Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/188

 

2026            02             10                                                                         2026/ДШМ/188

 

В.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч В.Г-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2611 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Г-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудаар В.Г-д холбогдох эрүүгийн 2403000000613 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж- овгийн В-гийн Г-, ......, ял шийтгэлгүй, /РД: В-/;

В.Г- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын гудамж, “Шинэ зуун айл” худалдааны төвийн баруун урд замд 2024 оны 07 дугаар сарын 20-ны орой 23 цаг 48 минутын орчимд В- СҮА улсын дугаартай “Toyota Alphard” /Тоёота Алфард/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.4 дүгээр зүйлд заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.”, 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-д заасан “1.1-1.3. 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-д заасан “1.1-1.3. 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж зорчих хэсэг дээр үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргэх үйлдэл хийсний улмаас жолооч Э.Т-ийн жолоодож явсан Т- УАР улсын дугаартай “KIA-K5” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос В.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч В.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Г- нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар В.Г-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Г-эс нийт 5.174.682 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Х-т 5.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 174.682 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-эс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 640.318 төгрөгийг гаргуулж гэрч Э.Т-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч О.М- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Г- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би санамсар болгоомжгүйгээсээ болж Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Би ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэдэг, бага насны 3 хүүхэдтэй, хамгийн бага хүүхэд минь аутизм өвчтэй учраас эхнэр маань хүүхдүүдээ харж, асарч ажил хийх боломжгүй байдаг. Надад зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулснаар ажил хөдөлмөр хийх боломжгүй, ар гэр, хүүхдүүдийн минь амьдрал хүнд нөхцөл байдалд орохоор байгаа тул харгалзан үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзах ялаар өөрчлөн тогтоож, жолоодох эрхийг 3 жил 1 сараар хасах ял болгож өгөхийг хүсье. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон үлдэгдэл төлбөрийг бусдаас зээлж төлж барагдуулсан болно. Иргэний нэхэмжлэгч Г.Х-т төлөх ёстой 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 174.682 төгрөг, гэрч Э.Т-т 640.318 төгрөгийг тус бүр бүрэн төлж барагдуулсан тул шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч В.Г-ийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч В.Г- анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа бөгөөд хохирогч өөрийн хүүдээ эмнэлгийн тусламж үзүүлж Гэмтлийн эмнэлэгт хүргэж хагалгаанд оруулж амь насыг авруулсан, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үлдсэн хохирлоо төлж барагдуулахаа бичгээр илэрхийлэн иргэний нэхэмжлэгчтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан зэргийг шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байхад хөнгөрүүлээгүйд гомдолтой байна. Шүүгдэгч В.Г- нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш тогтоолд тусгасан бусдад төлөх хохирлуудын үлдэгдэл төлбөр болох иргэний нэхэмжлэгч Г.Х-т төлөх ёстой 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 174.682 төгрөг, гэрч Э.Т-т 640.318 төгрөгийг тус бүр бүрэн төлж барагдуулсан тул гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирлоо бүрэн арилгасан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг өөрчилж, хөнгөрүүлэн шийтгэх тогтоолын зарим холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор Д.Агар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч В.Г-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн хэрэг болон хохирол, хор уршигт нийцсэн гэж үзэж байна. Ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тусгайлан гаргах саналгүй, шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ байх” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч В.Г- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын гудамж, “Шинэ зуун айл” худалдааны төвийн баруун урд замд 2024 оны 07 дугаар сарын 20-ны орой 23 цаг 48 минутын орчимд В- СҮА улсын дугаартай “Toyota Alphard” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.4 дүгээр зүйлд заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.”, 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-д заасан “1.1-1.3. 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-д заасан “1.1-1.3. 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж зорчих хэсэг дээр үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргэх үйлдэл хийсний улмаас жолооч Э.Т-ийн жолоодож явсан Т- УАР улсын дугаартай “KIA-K5” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч О.М-ын “...Би 2024 оны 07 дугаар сарын 20-ны орой Баянмонгол хорооллоос эмээ Н-гийн гэрээс Жанжин клуб руу аав Г-ийн хамт түүний “Toyota Alphard” маркийн В- СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад осол болсон бөгөөд ослын дараа аавтай хамт автомашинд сууж байхад миний зүүн чихнээс цус гараад уйлсан. ...Би нэг ухаан орох үед эмнэлэгт сэрсэн....” /1хх 27-28/,

гэрч З.Т-ийн “...Тухайн өдөр би KIA-K5 маркийн Т- УАР улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад гэр рүүгээ харих гээд Дүнжингаравын замаар зүүнээс баруун зүгт явж байтал шинэ зуун айл хотхоны урд замаар замын хоёрдугаар эгнээгээр явж байтал нэгдүгээр эгнээнд тормосны улаан гэрэл нь ассан нэг цагаан өнгийн Alphard маркийн машин зогсоод ч байгаа юм шиг, удаан яваад ч байгаа юм шиг байдалтай байсан. Гэтэл тэр машин ямар нэгэн дохио өгөлгүй урд зүг рүү буюу нэгдүгээр эгнээнээс гэнэт хоёрдугаар эгнээ рүү огцом эргэх үйлдэл хийсэн. Тэгэхээр нь би тэр машиныг мөргөхгүйн үүднээс зугтаад урдуур нь гарах гээд тормос гишгэн жолооны хүрдийг зүүн эргүүлж эсрэг урсгал руу орсон боловч тэр машин эргэх үйлдэх хийхээ зогсоолгүй бид эсрэг урсгал дээр хоорондоо мөргөлдчихсөн...” /хх 37/,

иргэний нэхэмжлэгч Г.Х-ын “...миний KIA-K5 маркийн Т- УАР улсын дугаартай автомашиныг манай хүргэн Э.Т- унаж байсан бөгөөд тэр өдөр осол болсон талаар би утсаар яриад л мэдсэн...” /1хх 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 9726 дугаартай “...О.М-ын биед зүүн зулай, чамархай яснаас хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, чамархай, дагзны хуйхан доорх цус хуралт, баруун сарвууны эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” /1хх 40-42/,

бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/119 дугаартай “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Toyota Alphard” маркийн В- СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г- нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэстэй байна. Тодруулбал жолооч буцаж эргэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн дагуу эгнээ байраа эзэлж, замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг мөрдөж эргэх үйлдэл хийх үүрэгтэй. Жолооч В.Г- нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, 10.5-д “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтуудыг зөрчиж байр эзлэхгүйгээр эргэсэн, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.3 (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.4. 1.1 -1.3, 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэстэй байна. Жолооч В.Г- нь “давуу эрх бүхий” KIA-K5 маркийн Т- УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй байдал нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэв. Тодруулбал Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16-д “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг гэж заасан байдаг...” /2хх 34-36/ гэсэн дүгнэлтүүд,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шуурхай зохицуулалтын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /1хх 4/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 4-5/, тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-9/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч В.Г-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч В.Г-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 10.5-д “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтуудыг зөрчиж байр эзлэхгүйгээр эргэсэн, мөн дүрмийн 2 дугаар хавсралт “1.3 (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.4. 1.1-1.3, 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч В.Г-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нараас “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, тэнсэж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Г-эс нийт 5.174.682 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Х-т 5.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 174.682 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-эс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 640.318 төгрөгийг гаргуулж гэрч Э.Т-т олгуулахаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх явцад шүүгдэгч нь дээрх хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлж барагдуулсан байх тул В.Г-ийн анх удаа болгоомжгүйгээр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч В.Г-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт болон нэмэлт заалтыг тус тус оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь иргэний нэхэмжлэл гаргах тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, иргэний нэхэмжлэгчийн эрх, үүргийн хүрээнд иргэний нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ гэрч Э.Т-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгүйгээр эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн төлбөрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож 640.318 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2611 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар В.Г-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар В.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар В.Г-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар В.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч В.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн,

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн болон дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг В.Г-д мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

            3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            4. Шүүгдэгч В.Г- нь иргэний нэхэмжлэгч Г.Х-т 5.000.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 174.682 төгрөг, гэрч Э.Т-т 640.318 төгрөгийг тус тус төлснийг дурдсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

                               ДАРГАЛАГЧ,

                                       ШҮҮГЧ                                             Л.ОДОНЧИМЭГ

 

                                       ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                           ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ