Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 977

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* овогтой Э*******,

Хариуцагч: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 дугаар тогтоол болон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/814 дүгээр захирамжийн Б.Э*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах;

-Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албаны кадастрын мэдээллийн санд Б.Ш*******ын нэр дээр бүртгэлтэй, одоо хашаатай байгаа 700 м.кв газрыг Б.Э*******т эзэмшүүлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах’’-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, гуравдагч этгээд Б.Ш*******, иргэдийн төлөөлөгч Н.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Миний бие нь Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Клиникийн 3 дугаар эмнэлгийн хойно 120 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Гэтэл Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 дугаар тогтоолын дагуу Баянгол дүүргийн Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжаар иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. 

Иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т "энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах", 31 дүгээр зүйлийн 31.2-т "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна", 33 дугаар зүйлийн 33.1.2-т "33.1.2. энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ", 33 дугаар зүйлийн 33.4-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасныг тус тус зөрчиж газар эзэмших эрх олгосон, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар газар эзэмшигч надад албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд би 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олж мэдсэн. Би 2012 оны 09 дүгээр сард уг газраа томсгох, мөн барилга барих талаар хөөцөлдөж очиход танай газрын кадастрын зураг Ш*******ын зурагтай давхацсан байна, түүний газрын хэмжээ нь 700 м.кв байна. Иймд энэ асуудлыг шийдвэрлэсний дараа таньд мэдэгдэх болно гэж хэлээд намайг буцаасан. Дахиж хэд хэдэн удаа асуухад шийдэгдээгүй байна, нөгөө хүн нь олдохгүй байна гэсээр өдийг хүрсэн бөгөөд миний газар эзэмших эрх хүчингүй болсныг дөнгөж сая мэдэгдэж иргэн миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.

Тухайн газрыг Баянгол дүүргийн газрыг алба ашиглах боломжийг бусдын газартай кадастрын зураг нь давхацсан асуудлыг шийдвэрлэн гэж цаг авсаар байгаад олгоогүй бөгөөд энэ асуудалд газар эзэмшигч миний буруутай үйл ажиллагаа байхгүй болно. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тухайд дүүргийн засаг дарга аливаа иргэнд газар эзэмших эрх олгохдоо холбогдох хууль тогтоомж болоод дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баримтлах үүрэгтэй тул 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зайлшгүй тусгагдсан газрыг эзэмшүүлсэн гэж үзэж байна.

 Иймд Баянгол дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2013 оны 13/03 дугаар тогтоолын иргэн Б.Э*******т холбогдох хэсэг,  Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дугаар захирамжийн иргэн Б.Э*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 

“...Түүнчлэн 120 м.кв газар дээр барилга барих мөн газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх гээд очиход өөр хүний газартай давхцсан байна. Энэ асуудлыг шийдвэрлэсний дараа таны асуудлыг шийдвэрлэнэ гэсээр эцэст нь миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Өөрийн эзэмшлийн 120м.кв газар дээр барилга барих гэхээр газрын 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байхаар Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т зохицуулсан байна. Иймд би газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг дүүргийн Газрын албанд тавьж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй.

Иймд иргэн Б.Э******* миний бие урьд гаргаж байсан Баянгол дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2013 оны 13/03 дугаар тогтоолын иргэн Б.Э*******т холбогдох хэсэг,  Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дугаар захирамжийн иргэн Б.Э*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2013 оны 13/03 дугаар тогтоолын иргэн Б.Э*******т холбогдох хэсэг,  Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дугаар захирамжийн иргэн Б.Э*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож  Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албаны кадастрын мэдээллийн санд иргэн Ш*******ын нэр дээр бүртгэлтэй, одоо хашаатай байгаа 700 м.кв газрыг иргэн Б.Э*******т эзэмшүүлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар захирамжаар иргэн Б.Э******* тус дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн хойно байрлах 120 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.” гэж заасан байхад тухайн заалтыг ноцтойгоор зөрчин газар эзэмшүүлсэн байна. Мөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 33.4-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заажээ. Мөн Баянгол дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 366 дугаар захирамжийн Б.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.      

Дөрөв. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Иргэн Б.Э*******т дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар захирамжаар 120 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж газар эзэмших эрхийг олгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй”, мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 дугаартай тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд иргэн Б.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Тав. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбарт:

”... Б.Э******* нь нэхэмжлэлдээ 2012 оны 09 дүгээр сард 120м.кв газраа томсгох хүсэлт гаргаж байсан гэдэг боловч дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт иргэн Б.Э*******аас гаргасан хүсэлт байхгүй байна.

Дээрх иргэн Б.Ш******* нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор  гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Э*******ын “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 дугаар тогтоолын Б.Э*******т холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжийн Б.Э*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны кадастрын мэдээллийн санд иргэн Б.Ш*******ын нэр дээр бүртгэлтэй, одоо хашаатай байгаа 700 м.кв газрыг Б.Э*******т эзэмшүүлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 дугаар тогтоол болон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/814 дүгээр захирамжийн Б.Э*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” 366 дугаар захирамжаар  тус дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн хойно 120 м.кв. газрыг 5 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч Б.Эрдэнбаярт амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг өмнөх эзэмшигч болох Р.Х*******гаас  шилжүүлэн олгожээ. 

Харин Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 дугаар тогтоолоор  нэхэмжлэгч Б.Эрдэнбаярын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж, улмаар Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжаар  нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. 

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий 2013 оны 13/03 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Э******* нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж, маргаан бүхий газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшээгүй, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг дарга /Д.О*******/-д даалгаж шийдвэрлэжээ. 

Уг маргаан бүхий 2013 оны 13/03 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасан “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх;”, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина.” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэхдээ өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан бөгөөд төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх болон хуульд үндэслэх зарчмын үүднээс төрийн байгууллага, албан тушаалтан зөвхөн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөнө. 

Иймд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцаанд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг эдлэхээс бусад өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхгүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгасан нь хариуцагч бүрэн эрхээ хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.  

 Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын үндэслэл болж буй Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтууд нь Засаг дарга хэрэгжүүлдэг хэм хэмжээ бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал биш болно.

 Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/104 дүгээр захирамжаар анх иргэн Р.Х*******д маргаан бүхий газрыг эзэмшүүлж байсан бөгөөд 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Газрын тухай хуульд заагдсан зохицуулалтыг хэрэглэн маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй” гэж заасныг үндэслэн хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь Б.Э*******ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгч нь 2007 оноос 2013 он хүртэл газрын төлбөрийг төлж байсан бөгөөд “Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт” үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь Б.Эрдэнбаярыг 2 жил дараалан эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр 2013 онд маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг нь цуцалсан бол Б.Э*******аас 2013 онд газрын төлбөрийг авахгүй байх, тооцоо нийлсэн акт үйлдэхгүй байх ёстой. Ийнхүү хариуцагч газрын төлбөрийг хүлээн авч, тооцоо нийлсэн акт үйлдсэнээрээ 2013 онд нэхэмжлэгчийн газар эзэмшлийн төлөв байдал ямар нэгэн байдлаар зөрчилгүй, эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлж байсныг хүлээн зөвшөөрсөн хэлбэр болно. 

Мөн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Э.Эрдэнэбилэгийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, шүүхээс хийсэн газрын үзлэгээр маргаан бүхий газрыг Б.Эрдэнбаяр нь газрыг тэгшилж хашиж хашаа барьсан, харуул суулгасан зэрэг нь 2 жил дараалан газраа ашиглаагүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй болохыг нотолж байна. 

Шүүхээс хийсэн газрын үзлэг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн нотлох баримтаар маргаан бүхий газар нь үерийн далан болон ус зайлуулах шугамтай давхацсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь маргаан бүхий газар нь үерийн ус зайлуулах далангийн доор, урд болон хойгуураа авто машины шороон замтай байгаа болно.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхээс хийсэн газрын үзлэг, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнэж үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 13/03 дугаар тогтоолыг үндэслэн хүчингүй болгосон нь хууль бус байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/814 дүгээр захирамж, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 13/03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

Хоёр. “Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны кадастрын мэдээллийн санд иргэн Б.Ш*******ын нэр дээр бүртгэлтэй, одоо хашаатай байгаа 700 м.кв газрыг Б.Э*******т эзэмшүүлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Э******* нь өөрийн эзэмшиж байгаа 120 м.кв. газрыг 700 м.кв болгох хүсэлтээ хуульд заасны дагуу бичгээр гаргаж, холбогдох баримтыг хүсэлтэд хавсаргаж, улмаар Баянгол дүүргийн Засаг даргад гаргаагүй болох нь Б.Э*******ын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн эзэмшиж буй газраа 700 м.кв. болгох хүсэлтийг хуулийн шаардлагын хүрээнд гаргаж байсан эсэх талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно.  

Гуравдагч этгээд Б.Ш*******ын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн бүртгэлтэй нэхэмжлэгчийн  эзэмшил газар давхцалтай байх боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу гуравдагч этгээд Б.Ш*******т уг газрыг эзэмшүүлэх ямар нэгэн захиргааны акт гараагүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй болох нь гуравдагч этгээд Б.Ш******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүүргийн Өмч, газрын харилцааны газрын архивт хийсэн үзлэгээр тус тус нотлогдож байна. 

Иймд Б.Э*******ын “Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албаны кадастрын мэдээллийн санд иргэн Б.Ш*******ын нэр дээр бүртгэлтэй, одоо хашаатай байгаа 700 м.кв газрыг иргэн Б.Э*******т эзэмшүүлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Б.Э*******ын Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 дугаар тогтоол болон  Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжийн иргэн Б.Э*******т холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 17600 төгрөг буюу нийт 35200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ӨЛЗИЙСАЙХАН          

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.БАТСҮРЭН 

                                    ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ