Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 268

 

Д.М-Э-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Консулын харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын гэрээний эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн Дипломат албаны тухай хуулийн 11.1.4 дэх заалтыг 16.7 болгон өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0074 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 295 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Д.М-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0074 дүгээр шийдвэрээр: Консулийн харилцааны тухай Венийн конвенцын 10 дугаар зүйлийн 1, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газарт холбогдох “Консулын харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын гэрээний эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн Дипломат албаны тухай хуулийн 11.1.4 дэх заалтыг 16.7 болгон өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгах” шаардлага бүхий Д.М-Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 295 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Консулын харилцааны тухай Венийн конвенцын 10 дугаар зүйлийн 1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

          3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан ерөнхий консул Д.М-Э...БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын контрабандтай тэмцэх байгууллага нь автомашин хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн, нэр дурдсан 4 тээврийн хэрэгслийг БНХАУ-ын иргэн бодитой мөнгө гарган худалдан авч үүнээс тодорхой хэмжээний ашгийг Ерөнхий консул Д.М-Эхүртсэн гэх асуудлыг тавьсан ба Д.М-Э-ийг эгүүлэн татсан Засгийн газрын 2019 оны 262 дугаар тогтоол нь бодит нөхдөлд тохирсон захиргааны акт гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан бичгийг бусад нотлох баримттай харьцуулж баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг шүүх зөрчсөн. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан ирүүлсэн 2 албан бичиг нь зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт бөгөөд тухайн асуудлаар БНХАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд, Ерөнхий консул Д.М-Э нар уулзаж /протколтой/ БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас тавьсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд оролцоо байхгүй гэж илт үгүйсгэсэн байхад зөвхөн тухайн баримтыг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлд заасан “гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн зарчим, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 106 дугаар зүйлд заасныг зөрчсөн илт хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргажээ.

         4. Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан “...суугаа орны хууль тогтоомж, үндэсний ёс заншлыг хүндэтгээгүй гэх үндэслэлээр Засгийн газар Д.М-Э-ийг эгүүлэн татахдаа Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 31 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулах, БНХАУ-аас тавьж буй асуудал бодитой эсэх, Монгол Улсын хилээр тээврийн хэрэгслийг гаргахад Д.М-Э-ийг оролцсон эсэхийг нягтлан шалгах ажиллагаа огт хийлгүйгээр тогтоол гаргасан. Тодруубал, Засгийн газрын агентлаг буюу Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв зэргээс маргаан бүхий тээврийн хэрэгслийн анхны өмчлөгч хэн болох, хилээр хэрхэн гарсан талаарх баримтыг шүүх гаргаж бодит байдлыг тогтоох боломж хариуцагчид бүрэн байсан. Мөн Засгийн газрын 2019 оны 272 дугаар тогтоолын хавсралтаар Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг баталсан ба уг дүрмийн 5 дугаар зүйлийн 5.12-т “...Ерөнхий консулд энэ дүрмийн 3.4.22.1-3.4.22.3-т заасныг зөрчсөн тохиолдолд дипломат албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, дипломат албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагатай тохиолдолд яам түүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж, сахилгын шийтгэл ногдуулах саналыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ” гэж заасан. Мөн журамд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчил гаргасан эсэхийг тогтоосон байх шаардлагатай ба тогтоогдсон тохиолдолд Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1-т заасан зохицуулалтыг хэрэглэж тогтоол гаргах учиртай байсан. Засгийн газрын 262 тоот тогтоол нь сахилгын зөрчил үйлдсэн эсэхийг тогтоогоогүй байхад Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1-т заасныг үндэслэж байгаа нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үээх үндэслэлтэй байна.

          5. Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь заалтыг шүүх илт буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийг хуульд тайлбарласан байх ба уг тайлбарт энэ хэсэгт оруулсан өөрчлөлт нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж байгаа дипломат ажилтанд хамаарахгүй гэсэн байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор анх томилогдох үед Дипломат ажилтны дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 3 жил байх хуулийн зохицуулалттай байсан. Өөрөөр хэлбэл би 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон учир нэхэмжлэгчийн ажиллах хугацаа 3 жил буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болж дараагийн Ерөнхий консул томилогдох эсхүл үүрэг гүйцэтгэгч томилмогц Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д зааснаар бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр татагдах учиртай байсныг анхаарч үзнэ үү.                                  

          6. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 295 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй бөгөөд, хэрэглэвэл зохих Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

8. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолоор Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан, “хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн” гэх үндэслэлээр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс (цаашид БНХАУ гэх)-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.М-Э-ийг эргүүлэн татахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Д.М-Ээс уг тогтоолын үндэслэх хэсгийн Дипломат албаны тухай хуулийн “11.1.4” гэснийг “16.7” болгон өөрчлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт хандаж өргөдөл гаргасан, Засгийн газраас “... уг тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй гэх хариуг өөрт мэдэгдсэн”, Д.М-Ээс шүүхэд хандаж, “Консулын харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын гэрээний эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн Дипломат албаны тухай хуулийн 11.1.4 дэх заалтыг 16.7 болгон өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

9. Консулын харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын гэрээний эрх зүйн баримт бичгүүдээр дипломат төлөөлөгч, Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүнд эдлүүлэхээр заасан эрх ямба, дархан эрх нь түүнийг хүлээн авагч улсын болон дамжин өнгөрөгч улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ, гадаад улсын нутаг дэвсгэрт, тухайн улсын шүүх буюу захиргааны байгууллагын өмнө хууль зүйн хариуцлага үл хүлээх тухайд хамааралтай, харин өөрийн улсын нутаг дэвсгэрт уг Венийн конвенцийн холбогдох заалтууд нь томилогч улсын эрх бүхий этгээдээс шийдвэр гаргахад хамааралгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв, түүнчлэн, Д.М-Э-ийг “автомашин хууль бусаар хил нэвтрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн” гэж шүүх дүгнээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлд заасан “гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн зарчим, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 106 дугаар зүйлд заасныг зөрчсөн илт хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээж авахгүй.  

10. Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “/дипломат ажилтан нь/ суугаа, хавсран суугаа орны хууль тогтоомж...-ийг хүндэтгэх … /үүргийг хүлээнэ/” гэж заасан, тухайн тохиолдолд, БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.М-Энь “БНХАУ-ын хилээр нийт 4 автомашиныг хууль бусаар нэвтрүүлсэн гэх асуудалд холбогдсон”, энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас 2019 оны 05 дугаар сарын 17, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус тус БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд ирүүлсэн байх тул Монгол Улсын Засгийн газар өөрийн томилсон дипломат төлөөлөгч Д.М-Э-ийг “суугаа орны хууль тогтоомжийг хүндэтгэх үүргээ биелүүлээгүй” гэж үзсэн нь хууль болон нэхэмжлэгч Д.М-Э-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

11. Өөрөөр хэлбэл, дипломат төлөөлөгчийг  “суугаа орны хууль тогтоомжийг хүндэтгэх үүргээ биелүүлж байгаа эсэх”-ийг томилогдсон улсын нутаг дэвсгэр дээр томилсон улс хянахгүй, энэ тохиолдолд, Д.М-Э-ийг томилсон Засгийн газраас дипломат төлөөлөгч Д.М-Энь БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр тус улсын хууль тогтоомжийг “хүндэтгэж байгаа эсэх”-ийг хянах, тус улсын хууль тогтоомжийг аливаа байдлаар зөрчсөн эсэхийг тогтоох эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй, тухайн суугаа орны Гадаад хэргийн яамнаас дипломат төлөөлөгчийн аливаа үйлдэл, үйл ажиллагааг “зохисгүй” эсхүл “хууль, журамд нийцэхгүй” гэж үзсэн, энэ талаараа зохих журмын дагуу дипломат төлөөлөгчийг томилсон улсад мэдэгдсэн тохиолдолд, тухайн дипломат төлөөлөгчийг “суугаа орны хууль тогтоомжийг хүндэтгэх үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэл болно, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулах, БНХАУ-аас тавьж буй асуудал бодитой эсэх ...-ийг шалгаж тогтоогоогүй, ... шүүх нотлох баримт цуглуулж..., тогтоогоогүй” гэх гомдол үндэслэлгүй.

12. Иймд, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолд Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасныг баримталсан нь “бодит нөхцөлд тохирсон”, уг заалтыг 16.7 болгон өөрчлөхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй, акт гаргахыг даалгах үндэслэлгүй, энэ талаар шүүхүүдийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзнэ.

13. Нэхэмжлэгч Д.М-Эд сахилгын шийтгэл хүлээлгээгүй, ийм үйл баримт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргаан бүхий актад заагаагүй тул “... Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг баталсан ба уг дүрмийн 5 дугаар зүйлийн 5.12-т “...Ерөнхий консулд энэ дүрмийн 3.4.22.1-3.4.22.3-т заасныг зөрчсөн тохиолдолд дипломат албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, дипломат албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагатай тохиолдолд яам түүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж, сахилгын шийтгэл ногдуулах саналыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ” гэж заасан. Мөн журамд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчил гаргасан эсэхийг тогтоосон байх шаардлагатай” гэх гомдлын үндэслэл нь маргааны үйл баримтад хамааралгүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй.   

14. Түүнчлэн, Д.М-Энь Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор уг албан тушаалд томилогдсон, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтаар дипломат ажилтны дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа “3 жил” байсан, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Дипломат албан тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр уг хугацаа “4 жил” болсон, хэргийн оролцогчид томилолтын хугацааны талаар маргаагүй, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д “дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 4 жил байна” гэж заасан нь “суугаа орны хууль тогтоомжийг хүндэтгэх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэл дурдаж гарсан Засгийн газрын тогтоолд хамааралгүй байна.

15. Шүүх хуралдаан 18.25 минутад эхэлсэн бөгөөд, нэхэмжлэгч Д.М-Э-ийн өмгөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “... миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09.30 минутад “Смарт план” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Сайхан Булган” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн өдрийн 11 цагт Д.Саруулын нэхэмжлэлтэй, Л.Энхболдод холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцох болсон, шүүх хуралдаан давхцаж байгаа тул хурал хойшлуулж өгнө үү” гэсэн, уг хүсэлтийн үндэслэл нь бодит байдалд нийцээгүй буюу  хяналтын шатны шүүх хуралдаан эхэлсэн цаг хугацаанд Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Очирваанийн хүсэлтэд дурдсан шүүх хуралдаанууд давхцаагүй байх тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд,  өмгөөлөгч Д.Очирваанийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 295 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-Э-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА