Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0503

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0503

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Т.Ц нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0007 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Г давж заалдах гомдлоор, Т.Ц нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Т.Ц 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Т.Ц ажлаас халж, Д.Э ажилд түр томилох тухай Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор ........ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүсчээ.

Хоёр. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0007 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Т.Ц ажлаас халж, Д.Э ажилд түр томилох тухай Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.Ц урьд эрхэлж байсан ажилд буюу Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ц ажилгүй байсан хугацааны буюу 9 /ес/ capын цалин ....../............/ төгрөгийг хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Т.Ц нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/30 дугаар захирамж нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон бөгөөд уг хуулийн заалт нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн бөгөөд Т.Ц ажлаас халах шийдвэр гаргах талаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.П удаа дараа танилцуулж, аймгийн Засаг даргын удирдлагын хуралд оролцуулж, хяналт, шалгалтын дүнг танилцуулсан байдаг, улмаар холбогдох хуульд заавал бичгээр санал авах, зөвшилцөх талаар тодорхой дурьдаагүй байдаг учир санал авах ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Энэ тухай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.П гэрчийн мэдүүлэгт тодорхой байдаг.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт ажлаас халах, ажлаас чөлөөлөх гэсэн утгын талаар зөрүүтэй ойлгож хэрэглэсэн мэтээр тайлбарласан бөгөөд захирамжийн хоёр дахь үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт нь ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /үр дүнгийн гэрээ/-г захиргааны санаачилгаар цуцлах үндэслэл бөгөөд гэрээг цуцлах, ажлаас халах тухай ойлголт нь нэг утгатай юм. Т.Ц хувьд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан учир Төрийн албаны тухай хуулиар ажлаас халагдсан биш, Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын ноцтой зөрчил гаргасан нь холбогдох эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон учир гэрээг цуцлах буюу ажлаас халах шийдвэрийг ажил олгогчоос гаргасан.

Анхан шатны шүүхээс Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасан “ажлаас чөлөөлөх” гэсэн нэр томъёог үгийн шууд утгаар нь тайлбарлаж, Т.Ц ажлаас халах буюу гэрээг цуцлах гэсэн шийдвэр гаргаж болохгүй мэтээр хуулийг тайлбарласан нь хэт явцуу ойлголт бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогчийн буюу захиргааны санаачилгаар ажлаас халах үндэслэл бүхий хуулийн заалтыг шууд утгаараа үгүйсгэж байгааг харж болохоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарна.

Мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан гэж ойлгож болно.

Дээрх хууль зүйн үндэслэлээс харахад Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтны хувьд байгууллагын өмч хөрөнгө, бүртгэл тооцоо, орлого, зарлага, захиран зарцуулагч мөн бөгөөд хариуцлага хүлээх нь илэрхий юм. Хяналт шалгалтын байгууллагуудын холбогдох акттай танилцаж өөрөө ч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Үүнд нэхэмжлэгч талаас Т.Ц зөрчил гаргасан гэж нэг ч үг байхгүй мэтээр тайлбарласан нь бас л үг үсгийн алдаагаар хөөцөлдсөн нь тодорхой харагддаг юм. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага гэдэг нь өөрөө хуулийн этгээдийн хувьд аливаа харилцаанд оролцохдоо заавал эрх бүхий албан тушаалтнаар дамжигдаж тодорхойлогдож байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг тайлбарлахдаа дээрх хуульд 70.3 дахь хэсэг гэж угаасаа байхгүй бөгөөд шийдвэр гаргах процесс ажиллагааны явцад гарсан байгууллагын бичиг хэргийн техникийн алдааг тухайн үед нь залруулсан байдаг. Энэ үндэслэлийг нэхэмжлэгч тал болон шүүх бүрэлдэхүүн илтэд нэг талыг барьж мушгин гуйвуулсан, сая гарсан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг уншихад ч үг үсэг, утга найруулгын алдаа зөндөө байгааг жишээлэн харж болно.

Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг удирдлага болгосон нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь төсвийн шууд захирагч мөн бөгөөд төсвийг зориулалтын дагуу ариг гамтай, үр ашигтай захиран зарцуулах, аливаа төсвийн зөрчил гаргахгүй байх нь төрийн албаны хамгийн чухал үзүүлэлт байдаг. Энэ хуулийг зөрчвөл Төрийн албан тухай хуулийн дагуу /төрийн үйлчилгээний албан хаагч учир Төрийн албаны хуульд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт үйлчилнэ/ хариуцлага хүлээхээр хуульчилсан байдаг. Тиймээс шийдвэрийн хууль зүйн үндэслэл нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Аймгийн Засаг даргаас шинээр анхлан томилогдсон Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилладаг бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Чиглэл батлах тухай” А/299 дүгээр тушаалын дагуу ажлын үр дүнг тооцох, үйл ажиллагааны чиглэл баталсан загварын дагуу үр дүнгийн гэрээ, төсвийн хариуцлагын гэрээг жил бүр байгуулан дүгнэн ажилладаг. Т.Ц анх 2014 онд ажилд томилогдсон бөгөөд тухайн үеийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан эсэх маргаан нь нэхэмжлэлийн хувьд маргааны хувьд өөр ойлголт бөгөөд хөдөлмөрийн гэрээгүй ажилласан гэж байгаа бол эхнээсээ тэр хүний анх томилогдсон шийдвэр нь хүчинтэй эсэх асуудал яригдах ёстой.

Өөрөөр хэлбэл Т.Ц хөдөлмөрийн гэрээний нэг хувь өөрт нь байх ёстой, яагаад үүнийг гаргаж өгдөггүй, угаасаа байхгүй гэж байгаа бол анхан шатны шүүхээс яагаад хөдөлмөрийн гэрээг харьяалах боловсролын байгууллагаас нь нотлох баримтаар гаргуулж аваагүй юм бэ? гэдэг асуулт гарч ирнэ. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой бөгөөд ажил олгогчоос тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн заалт байдаг. Тэгэхээр Т.Ц нь хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан нь ойлгомжтой гэсэн үг. Тийм учраас дээрх уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Шийдвэр гаргах процесс ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд тодорхой зохицуулж өгсөн бөгөөд шийдвэр гаргах мэдэгдэх хуудас, сонсох ажиллагаа зэргийг хуулийн хүрээнд аймгийн Засаг даргын шийдвэр гаргах, танилцуулах, мэдээлэх журмын дагуу тухай бүр хийсэн байдаг, Т.Ц гарын үсэг зураагүй нь өөрийн хувь хүний эрхийн асуудал бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах ажиллагааны хууль эрх зүйн үндэслэл бүхий мэдэгдэх хуудсыг хүргүүлж, мэдэгдлийг утсаар танилцуулсан. Улмаар 9 дүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагт Т.Ц уулзаж төсвийн сахилга бат байхгүй, ажилдаа хайнга хандаж, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж дүгнэн, ажлаас халах шийдвэр гаргах талаар танилцуулж, шийдвэрийн талаар сонсох ажиллагааг хийж, Т.Ц нь санхүү, аудитын байгууллагуудын хяналт, шалгалтын дүнтэй өөрөө танилцаж, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөн, сонсох ажиллагаанд оролцож, санал, тайлбар бичиж өгсөн.

Т.Ц ажлаас халах тухай захирамжийг биечлэн гардаж аваагүй гэдэг. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.П ажлаас халах тухай захирамжийг гарсан даруйд Т.Ц өрөөндөө дуудаж шийдвэрийг танилцуулж гардуулах ажил хүлээлцэх комисс томилон Богд сум руу явуулах зэрэг ажил хийгдэх гэж байгаа талаар танилцуулж, өөрөө байлцахыг мэдэгдсэн байдаг бөгөөд комисс сургууль дээр очиход өөрөө зориуд байгаагүй, Улаанбаатар явсан байсан. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас дараа нь өөрөө ирж шийдвэрийн хуулбарыг “хуулбар үнэн” тэмдэг даруулан хүлээж авсан.

Дээрх шийдвэр гаргах процесс ажиллагааны талаар Т.Ц сайн мэдэж байсан бөгөөд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэрэгтээ шийдвэр гаргах ажиллагаанд эрх зөрчигдсөн талаар огт дурьдаагүй, шүүхээс холбогдох нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт тавиагүй байсан. Захиргааны хэргийн шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 32 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шийдвэрийн процесс ажиллагааны явцын талаар холбогдох материалыг гаргуулан авч танилцсан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

Аймгийн Аудитын газар болон аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба, Богд сумын өмч тооллогын комиссын дүгнэлт, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу сумдын төсвийн байгууллагуудад хяналт шинжилгээ-үнэлгээ хийсэн аймгийн ажлын хэсгийн дүгнэлт зэрэгт Богд сумын Ерөнхий боловсрол сургуулийн захирлаар ажиллаж байсан Т.Ц холбогдох санхүү болон төсвийн зохион байгуулалт, өмч хөрөнгийн бүртгэл, захиран зарцуулалтын зөрчил, дутагдлыг тодорхой тусгасан байдаг.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Ц Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг ажлаас халсан Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар захирамжид үндэслэсэн хууль, тогтоолын заалтууд агуулгадаа нийцсэн эсэх, мөн тушаалд нэхэмжлэгчийг халах болсон үндэслэлийг тодорхой бичсэн эсэх, тушаалыг эс зөвшөөрвөл хэрхэн гомдол гаргах талаар тусгасан эсэхээс илүүтэй маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлтийг анхан шатны шүүхээс өгч чадаагүй ч, шийдлийг нь буруутгах боломжгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Төрийн албанаас халах, чөлөөлөхийн хууль зүйн үр дагавраас гадна нэхэмжлэгчийг халсан нөхцөл байдалд дүгнэлт өгөх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/288 дугаар захирамжаар Төсвийн тухай хууль болон бусад хууль, журмыг зөрчсөн нь хяналт шалгалтын байгууллагын шалгалтаар илэрч сахилга, хариуцлага алдсан, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн аудитын тайлангаар “Хязгаарлалттай” дүгнэлттэй гарсан гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч Д.Ц албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авчээ.

Гэхдээ Үндэсний аудитын газрын харъяа аймгийн Аудитын газрын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаар Аудитын гэрчилгээнд Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, “…цалингийн зардлаас картын дансанд илүү шилжүүлж, цалин олгосон боловч авлагаар тусгаагүй, үндсэн хөрөнгийг балансад илүү тусгасан, өмнөх оны аудитаар гарсан зөрчил давтан гарсан зэрэг ........ мянган төгрөгийн алдаа, зөрчлийг эс тооцвол санхүүгийн байдал, үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна” гэж дүгнэсэн байна.

Энэхүү дүгнэлтийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01/07 дугаар актаар 2 багшид илүү олгосон амралтын цалин болох ...... мянган төгрөгийг холбогдох хүмүүсээр нь төлүүлэхийг нэхэмжлэгчид хариуцуулсныг бүрэн биелүүлж барагдуулсан боловч мөн өдрийн 01/31 тоот албан шаардлагаар маргаантай хөрөнгөний /12 ширхэг компьютер/ асуудлыг шийдвэрлэх, дутагдуулсан хүнсний зүйлийг холбогдох хүнээр төлүүлж авлагыг барагдуулан зөрчлийг арилгаж, биелэлтийг 6 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг даалгасныг бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчид дээрх сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж болохоор, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч аймгийн аудитын газрын дүгнэлт, албан шаардлагуудыг бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид арга хэмжээ авсан болохыг хүлээн зөвшөөрсөн болно.

Харин ажлаас халах болсон үндэслэл нь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 29/01/03 дугаар дүгнэлт, мөн тус байгууллагын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Санхүүгийн зөрчлийн тухай” 75 дугаар албан бичиг гэх бөгөөд энэ талаараа ч шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа тодорхой дурджээ.

Хариуцагчийн тайлбарт “…Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн төсвийн зарцуулалт, санхүүд хийсэн аймгийн аудитын газрын дүгнэлтээр ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх…” боловч бодит байдалд дээр дурдсан хязгаарлалттай санал, дүгнэлтэд ноцтой буюу нэхэмжлэгчийг ажлаас халах хэмжээний зөрчил тусгагдаагүй байдаг.

Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авагдсаны дараа гарсан улсын байцаагчийн дээрх дүгнэлтээр Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2015-2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааг шалгасан, гэтэл 2016 оныг дуусталх аудитын хяналт шалгалтыг Үндэсний аудитын газраас өмнө нь хийж, хязгаарлагдмал санал, дүгнэлт гаргасан нь тус сургуулийн санхүүгийн тайлан материаллаг алдаагүй эсэхэд санал дүгнэлт өгөх хангалттай бөгөөд зохистой үндэслэлийг бүрдүүлэх болохыг 2017 оны 88 дугаар аудитын гэрчилгээнд тодорхойлжээ.

Гэхдээ Үндэсний аудитын газраас нэгэнт шалгасан онуудын санхүүгийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас дахин шалгаж дүгнэлт гаргасныг үндэслэн өмнө нь тухайн зөрчилд тохирох сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид нэгэнт хүлээлгэсэн атлаа хариуцагчаас дахин ажлаас халж байгаа нь нэг зөрчилд 2 удаа хариуцлага хүлээлгэсэн шинжтэй болжээ.

Түүнчлэн улсын байцаагчийн дүгнэлтээс 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг шүүж үзэхэд 2017 оны 1 дүгээр сард хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсгийн тооллогоор ......... мянган төгрөгийн бараа илүүдэж, ....... мянган төгрөгийн бараа дутсан, 5 дугаар сард хяналт шалгалтаар очсон улсын байцаагч нарын тооллогоор .......... мянган төгрөгийн бараа дутаж, ........ мянган төгрөгийн бараа илүүдсэн, хагас жилийн тооллогоор мөн ....... мянган төгрөгийн бараа дутсан, хүүхдийн хоолны материалаас 2017 онд эхний хагас жилд ...... мянган төгрөгийн хүнсийг зориулалтын бусаар зарцуулсан нь санхүүгийн баримтад тусаагүй нь нярав дээр хадгалагдаж байгаа шаардах болон захиалгын хуудсуудаар нотлогдсон, 2017 оны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендер зарлагдах хүртэл хугацаанд түр гэрээ байгуулалгүйгээр “Т б о” ХХК, /энэ компани зарласан тендерийн 1-р багцад шалгарч дараа нь гэрээ байгуулсан байна/ О.Б нараас шууд худалдан авалт хийсэн гэсэн нь тус тус хамаарахаар байх бөгөөд үүнээс илүү олгосон цалин ....... мянган төгрөгийг төлүүлэх, дутуу олгосон цалин ...... мянган төгрөгийг нөхөн олгох акт тогтоож барагдуулсан болох нь дүгнэлт хэсэгт тусгагдсан байна.

Гэтэл дээрх дүгнэлтийг нэхэмжлэгчид огт танилцуулалгүйгээр хувийг нь аймгийн Засаг даргад хүргүүлснийг энэхүү дүгнэлтийг хэрэгжүүлсэнгүй гэх агуулгаар нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцуулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаар албан бичигтэй нэхэмжлэгч 2 хоногийн дараа буюу 14-ний өдөр танилцах явцдаа мэдсэн нь тухайн үед түүний бичгээр гаргасан тайлбар болон сонсох ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэлээр тус тус тогтоогддог.

Энэхүү албан бичигт мөн л 2016 оны зөрчлүүдээс гадна аудитын дүгнэлтээр тогтоогдсон зөрчлүүдийг нэг бүрчлэн тоочсон байх тул үүнийг тусгайлан зөрчлийг тогтоосон шийдвэр гэж үзэхгүй.

Үндсэндээ нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авагдсанаас хойших хугацаанд хамаарах аудитын шалгалтаар тогтоогдсон зөрчлүүдийн дийлэнх нь сургуулийн нярав, нягтлантай холбоотой, мөн заримыг нь нэхэмжлэгч шийдвэрлэх боломжгүй асуудлууд байна.

Тухайлбал өмнөх захирлыг байх хугацаанд орлогод авсан гэх 12 ширхэг компьютерийн асуудлыг шийдвэрлээгүй гэж нэхэмжлэгчийг удаа дараа буруутгадаг боловч аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/643 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар ....... төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг акталснаар маргаан бүхий тушаалын үндэслэл болсон дүгнэлт, албан бичигт дурдсан биетээр оршихгүй байгаа үнэ бүхий 12 компьютерийн асуудал эцэслэн шийдвэрлэгджээ. 

Иймд өмнөх аудитын дүгнэлтээр тогтоогдсон зөрчилд сахилгын арга хэмжээ авагдсан нэхэмжлэгч Т.Ц цаг хугацааны хувьд дахин дүгнэлт, албан шаардлага гарсан гэх байдлаар шууд ажлаас халж байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн зүгээс 2016 онд нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 87.9 хувь буюу “В” үнэлсэн нь аймгийн нийт ерөнхий боловсролын 30 сургуулийн захирлуудаас 10 дугаар байрт орсон байгааг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН