Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1814003610190 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 2 дугаар гудамжны 8 тоот хашаанд байх С.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэгийг хулгайлан 210.000 төгрөгийн нийт 218.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр оройн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумруу яваад тус өдрийн шөнийн 03 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгойсон онгорхой байсан. Тэгэхээр нь дотогш нэвтэрч үзхэд манай тоосгон байшингийн хаалга нь онгорхой байсан. Яагаад онгорхой байдаг билээ гэж ойртож очоод үзэхэд хаалганы хар өнгийн цоожны цүүг эвдэлсэн байсан. Би бодохдоо цоожийг нь цохиж онгойлгосон байх гэж бодож байна. Тэгээд дотогш ороод юмнуудаа бүртгэхэд зочны өрөөний цагаан өнгийн толь байрлах тавилгын дээд хэсгээр эхнэрийн 1 ширхэг мөнгөн бүс алга байсан. Тэгэхээр гэрийн үүд хэсгээр үлдсэн арзгар мөрийг баз болох Гантулгын хамт хөөж явахад манай хашааны урд талын гудамжны баруун талаасаа 2 дахь хашааруу очсон юм. Тийшээ ороход хашаан дотор гэр байдаг юм байна лээ. Тэнд болохоор 50-60 орчим насны бор царайтай өвгөн ганцаараа явж байсан. Тэгэхээр нь тэр өвгөнд манай гэрт хулгай орсон байна. Тэр мөрийг хөөгөөд явхад танайд ирлээ. Танаас өөр хүн аваагүй та авсан зүйлээ гаргаж өгвөл цагдаад дуудлага өгөхгүй гэж хэлхэд ах нь авсан юм цагдаад битгий дуудлага өгөөрэй гэж хэлээд мөнгөн бүсийг гаргаж өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-27/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтан өгсөн ... Миний бие Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 2 дугаар гудамжны 8 тоот хашаанд байх эзэнгүй айлын байшингийн хаалганы цоожийг эвдэлж 2018 оны 06 дүгээр сарын 12-ны өдрийн 01 цагийн үед орж дотроос нь эмэгтэй хүний мөнгөн бүс аваад гэртээ очоод байж байтал гэрийн эзэн гэж нэг эрэгтэй хүн миний гутлын мөрийг хөөгөөд ороод ирсэн. Тэгээд надаас хулгай хийсэн байна гэхэд би хулгай хийснээ хэлж мөнгөн бүсийг нь буцаан өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/ зэрэг болно.

“ЭНХ НАХИА” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 140 дугаартай ... хохирогч С.Бийн хулгайд алдсан гэх мөнгөн бүсний зах зээлийн ханш нь 210.000 төгрөг, хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ эвдэлсэн гэх гэрийн цоож, цүү 8.000 төгрөг нийт 218.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон ... гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 2-11/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-13/,

Хохирогч С.Бийн гомдол саналгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 29-29/,

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар болон хувийн байдалтай бусад баримтууд зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжны 8 тоот хашаанд байх эзэнгүй айлын байшингийн хаалганы цоожийг эвдлэн нууцаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэгийг хулгайлан 218.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Бийн өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Энх нахиа ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч С.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ийн хэргийн учир цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн 2018 оны 08 сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 17 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА