Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 256

 

М.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, М.М холбогдох 1929002550132 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, охины хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Мийн М.

М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Баруун балганы бууц гэх газарт О.Отгонтуултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түлхэж унагаж, нүүр рүү нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Маас 241,226 төгрөгийг гаргуулан хохирогч О.О олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл 736,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Маас 977,726 төгрөгийг гаргуулан О.Од олгосугай гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.М гаргасан гомдолдоо “...Би Оын нүүр рүү өөрийн гараараа санаатай болон болгоомжгүйгээр нэг ч цохиогүй. Харин Оын 2 гараас нь барьж байгаад цааш нь түлхэхэд өөрийнхөө гараар нүүрээ цохисон байх магадлалтай юм. Ингэж түүний 2 гараас барьж цааш нь түлхэхгүй байхын арга тухайн үед байгаагүй. Яагаад гэвэл О нь хэл амаар элдвээр доромжилж, хараалын үг хэлж, ална тална гэж хашгирахын хажуугаар дахин цохих гэж, үснээс зулгаах гэж дайраад байсан. Миний бие өөрийгөө хамгаалж түүний 2 гарнаас барьж цааш нь түлхэснээс өөрөөр түүний биед халдаагүй. Гэтэл хохирогчоор мэдүүлэг өгөхдөө нь нүүр рүү 1 удаа цохисон гээд, гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2 удаа цохисон, түлхсэн, зүүн хөлний шилбэ хөхөрсөн гээд янз бүр ярьж мэдүүлдэг ба уг мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг.

Гэтэл Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь цагдаагийн газраас намайг Оыг зодсон гэж хэрэг үүсгэсэн ба анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг нарийн шалгаж тогтоолгүй ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүх нь хэт нэг талыг барьж анхан шатны шүүхийн шийдвэрийг нь үндэслэлтэй гэж үзэж, мөн дээрээс ямар үндэслэлээр нэмж хохирол гаргуулж байгаагаа тодорхой дурдалгүйгээр үндэслэлгүйгээр хохирлын мөнгө нэмж гаргуулахаар шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна.

Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, зөрүүтэй, ойлгомжгүй байхад уг дүгнэлтийг үндэслэн намайг О.Оын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. О нь тухайн өдөр Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт үзүүлэхэд түүний нүд болон хөл, гар нь хөхөрсөн, толгой нь өвдсөн талаар огт тэмдэглэгдээгүй байдаг. Гэтэл тухайн үйл явдал болсноос хойш 7 хоногийн дараа буюу 2019.09.10-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зовиур толгой өвдөнө, хэсэг газрын үзлэгт 2 нүд хөхөрсөн талаар тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр энэ хугацаанд тухайн гэмтлийг хохирогч нь өөр байдпаар авсан болох нь харагдаж байна. Ер нь хохирогч Отгонтуулд гэмтэл учирсан гэдэг нь ч эргэлзээтэй байгаа. Шинжээч эмч дүгнэлт гаргах болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй байдаг. Өөрөөр хэлбэл хохирогчийн нүд хөхөрсөн, баруун шуу хөхөрсөн талаар хавтаст хэрэгт авагдсан зураг нь шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон байдаг. Тухайн зурагт нүд, гар нь үнэхээр хөхөрсөн үү, эсвэл нүд болон болон гараа хөхөрсөн мэтээр будаад авахуулсан зураг уу гэдэг нь эргэлзээтэй байгаа.

Толгой өвдөнө гэж хэлсний төлөө тархины доргилт гэмтэл үүссэн гэж, мөн хэзээ авахуулсан, юуны зураг болох нь тодорхойгүй фото зургийг үндэслэн хохирогчид баруун шууны цус хуралт гэмтэл үүссэн гэж шинжээч дүгнэлт гаргасан нь үнэхээр эргэлзээтэй, хэт нэг талыг барьсан байдаг нь тодорхой байгаа юм.

Хохирогч гэрчээр мэдүүлэхдээ зүүн хөлний шилбэ хөхөрсөн талаар мэдүүлж байхад шинжээчийн дүгнэлтээр баруун шууны цус хуралт гэмтэл үүссэн гэсэн нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дугаар хуудаст: “...О.Оны биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун шууны цус хуралт гэмтэл үүсчээ... гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав” гэсэн байна. Эндээс харахад О.О гэж хүнд хамаарах нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа юм.

Энэ мэт эргэлзээтэй, ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлтийг нарийн шинжилж үзэлгүй нотлох баримтаар тооцож, хохирогчид гэмтэл учирсан, тухайн гэмтлийг намайг учруулсан гэж үзсэн нь намайг гэм буруутайд тооцож, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн миний тухайн өдөр О.Оыг биеэ хамгаалж түлхсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй шинжгүй гэж үзэж байна.

Миний бие нь хөдөө мал маллан амьдардаг, нааш цааш явах зав зай нээх их байдаггүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргалгүйгээр хилс хэрэгт ял шийтгүүлээд хохирогчид олго гэсэн мөнгийг нь өгөөд энэ хэргээс хурдан салъя гэж бодсон боловч О нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж нэмж үндэслэлгүйгээр хэрэгт хамааралгүй буюу уг хэргээр далимдуулж өөрийн биендээ үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулахаар шийдвэрлүүлсэн, мөн Оын элдвийн муухай хараал, доромжлол, дарамтаас болж өөрийн нөхрөө зуурдаар алдсан тул тухайн хэргийг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байсан боловч намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнээс хойш миний бие нь тухайн өдөр Оаас биеэ хамгаалалгүйгээр түүнд зодуулж, үсдүүлэн элдвээр хэлүүлэх ёстой байж гэж боддог боллоо. Гэвч Монгол Улсын Дээд шүүх тухайн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Миний бие нь хохирогчид гэмтэл учруулаагүй, хэрэв хохирогчид гэмтэл учирсан бол миний бие түүнд гэмтэл учруулаагүй, тухайн үед өөрийгөө хамгаалж хохирогчийг түлхсэн, өөрийгөө дахиж цохиулахгүй гэсэндээ хоёр гарнаас нь барьж цааш нь түлхэж, өөрийгөө хамгаалсан ба өөрөөр хэлбэл хуулийн хэллэгээр аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байгаа тул тухайн үйлдпийг аргагүй хамгаалалт гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүй байх гэж бодож байна.

Тиймээс шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, надад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нтологдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчилгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Мны гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.Мнь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Баруун балганы бууц гэх газарт О.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түлхэж унагаж, нүүр рүү нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх М.Мд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Мны гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мны гаргасан “...хохирогчид гэмтэл учруулаагүй, хохирогчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч М.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН