Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00974

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00974

 

 

 

 

 

                   Д.Э, А.Снарын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00731 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э, А.Снарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямба-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20/14 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол, уг тогтоолын дагуу явуулсан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/32 тоот тогтоолын дагуу явагдсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны өдрийн 756 дугаартай захирамжаар “Ивээл инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э, А.Снарт холбогдох иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, “Мөнх-Оргил трейд” ХХК нэхэмжлэгч нарын өмчлөлийн ...374 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн бодит үнэлгээг 511,900,000 төгрөгөөр тогтоосон.  2 удаа албадан дуудлага худалдаа явуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгосон. Гэвч төлбөр авагч зөрүү төлбөрийг төлөөгүй. Ингээд 175 дугаар тойргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаасан. Шийдвэр гүйцэтгэгч нь “Ивээл инвест ББСБ” ХХК-ийн ашиг сонирхлыг хамгаалж, хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гарган барьцаа хөрөнгүүдийг дахин битүүмжлэн хурааж, дахин үнэлгээ хийлгэхээр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хөрөнгийг 309,619,170 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор барьцааны хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар тооцож 216,733,419 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах талаар мэдэгдсэн. Уг хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ нь 500,000,000 орчим төгрөг байхад шинжээч зах зээлийн ханшаас хэт багаар үнэлж, дуудлага худалдаанд оруулахаар болсон нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. Иймд “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шийдвэр гүйцэтгэгч нь дээрх үнэлгээг гаргуулахад хувийн ашиг сонирхлын үүднээс тухайн компаниар гаргуулж оролцсон. Дахин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгийг Баянзүрх дүүргийн 165 дугаар тойрог руу шилжүүлэн нэхэмжлэгч нарыг төөрөгдүүлэх замаар дахин ажиллагаа хийсэн. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Өлзийсайхан 20/14 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж байх тул хүчингүй болгож өгнө үү.

Дээрх тогтоолын үндсэн дээр хийгдэж байгаа 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө битүүмжлэх, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгө хураах тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор явагдсан анхны алдбадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хүчингүй болгуулж өгнө үү. Нэхэмжлэгч нар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үнэлгээний талаар мэдэж 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гомдол гаргасан боловч 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хариу бичиг өгсөн. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан. Уг захирамжийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргахад 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг А.С хаягаар Баянзүрх дүүргийн 165 дугаар тойрогт шилжүүлсэн гэх боловч А.Сөөрийн хаягт амьдарч байгаа, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг гэдгийг тогтоосон баримтгүй. Шийдвэр гүйцэтгэгч нэг талыг хэт барьсан, санаатайгаар шинэ шийдвэр гүйцэтгэгчийг томилж ажиллагаа явуулж байгаа нь илт хууль бус байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах, 20/14 дугаар тогтоол болон уг тогтоолоор явуулсан хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хүчингүй болгуулах, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гарсан анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулна гэж тодруулсан гэжээ.

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 182/Ш32019/07216 дугаар захирамжаар А.Саруулзаяа, Д.Э нараас 101,000,000 төгрөг гаргуулж “Ивээл инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...374 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19300990/165-01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 19300990/165-02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагчаас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч хөрөнгийн зах зээлийн үнийг 309,619,170 төгрөгөөр үнэлсэн. Энэ талаар төлбөр төлөгч нарт мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй. Нэхэмжлэгч А.С хаяг нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 32 дугаар гудамж, 8 тоот мөн. Анх Чингэлтэй дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хуваарилагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж үнэлгээг тогтоох ажиллагаа, 2 удаагийн албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсан боловч хөрөнгө худалдан борлогдоогүй учраас 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/153 дугаар тогтоолоор гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан. Гэвч дахин гүйцэтгүүлэх хүсэлт ирсэн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин шинээр явуулсан. Энэ хугацаанд барьцааны хөрөнгүүдийг битүүмжлэн хураах ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгийг шинжээч 309,619,170 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргээс Баянзүрх дүүрэг рүү шилжүүлсэн гэж үндэслэлгүй гомдол гаргасан. Төлбөр төлөгч Д.Э Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг бөгөөд барьцаа хөрөнгө мөн тус дүүрэгт байрладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч амьдарч байгаа болон үл хөдлөх хөрөнгө байгаа бол тус хөрөнгийн байршлаар нь шилжүүлэх зохицуулалттай. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсээгүй, зориуд 165 дугаар тойрогт шилжүүлсэн асуудал байхгүй.  Нэг талыг барьж хөрөнгийг багаар үнэлээгүй. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш явуулсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоох, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд “Ивээл инвест ББСБ” ХХК-ийн тайлбарын агуулгад: ... Зээлдэгч нар төлбөрөө төлөхгүй 3-4 жилийн хугацаа өнгөрсөн тул төлбөр авагч хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин эхэлсэн. “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 309,619,170 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээ гэж үзэж байх тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй. Төлбөр авагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд зүй бусаар нөлөөлсөн гэх тайлбар үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

3. Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э, А.Снарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон 2021.03.24-ний өдрийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг болон 2020.09.22-ны өдрийн 20/14 дугаартай, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2021.01.27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021.03.04-ний өдрийн Эд хөрөнгө хураах тогтоол, 2021.05.05-ны өдрийн 5/32 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудаар явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 30ы өдрийн 182/ШЗ2021/09069 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Д.Эын давж заалдах журмаар гаргасан гомдолд: .. Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.1. “Мөнх-Оргил трейд” ХХК-аас барьцааны хөрөнгүүдийг 511,900,000 төгрөгөөр тогтоосон. Гэвч үнэлгээг дахин хийлгэхэд Хөрөнгө Эстимэйт ХХК барьцааны хөрөнгүүдийг хэт үнэгүйдүүлж 309,619,170 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. 2020 онд дэлхий даяар ковид цар тахлаас шалтгаалж Монгол Улсад эдийн засгийн хүнд үе нүүрлэж, үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн. Үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайн үнэ 2,000,000 төгрөгөөс дээш үнэлэгдсэн. Гэтэл шинжээч 374 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт 309,619,170 төгрөгөөр үнэлсэн нь зөвхөн хувийн сууцны 1 м.кв-ыг 827,858 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч 2021 оны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс 2,5 дахин бага үнэ тогтоосон нь хэт хохиролтой үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Шүүх бодит байдалд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэт нэг талыг барьж, үнэлгээг хэвийн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуваарилагдаж 175 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Барьцааны хөрөнгө 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Буцаасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинээр үүсгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад өөр хөрөнгийн үнэлгээний компани барьцаан хөрөнгийг үнэлсэн. Хууль зөрчсөн ажиллагаа явагдаагүй. Төлбөр авагч 500,000,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийг авахаас татгалзсан болохоос биш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан асуудал биш. 175 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь ажиллагаа хийж буцаасан ба энэ хугацаанд төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинээр явуулах хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Д.Э нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг болохыг тогтоосон, мөн барьцаа хөрөнгө тус 12 дугаар хороонд байрладаг гэдгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 175 дугаар тойргоос 165 дугаар тойрог руу шилжүүлсэн. Энэ хугацаанд төлбөр төлөгчөөс гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгчийн зүгээс хуульд заасан хугацаа баримтлаагүй. Үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хөрөнгийг үнэгүйдүүлсэн зүйл байхгүй. Хэд хэдэн гэрээт үнэлгээний компанаас тойргийн дарааллын дагуу үнэлгээг тогтоогдог тул ямар компани томилох нь мэдэгдэх боломжгүй, ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн явагдсан гэж үзэхгүй байх тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Э, А.Снар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээ, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20/14 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх болон 2021 оны 03 дугар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/32 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор явагдсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны  182/ШЗ2019/00756 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Ивээл инвест ББСБ ХХК нэхэмжлэлээс 27,355,660 төгрөгийг татгалзаж, 101,000,000 төгрөгийг хариуцагч А.Саруулзаяа, Б.Эрдэнэбаатар нар төлж барагдуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ................ дугаартай, нэгж талбарын .......... дугаартай, ............... 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон, тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ............. дугаартай, 374 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1хх59/

5. Төлбөр төлөгч тал сайн дураар төлбөрийг төлж барагдуулаагүй тул хариуцагч нь шүүгчийн уг захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн барьцааны зүйл болох төлбөр төлөгч нарын өмчлөлийн газар, хувийн сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 193000990/07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 193000990/10 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, дуудлага худалдаагаар худалдах уг хөрөнгүүдийн санал болгох үнийг тохиролцон тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт даалгасан байна. /1хх127-128, 132-133/

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тохиролцоогүй буюу төлбөр төлөгч нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр, төлбөр авагч үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь 101,662,950 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал гаргасан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр томилогдсон “Мөнх оргил трейд” ХХК нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар болон хувийн сууцыг 511,900,000 төгрөгөөр үнэлжээ. /1хх136-138, 141-181/

6.а. Хариуцагч нь уг үнэлгээний тайланг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдэж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/39 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/33 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан боловч нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй байна. 

6.б. Хариуцагчийн, барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох, төлбөр авагч уг саналыг хүлээн аваагүй гэх үндэслэлээр гүйцэтгэх бичиг баримтыг төлбөр авагчид, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид тус тус буцаасан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.4-т заасантай нийцжээ. /1хх182-204/

6.в. Төлбөр авагч дахин шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгтэй нийцэх бөгөөд хариуцагч уг хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 21, 22, 49, 54, 55 дугаар зүйлд заасан ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20/14 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх болон 2021 оны 03 дугар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/32 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор явагдсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасантай нийцэх бөгөөд шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

8. Нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Мөнх-Оргил трейд” ХХК 511,900,000 төгрөгөөр үнэлсэн байхад “Хөрөнгө Эстимэйт” ХХК 309,619,170 төгрөгөөр үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж уг үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг анхан шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол дараахь байдлаар хууль зүйн үндэслэлгүй болно.

8.а. Тэрээр нотлох баримт буруу дүгнэсэн гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд үндэслэлээ “Цар тахлын улмаас 2020 онд эдийн засаг хүндэрч,  үл хөдлөх эд хөрөнгийн үнэ огцом өссөн .., 1 м.кв талбайн үнэ 2,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй болсон байхад 827,858 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээнээс 2,5 дахин багаар хэт хохиролтой үнэлсэн .., гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт үнэлгээний талаарх гомдлоо шинжээчийн дүгнэлтийг энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдсэнээс хойш  7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгч “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн байх боловч үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо дээр дурьдсан хугацаанд шүүхэд гаргах байтал 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Үүний өмнө буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээний талаар 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасныг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15 тоот тогтоолоор хүлээн авахаас татгалзсан байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2021/06891 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2022/07883 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байх ба энэ нь эд хөрөнгийн үнэлгээнд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд хамаарахгүй. /1хх17, 20-24/ Хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

8.б. Хэрэгт гомдол гаргах хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байсныг нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу гарсан эсэх, уг үнэлгээг зах зээлийн үнээс бага тогтоосон эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

9. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллын хувьд, шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.7 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан, харьяалал зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.   

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00731 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

        ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                     А.МӨНХЗУЛ