хоёрдугаар зүйлийн 2.2.4-т Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувийн алданги захиалагчид төлнө. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг барилгын ажлын явцын дагуу баримтаар тогтоосны эцэст шаардах эрх үүснэ., Зургаадугаар зүйлийн 6.2.1-д Гэрээний аль нэг тал үүргээ биелүүлэгээгүйгээс нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй гэж тус тус заасан байна.
7. Талуудын байгуулсан 2023.01.11№П2-С-01/47-92, 2023.01.11№П3-С-01/47-196 гэрээнүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
8. Хариуцагч нь гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн эсэхээ шүүхэд тайлбарлаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж нотлоогүй, орон сууцны барилгыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулалгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
9. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй., Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасантай нийцнэ.
10. Ийнхүү гэрэнээс татгалсзаны үр дагаварыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаадрлагыг нотлогдсон хэмжээнд хангаж шийдвэрлэнэ.
11. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо ...орон сууцны барилгыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй... гэж тайлбарласнаас үзэхэд, орон сууцны барилгын ажил ямар хэмжээтэй явагдсан эсэх, барилгын ажил эхэлсэн эсэх, барилгыг байнгын ашиглалтад оруулаагүй ажил зогссон эсэх үйл баримт тогтоогдоогүй, ажлын үйл явц, гүйцэтгэсэн ажлын дүн тодорхойгүй тул талуудын байгуулсан гэрээ тус бүрийн Хоёрдугаар зүйлийн 2.2.4-т ...Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг барилгын ажлын явцын дагуу баримтаар тогтоосны эцэст шаардах эрх үүснэ. гэж зааснаар алданги тооцох үндэслэлгүй байна.
12. Мөн нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирол шаардаагүй буюу гэрээнд заасны дагуу алданги гаргуулахаар заасан гэрээний заалтыг хэрэгжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2023.01.11№П2-С-01/47-92, 2023.01.11№П3-С-01/47-196 гэрээ тус бүрийг цуцалж, гэрээг цаашид үргэлжлүүлэхгүй тул уг гэрээний дагуу алданги гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч ******* ******* ХХК-иас 168,436,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,573,264 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,272,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,000,130.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА